Л.Энхтөр: Хүний амьдралын түүх нь сэтгэлгээний өөрчлөлтийг хэрхэн давж, яажшуухан туулсаных нь баримт, нотолгоо байдаг...

Twitter Print
2019 оны 06-р сар 19-нд 08:23 цагт
Мэдээний зураг,

Барилга орон сууц, үл хөдлөх хөрөнгийн талаарх сонирхолтой нийтлэл, ярилцлагуудыг урьд өмнөх дугаарууддаа хэвлэн нийтэлсээр ирсэн “Property” сэтгүүл уншигч, захиалагчдын танил болж, дараагийн дугаарыг нь тэсэн ядан хүлээцгээдэг болсон нь тодорхой билээ. Монголын барилгын салбарын ололт амжилт, шинэ мэдээллүүдийг цаг алдалгүй нийтэлж, уншигчиддаа өргөн барьдаг “Property” сэтгүүлийн болон “MGL INTERNATIONAL PROPERTY LLC”-ын Ерөнхий захирал Л.Энхтөрийн яриаг энэ удаагийнхаа зочны яриа буланд нийтэлж, нийт уншигчиддаа өргөн барьж байна. Монголын барилгын салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээллээр уншигчидтайгаа байнга учран золгож хэвшсэн “Property” сэтгүүлийг үүсгэн байгуулж, өнөөдөртэй золгоод байгаа Л.Энхтөр захирлын энэхүү ажил хэрэгч, басхүү бизнесмен хүний алсыг харсан, ирээдүйгээ төлөвлөсөн ярилцлага эрхэм уншигч таны ч сонирхолд нийцнэ гэдэгт итгэлтэй байна. Ингээд түүний яриаг болгооно уу.   

-За сайн байна уу захирал аа. Хоёулаа урьд өмнө ингэж дэлгэрэнгүй сайхан ярилцаж байгаагүй санагдана. Тэгэхээр энэ удаа хоёулаа чөлөөтэй, өөрийн тань хийж, явуулж байгаа тодорхой асуудал бодлогын талаар чин сэтгэлээсээ ярилцмаар байна. Өөрөө энэ талаар юу гэж бодож байна?

-Нээрээ тийм шүү. Ерөнхийдөө хоёулаа чөлөөтэй сайхан ярилцъя л даа. Сонирхож байгаа зүйлээ чөлөөтэй асууж болно. Ажил хэргийн талаас гэвэл “Property” буюу Өмч хөрөнгийн талаарх сэтгүүл маань анх чухам хэрхэн яаж үүсэн байгуулагдаж байсан болон өнөөдрийн төлөв байдал, ирээдүй хойчийн зорилго гээд олон асуудал байна л даа. Тэгэхээр та өөрөө мэдээд л асуултуудаа тавьж, би дэлгэрэнгүй хариулаад явъя гэж бодож байна. Энэ ярилцлага маань барилга, орон сууц, үл хөдлөх хөрөнгийн чиглэлийг дагнан нийтэлдэг сэтгүүлд маань болон мэдээллийн сайтад гарах болохоор тэр талын асуудлуудыг илүүтэй сонирхдог уншигчидаа хүндэтгэх үүднээс миний хувийн амьдралын талаар нэг их оруулаад хэрэггүй болов уу. Бусад асуудлуудын талаар бол ёстой л дэлгэрэнгүй тайлбарлахад би бэлэн байна. За тэгээд хоёулаа ярилцлагаа эхлэх үү.

-За тэгье. Ингэхэд өнөөдөр 10 гаруй том бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, өөрөө тэр бүгдэд ихээхэн анхаарал тавин ажиллаж байгаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн нэр хүнд өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж, Монголчууд ч энэ хүний хийж хэрэгжүүлж байгаа эдгээр ажлуудыг халуунаар дэмжиж байгаа. Харин та хоёр 1990 оны Ардчилсан хувьсгалтай зэрэгцэн Цэргийн нэгдсэн дээд сургуулийг төгсөж байсан ангийн найзууд юм билээ. Тэр талаар ярилцлагаа эхлэе гэж бодлоо?

