УИХ дахь МАН-ын гишүүд Үндсэн хуулийн өөрчлөлтөд санал нэгджээ...

Twitter Print
2019 оны 06-р сар 14-нд 10:04 цагт
Мэдээний зураг,

1992 оны нэгдүгээр сарын 13-нд АИХ, Улсын Бага хурлын гишүүд хамтран баталж байсан Монгол Улсын Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах цаг болсон хэмээн сүүлийн 10 гаруй жил УИХ-аар ярилцсаар ирсэн ч нэгдсэн шийдэлд хүрч чадалгүй өнөөдрийг хүрсэн билээ. Харин одоогоос 18 жилийн өмнө буюу 2000 онд Үндсэн хуулинд “Дордуулсан долоон өөрчлөлт” гэгчийг тухайн үеийн УИХ-ын гишүүд болох Р.Гончигдорж, Н.Энхбаяр нар толгойлон хийж байсан түүхтэй. Хамгийн гол нь 2000 онд Р.Гончигдорж, Н.Энхбаяр нар даргалж, уухайлан дайрсаар Үндсэн хуулинд оруулсан “Дордуулсан долоо өөрчлөлт”-ийн балгаар Монгол Улсын 76 гишүүнтэй парламентын аль нэг этгээдийг Засгийн газрын гишүүн болохыг зөвшөөрсөн нь хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн зааг ялгааг огт байхгүй болгоод хаячихсан хамгийн том алдаа, завхрал болсныг одоо хэн хүнгүй хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ хамгийн том дампуурсан шийдвэр, хуулийг жинхэнэ утгаар нь гууль болгосон өөрчлөлт нь УИХ 76 гишүүнтэй тул 51 гишүүнээр ирц нь бүрддэг байсныг хүчингүй болгон 39 гишүүн ирснээр ирцийг бүрдүүлдэг болгож, 20 этгээдийн саналаар хууль нэртэй “Гууль” баталдаг болчихсон нь Монгол Улс өнөөдөр хэрхэн ядуурч, дампуурч байгааг баталгаажуулсан хамгийн завхарсан өөрчлөлт болсон билээ.

Ер нь бол 1992 оны Үндсэн хууль буюу “Эцэг хууль”-ийг эх барьж авч байсан Монгол Улсын Хөдөлөмөрийн баатар, гавъяат хуульч Б.Чимид агсаны “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс юм” гэсэн гайхалтай тодотголыг 2000 онд Р.Гончигдорж, Н.Энхбаяр тэргүүтнүүд “Дордуулсан долоо өөрчлөлт”-өөр дампууруулах эхлэлийг нь тавьж байсан бол өнөөдрийн УИХ-д 64 суудал эзэлж, төрийн эрхийг барьж байгаа МАН-ынхан энэ удаа 30 орчим өөрчлөлтийг хийхээр өчигдөрөөс эхлээд хошууран дайрч эхлээд байна. Энэ удаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тэдгээр 30 орчим өөрчлөлтийн эхийг УИХ-д хамгийн олон удаа сууж байгаа гавъяат хуульч Д.Лүндээжанцан удирдан хийлгэж,нэмэлт өөрчлөлтийн хуулийн төслөө УИХ-ын дарга Г.Занданшатар гардуулж өгчихөөд байгаа. Тийм ч болохоор өчигдөр УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хорооны 19 гишүүний 15 нь хуралдаа хүрэлцэн ирснээр Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтүүд оруулах тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж, эцэстээ АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат болон уржигдархан энэ зөвлөлд нэгдээд байгаа О.Баасанхүү нар санал хураалтад оролцолгүй гарч явснаар Үндсэн хуулинд оруулах өөрчлөлтүүдийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх саналыг МАН-ын 13 гишүүн дэмжсэнээр Байнгын хорооны хуралдаан өндөрлөсөн билээ.

Ингээд Төрийн байгуулалтын Байнгын хорооны 13 гишүүний дэмжлэгийг авсан Үндсэн хуулинд оруулах нэмэлт өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцэх асуудал нэг дэх хэлэлцүүлгийнхээ дараа түр завсарласан үеэр УИХ-ын зарим гишүүдийн саналыг сонссоноо хүргэж байна.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Монголчууд хүчээ нэгтгэх цаг болсон...

-Үндсэн хуульд 42 заалттай нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг та бүхэн сая Байнгын хороогоор хэлэлцэж олонх нь дэмжсэнээр УИХ-д оруулахаар болж байх шиг байна. Ер нь эдгээр өөрчлөлтүүдийг хийх цаг нь болсон хэрэг үү?  

-За тийм ээ. УИХ-аас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын багийг уржнан тавдугаар сарын 25-нд байгуулж, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга асан Д.Лүндээжанцан ахлан ажилласан л даа. Ажлын баг энэхүү өөрчлөлтийн хэрэгцээ, шаардлагын талаар олон нийт, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаачдыг оролцуулан үе шаттай хэлэлцүүлэг өрнүүлсэнийг манай иргэд мэдэж байгаа байх. Ингээд тэр бүх их ажлын дараа  дээрх ажлын хэсэг хамгийн олон давтамжтай саналыг тусгаж, 20 зүйлд өөрчлөлт оруулж, 42 заалт бүхий Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төслийг боловсруулж, энэ сарын 6-нд УИХ-ын чуулганы хуралдааны үеэр, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИх-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан л даа. Тус төслийг Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах, Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах, Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангах болон Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох гэсэн дөрвөн чиглэлээр боловсруулсан.

