Удахгүй улаан цэнхэрээрээ ялгараад ирнэ дээ, гайгүй...

Twitter Print
2019 оны 06-р сар 18-нд 09:32 цагт
Мэдээний зураг,

Саяхан энэ сарын эхээр Д.Сүхбаатарын талбайд өнөөдрийн Монголын сөрөг хүчин гэгдэх АН-ынхан дэмжигчид нэртэй баахан хөгшчүүл голдуу хүмүүст хэд гурван төгрөг тарааж, ганц хоёр хоногийнх нь хоолны мөнгөөр аргалсаныхаа хүчинд эрх баригч МАН-ыг эсэргүүцсэн энэ зуны тэмцэлээ эхлүүлсэн билээ. За тэгээд АН-ын улаан, цэнхэр, цагаан алаглаж гурвалжилсан далбаа нь ямар утга учиртай болоод байнга дэрвүүлж, мандуулаад байх болсныг жаал сонирхоод дараах дүгнэлтэд хүрэв. Өнөөдрийн сөрөг хүчин АН-ын далбаа нь цэнхэр өнгөт гурвалжин доторхи нар сарны дээр бадамлан асаж байгаа галын дөлийг дүрсэлсэн  байдаг бөгөөд тэрхүү цэнхэр гурвалжин нь мөнхөд урагш тэмүүлэх чиглэлтэй цагаан замаар хүрээлэгдсэн байдаг ба цагаан замынх нь гадуур час улаан өнгө туяарч байдаг билээ. Тийнхүү улаан, цэнхэр, цагаанаар алаглаж байдаг АН-ын далбаа Д.Сүхбаатарын талбай болон төрийн ордны хоймор заларч мандаад ирэхээрээ л ямар нэгэн утга санааг илэрхийлж, аль эсвэл жагсаал тэмцлийг удирдан өрнүүлээд байх болсон нь гайхаад байх зүйл биш болжээ.  

 

Тэгвэл өнөөдөр Монголчуудад хамгийн муу муухайгаараа дуудагдсаар байгаад залхаж гүйцэн, чихээ жаал амраахаар гадаадад дүрвэчихээд байгаа Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн тушаал шийдвэрээр баривчлагдан шоронд ч хоригдож үзсэн, өнөөдрийн хувьд Монголын улстөрөөс түр зуур чөлөөлөгдөөд байгаа МАХН-ын дарга Н.Энхбаяр сүүлийн  үед “Би байгаа. Миний цаг ирж байгаа шүү” гэдгээ байнга л нотлон сануулах болоод байгаа. Байдал учир  жаахан ч гэсэн тодорхой болж, хэрвээ маргааш Хэнтийн 42-р тойрогт өнөөх “Бандааш Гантулга”-ын оронд Нөхөн сонгууль болвол МАХН-ын дарга Н.Энхбаяр МАН-АН-аас нэр дэвшигчдийг хөнгөхөн ялаад гарч ирэх нь бараг л тодорхой болчихоод байгаа тул дээрх хоёр намын аль алиных нь зүгээс Н.Энхбаяртай сэмхэн тохиролцохоор янз бүрийн арга мэх хэрэглэж эхлээд байгаа. Ер нь ч тэгээд Н.Энхбаярын хувьд хоёр жилийн өмнөөс л МАН-ын гишүүдтэй сэмхэн ганцаарчлан уулзаж, үзэл бодол нь нийлэхгүй байгаа Засгийн газрыг нь хэрхэн яаж унагах асуудлаар идэвхтэй зааж зөвлөж байсан нь одоо нэгэнт тодорхой болчихсон асуудал билээ. Тэгтэл сүүлийн үед Монголын ард түмэнд нэр нүүрээ барж, “Ямар арга хэрэглэж, хэнтэй эвсэж нэгдвэл 2020 оны сонгуульд гайгүй шиг үнэлгээ салгаж болох вэ” хэмээсэн АН-ын удирдлагын зүгээс МАХН-д ихээхэн найр тавих болсон талаар МАН-ын “Тусгаар тогтнолын ордон”-оор шуугиан өрнөх болоод байгааг улстөр судлаачид өгүүлж байгаа. Энэ нь чухамдаа юу гэсэн үг вэ гэвэл Монголын улстөрд “Илүүдэл хүн” болж  саяхан л ад үзэгдэж явсан МАХН-ын дарга Н.Энхбаяр өөрийнх нь намын бэлгэ тэмдэг болсон “Голдоо арга билэг, эв нэгдлийг илэрхийлсэн соёмбын хос загас буюу ахмад, дунд, залуу гурван үеийг төлөөлсөн гурван давхар бүхий нийтдээ 15 дэлбээтэй, дэлгэрэн цэцэглэж байгаа улаан цэцэг” шигээ л нэр хүнд нь өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж, 2020 оны УИХ-ын сонгуулийн яах аргагүй нэгэн гол дүр болж эхлээд байгаагийн нотолгоо гэхээс өөр аргагүй юм.  Хэрвээ энэ асуудал яах аргагүй үнэн бол Монголын улстөрд үүсээд байгаа хорлонтой нөхцөл байдлаас нэгэн наргиантай зүйрлэл  ой ухаанд гялсхийтэл орж ирээд зүгээр суулгахгүй нь.   