-За тэгэхээр тэр асуудлыг их энгийн ярьж, тайлбарлах нь зөв байх. Хамгийн эхлээд манай сэтгүүлийн эрхэм уншигчдынхаа энэ өдрийн түмэн амрыг эрэн мэндчилье. Хэдийгээр бид өдөр тутам их ажилтай байдаг ч өөрөө өөрийнхөө тухай ингэж ярилцлага өгөөд сууж байна гэдэг чинь бас сайхан л юм байна. За Ерөнхий сайд У.Хүрэлсүх бид хоёрын тухайд бол  хоёулаа 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд л ирээдүйн офицерь болохоор цэргийн нэгдсэн дээд сургуульд элсэн орж байсан хоёр юм. Гэхдээ би бол Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумын Г.Бумцэндийн нэрэмжит 10 жилийг төгсөөд Улаанбаатарт ирж байсан бол өнөөдрийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх маань тухайн үед нийслэлийн 10 жилийн хоёрдугаар дунд сургуулийг төгсөөд орж ирж байсан түүхтэй. Бид хоёр тухайн үед цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улстөрийн ангид хуваарилагдан орж байсан нь өнөөдөр У.Хүрэлсүх маань улстөрөөрөө тууштай явсаар Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга болох их замыг нь засч өгсөн бол миний бие улстөрөөр жаахан явж байгаад дундаас нь бизнесийн замд эргэлт буцалтгүй шилжчихсэн хүн. Анх манай ангид Улаанбаатар хот болон 18 аймгийн төлөөлөл болсон 30 гаруй хүүхэд орж байсан түүхтэй. Тухайн үеийн цэргийн нэгдсэн дээд сургуулийн сургалт хүмүүжлийн ажил маш өндөр түвшинд явагддаг, багш нар нь ч чиглэл тус бүртээ үнэхээр сайхан бэлтгэгдсэн хүмүүс байсан юм даг. Тийм ч болохоор бид бүгд цэрэг улстөрийн болон эх оронч хүмүүжлээр гайгүй сайн бэлтгэгдсэн офицерүүд болоод төгсөж байсан юм шүү. Өөрөө ч бас эр цэргийн хамгийн сүүлчийн гурван жилийн албыг хаасан хүн болохоор тухайн үеийн цэргийн алба эрчүүдэд ямар хүмүүжил олгож байсныг надаар хэлүүлэлтгүй мэдэх нь тодорхой. Тухайн үед бидний тархи толгойд гүн бат суулгаж өгсөн сахилга бат, эмх дэглэмийг эн тэргүүнд тавьдаг цэргийн сургуульд хамт суралцаж төгссөнөө өнөөдөр ч бахархаж явдаг. Ер нь бол бидний суралцаж төгссөн Улстөрийн ангийн сургалтын хөтөлбөрийн 50 гаруй хувь нь үндсэндээ нийгмийн шинжлэх ухаан дээр суурилагдаж байсныг одоо эргээд бодохоор бас сүрхий алсыг харсан сургалт байсан санагддаг.

-Өөрийн тань ярианаас нэг зүйл эргэн дурсахад жил бүр зохион байгуулагддаг “Mongolian Property Awards” хэмээх Барилгын салбарын  шилдгүүдийг шалгаруулдаг ёслолын ажиллагаан дээр Дэслэгч генерал Ц.Тогоотой нэлээн дотно ярилцаж харагдсан. Дэслэгч генерал Ц.Тогоо гуай та бүгдийн багш байсан болов уу?

-Та их сайн ажиглажээ. Тэгэлгүй яах вэ Жанжин штабын дарга байсан дэслэгч генерал Ц.Тогоо гуай одоо Ерөнхий сайдын цэргийн бодлогын зөвлөхөөр ажилладаг л даа. Ц.Тогоо гуайтай тухайн үед ярилцахад “Манай цэргийн нэгдсэн дээд сургуулийн сургалтын хөтөлбөрийг эргэн харж, дүгнэхэд тухайн үеийн ЗХУ-ын цэргийн сургуулиуд болон академийн сургалтын хөтөлбөрүүдийн дэргэд манай сургалт, хөтөлбөр нь онцгой ялгардаг, маш сайн хөтөлбөр байсан юм шүү” гэж байсан. Тухайн үеийн ЗХУ-ын цэргийн сургуулиудын сургалтын хөтөлбөр нь социалист, капиталист хоёр системийн “Хүйтэн дайн”-д чиглэгдсэн байсан бол манай сургалтын хөтөлбөр нь маш их уян хатан, жинхэнэ нийгмийн шинжлэх ухааны тулгуур үзэл, онолоор суурилсан маш сайн хөтөлбөр байсан нь өнөөдөр амьдралаар батлагдаад явж байгаа юм. Гол нь тухайн үедээ цэрэг улстөр, эдийн засгийн шинжлэх ухааны үндэс суурийг маш сайн тавьж өгч байсан нь өнөөдөр ч бид бүгдийг удирдан чиглүүлээд явж байгаа санагддаг. Түүнчлэн гоо зүйн боловсрол, философи, сэтгэл судлал, логик сэтгэлгээ гээд ерөнхийдөө тухайн үедээ маш нягт, их сүрхий сургалттай байсан юм шүү. Мөн түүнчлэн Олон улсын түүх, цэргийн шинжлэх ухааны суурь мэдлэг зэргийг Орос хэл дээр заадаг байсан нь бидэнд гадаад хэлний анхны мэдэгдэхүүн суулгаж, цааш нь гүнзгийрүүлж сурах эхлэлийг тавьж өгсөн юм. Ер нь бол цэргийн болон иргэний өв тэгш боловсрол, хүмүүжил олгосон их сайн сургалтыг төгсөж гарцгаасан хүмүүс дээ бид.

-Өөрийн тань туулж өнгөрүүлсэн амьдралын он жилүүдийг ажиглаж байхад цэрэг армиас илүүтэй засаг төрийн албанд зүтгэж, аажимдаа хувийн бизнесийн салбар руу нэлээн амжилттай шилжин орсон байдаг. Тэр талын түүхээсээ жаахан дэлгэрүүлж хуучлахгүй юу. Тухайлбал Төрийн өмчийн хороонд Газрын даргын албыг хашиж явсан гээд л?   

