Кетоженик диет нь дэглэм биш бөгөөд эрүүл амьдралын хэв маяг юм

Twitter Print
2019 оны 06-р сар 14-нд 14:54 цагт
Мэдээний зураг,

Та кето хооллолтыг эхлэхээр шийдсэн бол дараах цуврал зөвлөмжүүдийг эхлээд сайтар уншаарай. Кетоженик диет нь дэглэм биш бөгөөд эрүүл амьдралын хэв маяг юм. Та энэхүү дэглэмээр 7 хоног хооллож үзэхэд л үр дүн нь мэдрэгдэх бөгөөд хооллолтын соёлдоо эргэлт хийнэ гэдэгт итгэлтэй байна. 

1. КЕТО ХЭРХЭН ҮЙЛЧИЛДЭГ ВЭ?

Дэглэмийг эхлүүлэхээр шийдсэн танд баяр хүргэе. Хүний биед кето дэглэм нь хэрхэн үйлчилдэг талаар энгийнээр тайлбарлахыг хичээе. Илүү шинжлэх ухаанч мэдээллийг та бүхэн интернэтээс хайхад олон мэдээлэл гарч ирнэ. Бидний бие амьдрах энергиэ нүүрс ус, өөх тос, уураг гэсэн шим тэжээлүүдээс авдаг. Өөрөөр хэлбэл шатахуун нь гэсэн үг. Бид өдөр тутмын амьдралдаа асар их муу нүүрс усыг их хэмжээгээр авснаас илүүдэл үүсч, тэр нь элгээр дамжин өөх тос болон биед хуримтлагдаж байдаг. Өөрөөр хэлбэл, бие организм маань тэрхүү илүүдэл өөх тосоо дараа нь шатахуун болгон хэрэглэхийн тулд таргалалт хэлбэрээр хадгалаад байна гэсэн үг.

Тэгвэл нүүрс ус гэдэг нь юу вэ. Сахар, цардуул буюу үр тариа, эслэг буюу ногоо жимсэнд маш ихээр байдаг. Харин бид өдөр тутамдаа хамгийн муу нүүрс ус буюу гурил, цагаан будаа, төмс, элсэн чихрийн замбараагүй хэрэглэснээс муу нүүрс усны хэт их илүүдэлд орж таргалдаг. Түүнчлэн транс тос буюу муу өөх тосны хэрэглээнээс болж илүүдэл жингийн асуудалд орж байна. Тэгвэл кетоженик дэглэмийн хамгийн чухал ололт нь нүүрс уснаас илүү чанартай шатахуун нь сайн чанарын өөх тос болохыг нээсэн явдал юм. Тиймээс энгийнээр хэлвэл энэхүү дэглэм нь хүний биед орж байгаа сайн, муу бүх төрлийн нүүрс усны хэмжээг хамгийн бага хэмжээнд буюу өдөрт 20 грамм түүнээс доош хэмжээнд байлгаж, оронд нь сайн чанарын өөх тосыг нэмэлтээр хэрэглэж өгснөөр бие организмыг өөх тосоо шатаан хэрэглэж энергиэ авах горимд оруулж өгдөг байна. Ингэснээр илүүдэл жингээс салж, таргалалтаас ангижирч, галбиржин турдаг.

Энэхүү дэглэм нь дэлхий нийтэд тэр дундаа АНУ-д түгээмэл дэлгэрч, хамгийн эрүүл, зөв хооллолтоор тодроод байна. Энэхүү дэглэмийг барихад нэг сард дунджаар 5-7 кг илүүдэл жинг ямар ч төвөггүйгээр хаях боломжтой байдаг. Түүнчлэн чихрийн шижин, мартах зэрэг мэдрэлийн олон өвчний үед кето дэглэмийг эмч нар санал болгодог болжээ. Тиймээс та энэхүү дэглэмээр илүүдэл жингээ бууруулахаас гадна эрүүл хооллолтын асар их мэдлэгтэй болно гэсэн үг.

Мэдээж илүүдэл жингээ гүйцэд хассаны дараа сайн нүүрс усныхаа хэмжээг бага багаар нэмэгдүүлж болно. Таргалалттай тэмцэхэд бүх төрлийн өөх тосыг тас хорихыг хоол судлаачид зөвлөсөөр ирсэн. Тэгвэл одоо дэлхий нийтээр сайн чанарын өөх тос нь хүний биеэс хор бохирдлыг гадагшлуулж байдаг чухал хэрэгтэй шим тэжээл болохыг хүлээн зөвшөөрч эхэллээ. Энэхүү эрүүл хооллолт нь манай орны нөхцөлд маш сайн тохирох бөгөөд хүнсний олдоц маш элбэг юм.

