Хятад, Хойд Солонгосын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах чухал тохиролцоонд хүрлээ

Twitter Print
2019 оны 06-р сар 21-нд 16:36 цагт
Мэдээний зураг,

Хятадын Ерөнхийлөгч Си Жиньпиний Хойд Солонгост хийж буй төрийн айлчлал нийслэл Пхеньян хотноо хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Хойд Солонгосын хувьд энэ нь түүхэн үйл явдал бөгөөд хамгийн сүүлд 14 жилийн өмнө буюу 2005 онд Хятадын Ерөнхийлөгч Ху Жинтао тус улсад айлчилж байжээ.

Хятадын Ерөнхийлөгч Си Жиньпин гэргий Пэн Люань болон Гадаад хэргийн сайд Ван И, дипломатч Ян Жиэчи, эдийн засгийн ахлах зөвлөх Хи Лифэн нарын хамтаар Хойд Солонгост 2 өдрийн айлчлал хийх юм.

Image result for Xi Jinping visits N Korea to boost China's ties with Kim

Си Жиньпин БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга, Ажилчны намын тэргүүн Ким Жөн Унтай төрийн хүндэтгэлийн зоог барих үеэрээ хоёр орон дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож буйг онцлоод, хоёр талын уламжлалт найрсаг харилцааг сайшаасан байна. "БНХАУ-БНАСАУ-ын харилцааг шинэ түвшинд гаргаж, бүс нутагт энх тайван, хөгжил цэцэглэлтийг цогцлоох чиглэлд хамтран ажиллахад бэлэн байна" хэмээн БНХАУ-ын дарга, Коммунист намын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Си Жиньпин мэдэгджээ.

Талууд Солонгосын хойгийн цөмийн зэвсгийн асуудлыг улс төрийн арга замаар зохицуулах, бүс нутгийн төдийгүй дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд оруулах хувь нэмрээ нэмэгдүүлэхийн тулд найрамдлын хэлэлцээгээ үргэлжлүүлэх шаардлагатай талаар санал нэгджээ.

Ким Жөн Уны удирдага дор Солонгосын Ажилчны нам, БНАСАУ-ын ард түмэн эдийн засгаа хөгжүүлэх, хүн амын амьжиргааг сайжруулах стратегийн шинэ чиг шугамыг санаачилж, улс орныхоо социалист бүтээн байгуулалтыг шинэ түвшинд авчирсан гэж Си Жиньпин хэлсэн байна.

Үүний хариуд Ким Жөн Ун, социалист бүтээн байгуулалтад гаргаж буй хоёр талын хамтарсан хүчин чармайлт нь зовлон жаргалаа хуваалцах, хамтран ажиллах, бие биеэ дэмжих уламжлалыг бий болгосон гэжээ. Мөн тэрбээр, хоёр улсын найрамдлыг хадгалж буй цөм нь социалист систем болохыг өнгөрсөн онд болсон дөрвөн удаагийн уулзалт нотолсон хэмээн онцлон тэмдэглэсэн байна.

Си Жиньпиний энэхүү айлчлал БНАСАУ-Хятадын найрамдалт харилцаанд шинэ гайхалтай хуудсыг нээж байгаа гэдгийг БНАСАУ-ын удирдагч онцлоод, бид хоёр улсын харилцааг бэхжүүлэх талаар санал бодлоо солилцож, хоёр талын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах чухал тохиролцоонд хүрлээ гэж хэлсэн байна.

Image result for Xi Jinping visits N Korea to boost China's ties with Kim

Гадны улс орны эх сурвалжийн мэдээ мэдээллийг барагтай л нийтлээд байдаггүй Хойд Солонгосын Родон Синмун сонинд Хятадын Ерөнхийлөгч Си Жиньпин энэ удаагийн айлчлалаараа "хоёр улсын нөхөрлөлд шинэ хуудас нээх"-ийг зорьж буй талаар онцолсоныг бичжээ.

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун, Хятадын төрийн тэргүүн Си Жиньпин нарын хувьд өмнө нь дөрвөн ч удаа уулзаж байсан. Хятадын Ерөнхийлөгч Си Жиньпиний хувьд ирэх долоо хоногт Японы Осака хотод болох "Их-20" -ийн чуулга уулзалтын хүрээнд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай уулзах ба Хятадын Ерөнхийлөгч энэ удаагийн айлчлалаараа АНУ-Хойд Солонгосын цөмийн хэлэлцээрт түлхэц болж, өөрийгөө бүс нутгийн асуудалд нөлөө бүхий түнш гэдгээ харуулах боломж нээгдэж байгаа юм.

Хойд Солонгосын хувьд Хятад худалдааны гол түнш бөгөөд тус улсын төрийн тэргүүний айлчлал БНХАУ Хойд Солонгосыг дэмжсэн хэвээр байгааг дэлхийн бусад улс орнуудад харуулж буйг мэргэжилтнүүд онцолж байна. Цөмийн болон пуужингийн туршилт удаа дараа явуулсаны улмаас олон улсын хориг арга хэмжээнд өртөөд буй Хойд Солонгосын эдийн засгийн нөхцөл байдал сүүлийн жилүүдэд улам доройтсон билээ.

Rocket launchers firing in North Korea, 4 May 2019

Бээжин НҮБ-аас Хойд Солонгосын эсрэг хориг арга хэмжээ авахыг дэмжсэн ч худалдаа, үйлдвэрлэлийн салбарт тавьсан хориг арга хэмжээг зөөллөхийг хүсч буйгаа илэрхийлсэн юм. Шинжээчдийн үзэж байгаагаар Бээжингийн зүгээс Хойд Солонгосын эдийн засаг тогтвортой өссөнөөр, Хойд Солонгосын эрх баригчдад пуужин болон цөмийн зэвсэг турших шаардлага байхгүй болно гэсэн байр суурьтай байгаа гэнэ.

Эх сурвалж: https://www.bbc.com

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 
 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.