-Ер нь бол тийм л дээ. Та шулуухан “Төрийн албанд ажилласан он жилүүд” гээд асуусан болохоор тэр талаар шулуухан хариулъя гэж бодлоо. Тэгэхээр ерөнхийдөө 1989 онд бид сургуулиа төгсөж байхад дэлхий нийт, ялангуяа Европ  тэр аяараа ардчилал, өөрчлөлтөөр амьсгаалж, өнөөдөр дэлхий нийтийг хамарсан  зах зээлийн эдийн засаг дөнгөж л эхэлж байсан нэлээн донсолгоотой үе шүү дээ. Тухайн үеийн ЗХУ-д престройка өрнөж байсан бол өмнөд хөршийн нийслэл Бээжингийн Тянь-Ань Миний талбайд  баахан тэмцэгчид, оюутнуудыг танкаар бяц няц дайрч байсан тун ч донсолгоотой цаг үе байсан. Тухайн үеийн намар нь Берлиний хана нурж байсан бол өвөл нь Румынд удирдагч асан Н.Чаушескуг эхнэртэй нь хамт буудан хороож байсан үе л дээ. Ер нь бол хувь хүн нийгмийн байгууламжыг сонгох бололцоогүй болж, амьдарлын жамын дагуу нийтийн жаяг ёсыг л дагах юмуу, заримдаа сөрж тэмцдэг юм билээ. Гэхдээ одоо эргээд харахад дэлхий нийтээрээ, тэр ч бүү хэл Монгол Улс нэг нийгмээс шал өөр  нийгмийн байгууламж руу шилжих эхлэлийг тавьсан 1989 онд сургуулиа төгсч, амьдралд хөл тавьсандаа баярлаж явдаг. Энд нэг зүйл хэлэхэд цэргийн сургууль төгссөн хүмүүс энхийн цагт нийгэмд гараад явахаараа ажлын цаг нар, үүрэг даалгавар гээд ер нь их ачаалал дааж сурсан байдаг юм. Жишээлбэл дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа тэнд байлдаж явсан маш олон офицерь болон цэргүүд бараг л бүгдээрээ хамтрал, сангийн аж ахуй, нэгдлийн дарга болж амьдралаа цоо шинээр эхлүүлсэн байдаг. Ер нь бол хүн гэдэг чинь хамгийн том үнэт капиталь шүү дээ. Тэгэхээр тэднийг удирдан чиглүүлнэ гэдэг чинь ихээхэн авъяас чадвар шаардагддаг ч цэргийн сургууль төгссөн хүмүүсийн тухайд тэр талын мэдлэг чадвар хэтэрнэ үү л гэхээс дутагдаж, гачигдах зовлон бараг л тохиодоггүй. 

Тухайн 1990 оны үед “Арми бараг хэрэггүй” хэмээн яригдаж, бидний хувьд дөнгөж сургуулийн ширээнээс босоод л “Ажилгүйчүүдийн арми”-д шилжсэн байх жишээтэй.

-Тэгвэл “Ажилгүйчүүдийн арми”-ийн шинэхэн төлөөлөгч яаж яваад төрийн албанд шилжиж, бүр Газрын дарга хүртэл дэвшсэн хэрэг вэ?  

 -Хэ хэ. Өөрөө намайг бас л сүрхий асуултаар дарж байх чинь. Яг үнэндээ Монголын мянга мянган залуучууд ардчиллын эхний жилүүдэд шууд л ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж, амьдралын ямар ч баталгаагүй болчихсон л доо. Би анхандаа яг тэдний л нэг байсан болохоор эхлээд ганзагын наймаанд шогшсон. Тэр ч байтугай Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэйгээ хамт Чех, Германаас хөлөөр нь машин зөөж, ОХУ-ын нутгаар дамжихдаа тухайн үеийн дээрэмчидтэй нь үзэлцэж л явлаа. Тэгж яваад 1996 онд ирээдүйн Ерөнхий сайд асан Р.Амаржаргалын сонгуулийн компанит ажлыг нэлээн амжилттай удирдаж, түүнийг ялалтанд хүргэсэн тул тухайн үеийн Төрийн өмчийн хороонд Газрын даргын албыг  хүлээн авч, дөрвөн жилийн хугацаанд багагүй амжилттай ажилласан санагддаг. Зүгээр нэмж хэлэхэд 1996-2000 он бол Монголын улстөр, төр засгийн хувьд тун ч донсолгоотой, халаа сэлгээ ихтэй хэцуүхэн он жилүүд байсан л даа. Тухайлбал Засгийн газар гурван ч удаа огцорч, солигдож байлаа. Мөн яг тэр үед С.Зориг агсаны амь насыг зэрлэгээр хөнөөж байлаа шүү дээ. Дээр нь ардчилсан хүчний залуучууд анх удаа томоохон ялалт байгуулсан тул хөгшин залуу, шинэ хуучин үеийнхний хооронд тун ширүүн тэмцэл явагдаж байсан. Ер нь бол одоо ч гэсэн “Шинэ үеийнхэнд итгэж найдаж, эрх мэдлийг нь бүрэн хэмжээгээр өгч, хангалттай сайхан ажиллах боломжийг нь олгооч” гэсэн уриа лоозон, тэмцлийн эх үзүүр цухуйсаар л байгааг бид бүхэн өдөр бүр цахим ертөнцөөс олж харсаар л байна шүү дээ.