2. ЮУ ИДЭЖ БОЛОХ ВЭ, БОЛОХГҮЙ ВЭ?

• Мах:

Болно: Бүх төрлийн мах идэж болно. /Үхэр, хонь, тахиа, гахай, таван цул гэх мэт/Өөхтэй өөхгүй хамаагүй. Мөн махан бүтээгдэхүүн болох хиам, зайдас зэргийг гурил ороогүй чанартайгаас нь хэрэглэж болно. Өглөөний хоолонд багахан хэрэглэхэд зүгээр. Лаазалсан туна, стужин, хонины чанасан толгой, элэгний нухаш гэх мэт махан бүтээгдэхүүн хэрэглэж болно. Өндгийг шартай нь хэрэглэнэ.

• Үр тариа:

Болно: Алмонд самарны гурил, коконут гурил, маалингын гурил өдөрт бага хэмжээгээр хэрэглэж болно.

Болохгүй: Улаанбуудайн бүх төрлийн гурил, бүх төрлийн будаа /цагаан, гурвалжин сагаг гэх мэт/, овьёос, хивэг, арвайн гурил, бүхэл үрийн гурил бүгд хориотой.

• Ногоо:

Болно: Газрын хөрсөн дээр ургадаг нарийн ногоонууд бүгд болно. Бууцай, юуцай, цэцэгт байцаа, ногоон байцаа, мөөг, чинжүү, огурцы, помидор, салат навч, хулуу, хаш, сонгино, сармис гэх мэт.

Болохгүй: төмс, лууван, манжин, хүрэн манжин гэх мэт газрын дор ургадаг ногоонууд нүүрс ус ихтэй тул хэрэглэхгүй. 

• Өөх тос:

Болно: Шар тос, оливын тос, цөцгийн тос, транс биш масло /монгол масло гэх мэт/, авакода ойл, коконат ойл, сүүлний өөх гэх мэт сайн чанарын өөх тос хэрэглэнэ.

Болохгүй: транс масло, ургамлын тос хориотой.

• Жимс:

Болно: Гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө, нэрс, аньс, интоор, авакода, олив, лимон, кокос, шийгуа зохих хэмжээгээр идэж болно. Өдөрт 3 ширхэг гүзээлзгэнэ гэх мэт. Эдгээр нь хамгийн бага нүүрс устай жимснүүд.

Болохгүй: Дээрхээс бусад жимснүүд дэглэмийн үед хориотой. Алим, банана гэх мэт байгалийн нүүрс ус ихтэй жимснүүд нь муу гэсэн үг биш боловч нүүрс усны хэмжээг багасгаж жин хасч байгаа үед идэж болохгүй.

• Самар:

Алмонд самар, хушга өдөрт 5-аас ихгүйг, наранцэцгийн үр багаханыг идэж болно бусад нь хэрэггүй.

• Цагаан идээ:

Болно: Өрөм, бяслаг, ээдэм, аарц, цөцгий, зөөхий, тослог чихэргүй ааруул, криймчийз, weapping cream буюу өтгөрүүлсэн сүү хэрэглэж болно.

Болохгүй: Тослогийг нь шүүсэн сүү тараг болохгүй. Ялангуяа үйлдвэрийн сүү, тараг хориотой. Өтгөн бүрсэн тараг өдөрт 100 граммаас хэтрүүлэхгүй хэрэглэж болно.

• Согтууруулах ундаа:

Шаардлагатай бол бага зэрэг хуурай вино, цагаан архи, виски ууж болно. Бусад нь хориотой.

• Амтлагч:

Болно: Далайн давс, нуурын давс, жамц давс сайтар хэрэглэнэ. Цэвэр улаан лоолийн нухаш, сой соус, майонез бага хэмжээгээр болно. Бүх төрлийн цэвэр халуун ногоо, бяслагууд, хар перец, турмерик, карри гээд ургамлаараа байдаг амтлагчууд зөвшөөрнө.