Одоо жишээ нь Монголын уран сайхны “Төөрсөөр төрөлдөө” хэмээх нэг сайхан кино байдаг даа. Тэр кинон дээр шархадсан хоёр орос офицерын нэг нь “Би улаан, тэр цагаан” гэж хэлдэг хэсэг байдаг. Харин киноны гол дүр, уулын агуйд орогногч Балт  хоёулангийнх нь үсийг барьж үзсэнээ “ Хэ цэс. Хоёулаа адилхан шар юм байж” гэдэг инээдтэй хэсэг бий.

Тэгвэл дэлхийн хамгийн том, ядуухан социалист улсыг өнөөдрийн хөгжлийнх нь зөв голдрилд оруулсан Хятадын агуу их шинэчлэгч, өвгөн Дэн Сяопин “Муур ямар өнгөтэй байх нь хамаагүй. Гол нь оготно барьдаг байх нь л чухал” хэмээн тунхагласнаар урд хөршийнхөн өнөөдөр эдийн засгийн гайхамшгийг  бүтээж байгаа.

Ухаандаа Дэн өвөөгийн тодорхойлсон өмнөд хөршид гайхамшгийг бүтээгч том муурын арьс, үсний гялалзсан сор нь зах зээлийн эдийн засгийн өнгөөр туяарах хэдий ч хавь ойрын харх, оготныг тасар татах хучирхэг араа, шүднийх нь цаанаас аль эрт социализмын үеийн нэвширсэн  үнэр сэнхийж л байгаа. 

Харин өнөөдрийн Монголын улстөрд  хоёр гурвуулаа адилхан улаан юм байж, оготно барих нь байтугай өөхөлж таргалаад босч чадахаа больсон хоёроос гурвын зэрэг муур багшийн үлгэр хөвөрч байна. Уг нь удахгүй 100 нас хүрчих санаатай хүрхэрч байгаа жигтэйхэн хашир, урдуураа улаан хөлтэй оготно, хулгана алхуулалгүй, тэр дор нь тасхийтэл шүүрдэг  ганцхан том улаан муур саяхныг хүртэл байсан билээ. Гэтэл гайтай нь сүүлийн жилүүдэд  оготно, хулгана гэнэтхэн  айхтар сүрхий өсч, муур багшид  илүү хөдөлгөөн хийлгүй хэвтэж байгаад гэдсээ дүүртэл идээд байх бололцоо нээгдсэнээр  хөдөлж чадахгүй болтлоо таргалж, элдэв өвчинд ороогдох болжээ. Арьс нь язрах шахталаа таргалсан том улаан муур хөдөлж ч чадахгүй хэвтэж байтал түүний төрсөн дүү хаанаас ч юм гүйж ирснээр хамаг хэрэг үүссэн түүхтэй.

Хөнгөн шингэн биенийх нь улаавтар шаргал сор нь  “МАН”-ын өнгөөр солонгорох залуухан муур эхэндээ тун ч түрэмгий, бас омголон байв. Урдуураа оготно, хулгана байтугай зарим үед нохой, шувуу ч явуулахгүй хоргоож хөөрхөн шоглосоор байгаад жинхэнэ аймшигтай араатан болж хувирсан.

Шазруун омогтой, залуухан улаан муур эхэндээ  том улаан муур руу  сэрвээний үсээ байдгаар нь босгож, хорсолтой муухайгаар чарлан дургүйцлээ илэрхийлдэг байсан бол тун удалгүй  өчүүхэн ч эмээлгүйгээр самардалцах болсон билээ. Тэгээд ч энэ тэмцэл удаан үргэлжилсэнгүй. Бүдүүн улаан муур өдрөөс өдөрт хүч чадал нь бүрэлдэж яваа залуухан, омогтой дүү мууртаа хэдэнтээ цусаа гоожтол самардуулж аваад  дуртай дургүйхэн дулаан хэвтрээ тавьж өгөөд  хаашаа ч юм гүйж одсон түүхтэй. Ингээд  дүү муурын хаанчлал эхэлж жил гаруй жаргаж үзсэн. Гэвч арьсаа язартал зоолсон энэ жаргал нь хоног хугацаатай байсан. Нэгэн удаа урд нь харагдаагүй  орог саарал хархыг тасар татан хаяхаар өндрөөс үсэртэл буух газраа буруу тооцоолж, том хар чулуу мөргөснөөр  хамаг бие нь үйрэх шиг болж, хоёр нүднээс нь гал бутарч, байдаг чадлаараа чарлан хөсөр унасан билээ. Хоёр ч хөлөө хугалж, хэдэн хавиргаа санжуулсан тэр өдрөөс ихэмсэг дүрт дүү улаан муурын сүр, сүлд өдрөөс өдөрт доройтсоор өнөөдөр арайхийн хэвтрээсээ босч ус долоох төдийгөөр амиа торгоож яваа.