Хувь хүний амьдралын түүх нь байнгын сэтгэлгээний өөрчлөлтийг хэрхэн даван гарч, яажшуухан туулсаны л баримт нотолгоо байдаг л даа. Мэдээж уламжлал шинэчлэл байдаг ч гэсэн бүхэл бүтэн шинэ эрин зуунд бид бүхэн ажиллаж, амьдарч байгаа тул дорвитой өөрчлөлт үеийн үед байх л болно. Энэ бүхнийг хүмүүс тодорхой хэмжээгээр хүлээн авч, зөвшөөрөн амьдрах нь л чухал юм. Яг тодорхой хэлбэл өнгөрсөн 30 жилд манай Монголчууд сэтгэлгээндээ зоригтой өөрчлөлт шинэчлэлт хийж чадахгүй, нэг доороо л эргэлдээд байгаагаас болж манай нийгмийн хөгжил тэр хэрээр дороо зогсчихоод, одоо ч гэсэн олигтой урагшилж чадахгүй байна. Миний хувьд Төрийн өмчийн хорооны Төрийн байгуулалтын хангамж, Хөрөнгийн бүртгэлийн Газруудын даргаар ажиллаж байсан. Ер нь бол Төрийн өмчийн хороо хуулийн дагуу асар том үүрэг гүйцэтгэж байсан юм. Нэгдүгээрт төрийн өмчийг ихээхэн үр дүнтэй, ашигтай байлгах, төрийн өмчийн хувьчлалыг хэн нэгэнд давуу эрх эдлүүлэхгүй явуулах, төрийн өмчит байгууллагуудын үр ашгийг сайтар нэмэгдүүлэх, төрд оногдох ногдол ашгуудыг төвлөрүүлж авах, улмаар төрийн өмчийн барилга байшин, эд хөрөнгүүдийг түрээсэлж орлогыг нь улсын төсөвт төвлөрүүлэх, төрийн өмчийг нийтэд нь бүртгэлжүүлэх гээд үнэхээр далайцтай ажиллаж байсан. Намайг Төрийн өмчийн хороонд Газрын дарга байхад нийтдээ 220 орчим хүн тэнд ажилладаг байсан бол өнөөдөр чухам хэд болсон юм бүү мэд.

Тухайн үедээ ажил маш их байсан тул шөнийн 02-03 цагт хуралдаад л сууж байдаг байсан юм шүү. Тэр бүхнийг ёстой л “Залуу халуун насны ааг омог”-оор л давж гарсан санагддаг. Тэр үедээ Сэлэнгийн Гурил тэжээл, Материал импекс, Авто импекс гээд Монголын хамгийн том компаниудын ТУЗ-ийн дарга, гишүүнээр нь ажиллаж явсан. Одоо эргээд харахад тухайн үедээ дөнгөж л 30 хүрч явсан залуу нэлээн зоригтой, бас багагүй ажлыг гайгүй сайн амжуулж явсан байдаг.

-Тэгвэл өнөөдөр “MGL International Property” гэдэг том компанийн ТУЗ-ийн даргын хариуцлагатай албыг хашиж байгааг тань харахад төр, хувийн хэвшлийн өмч хөрөнгө салчихсан энэ цаг үед нэлээн хариуцлагатай, багагүй үүрэг рольтой ажил санагдаж байна. Гэтэл үүнээс өмнө Монголын сэтгүүл зүйд урьд өмнө байгаагүй тун зоригтой алхмыг хийж, сэтгүүлийн төрлөөр цоо шинэ өнгө төрх, зураг дизайн гээд олон шинэлэг зүйл гаргаж ирсэн байдаг. Тухайлбал барилга, орон сууц үл хөдлөх хөрөнгийн талаарх “Property” сэтгүүлийн өнгө дизайн, хэвлэлтийн чанар гээд үнэхээр ялгардаг л даа. Энэ талаарх таны бодол?  

-Тэгэхээр нэлээн сонирхолтой асуулт байна л даа. Ерөнхийдөө эргээд харахад өөрийн тань асуултын гол нь миний хүүхэд болон залуу, идэр насны маань хүсэл сонирхол, гол хобби байсан л даа. Дунд сургуульд байхдаа байнга л номын санд сууж байдаг байлаа. Тухайн үед номын санд хар цагаанаар хэвлэсэн зузаан зузаан номуудаас гадна олон өнгөтэй хуучны ЗХУ-ын “Мурзилка”, “Советский экран”, “Огонёк” сэтгүүлүүд байдаг байсан. Түүнээс гадна  Чехсловакийн  “Stadion”, Унгарын “Keeps sport”, Польшийн “Лавдоругашь” гэдэг сэтгүүлүүдийг гараас гар дамжуулан үзэж хардаг байсан. Тухайн үед хар цагаан л зурагт байсан болохоор Европын олон өнгөт сэтгүүлүүд намайг ёстой л соронздон татдаг байсан нь ийнхүү олон жилийн дараа тиймэрхүү сэтгүүл эрхлэн гаргах гол санааг өгч, жигүүрийг маань  ургуулсан юм л даа. Тухайн үеийн олон өнгөтэй, хэвлэлтийн чанар нь ч нэлээн сайн барууны сэтгүүлүүд ерөөсөө олддоггүй байсан болохоор тэр талын хүсэл сонирхол намайг соронздон татсаар, эцэстээ энэ салбарт нэлээн зоригтой орж явчих эхлэл болсон. Эхнийхээ сэтгүүлийг эрхлэн гаргаснаасаа хойш Монголын сэтгүүл зүйд цоо шинэ өнгө будаг, төрх маяг, хэвлэлтийн огт өөр дизайныг гаргаж ирэхээр их ч судалж, бас зоригтой алхмууд ч олныг хийсэн байдаг. За заримаас нь дурдвал өнгөрсөн хугацаанд 1843 онд анхны дугаараа Лондонд хэвлэн гаргаж байсан “The Economist” сэтгүүлийг Монгол хэлнээ хөврүүлэн “Баялаг мэдээ” нэртэйгээр гаргаж байлаа. Тэгээд түүнээс хойш 200-аас дээш хуудастай нэлээн хэдэн сэтгүүл гаргаж байсан нь дугаараас дугаарын хооронд өнгө будаг, хэвлэлтийнх нь ерөнхий дизайн, нүүр бүртээ гардаг сэдэв, нийтлэлийн бодлого, ярилцлагуудынх нь хамрах хүрээ ч өргөжсөөр өнөөдрийн шинэ түвшинд нэгэнтээ хүрчихээд байгаа юм. Жишээлбэл одоо хэвлэгдэн гарах манай “Property” сэтгүүлийн өнгө дизайн, хэлбэр хэмжээ зэрэг нь Монголын энэ төрлийн бизнест нэлээн шинэлэг өнгө төрх, хэв маягийг харуулах болно гэж бодож байгаа. Хамгийн анх ганзагын наймаанд явж байхдаа буюу 1992 онд Монголд гадаадын тэр дундаа Европын орнуудын өнгөт сэтгүүл, урлаг соёл, спортын тухай мэдээллүүд ихээхэн дутагдаж байгааг харж мэдрээд гадаад хэвлэлийн захиалгыг анхлан нээж гурав дөрвөн жил тэр чиглэлээр дагнан, монополь байдлаар ажиллаж байсан. Тэгтэл гадаад хэвлэлийн захиалгыг улсын томоохон компани эзэмшээд эхлэхээр нь тэдэнтэй өрсөлдөхийн тулд Англи, АНУ-ын дэлхийд нэртэй том том сэтгүүлүүдтэй холбоо тогтоосноор бидний өнөөдрийн ажил эхлэлээ тавьж байлаа. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл бидний үйл ажиллагаа жилээс жилд өсөн нэмэгдэж, өнгө жавхаа нь ч нэмэгдсээр л яваа болно.