Болохгүй: Сахар болон химийн аргаар гаргаж авсан сахар орлуулагч орсон бүх зүйл тас хориотой. Зөгийн бал гэх мэт байгалийн чихэрлэг хүнс ч дэглэмийн үед хориотой. Учир нь нүүрс ус асар өндөр. Мөн кетчуп цуу гэх мэт хиймэл аргаар гаргаж авдаг бүх амтлагч хориглоно.

• Амттан, уух зүйл:

Болно: 70 хувиас дээш сайн чанарын хар шоко өдөрт 3 нүд хүртэл. Хар кофе, ногоон цай, бор цай, рашаан ус лимонтой, чиа үртэй, өргөст хэмхтэй ус гэх мэт ууж болно. Магнийн агууламж өндөр цэвэр ус өдөрт 3 литрийг бага багаар 20 цагаас өмнө шимж ууж дуусгах.

3. ЧУХАЛ ДҮРМҮҮД

1. Өдөрт авах нүүрс усны хэмжээг 20 граммаас бага байлгана. Энэ бол дэглэмийн хамгийн чухал дүрэм. Нэг зүсэм талхны нүүрс усны хэмжээ 20-30 гр байдаг гээд тооцоолоод үзээрэй. Тиймээс энэхүү дэглэмд хамгийн нүүрс ус багатай бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхийг зөвшөөрдөг юм. Үүний тулд хавсралтад байгаа бүтээгдэхүүнүүдийн 100 гр тутам дахь нүүрс усны хэмжээтэй танилцаарай. 8 ширхэг буюу 100 гр гүзээлзгэнэ нь 8гр нүүрс усыг агуулдаг. Тэгэхээр өдөрт 3 ширхэг гүзээлзгэнэ идэхэд 20 гр нүүрс усныхаа 3-ыг нь авчихна. Тиймээс зөвшөөрөгдөх хүнснүүдийг ч хэмжээ хязгааргүй хэрэглэж болохгүй байх нь.

2. Сайн өөх тосыг нэмэлтээр хэрэглэх. Ялангуяа дэглэмийн эхэн үед сайн өөх тосыг нэмэлтээр заавал хэрэглэж байж бие организм маань энэ эзэн нүүрс ус өгөхгүй юм байна, өөх тос л орж ирээд байна түүнийгээ шатаая даа гэсэн ойлголтыг авна. Сайн өөх тосыг хэрэглэнэ гэдэг нь өглөөд аяга хар кофе, эсвэл ногоон цай, хар цай, халуун усандаа халбага шар тос эсвэл цөцгийн тос, цөцгий хийж уух. Хоолоо сүүлний өөх,оливын тос, цөцгийн тос зэргээрээ хуурах, шарах. Шөлтэй хоол бол халбага цөцгий, зөөхий, цөцгийн тос, сүүлний өөх зэргийг нэмж хэрэглэх гэх мэтээр тослогжуулна. Өглөө өдрийн хоолыг тослогжуулах ба оройн хоолыг заавал тослогжуулах шаардлагагүй.

3. Уургийн хэмжээг зохистой авах. Энэ дэглэмд мах зөвшөөрдөг гээд уургийн дэглэмтэй андуурах гээд байдаг. Уургийн хэмжээг ихдүүлвэл бөөр ачааллана, багадуулвал булчингаа алдана. Тиймээс keto diet calculator / аппликэйшнүүд олон байдаг/ ашиглан өөрийн биеийн жин, өндөр, ажлын онцлог, дасгал хөдөлгөөний байдал зэрэгт тохирсон уургийн хэмжээг олж болно. Гэхдээ эхэн үед ийнхүү тооцоолох нь төвөгтэй байдаг тул өдрийн туршид 200 гр /+50гр/ мах, махан бүтээгдэхүүн, 2 ширхэг өндөг /4 хүртэл нэмж болно/ хэрэглээд явахад дунджаар уургийн хэмжээгээ нөхөөд явж чадна. 100 гр мах гэдэг нь хүний алганы хэмжээтэй гээд ойлгочиход болно. Үүн дээр авакода, бууцай гэх мэт ургамлууд нь уураг болж орж ирнэ.

4. Ногоо идэх нь маш чухал дүрэм. Таны нэг удаа идэх хоолны тал хувийг зөвшөөрөгдсөн ногоо буюу эслэг заавал эзлэх ёстой. Шөлтэй хоол, хуурай хоол ялгаагүй. Жишээ нь хар шөл хийж уулаа гэхэд ногооны салат хамтад нь заавал иднэ гэсэн үг.

