Үхэр хүртэл олуулаа бэлчихдээ цуварч явахаа мэддэг юм...

Twitter Print
2019 оны 06-р сар 21-нд 08:23 цагт
Мэдээний зураг,

БИ ӨӨРИЙНХӨӨРӨӨ, БИ ИЙМ Л ХҮН, ХҮНД ТААЛАГДАХ ГЭЖ АМЬДАРДАГГҮЙ... Хүмүүс бидний хэлэх хамгийн их дуртай энэ үг. Өөрийнхөөрөө байгаа нь энэ гээд хүн бүр баас хүрлээ гээд олны дунд бөгсөө гаргаад дуртай газраа бааж шээдэг бил үү, бүгд? Тэгж байгаа улс сайхан харагддаг бил үү, таминь ээ.

Би ийм л хүн гээд дуртай үгээ олны дунд амнаасаа унагаж п..., мань гээд явах үнэхээр гайхалтай сайхан зүйл үү? Үгүй ээ. Ялангуяа ээж, аав хүн үр хүүхэддээ бүү ингэ тэг гэцгээх атлаа өөрсдөө энэ бүхнээ хийх юутай муухай.

Би ийм л хүн, өөрийнхөөрөө баймаар байна. Би бусдад таалагдах гэж амьдардаггүй гэцгээх... Таны миний гаргаж буй үйлдэл бусдын амгалан тайванд харшилж, муу муухайд уриалж, жигшил зэвүүцлийг төрүүлж байх учиргүй ээ.

Улс орны хөгжил дэвшил юун дээр тогтдог вэ? Хүн бүр өөрийнхөөрөө бус ёс суртахуун, олны дунд эвгүйцэл, таагүй зүйл учруулахгүй байхыг хичээх, түүнийг хуульчилж хэвшил болгож чадсан улс орон илүү хөгжиж дэвждэг. Түүнээс хөдөө талд сүргийн бэлчээрт ганцаараа яваа Балдан шиг олны дунд нусаа суга хийтэл нийчихээд, хормойдоо арччихаад түүнийг нь харсан нэгэн "та муухай харагдаж байна" гэхэд би өөрийнхөөрөө хүн, би бусдад таалагдах гэж амьдардаггүй гэж элийрэх хүн бол хамгийн мунхаг нэгэн.

Та бид хүсвэл зөвхөн гэр орондоо өөрийнхөөрөө тааваараа унгаж, нусаа татаж болноо. Харин олны дунд бол та бид өөрийнхөөрөө биш өрөөлийн тав тухыг алдагдуулахгүй, муу үлгэр дуурайл өгөхгүй байхад биеэ зөв авч явах бүүр ёстой юм. Та угийн өөрийнхөөрөө буюу п..., ида, мань, өөр юу юу ч билээ элдэв атаман үгсээр ярьдаг бодвол их "том гар" байж болох. Гэхдээ уучлаарай та том биш жинхэнэ жижигхэн увайгүй өмнөөс нь ичмээр яс хавтаймаар харагддагаа өөрөө мэддэггүй байх.

Элдэв, хүн цочмоор муу муухай үг хэллэгээр ярьж бичиж, түүнээ энэ миний талбар би яахыгаа өөрөө мэднэ, миний дур гэж мэдрэлдэцгээдэг улс өөртөө л бичдэг юм бол "only me" гэдэг тохиргоо хэрэглээд бичицгээ. Сонголт таны гарт байдаг аа энэ мэтчилэн.

Өөрийгөө ялахад том зүйл бус энэ мэтчилэн жижиг зүйлсээ зогсоож чадах нь өөрийгөө ялахын утга учир оршино. Өөрийгөө ялах гэдэгт сүр сүр, их том зүйл ордоггүй юм. Өөрийн энэ мэтчилэн жижиг, жижиг алдаа дутагдлыг зогсоож чадах л өөрийгөө ялсан, өөрчилж чадсан, ингэж өөрчлөгдөхийг тань нүдээр харж байгаа үр хүүхдүүд маань ч бас л яг тань шиг над шиг өөрийгөө өөрчлөхийг биднээс үлгэр дуурайл авч өөрийн эрхгүй сайн сайханд тэмүүлдэг .

Бид өөрийнхөөрөө байх гэдгийг жаахан өргөн дэлгэр утгаар нь ойлгоцгоох хэрэгтэй болцгоожээ. Би өөрийнхөөрөө байгаа байдаг хүн гээд нэг Бачка гэрт чинь ирээд ширдгэн дээр чинь "юу яавал" ямар вэ? Яасан мундаг өөрийнхөөрөө хүн бэ гээд хичнээн хүн алга таших бол?

Найзууд аа, жаахан ухамсартай амьдрахад хамтдаа суралцацгаавал, хичээцгээвэл яасан юм бэ. Одоо чинь 21-р зуун. Бусдын тав тухыг нь алдагдуулахуйц өөрийнхөөрөө илжиг мэт зүтгэмээр байгаа бол агуйд ганцаараа амьдрахаар явбал яасан юм бэ.

Таны миний зуршил болсон зүйл бусдын тав тухыг алдагдуулж байх ёсгүй юм. Эцэст нь бидний дур зоргоороо байж болох ганцхан газар бол дөрвөн ханан доторхи чинь л болохоос бусад газар бол та, би өөрийн дураар "бэлчихгүй ээ" нөхөөд. Үхэр хүртэл олуулаа бэлчихдээ цуварч явахаа мэддэг юм. 

ХУЛГАНАЙН ТЭРГЭЛ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.