-Ер нь тэгвэл өөрийг чинь “Гадаад хэвлэл захиалгын Л.Энхтөр” гэхэд л маш олон хүн мэдэх, гадарлах нь тодорхой юм байна гэж ойлголоо. Ингэхэд би ер нь зөв бодсон болов уу?

-Хэ хэ. Та ер нь нэлээн алиа хошин асуулт тавьдаг сэтгүүлч байна шүү. Гэхдээ яах аргагүй таны зөв л дөө. Яагаад гэвэл тухайн цаг үеийн болон одооны зарим залуус ч намайг ерөнхийдөө “Өө энэ чинь гадаад хэвлэлийн захиалга хариуцдаг байснаа сүүлдээ өөрөө янз бүрийн сэтгүүл эрхлэн гаргах болсон өнөөх Энхтөр байна шүү дээ” гэсэн имиж над дээр тохогдож, нэг ёсондоо би олонд гайгүй сайн танигдсан юм билээ. Гэхдээ энүүхэндээ гэж ярихад одоо би чинь 50 гараад явчихлаа л даа. Тэгсэн мөртлөө л “Өө нөгөө гадаад хэвлэл захиалгын Энхтөр чинь нэг тийм сэтгүүл гаргадаг юм билээ. Тэр сэтгүүлдээ гаргахаар тэнд энд баригдаж байгаа болон баригдаад дууссан том барилгын тухай мэдээлдэг сэтгүүлчдээ явуулж, зарим нь барилгын томоохон компанийн захирлуудтай уулзаж ярилцлага энэ тэр авхуулаад сууж байдаг юм билээ” хэмээн яригддаг талаар дуулж байсан.

Бас нэг зүйл хэлэхэд 2000-аад оноос интернет маш хурдан хөгжиж, хаа сайгүй нэвтэрсэн болохоор бидний зүгээс 2007-2008 оноос эхлээд гадаад хэвлэлийн бүх л мэдээллийг интернетээс авдаг болж, тэрхүү мэдээллүүдээ өнгө дизайн сайтай, маш чанартай хэвлэн гаргаад захиалга авч түгээдэг байсан үйлчилгээгээ багасгаж өөрсдийнхөө бэлтгэсэн мэдээ материалаа нэгтгэн Монгол хэл дээр сэтгүүл болгон гаргаж эхэлсэн юм. Нэг ёсондоо үйл ажиллагаагаа нэлээн чамбайруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн гэсэн үг. Тэгээд 2011 оноос Английн дэлхий даяар хамгийн нэр хүндтэй, маш олон мянган уншигч, захиалагчтай  “The Economist” сэтгүүлийг монгол хэл дээр хэвлэн гаргаж эхэлсэн. Бидний зориглон барьж авсан тэр ажил маань Монголын нийгэмд маш хурдан хүлээн зөвшөөрөгдөж, тэр ч байтугай бүх л зүйлийг ихээхэн шүүмжилж, байнга өө сэв харж, хүлээж байдаг хэсгийнхэн хүртэл “Та нарын гаргасан энэ сэтгүүл үнэхээр цоо шинэ өнгө төрхтэй, яах аргагүй сэтгүүл зүйн салбарт шинэчлэл боллоо” хэмээн сайшаасан нь бидэнд жинхэнэ жигүүр ургуулж, маш их урам зориг өгсөн л дөө. Харин дараа нь 2012 онд АНУ-ын дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн “Forbes” сэтгүүлийг Монголчлон гаргахын тулд Нью-Йорк хотод очиж гэрээ хэлцэл хийж, ажлаа эхлүүлж байлаа. Ер нь бол “Forbes Mongolia” сэтгүүлийн үүсгэн байгуулагчдын нэг нь миний бие бөгөөд, анхны дугаарыг нь удирдан гаргах их хувь заяа тохиож байлаа. Тэгээд үндсэндээ 2016 оны хаврыг дуустал “Forbes Mongolia” сэтгүүлийг эрхлэн гаргах ажлаа хийсэн л дээ. Харин түүний дараагаас өнөөдөр та бид хоёрын ярилцаж суугаа барилга, орон сууц, үл хөдлөх хөрөнгийн талаарх бүх л мэдээ материалыг багтаадаг “Property” сэтгүүлд бүх л хүч анхаарлаа төвлөрүүлэн ажиллаж байна.