5. Өдөрт 3 удаа хооллоно. Дэглэмийн үед дуршил маш их буурдаг бөгөөд хэрэв 3 хооллож чадахгүй бол үлдсэн 2 хоолондоо дээр хэлсэн шим тэжээлүүдийг гүйцэд авахыг хичээгээрэй. Өглөө, өдрийн хоолоо сайтар идээд оройд хөнгөн хооллоод байж болно. Өдрийн 3 хоолны хооронд аль болох хивэхгүй байхыг хичээх.

6. Хоолоо үргэлж шарж, хуурч идээд байж болохгүй. Тиймээс өдрийн аль нэг хоол нь заавал хөнгөн, шөлтэй байх хэрэгтэй.

7. Далайн давс, нуурын давсыг заавал хэрэглэнэ. Хэрэглэхгүй бол эрдсийн дутагдалд орно. Эрдсийн агууламж хамгийн өндөр давсыг сонгоорой. Гималайн ягаан давс их сайн, хуурай, шөлтэй аль ч хоолонд хэрэглэхэд тохиромжтой байдаг.

8. Өдөрт 3 литр ус ууна. Хүний бие нүүрс усыг ихээр хэрэглэх үед усыг биедээ нөөцөлж байдаг. Харин нүүрс ус хэрэглэхээ болихоор нөөцлөх шаарлагагүй гэж үзэн хурдан гадагшлуулдаг. Дэглэмийн эхэн үед усан жин буюу хавангаа маш хурдан хаядаг нь үүнтэй холбоотой. Тиймээс усаа сайтар, зөв уух хэрэгтэй. Өглөө босонгуутаа 2 аяга бүлээн ус нэг дор залгилж уугаад бусад усаа өдрийн туршид бага багаар шимж уух хэрэгтэй. Нэг дор ихээр уувал бөөрөнд ачаалал болно. Балгаад тавих дадлыг өөртөө суулгаарай. Орой 20 цагаас хойш ус уухгүй. Усаа лимон, цагаан гаа, чиа үрээр баяжуулан ууж болно. Дэглэмийн үед ам их цангадаг. 9. Бидний өмнөх хооллолтоос гурил будаа сахар цардуулыг л хасч байгаа. Тэрнээс өөр сүртэй дэглэм энэ хооллолтонд байхгүй. Тиймээс та бүхэн хооллолтондоо баримталдаг эрүүл зарчмуудаа хадгалаад л яваарай.

10. Долоо хоногт нэг л удаа нэг сав рашаан усанд /кука, жанчивлан гэх мэт/ далайн давснаасаа амт орохоор хийгээд шимж уух. Энэ нь бөөр хамгаалж, хуримтлагдсан эрдэс бодисыг задлаж өгдөг. 7 хоногт нэг л удаа гэдгийг анхаараарай.

11. Жингээ 7 хоногт нэг удаа үзэх. Эхэн үед жин сайн хаядаг боловч энэ нь усан жин буюу хаван байдаг. Өөх шатаалт эхлэхээр мэдээж удааширна. Тэр үед нь шантрах магадлалтай тул 7 хоногтоо хасах баланстай явахад болно. Сард 5 кг хаяхаар тооцоолж эхлээрэй.

4. ХООЛОО ХЭДЭН ЦАГТ ИДЭХ ВЭ? /МАЦАГ ХАВСРАХ НЬ/

Дэглэмийн үед өдрийн хоёр эсвэл гурав хооллож болно. Хэрэв танд төвөгтэй санагдвал заавал дараах аргачлалыг хэрэгжүүлэх гэсний шаардлагагүй. Харин завсарлагац мацаг буюу тодорхой цагт хооллосноор үр дүн илүү хурдасдаг тул ихэнх гишүүд энэ аргыг хавсран хэрэглэж байгаа. Завсарлагат мацаг буюу intermittent fasting гэх аргыг кето дэглэмтэй хослуулахад үр дүн нь гайхалтай болдог байна. Өөрөөр хэлбэл таны дэглэмийг шууд утгаараа boost хийж байна гэсэн үг.

• Эрдэмтэд урт хугацааны мацагаас илүү өдөр бүр завсарлагат мацаг барих нь илүү үр дүнтэйг нэгэнт тогтоожээ. Завсарлагат мацгийн төрлүүд олон байдаг. Кето дэглэмд 16/8 төрөл нь илүү тохиромжтой. Өөрөөр хэлбэл, та өдрийн 24 цагийн 8 цагт нь 3 хоолоо багтааж идээд үлдсэн 16 цагт нь уснаас өөр зүйл ходоод руугаа оруулахгүй.