Урьдын сайхан цагт  ганц үсрэлтээр барьдаг байсан оготно, хулганууд нь “Одоо энэ маньд халдах нь өнгөрсөн” гэсэн шиг хамрынх нь өмнүүр гүйлдэж,  өвдөж шаналсан  биеийг нь өлсгөлөнгийн аюулаар тарчлаана. Хэзээ ямагт гурвалжлан, зэрлэг догшноор ногоорч асан хоёр нүд нь ширгэж царцаад, үзэгдэх төдий ёлтойно. Цээжнийхээ цаанаас зовиуртай хүржигнэх өөрийнхөө амьсгалын үл ялиг чимээг сонсон сүүлчийнхээ хүчийг шавхан зантгар толгойгоо арай ядан хөдөлгөж хэвтэхэд цаг хугацаа зогсчихсон мэт туйлын шаналантай.

Бага улаан муур үхлийн өмнөх аймшигт нам гүмийн дунд өнгөрсөн амьдралаа дурсан санахдаа  гэнэтхэн ирсэн азгүй тохиолыг бодох бүр хатаж ширгэн, ёозгүйхэн ёлтойх  нүднээс нь ганцхан дусал нулимс бөмбөрөн гарч ирснээ газар уналгүй ууршиж одно. Сүүлчийн хүчээ шавхан омголон давлиун үеийнх шигээ сэрвээний үсээ босгох гэж хэдэнтээ  оролдоод хүч нь хүрэлгүй тамирдахдаа хий дэмий л хорсолтойгоор чарлавч түүний дууг сонсож байгаа оготно ч байхгүй нь гачлантай. Ширгэж  ёлтойсон хоёр нүд нь тэрүүхэндээ занал, хорсол, үзэн ядалтаар буцлах хэдий ч хоргодон хэвтээ харанхуй нүхнийх нь булангаас сүүмийсэн улбар цэг төдий л сүүмэлзэх ажээ.

Тэгтэл харанхуй нүхэнд нь нэгэн пөөнийсөн хар юм гулбилзан орж ирсэн нь хэдэн жилийн өмнө өөрийнх нь тасар татчих шахан хөөж явуулсан том улаан муур амандаа сүүжний яс зуусаар орж ирсэн байжээ. Сүүжний ясны үнэрээр зантгар толгойгоо арайхийн газраас хөндийрүүлж, горьдлого тээсэн харцаар  хөгшин  улаан муур руу харвал нөгөөх нь “За гарзтай ч юм биш. Энэ муу ясыг мэрвэл мэр” гэсэн байдалтай нүхнийх нь нөгөө буланд өмнөөс нь хараад тэрийгээд хэвтжээ.

Ийнхүү саяхан л цусаа гартал маажилцаж асан хоёр муур хэн  нэгнээсээ аврал, дэмжлэг харсан шиг харанхуй нүхнийхээ хоёр талд цээжнийхээ гүнээс  үл ялиг хүржигнэх чимээг сонсож хэвтэнэ. Гэхдээ хэдийгээр нэг нэгнийгээ үзэж чадахгүй болсон ч өнөөх хоёр муурт замын дундаас гарч ирсэн нэгэн сүрхий дайсан байгаа нь сүүлийн хэдэн жил жигтэйхэн догширч, араа шүдээ ярзайлган дайрах болсон жигтэйхэн бүдүүн харх билээ. Гулилзсан бүдүүн харх газрын хаанаас ч юм үсрэн гарч ирснээсээ хойш тун удахгүй 30 дахь хавраа үзэхээр хоёр муурыг муухай харж, цээжээ хэржигнүүлэн архирдаг болжээ. Хэдийгээр нэг нь залуухан ч хүч чадлаа алдсаар яваа, нөгөөх нь хөгширч, араа шүднийх нь чадал суларсан ч хоёр муурын хувьд хамгийн заналт дайсан нь болох өсгөлүүн харх хажууд нь хүржигнэсээр байгааг тэсч дийлэхгүй нэг л өдөр тасдан хаяхаар хүчээ нэгтгэж л таарах болов уу. Муурнууд хэдийгээр нэгэндээ дургүй, болж л өгвөл хэмлэлдэх хэдий ч хөгширч, өвдөж зовоод ирэхээрээ нохой, гахай, харх, тахиаг бус муураа л барааддаг нь амьдралын жам буюу... 

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.