“Property” буюу товчхондоо “Өмч хөрөнгө” хэмээх сэтгүүлийн маань гол утга санаа нь барилга, бүтээн байгуулалт, үл хөдлөх хөрөнгө учир энэ сэдэв рүү гүнзгийрч орохын тулд бидний зүгээс Монголд барьж байгуулагдсан бүх л барилга байгууламжуудаас зураг дизайн, гадаад өнгө төрх, хүний хэрэгцээг хангасан байдал, ая тух гээд бүх л талаас нь нягтлан судалж, мэргэжлийн хүмүүстэй хамтран шалгаж, үнэлэлт дүгнэлт өгсөний үндсэн дээр сүүлийн гурван жил дараалан Шилдэг барилга байгууламж шалгаруулах “Mongolian Property Awards” шагнал гардуулах ёслолын үйл ажиллагааг санаачлан зохион байгуулсаар ирсэн.

Ер нь бол хамгийн гол нь аливаа барилга байгууламж, үл хөдлөх хөрөнгө, орон сууц байлаа гэхэд дээд хэсэг буюу өрмийг нь олж нягтлан харах, сайтар эргэцүүлэн тунгаасаны эцэст хамгийн сайхан, хамгийн шилдэг өрмүүдийг нь бусдад мэдрүүлэх, танилцуулах, тэрхүү өрмийг тогтоогчдод урам зориг хайрлахын тулд зайлшгүй шагнаж урамшуулах, бүх талын мэргэжлийн үнэлэлт, дүгнэлт өгөх шаардлагатай л даа. Тийм ч болохоор бидний зүгээс тухайн үед нэр хүнд нь нэлээн уначихсан байсан Монголын барилгын салбарын жил жилийн шилдгүүдийг сүүлийн гурван жил дараалан шалгаруулж ирсэн нь одоо бол нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж, ялангуяа барилгын салбарынхан болон төр засгийн зүгээс ч хамтран ажиллах, оролцохын тулд хүсэн хүлээдэг, тодорхой хэмжээгээр хөрөнгө санхүүгээр ч тэтгэдэг арга хэмжээ болчихоод байгаа юм.

Гэхдээ урьд нь нийгэмд хавтгайрч, нэр хүнд нь ч ихээхэн уначихсан байсан “Аа жил болгон л худлаа үнэн шагнал гардуулах, гардан авахын тулд мөнгөөр бүхнийг худалдан авдаг, шийддэг болчихсоны сонгодог жишээ” гэдэг тааруухан ойлголтыг таягдан хаяхын тулд багагүй хүчин зүтгэл гарган ажиллаж, хамтран ажиллагчид болон жил бүрийн шагналд нэр дэвшигчдийг тодруулдаг шүүгчдийн бүрэлдэхүүнийг ч маш сайн шалгуураар сонгон авч, тэрхүү ёслолын ажиллагаанд оролцуулдаг болсон. Ер нь бол бүхнийг худалдан авдаг саяхны тогтолцоог нь таягдан хаяж, жинхэнэ шударга өрсөлдөөний зарчмыг удирдлага болгосон тул жил бүрийн “Mongolian Property Awards” буюу Барилгын салбарын шилдгүүдийг тодруулдаг ёслолын ажиллагаа маань жинхэнэ утгаараа нэр хүндтэй, шударга үнэний хаашаа ч хазайдаггүй шүүлтүүр болчихоод байгааг Монголын нийгэм хүлээн зөвшөөрснийг хэлэхэд таатай байна.

-Монголын барилгын салбарын жил жилийн шилдэгүүдийг шалгаруулдаг “Mongolian Property Awards” ёслолын арга хэмжээнд бас л багагүй хэмжээний хөрөнгө мөнгө хэрэгтэй нь тодорхой. Тэр их мөнгийг чухам яажшуухан олж, зохион байгуулж ирсэн нь сонин санагдлаа?