• 16/8 аргыг хэрхэн барих вэ. Жишээлбэл, та өглөө 10 цагт өглөөний цайгаа уусан бол өдөр 14 цагт хоёр дахь хоолоо, 18 цагт гурав дахь хоолоо иднэ гэсэн үг. 10-18 цагийн хооронд идээд бусад цагт нь усан мацаг барина. Орой хоол идэхгүй байж чаддаггүй хүнд 12-20 цагийн хооронд идэх цонхыг тааруулах нь тохиромжтой. 08-16, 11-19 гээд аль өөртөө таарах хувилбараар хооллоорой.

• Өглөө 10 цагт хоолоо идсэн ч оройн хоолоо 18 цагт амжуулж чадаагүй бол яах вэ. Магадгүй 19 цагт идэж таарсан бол маргааш нь өглөө 11 хүртэл хүлээгээд мацгийн 16 цагаа гүйцээчихэж болно.

• Жин хасалтыг түргэсгэх, зогссон жинг хөдөлгөх бас нэгэн супер арга нь 24 цагийн усан мацаг юм. Кето үед хоолны дуршил асар буурдаг бөгөөд мацаг барих нь үнэндээ ямар ч асуудалгүй санагддаг. 24 цагийн мацгийг жишээлбэл өдрийн 14 цагт сүүлийн хоолоо хангалттай сайн идсэнээс хойш дараа өдрийнх нь 14 цаг хүртэл уснаас өөр зүйл ходоод руугаа оруулахгүй гэсэн үг. Харин мацгаа тайлахдаа кето хөнгөн хоолоор тайлаарай. Ясны шөлөнд чанасан ногоо гэх мэт. 24 цагийн мацаг нь уртдаа ордоггүй бөгөөд кето дэглэмийн үед хоолнуудаараа шууд тайлчихаж болдог. Энэ аргыг 7 хоногтоо нэг л удаа хэрэглэх бөгөөд тогтсон өдөрт хэрэгжүүлээд сурчихвал зүгээр. Мацгийн үед уснаас гадна нэг удаа хар кофе уухыг зөвшөөрдөг.

5. КЕТОФЛЮ БУЮУ ЭХЭН ҮЕИЙН ХЯМРАЛ

Нүүрс усыг бие рүүгээ оруулахгүй болоод эхлэхээр бие организм эсэргүүцэж эхэлнэ. Тэгээд удалгүй бууж өгөөд нүүрс уснаас биш өөх тосноосоо энергиэ авч шатааж эхлэхээр бидний бие кетосис төлөвт шилжиж байгаа юм. Энэ хугацаа хүн бүрт харилцан адилгүй буюу 2-5 хоногт ихэвчлэн явагдаад дуусдаг. Харин бие махбодь маань эсэргүүцэл үзүүлж, нүүрс усаа нэхэх үедээ ихэвчлэн хямралд өртдөг юм. Толгой өвдөнө, дотор муухайрна, ам цангана, хоолой хатна, амнаас эвгүй үнэр гарна, бие сульдана, үе мөч өвдөнө, өтгөн хатна эсвэл гүйлгэнэ, нойргүйднэ гэх мэт яаж ч илэрч болдог. Ийм шинж тэмдэг илрэхгүй ч байж болно. Ихэвчлэн 2-3 хоног үргэлжлээд дуусдаг. Энэ үед бүлээн усаа ойр ойрхон сайн уух хэрэгтэй бөгөөд бүлээн усандаа далайн давсаа амт орохоор хийгээд бага багаар уугаад байгаарай. Мөн эхний хэд хоног хүнд дасгал хөдөлгөөнөөс зайлсхийгээрэй. Дарсан өргөст хэмхний шүүсийг уух, рашаан ус уух, бүр хэцүү байвал өвчин намдаах эм уух,кали магни нэмэлтээр ууж бас болно. Нэгэнт кетосистээ орчихсон бол улам эрч хүчтэй болдог.

