Харцаар хүмүүжүүлэхүй...

Twitter Print
2019 оны 06-р сар 17-нд 10:39 цагт
Мэдээний зураг,

Хайр нүдээр гадагшилдаг

Хүний бодол нүдээрээ нэвчдэг

Монголчууд “Нүгэл нүдээр” ч гэдэг.

Та нүдтэйгээ ярьж үзсэн үү

“Би гэж хэн бэ? гэдгээ мэдэх үү?

Үүнийг юуны өмнө нүднээсээ хайдаг уламжлалтай.

Ер нь нүдний харц олон зүйлийг хэлсэн, анхааруулсан байдаг төдийгүй хүмүүжүүлэхэд чиглэгддэг.

Монголчууд барагтай л бол гадны хүний дэргэд хүүхдээ зэмлэдэггүй. Хэрэв зогсоохоос өөр аргагүй юмыг хүүхэд нь хийгээл байвал голдуу эх нь хүүхдийг харцаараа /нүдээрээ/ зэмлэдэг.

Монгол хүүхэд ижий, аавынхаа харцаар өөртөө хэрхэн хандаж буй, өөрийг нь удирдаж байгааг мэдэрч байдаг уламжлалтай.

Ижий /аав/-н хараа /харц/ нь аль зүг рүү хэрхэн чиглэнэ вэ? Тэр зүгт байх жишээтэй.

Хүүхэд багадаа голдуу ижийнхээ харцнаа айдаг. Өвөг дээдсийнхээ уламжлалаас үзвэл харц нь:

- Дөлгөөн харц

- Талбиун харц

- Ирмэсэн харц

- Хялайсан харц

- Эргэлдүүлсэн харц

- Инээмсэглэсэн харц

- Уурласан харц

- Уцаарласан харц

- Уйтгарласан харц

- Хайрласан харц

- Хориглосон харц

- Дуудсан харц

- Чамайг даа гэсэн харц гээд олон төрөлд хуваагддаг.

Эдгээр харцнаас ирмэсэн, хялайсан, уурласан, хориглосон, дуудсан, “чамайг даа” гэх харц нь хүүхэд рүү чиглэсэн байдаг.

Гурван настай хүүхэд ижий, аавынхаа нүдийг харуулдаж байж тавагтай чихрээс авах гэнэ. Эхний удаа чихэр авах гэтэл ижийнхээ харцтай тулгарна. Азнаж байгаад ижийнхээ харцыг харуулдаж байж гараа явуултал ижий нь “хориглосон” харцаар харна. Хүүхэд гараа татан томоотой нь аргагүй болно.

“Аав биднийг загнадаггүй, харцаараа удирддаг байсан тул ах бид 3 харцнаас нь эмээдэг байв”. /Д. Ажигсүрэн. “Ламаадан”. УБ.,2015/

Эндээс ямар дүгнэлт хийж болох вэ?

Харц хүүхдийг хүмүүжүүлэхэд их нөлөөтэй. Хүүхдэд сэтгэл хөдөлгөөнийг бий болгох юмуу тайвшруулдаг. 

Асашёрюү Д. Дагвадорж “Үндэсний шуудан” сонинд өгсөн ярилцлагадаа:

“Намайг анх Буянт-Ухаа дээрээс Япон улс руу гаргаж өгч байхдаа харж байсан ижийн минь харц над одоо хүртэл харагддаг. Одоо хүртэл тэр харц надад хүч тэнхээ өгдөг. 

...Хүний нүд бүх юмыг нь илтгэж байдаг. Хүний талаарх бүх зүйлийг нүд хэлж байдаг. 

Ээжийн маань тэр үед надад нүдээрээ хэлж байсан үг, өгч байсан хүч намайг тэнд /Японд/ амьдруулсан” гэж элбэрэлт ээжийнхээ харцны хүчийг дурсан өгүүлжээ. /2007/

ШУ-ы доктор, профессор Т.Намжил

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.