Малайзийн Боинг MH17 зорчигч тээврийн онгоцны сүйрэлд буруутай этгээдүүдийг нэрлэлээ

Twitter Print
2019 оны 06-р сар 20-нд 10:21 цагт
Мэдээний зураг,

Голландын прокурорын албанаас 2014 оны 7-р сард Малайзийн Malaysia Airlines MH17 зорчигч тээврийн онгоцыг пуужингаар сөнөөсөн хэрэгт сэжиглэж буй 4 этгээдийн нэрийг зарлалаа. 298 хүний аминд хүрсэн тус хэргийн гол сэжигтнүүдээр ОХУ-ын гурав, Украины нэг иргэнийг нэрлэсэн ба сэжигтнүүдийг MH17 зорчигч тээврийн онгоцыг сүйрэлд хүргэж, 298 хүний амийг хөнөөсөн "Бук" пуужингийн системийг ОХУ-аас Украины Донбасст авчирсан хэрэгт буруутгаж байгаа аж.

Голландын Амстердам хотоос Малайзийн Куала Лумпур руу зорчиж байсан Малайзийн Malaysia Airlines MH17 онгоцыг Украины зэвсэгт мөргөлдөөн дэгдсэн бүс нутаг дээгүүр нисч байхад нь пуужингаар сөнөөсөн нь өмнөх шалгалтаар тогтоогдсон билээ.

Хэрэгт сэжиглэгдэж буй ОХУ-ын 3 иргэний нэг Игорь Гиркин нь ОХУ-ын Аюулгүйн албаны хурандаа асан бөгөөд Украины салан тусгаарлагчдын Донецкийн Бүгд Найрамдах Ард Улс хэмээн өргөмжилсөн улсын Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байжээ. Тэрээр хэрэг гарах үед тус бүс нутагт ажиллаж байсан цэргийн хамгийн өндөр албан тушаалтан байсан аж. Түүний орлогч Сергей Дубинскийг мөн адил хэргийн гол сэжигтнээр нэрлэсэн ба тэрээр ОХУ-ын Тагнуулын албанд ажиллаж байсан нэгэн ба ОХУ-тай байнгын харилцаа холбоотой байжээ. 

Image result for MH17: Four charged with shooting down plane over Ukraine

Хэргийн гурав дахь сэжигтнээр нэрлэгдсэн Олег Пулатов нь ОХУ-ын Агаарын цэргийн хүчинд алба хааж байсан нэгэн бөгөөд хэрэг гарах үед Донецкийн Бүгд Найрамдах Ард Улсын Тагнуулын албаны орлогч даргын үүргийг гүйцэтгэж байжээ. Боинг MH17 зорчигч тээврийн онгоцны ослын шалтгааныг шалгах явцад Олег Пулатов нь тус онгоцыг сөнөөсөн пуужинг хөөргөх үед дэргэд нь байсан нь тогтоогдсон ба тэрээр онгоцны хар хайрцгийг олж, Донецкийн удирдлагад шилжүүлсэн хүн аж.

Харин Украины иргэн Леонид Харченкогийн хувьд 2014 оны зун Сергей Дубинский, Олег Пулатов нарын удирдлага дор ажиллаж байсан ба Малайзийн онгоцыг сөнөөсөн "Бук" пуужингийн системийг тээвэрлэх үйл ажиллагаанд оролцсон албан хаагчдын нэг аж. Эдгээр дөрвөн сэжигтэнг олон улсад эрэн сурвалжилж эхлээд байгаа ба сэжигтнүүдийг шүүх хурал 2020 оны 3-р сарын 9-нд товлогджээ.

Map shows the route taken by flight MH17

Голландын Ерөнхий прокурор Фред Уэстербекегийн мэдээлсэнээр эдгээр сэжигтнүүд нь ямар ч гэмгүй 298 хүнийг үхэлд хүргэсэн ба дээрх 4 сэжигтэн нь пуужинг хөөргөх товчлуурыг биечлэн дараагүй ч тус зорчигч тээврийн онгоцыг сөнөөх зорилгоор "Бук" пуужингийн системийг нэг газраас нөгөө газар луу тээвэрлэх ажилд гол үүрэг гүйцэтгэсэн аж. Гэсэн хэдий ч Малайзийн зорчигч тээврийн онгоцыг сүйрэхэд хүргэсэн хэмээн буруутгагдаж байгаа дээрх сэжигтнүүд нь Голландын шүүхийн өмнө зогсох эсэх нь эргэлзээтэй байгаа юм. Учир нь эдгээр 4 сэжигтэн нь ОХУ-ын нутаг дэвсгэрт байгаа гэх мэдээлэл байгаа ба ОХУ-ын үндсэн хуулиар ОХУ өөрийн улсын иргэнийг өөр улсад шилжүүлэх боломжгүй аж.

Боинг MH17 зорчигч тээврийн онгоцны ослоор Голландын 193 иргэн, Малайзийн 43, Австралийн 27, Индонезийн 12, Английн 10,Бельгийн 4, ХБНГУ-ын 4, Филиппины 3, Шинэ Зеландын нэг, Канадын нэг иргэн тус тус амиа алдсан юм.

An investigator inspects the wreckage of flight MH17

Голланд, Австрали, Бельги, Малайз, Украины албан хаагчид хамтран тус онгоцны сүйрлийн шалтгааныг тогтоох шалгалт явуулсан ба 2017 оны 6-р сард тус хэргийн сэжигтнүүдийг шүүх хурал Голландад, Голланд улсын хуулийн дагуу явагдах ёстой хэмээн шийдсэн билээ.

2018 оны 5-р сарын 24-нд хэвлэлийн бага хурлын үеэр Малайзийн Боинг MH17 онгоцны ослын шалтгааныг тогтоох баг тус онгоцыг сөнөөсөн "Бук" пуужингийн системийг ОХУ Украины салан тусгаарлагчдад нийлүүлсэн болохыг олж тогтоосноо зарласан юм. ОХУ-ын талаас энэхүү мэдэгдлийг ямар ч үндэслэлгүй хэмээн, осол болох үед ямар ч пуужингийн систем Оросын хилээр гараагүй болохыг мэдэгдсэн.

Эх сурвалж: https://www.bbc.com

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.