Доналд Трамп 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ албан ёсоор зарлалаа

Twitter Print
2019 оны 06-р сар 19-нд 12:11 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ албан ёсоор зарлаж, сонгуулийн кампанит ажлаа нээж буйгаа мэдэгдсэн байна. Тэрээр Флорида мужийн Орландо хотын дэмжигчдийнхээ өмнө ийнхүү зарласан ба түүний мэдэгдлийг Америкийн томоохон сувгууд шууд дамжуулсан байна.

Тэрээр, "Өнөө орой би АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлаа албан ёсоор эхлүүлж байгаагаа та бүхэнд мэдэгдэж байна." хэмээн, "АНУ-ын өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал түүхэнд байгаагүйгээрээ хамгийн өндөр түвшинд байгаа ба дэлхийн бусад улс орнуудын атаархлыг төрүүлэх болсон." хэмээн онцолжээ.

Түүнчлэн тэрээр Америкийн" авлигажсан" тогтолцооноос салахыг хүсч буй иргэдийг 2020 оны 11-р сарын 3-нд болох Ерөнхийлөгчийн сонгуулиар саналаа өгөхийг уриалсан байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын онцолсоноор АНУ-ын тусгай прокурор Роберт Мюллерийн шалгалтаар 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр түүний сонгуулийн штабынхан ОХУ-тай үгсэн хуйвалдсан зүйл илрээгүй гэжээ. Тэрээр, "Би АНУ-ын зэвсэгт хүчнийг бэхжүүлж, ОХУ-ын эсрэг хориг тавьж, Европын улс орнуудад эрчим хүчний өөр эх үүсвэр санал болгосноор ОХУ-ын маш том өрсөлдөгч болж чадсан. ОХУ-д Доналд Трампаас илүү хатуу хандсан хүн байхгүй. Ардчилсан намынханд ОХУ-аас илүү АНУ-ын төрийн эрхийг барих нь л чухал." хэмээн ярьсан байна.

АНУ-ын Ерөнхийлөгчийн 59 дэх сонгууль 2020 оны 11-р сарын 3-нд болох юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилтай холбоотой намын их хурлууд 2020 оны 2-р сард Айова мужид эхлэх ба Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг ирэх оны 7-р сарын 13-16 хооронд Висконсин мужид болох намын их хурлаар сонгох аж. Харин Бүгд Найрамдах намынхан нэр дэвшигчээ 2020 оны 8-р сарын 24-27 хооронд Хойд Каролина мужид болох их хурлаараа сонгох гэнэ.

Эх сурвалж: https://tass.ru/

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.