“Тамирчдын баярын өдөр”-ийг энэ бямба гарагт тэмдэглэн өнгөрүүлнэ

Twitter Print
2019 оны 06-р сар 20-нд 11:23 цагт
Мэдээний зураг,

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газраас Монголын тамирчдын өдрийг энэ бямба гарагт Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. Энэ өдрийг салбарын ололт амжилт, олимпизмын үзэл санаа, шинээр байгуулагдсан спорт хороодыг олон нийтэд сурталчлах, иргэдэд спортын үйлчилгээ үзүүлэх, салбарын албан хаагч, ажилтныг шагнаж урамшуулах, олимп, паралимпийн медальтан, олимпийн наадамд оролцогчдод хүндэтгэл үзүүлэх зорилгоор 2010 оноос эхлэн тэмдэглэж ирсэн билээ.

Анх 1940-өөд оноос манай улсад “Тамирчдын баярын өдөр”-ийг тэмдэглэж ирсэн түүхтэй. Энэ жилийн “Тамирчдын өдөр”-ийг Олон улсын “Олимпийн өдөр” мөн 2020 онд Японд болох олимпийн наадмыг угтан “Токио олимп сан”-гийн нээлттэй хамтатган зохион байгуулахаар болжээ. Арга хэмжээний үеэр Биеийн тамир, спортын хороод, спорт клубүүд үйл ажиллагаагаа сурталчилж, үзүүлэх тоглолтыг хийх ажээ.

Мөн спортын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллага, спортын брэндийн танилцуулга үйл ажиллагаа болох юм байна. “Энэ жил орчин үеийн олимпийн хөдөлгөөн үүсэж хөгжсөний 125 жилийн ой тохиож байна.

Эл өдрийг дэлхий даяар олимпийн өдрийг өргөн цар хүрээтэй тэмдэглэн өнгөрүүлдэг. Мөн “Токио 2020” олимпийн наадамд оролцох Монгол тамирчдаа дэмжин ажиллах “Токио олимп сан” энэ үеэр нээлтээ хийхээр болсон” гэж Монголын Үндэсний олимпийн хорооны мэргэжилтэн З.Гомбодорж ярьлаа. Тамирчдын баярын өдрөөр Монголын Үндэсний олимпийн хорооны музей, нийслэлийн дүүргүүдийн Биеийн тамир, спортын хорооны заал, танхимаар иргэд үнэ төлбөргүй үйлчлүүлэхээр төлөвлөжээ.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.