Харийн нутаг диваажин биш

Twitter Print
2019 оны 06-р сар 21-нд 10:43 цагт
Мэдээний зураг,

...Би монгол хүн. Хэдэн жилийн өмнө эх орондоо, эжий аавынхаа хайранд эрхлэн жаргаж явахдаа би гэдэг хүн гадаад явахсан, галуу тахианы мах идэхсэн, газар үзэж нүд тайлахсан гэж өдрийн бодол, шөнийн зүүд болдог байлаа. Тэр дундаа Америк орныг зорихсон гэх туйлын мөрөөдөлтэй хэрэвзээ виз бүтээд AHУ-д хөл тавьчихвал бүх зүйл сайхан болох юм шиг, зүгээр сууж байгаал зөндөө мөнгө олоод, элдэв асуудалгүй, элбэг хангалуун, нэг үгээр хэлбэл газрын диваажинд амьдарна даа хэмээн гэнэхнээр боддог байсан юм.

Мөрөөдөл биелдэг гэдэгчлэн өнөөдөр би, өндөр хөгжилтэй энэ улсад ажиллаж амьдарч байгаа ч миний төсөөлөл ба бодит байдал тэнгэр газар шиг ялгаатай болохыг яс махаараа мэдэрч, хүн унасан газар угаасан усандаа л аз жаргалтай, эрх чөлөөтэй, өөрийн тааваар бүтэн амьдардагыг гүнээ ойлгож дэлхийд ганцхан Монгол нутгаа элэг зүрхнээсээ санан, хааяадаа "Харийн нутаг давчдаад байна
Харсан зүгтээ гүймээр байна" гэж хоолой зангируулан дуулах өдөр бишгүй тохиох юм.

Ази болон бусад орны цагаачдыг алаг үздэг зарим Америк хүмүүсийн ихэмсэг бардам, дээрэнгүй аашийг тэвчин аль сайхнаараа худал инээж зогсохдоо би энд юу хийж явна вэ, яагаад заавал энд харц боол мэт амьдрах ёстой гэж, харьж очих нутаггүй, хайрлаад тосох ахан дүүгүй хүн гэж үү би? ийн өөрөөсөө асуух нь ч байдаг...

Төв Aзийн цээжинд орших өргөн уудам газар нутагтай, аугаа түүхийн үргэлжлэл, хөрсөн доорх баялаг, алт, мөнгө үнэт металлын арвин нөөц, ашигт малтмал, таван хошуу мал сүргийн тоо толгойгоороо дэлхийд гайхуулдаг Mонгол улс минь гуравхан сая хүн амтай атлаа амьдралын хэт ялгаатай байдал, авилга хээл хахууль, аллага хүчирхийлэл, ажилгүйдлийн түвшин, агаарын бохирдол гэхчлэн олон, олон муу шалгуураар улс орнуудын дунд дээгүүр байр эзлэх болсоор нэлээд жилийг үдлээ. 

Миний бага ахуйд "Aзийн цагаан дагина" гэж нэрлэгддэг байсан Улаанбаатар нийслэл маань Утаанбаатар болон хувирч, хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн эрх ноцтойгоор зөрчигдөн, хүйтний улиралуудад хүн амьсгалах агааргүй, харагдах орчингүй болтолоо гамшигт нэрвэгдэж, ноён долларт эдийн засаг маань дарлагдаж, улс төрчид нэртэй цөөнх нь, олонх иргэдийнхээ эрх ашгийг хөсөр хаяад мөнгөний төлөө бүхнийг сүйтгэж, баян ядуугийн ялгаа тэнгэрт тулж буйг бид байнга сонсож, харж байгаа ч хий дэмий бухимдсан, хэт стресстсэн хүмүүсээр улс орон минь дүүрчээ. 

Би ч тэдний нэгэн адил, улс орноосоо дайжиж, харийн нутагт амиа хоохойлон суугаа ч, эх орон, элгэн саднаа машид санаж хэдий болтол хайртай бүхнээсээ хол байх юм бэ гэж бодохоос дотор бачуурч . Монголчуудыг модоо барьтал туйлдуулж, өрх гэрээр минь даажигнан тоголж байгаа, сувдаг сэтгэлтэй, ханаж цадахаа мэддэггүй хулгайч луйварчин улс төрчид нэртэй шулмын тулмуудыг үзэн ядаж, үхтэлээ гомдож явдаг юм.

Image result for харийн нутаг

Гадны хөгжилтэй орныг өөрийн оронтой харьцуулах нь хэдийгээр тэнэгдүү мэт боловч би энэ орны нийтийн тээврийн үйлчилгээг эх орныхоо автобус үйлчилгээтэй зарим нэгэн байдлаар жишиж харуулах гэж хичээлээ. Бид, өвлийн хүйтэнд хөргөгч мэт хүйтэн, зуны халуунд саун мэт халуун, тав тух, цэвэр цэмцгэр орчин үгүй, үйлчилгээний соёл доод цэгтээ унасан автобус нэртэй амбаарт алалцах нь холгүй чихэлдэж, ахмад настан, жирэмсэн, нялх нойтон хүүхэдтэй зорчигсдод суудал тавьж өгч ч сураагүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн зорчих наад захын боломжыг ч бүрдүүлээгүй, хатуухан хэлэхэд хүн тээврийн хэрэгсэл бус хүнд тээврийн хэрэгслээр түгжрэн зорчсоор өдий хүрчээ.

Автобусны жолоочийн тухайд ард биднийгээ адуу мал мэт ачсан мэт сэтгэж, хурд хэтрүүлэн давхингаа хааз тормосоо дураараа гишгэж, шаардлага тавьсан нэгэн рүү: -Яачаа вэ, зүгээр зай л гаргалаа шүү дээ, чаддаг юм бол тахигаараа яваач гэж харааж хашгичаад хажуудах нөхөртэйгээ (нийтийн тээврийн жолооч кабиндаа хүн тээвэрлэх байтугай жолоо барьж байхдаа зорчигчтой ярих, утсаар ярих хориотой) хээв нэг чалчингаа, тамхи тариа татаж, нус шүлсээ цонхоороо хээв нэг нулимаад, хармаан дахь гар утсаараа хангалттай чалчигч, хүний алтан амь тээж яваагаа ч ойлгоогүй хариуцлага гээчийг умартсан харанхуй нөхөд байх. 

Энэ орны автобус өвөлдөө халаалттай, зундаа хүйтэн сэнстэй, за тэгээд сандал булаацалдахын зовлон үгүй, ганц зорчигчтой гээд цааргалж суудаггүй, цагийн хуваариа ягштал мөрддөг, зорчин явагсдаа хүндэлдэг, жолооч нар нь бүгд нэгэн ижил дүрэмт хувцсаар жигдэрдэг, замын хөдөлгөөнд оролцож байхдаа дээд зэргийн анхаарал болгоомжтой байж, хурдан шуурхай соёлтой үйлчилгээтэй гээд дурдаад байвал тэнгэр газар мэт ялгаа байх юмаа...

Sunny

2019.06.15

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.