Мобиком Корпорацийн аливаа дансны орох, гарах гүйлгээг зогсоогоогүй, санхүүгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна гэлээ

Twitter Print
2019 оны 06-р сар 14-нд 18:02 цагт
Мэдээний зураг,

"Шүүгчийн захирамжаар Мобиком Корпорацийн бүх дансны зарлагын гүйлгээг зогсоолоо" гэсэн гарчиг бүхий мэдээлэл өнөөдөр "Өдрийн сонин"-ы эх сурвалжийг эш үндэс болгон олон мэдээллийн сайт, сониноор цацагдсан билээ. 

Уг мэдээлэлд "“Монтрейд” ХХК нь түрээсийн төлбөр төлөлгүйгээр, түрээсийн гэрээ хийлгүйгээр хууль бусаар үйл ажиллагаа явуулсан асуудлаар "Мобиком" корпорациас түрээсийн төлбөрөө нэхэмжилж Чингэлтэй Дүүргийн Иргэний Хэргийн Анхан шатны шүүхэд хандсан байна. Шүүх нэхэмжлэлийн хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд 2019 оны 6-р сарын 07-ны өдрийн захирамжаараа "Мобиком Корпораци" ХХК-ний Хаан банкны 5007065056, Худалдаа Хөгжлийн Банкны 499004325, Голомт Банкны 1102018877, Төрийн банкны 100000139627, Хас банкны 5000005041, Капитрон банкны 3096000540 тоот данснуудын зарлагын хөдөлгөөнийг зогсоосон" хэмээн дурдагджээ. 

Энэхүү мэдээллийн талаар Мобиком корпорациас залруулга гаргасныг бүрэн эхээр хүргэж байна.

Өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Шүүгчийн захирамжаар Мобиком Корпорацийн бүх дансны зарлагын гүйлгээг зогсоолоо" гэсэн гарчиг бүхий ташаа мэдээлэл цацагдсан тухайд Мобиком Корпорацийн зүгээс албан ёсоор залруулга хийж байна.

 

Мобиком Корпорацийн аливаа дансны орох, гарах гүйлгээг зогсоогоогүй, ямар ч дансыг хаагаагүй бөгөөд манай компанийн санхүүгийн бүх ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа болно. Түүнчлэн оффисын байрны түрээстэй холбоотой Монтрейд ХХК болон Ньюком

Проперти ХХК-ийн хооронд үүссэн асуудал нь Баянгол дүүргийн Иргэний Хэргийн Анхан Шатны шүүхэд шалгагдаж байгаа бөгөөд эцсийн шийдвэр хараахан гараагүй байна.

Гэтэл, уг асуудалтай холбогдуулан, Чингэлтэй дүүргийн Иргэний Хэргийн Анхан Шатны Шүүхийн шүүгч Мобиком Корпорацийн зарим дансны зарлагын гүйлгээг зогсоох захирамжийг 2019 оны 6 дугаар сарын 7-нд гаргасан байх тул Мобиком Корпораци нь хуулийн дагуу уг захирамжид гомдол гаргасан байгаа болно.

Мобиком Корпораци нь Монтрейд ХХК-тай ямар нэгэн гэрээ байгуулаагүй бөгөөд Монтрейд ХХК-тай аливаа төлбөр төлөх харилцаанд орох эрх зүйн үндэсгүй болохыг дахин албан ёсоор мэдэгдэж байна. Мобиком Корпораци нь өмнөх мэдэгдэлдээ дурдаж байсанчлан, сүүлийн 12 жилийн хугацаанд Монтрейд ХХК-ийн өмчлөлийн байрыг тухайн компанитай дамжуулан түрээслэх гэрээ бүхий Ньюком Проперти ХХК-иас гэрээний үндсэн дээр түрээсэлж байсан ба гэрээний төлбөрийг цаг тухай бүрд нь төлж байсан болно.

Ньюком Проперти ХХК нь Мобиком Корпорацийн оффисын байрны түрээс, засвар, үйлчилгээг хариуцан ажиллах гэрээтэйн хувьд Монтрейд ХХК болон бусад түрээслэгчидтэй гэрээ байгуулан, манай байгууллагын өмнөөс төлбөр тооцоотой холбоотой харилцааг гүйцэтгэх үүрэгтэй юм.

Монтрейд ХХК болон Ньюком Проперти ХХК-ийн хооронд байгуулсан гэрээнээс үүдэлтэй маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн эцсийн түрээслэгч болох Мобиком Корпорацийн нэр хүндэд халдсан хууль бус, ташаа мэдээлэл удаа дараа цацагдаж байгаад гүнээ харамсаж байна.

Мобиком Корпорацийн эрхэм хэрэглэгч, харилцагчид Та бүхнийг эдгээр ташаа мэдээлэлд автахгүй байхыг хүсье.

Мобиком Корпораци ХХК

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.