-Та яг л байгаа оносон сүрхий асуулт тавих юмаа. Мэдээж тэгэлгүй яах вэ. Гэхдээ эхний жил бидний зүгээс бүхнийг зохион байгуулж, ямар ч үнэ хөлсгүй шахуу тэрхүү ёслолын ажиллагааг явуулж байсан л даа. Гэтэл сүүлдээ яах аргагүй хөрөнгө санхүү дутагдаж эхэлсэн. Одоо жишээ нь 200 гаруй хүнийг багтаасан дээд зэрэглэлийн ёслолын арга хэмжээ зохион байгуулахад хэдий хэмжээний мөнгө хэрэгтэй болох вэ. Яг өнөөдрийг хүртэлх хугацаанд бидний зүгээс энэхүү арга хэмжээнүүдэд зориулан 200 гаруй сая төгрөгийг зарцуулсан байдаг. Яах аргагүй ихээхэн зардал шаардагдаж эхэлсэн тул хоёр дахь жилээс эхлэн уригдсан зочдоос бага хэмжээний хураамж авч эхэлсэн юм. Нэг ёсондоо Бүртгэлийн хураамж авч эхэлснээр гурав дахь жилээсээ Олон улсын жишгийн дагуу шилдгээр шалгарсан аж ахуйн нэгжүүддээ Маркетингийн багцыг санал болгож эхэлсэн л дээ. Тэр нь ямар учиртай гэхээр зүгээр нэг газар дуудаж ирээд л шагнаж урамшуулаад байдаггүй гэдгийг л ойлгуулсан хэрэг юм. Хамгийн гол нь шилдгээр шалгарч шагнал гардсан хүмүүс, аж ахуйн нэгжүүдээ Монголын нийгэм, олон нийтэд сайтар сурталчлах ажлыг Олон улсын жишгээр хэрэжүүлсэн нь дээр дурдсан Маркетингийн багцын үйл ажиллагаа юм л даа. Нэг ёсондоо гурав дахь жилээсээ Маркетингийн багцыг санал болгож эхэлсэн. Ер нь энэ бүхэн маань олон жилийн өмнөөс бодож боловсруулж, ажил хэрэг болгосон бүхэн маань ном журмынхаа дагуу л урагшилж байгаа хэрэг юм. Эцэст нь хэлэхэд Монголын Барилгын салбарт ирээдүйг бүтээлцэж, олон жил бидэнтэй хамтран ажилласаар ирсэн аж ахуйн нэгжүүд болон тэдгээрийн жинхэнэ ажилдаа эзэн нь болсон удирдлагуудад “Олон жилийн хамтын ажиллагаандаа сэтгэл их өндөр явдаг. Та бүхэнд их баярлалаа” гэж хэлмээр байна.

-Та бүхний зохион байгуулж ирсэн “Mongolian Property Awards” хэмээх жил бүрийн шилгүүдийг шалгаруулах ёслолын арга хэмжээ нь Монголын барилгын салбарынханд ихээхэн сэтгэл санааны болон ирээдүйдээ итгэх итгэлийг нь сэргээсэн том дэмжлэг болж, барилгын салбарт ажиллаж байгаа хүн бүрийн сэтгэлийг соронздон татдаг арга хэмжээ болсон нь тодорхой. Харин 2019 оны сүүлээр зохион байгуулах дөрөв дэх удаагийнхаа ёслолын үйл ажиллагааг одооноос төлөвлөж, зохион байгуулалтын асуудлыг нь ярилцаж байгаа болов уу?     

-Мэдээж тэр бол ойлгомжтой. Одоо эргээд өнгөрсөн гурван жилийнхээ үйл ажиллагааг харж дүгнэхэд нэн тэргүүнд их зөв үйл ажиллагааг, яг л зөв замаар урагшлуулж явжээ гэсэн бодол төрж байгаа юм. Харин одоо цаашдаа “Суурийг нь ихээхэн зөв тавьсан” энэхүү ёслолын үйл ажиллагаагаа улам төгөлдөржүүлэх, үйл ажиллагааныхаа хамрах хүрээг улам өргөжүүлэх, бүтээн байгуулалтын цоо шинэ үзэл баримтлал, ойлголтыг нэмж оруулах зэрэг олон талаас нь төлөвлөж, зохион байгуулалтын асуудлаа ч анхаарах зэргийг эн тэргүүнд ярилцаж эхний шийдвэрүүд нь ч гараад явж байна. Бүтээн байгуулалт гэхээр эхний ээлжинд авто замын бүтээн байгуулалт, төмөр зам зэргийг энэ жилийнхээ ажиллагаанд хамрахаар болж байгаа. Харин дараа жилээс Оюуны өмч, патентын асуудлыг оруулахаар одооноос тооцоо судалгааг эрчимжүүлж эхлээд явж байна. Ер нь бол өмч гэдэг том ойлголтыг тойрч, нэлэнхүйд нь хамруулах чиглэлийг энэ жилээс оруулаад явж байна. Тэгэхээр гол нь эдгээрийгээ бидний зүгээс “Монгол Улсынхаа маргааш, ирээдүйг харсан алсын хараа” хэмээн тунхаглаж байгаа юм. Түүнээс гадна “Property” хэмээх сэтгүүлээсээ гадна  цахим ертөнцөөр бүх талын мэдээлэл түгээх, дээрээс нь ноднин жилээс сэтгүүлээ АНУ-ын Нью-Йорк хотод байдаг “Makstur” гэдэг компанид дижитал хэлбэрээр түгээж эхэлсэн байгаа. Энэ жилээс 100 мянган хэрэглэгчтэй болсон Монголын “М Палас” хэмээх дижитал хувилбарт байрлуулсан. За тэгээд сошиал медиа зэрэг рүү нэвтрээд орчихоор өмч хөрөнгө хэмээх томоохон ойлголтыг маш өргөн утгаар нь сурталчилж, нийгэмд таниулан сурталчилж байгаа юм. Дээрээс нь телевизийн бие даасан болон хамтарсан контентуудыг хэрэгжүүлэх томоохон ажлуудын эхлэл тавигдаад явж байна. Тэгэхээр энэхүү дөрөв дэх удаагийн ёслолын арга хэмжээгээ урьд өмнөх гурван ажиллагааныхаа олсон ололт амжилт дээр тулгуурлан маш сайхан зохион байгуулалттай, жинхэнэ шагнал гардах эздээ шударга үнэнчээр олж тогтоох зарчмаар хэрэгжүүлэх болно. Энэ жилийн тухайд өмнөх гурван ёслолын ажиллагаанаас нэлээн өвөрмөцөөр зохион байгуулахаар төлөвлөж байгаагийн гол зорилго нь анх удаа 30 номинациар шилдгүүдээ шалгаруулах болно.

