Эх орон даяараа “эр хүн шиг эрвэлзэж, эмээлт хүлэг шиг дэрвэлзэх” биз ээ...

Twitter Print
2021 оны 02-р сар 14-нд 10:01 цагт
Мэдээний зураг,

ШИНИЙН ГУРАВНЫ ЭНЭ ӨГЛӨӨ

Эрт босвол нэгийг үзэх, орой унтвал нэгийг дуулах хэмээсэн зүйр үг хөдөө оччихоод байх, Улаанбаатартаа орж ирэх хоёрт үе үехэн санаанд ордог юм.

Манай малчид аргагүй хэзээний эртэч хүмүүс. Нар битүү босч, зуны цагт бол адуугаа хурааж, унагаа уяхаар өглөөний анир гүмийг морин төвөргөөнөөр чимээлэн давхиж яваа адуучин эр ч юм уу, тугалын зэлэн дээр хаа нэг өөвлөн, хувинтай сүүгээ азарган бороо шаагих шиг шижигнэтэл сааж суугаа бүсгүйчүүд, өвлийн цагт бол шуугдаж байгаа оддын гэгээгээр эрхлэх мэт аргалын цэнхэр утаа айл айлын яндангаар олгойдож эхлэх, дээлээ хөдөрсөн гэрийн эзэн хоттой хонио эргэн аядуухан гэгч нь алхаж явах чих, нүднээ хэдийнээ танил дасал болсон хар багын хөдөөний тэрхүү анир чимээ, хөрөг дүр сэтгэлд минь хааяахан орж ирдэг юм.

Улсын минь нийслэл Улаанбаатар хотын өглөө бол арай л уужуу аажуу, ажил бүхнээ аль хэдийнээ дуусгачихсан, бүр барчихсан гэхээр. Хөдөөний хүн хотод орж ирээд, сурсан зангаараа ажлаа эртхэн шиг амжуулъя гэвэл, хайран сайхан нойрны гарз. Энэ гэрийн эзэд нь хэзээ босч гялайлгах юм бол доо гэсэн шигээ, эргэж хөрвөөж хэвтвэл тэр нь хамаагүй өлзийтэй. Гадагшаа гараад ер хэрэггүй, өглөөний цай зэхээстэй байдаг онгойсон нээгдсэн хоолны газар буян амлаж, бурхан бүтээгээд ч нэмэргүй, заяа нь олдохгүй. Дэлгүүрийн тухайд яриад ч хэрэггүй. Төрийн байгууллагуудаар оръё гэвэл тэрэн шиг худлаа юм байхгүй. Төрийн ордон сайхан даа, сайхан, өглөө гэрэлтэх цонх үзээд өгье ч гэхнээн, ганц ч харагдахгүй.

Улаанбаатар эртэч болоход уг нь амархан гэлцэх юм. Төрийн ордон, Улаанбаатар хотын болон хэдэн дүүргийн захиргаад арай эртэч болчихвол, дагаад бүгд л хөдөлгөөнд орно гэх юм. Бараг үнэн байх. Манай дарга нар харин нойроо даанч дийлэхгүй, тэрэндээ бүхнийг захируулна. Олон жил иймэрхүү л явж ирлээ. Одоо өөрчлөгдөх байхаа, Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд эртэч хүн юм гэсэн.

Аугаа их хүмүүн нэгэн өдөр төрж, мянганы энгээр мөнхөрдөг гэдгийг эгэлгүй биеэрээ эгнэгт үзүүлсэн бидний их дээдэс эзэн Чингис хаан хэдэн зууны тэртээд, “уруудахад унтах мартах, өөдлөхөд санах сэрэх шүү” хэмээн үр хүүхдүүд, хамаг олноо ханги зандран, сургаж байсныг нь хожмын бид мартчихаад ч байгаа байж болох л юм.

Иймэрхүү бодол сар шинийн гурваны өглөө хэрэндээ эрт босчихоод, Монголынхоо хэдэн телевизийн сувгийг эргүүлэх зуур төрсөн юм. Бие биенээ дагах мэт бараг өглөөний долоон цаг хүртэл бүгд “амраастай”, нэг л телевиз урд оройн мэдээгээ давтаж байгаа бололтой, АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампыг огцруулах эсэхийг шийдэх Сенатын хэлэлцүүлэг болж байна гэх үгс чих дэлсэв. Гэтэл энэ мэдээ нь олон цагийн өмнө хуучирчихсан, Трампын ялалтаар төгсчихсөн байх юм. Энэ удаад мэдээжийн тэгэх л байсан юм чинь гэж болох ч, мэдээжийн тэгдэггүй юм хорвоогоор дүүрэн санж

Урд шөнө Японы хэд хэдэн мужид газар хөдөлж, үндсэндээ орон даяараа чичирч хоножээ. Арван жилийн өмнө есөн баллын хүчтэйгээр газар хөдөлж, цунами гэгддэг далайн асар өндөр давалгаа үүсч, цөмийн цахилгаан станц гэмтэж байсан Фүкүшима мужийг байгалийн аюумшигт хүч бас л ийнхүү дайрчээ.

7.1 баллын хүчтэй газар хөдлөлт орон нутгийн цагаар урд шөнийн 11.07 цагт болж, хэдэн хором сэгсэрсэн ч, эрхбиш дарьтай торхон дээр суусан юм шиг сэртэлзэж сортолзож байдаг, хаширсан бурхи шиг Япон орон, япон хүмүүс тулдаа аюул осол багатай өнгөрчээ. Газар хөдлөлтийн эсрэг Японы бэлтгэл гэдэг янзтай л даа.

Байгалийн ер бусын ийм үзэгдэл хэзээ, хаана, ямар доргилтоор сэгсрэхийг аль ч орны, ямар ч тасархай хөгжсөн шинжлэх ухаан өнөөхөндөө хэлж мэддэггүй. Ёстой л манайхны хэлдгээр, хэлж ирдэггүй, хийсч ирдэг гамшиг гэвэл энэ аж. Манайх ч гэсэн бага багаар, хоног хором тутамд чичирч л байх боллоо. Хорвоогийн хэл дохио ийм байсаар байхад монголчууд бид дөнгөж төрсөн булбарай жаахан жаал шиг юугаа ч мэдэхгүй, мөн ч амар амгалан, унтаа нойрмог байдаг даа гэсэн шүү юм бодож суулаа.

Монгол хүн урьж залж, угтаж зовоод яах вэ гэдэг. Монгол хүн бас амны билэгээс, ашдын билэг гэдэг. Нээрээн тийм, гэхдээ бас арай л нойрмог, нэг юманд хэт дасамтгай юм шиг санагдахгүй байна уу?

Энэ хөл хорио шувтарч, тэр вакцин тарилга эхэлж, хэвийн аж төрөл эргэж жигдрэх цагт хол ойрыг зэрэг зэрэг бодож, эх орон даяараа “эр хүн шиг эрвэлзэж, эмээлт хүлэг шиг дэрвэлзэх” биз дээ.

Тийм л болтугай гэх шинийн гуравны билэг билгийн ерөөлөөр цас бударч цайрсан, тэнгэрийн хаяанаа бүүдгэр хөөнөг манан суунагласан энэхүү гэгээн өглөөг угтлаа.

До.Чулуунбаатар

2021. 02. 14

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.