6. НҮҮРС УС ТООЦООЛЖ СУРАХ НЬ

Кето яагаад хүнсний сонголт их байдаг вэ. Яагаад кимчи майонез гээд бусад дэглэмд хориглодог хүнс зөвшөөрдөг юм бэ. Кето дэглэмээр турж байгаагийн хамгийн гол шалтгаан нь нүүрс усыг 20гр түүнээс доош бууруулж байгаад хамаг учир байгаа юм. Хүний биед нүүрс ус нь энерги болж өгдөг учраас оронд нь өөх тосыг түлхүү хэрэглэснээр биемахбод чинь үүндээ дасан зохицож таны илүүдэл өөх буюу таргалалтаасаа түлш болгож эхэлдэг юм. Тэгэхээр та идэж байгаа хүнснийхээ нүүрс ус бусад шим тэжээлийн үзүүлэлтийг тооцоолж сурах хэрэгтэй.

Энэ бол зөвхөн энэ дэглэм ч биш энгийн амьдралд ч дадал болгох зүйл. Жишээ нь та хоолныхоо хачирт өдрийн турш 200 гр орчим зөвшөөрөгдөх ногоо хэрэглэсэн бол 5-8 гр орчим нүүрс усаа авчихсан гэсэн үг. 100 гр бяслаг хэрэглэсэн бол 1 гр нүүрс авсан. Нэг ширхэг өндгөнд 1 гр нүүрс ус агуулагдана. 70-аас дээш хувийн хар шоколад 100 грамм нь 31 гр нүүрс устай байна. Нэг шоко угаасаа 100 грамм орчим жинтэй байдаг. 31 граммыг 15 нүдэнд хуваахад нэг нүд шоколад 2 грамм нүүрс устай болж таарч байна. Сүү компанийн цөцгийн тос гэхэд 100 грамм нь ердөө 1.1 гр нүүрс устай. Элэгний нухаш бас 100 грамм нь ердөө 0.5 гр нүүрс устай байдаг.

Тэгэхээр барааны шошготой сайтар танилцаж нүүрс усыг нь тооцоолж сураарай. Гэртээ байгаа талхны уутыг одоо хараарай. Оросоор углеводы, англиар carbohydrate буюу carb тэмдэглэгээтэй байдаг.Харин калори чихэр 0 хувь гэсэн чихэрлэг хүнснүүд нь химийн аргаар гаргаж авсан сахар орлуулагчтай байдаг тул нүүрс усгүй ч байсан хэрэглэж болохгүй. Кето дэглэм нь ямар нэг хоолны цэсийн дагуу хооллодог хатуу дэглэм огт биш бөгөөд орлуулж аргалж амталж болдог, ухаалгаар зохицуулж болдог, бүтээлч санаачлагатай байхыг шаарддаг амьдралын эрүүл хэв маяг юм. Та энэ дэглэмээр амжилттай жингээ хаяж чадвал хооллолтынхоо мэдлэгт томоохон хувь нэмэр оруулсан байх болно. Амжилт хүсье.

7.САХАР ОРЛУУЛАГЧ?

Маалингын гурил алмонд гурил ашиглаад кеточид талх, бин тэр ч байтугай кекс печень ч хийж иддэг. Харин энэ дэглэмд ямар сахар орлуулагч зөвшөөрдөг вэ. Найрлага нь erythrytol, stevia гээд ургамлын гаралтай сахар орлуулагч нь цусан дахь сахарыг өсгөдөггүй тул энэ дэглэмд зөвшөөрнө. Харин элбэг байдаг ихэнх төрлийн орлуулагч нь химийн аргаар гаргаж авдаг тул хориотойгоор барахгүй хүний биед хортой.

Мөн сахар болон калори 0 хувьтай гэсэн бүтээгдэхүүнүүд байдаг. Ундаа, чихэр гэх мэт. Тэдгээрийн ихэнх нь хиймэл сахар орлуулагч ашигладаг тул хэрэглэж болохгүй. Зөвхөн дээр дурдсан найрлагатай байх ёстой юм. Тиймээс бүтээгдэхүүний орц найрлагыг сайтар харах хэрэгтэй. Сахар буюу элсэн чихэр нь чигээрээ нүүрс ус юм. Зөгийн бал гэхэд 100 грамм нь 100+ нүүрс устай. Гэхдээ зөгийн бал хүний биед муу гэсэн үг огт биш бөгөөд бидний гол дүрэм болох нүүрс усны хэмжээнд нийцэхгүй тул жин хасалтын шатанд хэрэглэж болохгүй.

Мижидийн Отгонтуяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.