-Эцэст нь сонирхон асуухад та бүхний зүгээс дөрөв дэх жилдээ Монголын Барилгын салбарын шилдгүүдийг шалгаруулахаар зэхэж байгаа юм байна. Ер нь багагүй хөрөнгө мөнгө шаардлагатай нь тодорхой энэ ёслолын үйл ажиллагаанд төр засгийн дэмжлэг, ялангуяа тантай хамт цэргийн нэгдсэн дээд сургуулийг төгсөж байсан Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зүгээс урьд өмнө нь хамтран ажиллаж, тэтгэж дэмжиж байсан болов уу?

-Шууд хэлэхэд мэдээж ямар нэгэн томоохон ажил хийж байгаа хүмүүс тодорхой үр дүнд хүрэх, ажлаа амжилттай бүтээхийн тулд хамтын ажиллагаа, тэр тусмаа төр засагтайгаа нягт хамтран ажиллахыг чухавчилдаг нь нууц биш л дээ. Мөн түүнчлэн ТББ-уудын хамтын ажиллагаа, нөгөөтэйгүүр барилга бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг хийж гүйцэтгэж байгаа компаниудын хамтын ажиллагаа, эцэст нь хийж бүтээсэн эдгээр барилга, бүтээн байгуулалтуудыг нь  худалдан авагч буюу хэрэглэгчдийн хамтын ажиллагаа маш чухал үүрэгтэй юм. Тэгэхээр манай энэхүү шагнал гардуулах арга хэмжээг эхнээс нь төр засаг, яамдын зүгээс үнэхээр сэтгэл гарган дэмжиж ирснийг би сэтгэл нэн хангалуун тэмдэглэн хэлэхийг хүсч байна. Ер нь бол үе үеийн Засгийн газрууд маш сайхан дэмжиж ажилласаар ирсэн юм. Харин одоо бол залуу цагийн арми, цэргийн анд маань Монгол Улсын Ерөнхий сайдаар ихээхэн үр бүтээлтэй, зоригтой шийдэмгий ажиллаж байгаа болохоор сэтгэл тун өндөр явдаг юм. Хоёрдугаарт Монголын барилгын Үндэсний ассоциаци буюу Гавъяат барилгачин Д.Цэрэнжигмэдийн удирддаг хамт олны зүгээс бидэнтэй үнэхээр чин сэтгэлээсээ хамтран ажилласаар ирснийг хэлэхэд таатай байна. Тийм ч болохоор бүх л ТББ-уудтай нягт хамтран ажиллах шаардлагатай юм байна гэдгийг тун сайн ойлгосон юм. Түүнээс гадна тухайн ТББ-ын аль нэг гишүүнийг алагчлан үзэх, шагнал урамшуулал олгохдоо ч хэт нэг талыг барьдаг дутагдлыг дахин давтуулахгүйн тулд бидний зүгээс ихээхэн мэрийлт, чармайлттай ажилласаар ирсний үр дүн ч гарч эхэлсэн. Ер нь энхүүхэндээ гэж хэлэхэд төр засаг болон ТББ-уудын хамтын ажиллагааг хойшид улам төгөлдөржүүлэх, итгэлцлийг нь улам бэхжүүлэх нь бидний хувьд байнга бодолцож, хэлэлцэн шийдвэрлэж явах ёстой асуудал байгаа юм. Ялангуяа Монголын барилгын салбарын болон хойшид нэлээн олон чиглэлээр жил жилийн шилдгүүдийг шалгаруулах “Mongolian Property Awards” ёслолын үйл ажиллагааны шүүлт болон, шүүгчдийн бүрэлдэхүүнийг сонгож батлах зэрэгт бидний зүгээс болон аль нэг ТББ, төр засгийн зүгээс ч огтхон ч нөлөөлж болохгүй, түүн рүү ханцуй шамлан дайрч хэрхэвч болохгүй хамгийн гол асуудал гэдгийг байнга нэгдүгээрт тавьж явах ёстой юм. Жишээлбэл дэлхий дахин телевизээр болон яг хажуунаас нь хөл бөмбөгийн тоглолтыг хэдэн зуун сая хүмүүс үзэж байгаа хэрнээ ямар нэгэн хэрүүл тэмцэл огт гардаггүй нь тэнд жинхэнэ шударга шүүлт явагддаг учраас л хэн нэгэнтэй заргалдах юмуу, тэмцэл хөдөлгөөн өрнүүлдэггүй шүү дээ. Тэгвэл манай ёслолын үйл ажиллагаанд ч нэгдүгээрт маш шударга ёсны шүүлт байх ёстойг л хэлж, анхааруулаад байгаа хэрэг юм. За ингээд хоёулаа энэхүү ярилцлагаа өндөрлөх үү. Миний зүгээс яръя гэж бодсон бүхнээ нэлээн чөлөөтэй илэрхийлчихлээ.

-За дэлгэрэнгүй сайхан ярилцлага өгсөн танд гялайлаа. Тэгээд энэ жилийн танай “Mongolian Property Awards” буюу Монголын барилгын салбарын шилгүүдийг шалгаруулах дөрөв дэх удаагийн ёслолын арга хэмжээнд их амжилт хүсч байна, баярлалаа...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.