Нэг мөрөөдөл, нэг зорилготой "Сперс"-ийн дараагийн зогсоол 19 дэх ялалт - See more

Twitter Print
2014 оны 04-р сар 02-нд 10:58 цагт
Мэдээний зураг,

Бүтэн есөн сар үргэлжилдэг лигийн тэмцээнд олон дараалан ялалт байгуулна гэдэг амаргүй зүйл. Хөлбөмбөг, сагсан бөмбөг, хоккейн лигт өөрийн багаа тогтвортой байлгаж суниасан урт улирлын турш ялагдал хүлээлгүй тоглох нь тамирчин, дасгалжуулагч нарын ур чадварыг ихээхэн сорьдог билээ. Энэхүү хүнд хэцүү боловч бахархалтай алдрыг өнөөдөр “Сан Антонио Сперс” хүртэж байна. Үндэсний сагсан бөмбөгт нэг улиралд 82 тоглолт хийхдээ 15 жил дараалан 50 ба түүнээс ялалт байгуулж, таван удаа аваргын төлөө тоглосон Г.Поповичийн залуус 2013-2014 улиралд 18 дараалан ялалт байгууллаа. Үзэгчдийн сонирхлыг татсан уран, чадварлаг тоглолтыг гаргадаггүй ч Т.Данкан, М.Жинобили, Т.Паркер гэсэн “Сперс”-ийн их гурвал зөвхөн аваргын төлөө талбайд гардаг. Тэд ч үүргээ хангалттай биелүүлж өнөөдөр гайхамшгийг бүтээж байна. Хэрэв өнгөрсөн улиралд “Сперс”, “Майами Хит”-ийг хожиж аваргын бөгж зүүсэн бол тэднийг дахин талбай дээр харахгүй байлаа. 1997 оны драфтын №1 сонголтоор Сан Антонио хотод ирж байсан Т.Данкан таван хуруундаа бөгж зүүгээд зодог тайлах байсан. Харин энэ мөрөөдлөө биелүүлэх гэж зодог тайлалгүй багтаа үлдсэн билээ. Хамгийн сүүлд хоёрдугаар сарын 20-ны өдөр “Финикс Санс”-т 106:85-аар хожигдсон өрнөдийн шилдэг баг сүүлийн 18 тоглолтонд “Детройт Пистонс” 120:110, “Шарлотте Бобкетс” 92:82, “Даллас Маверикс” 112:106, “Клевлэнд Кавалейрс” 122:101, “Майами Хит” 111:87, “Орлэндо Мэжик” 121:112, “Чикаго Буллз” 104:96, “Портлэнд Блэзерс” 103:90, “Лос Анжелес Лэйкерс” 119:85, 125:109, “Юта Жазз” 122:104, “Сакраменто Кингз” 99:79, “Голден Стэйт Уорерз” 99:90, “Филадельфи 76” 113:91, “Денвер Нагеттс” 108:103, 113:102, “Нью Орленс Пеликанс” 96:80, “Индиана Пейзерс”-ийг 103:77-гоор тус тус хожоод байна. Улирлын төгсгөлд тамирчид сэргэлт авч чадалгүй олон тоглолт дараалан хожигддог. Гэхдээ багийн ойлголцол, сэлгээний тамирчдын ур чадварыг ашиглан ялалт байгуулдаг арвин туршлагатай Г.Попович энэ бүх бэрхшээлийг давж лигийн дээд амжилт тогтооход ойрхон байна. “Сан Антонио Сперс” одоогийн байдлаар 74 тоглолт хийснээс 58-д нь ялсан. Харин үлдсэн найман тоглолтыг өөрийн бүсийн “Голден Стэйт Уорерз”, “Оклахома Сити Тандер”, “Мемфис Гризлес”, “Миннестоа Тимбер Уолвез”, “Даллас Маверикс”, “Финикс Санс”, “Хьюстон Рокетс”, “Лос Анжелес Лейкерс” зэрэг багуудтай хийнэ. Өрсөлдөөн ширүүн баруун бүсийг тэргүүлж буй “Сперс” үлдсэн найман тоглолтонд хожвол NBA-гийн хамгийн олон дараалж хожил авсан рекордыг шинэчлэн тогтоох юм. Ингэхийн тулд бүсийнхээ хүчирхэг багуудыг өвдөг сөхрүүлэх хүндхэн даалгавар тэднийг хүлээж байна. М. Золбаатар

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.