Ер нь бол дээрх өргөн мэдүүлсэн төсөл Үндсэн хуулийн гол үзэл, баримтлалыг сүйдтэй өөрчлөөгүй тул цаашид хэлэлцэх бүрэн боломжтой гэж үзэж байгаа. Гэхдээ эдгээр өөрчлөлтүүдийг хийхэд зайлшгүй анхаарах ёстой асуудлууд нэлээн байгааг хаа хаанаа онцгой анхаарх шаардлагтай байгаа юм. Тухайлбал өнөөдөр Монгол Улсад эв нэгдэл байхгүй болчихлоо. Бид хүчээ нэгтгэхгүйгээр улсаа хөгжүүлэх боломжгүй юм. Хаа сайгүй улс төржилт байх ёстой хязгаараасаа давж, хэтийдэж байгааг бид бүхэн харж л байна. Түүнчлэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд эдийн засгийн хөгжлийг дэмжих, иргэдийн амжиргааг дээшлүүлэхтэй холбоотой заалтуудыг түлхүү оруулах шаардлагатай байгаа юм. Түүнчлэн Ерөнхийлөгчийг улираан сонгохыг хориглох нь зөв сонголт эсэхэд эргэлзэж байгаа. Энэ талаар өөрийн бодлыг шулуухан илэрхийлвэл тухайн хүн нь “Би дахин сонгогдохгүй юм чинь” гээд бүрэн эрхийн хугацаа дуусахын өмнө төрийн ажил цалгардуулаад байх тохиолдол гарч болно шүү дээ. Тэгэхээр энэ бүхнийг бүх талаас нь маш сайн эргэцүүлэн нягтлах шаардлагатай байгаа юм. Хамгийн гол нь Монголчууд хүчээ нэгтгэх цаг болсныг Үндсэн хуулийнхаа өөрчлөлтөд маш нягт тусгах шаардлагатай байгаа юм л даа.

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа :Иргэдээс сонгогдсон Засаг даргыг дээд шатны удирдах албан тушаалтан чөлөөлдөг байх ёсгүй

-Өөрийн тань хувьд “Сум, дүүргийн Засаг даргыг иргэдээс сонгох ч огцруулах эрхийг дээд шатны Засаг дарга нь шийддэг байхаар тусгасан”-ыг нэлээн эсэргүүцэж байгаа юмаа даа?

-Тийм ээ. Гэхдээ яг энэ асуудлаар сая Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Иргэдийн сонгосон сум, дүүргийн Засаг даргыг огцруулах асуудлыг төслийг хэлэлцэх явцад хэлэлцэн сайжруулах боломжтой” хэмээн саналаа хэлж байна лээ. Ер нь бол миний бодлоор тухайн нутаг орны иргэдээс сонгогдсон Засаг даргыг дээд шатны удирдах албан тушаалтан чөлөөлдөг байх ёсгүй гэж бодож байна. Харин түүний оронд сонгосон хүнээ ард түмэн өөрөө эргүүлэн татдаг байх ёстой л доо. Түүнчлэн төсөлд улсын төсөвт Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр зардал нэмж болохгүй гэсэн заалт заавал тусгах шаардлага байгаа юу. Түүнчлэн Ерөнхийлөгчийг 55 наснаас дээш байх асуудлыг Үндсэн хуульд тусгах бол УИХ-ын гишүүдийн насыг ч мөн заах хэрэгтэй гэдэг санал иргэдээс ирүүлж байсныг бас тусгах, бодолцох л хэрэгтэй санагдаж байгаа юм.

О.Содбилэг: Дархан Эрдэнэтийг хотын статустай болгох хэрэгтэй

-Та түрүүнд “Үндсэн хуульд оруулах өөрчлөлтөд өөрийн саналаа илгээсэн ч Ажлын хэсэг тусгаагүй байсан” хэмээж байсан. Тэр талаараа тайлбарлахгүй юу? 

-За тийм ээ. Тэр асуудлын талаар тайлбарлахад Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан гуай  “Тус төслийг Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах, Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах, Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангах болон Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох гэсэн дөрвөн чиглэлээр боловсруулсан” хэмээн тайлбарлаж байгаа. Гэхдээ миний зүгээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулах Ажлын багт өөрийн саналаа хүргүүлсэн ч төсөлд тусгаагүй байна лээ. Тухайлбал Дархан, Эрдэнэтийг хот болгох асуудлыг төсөлд тусгасан гэдгийг ажлын баг хэлж байгаа.  Гэвч төсөлд тодорхой нэр зааж оруулаагүй байсан. Жишээ нь Эрдэнэт хот гэхэд л өнөөдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум гэж явж байх жишээтэй. Хэрэв Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хот болговол төрийн үйлчилгээ иргэдэд хүрэх төрийн үйлчилгээ сайжрах нь тодорхой шүү дээ.

Хэдийгээр ийнхүү УИХ дахь МАН-ын Бүлгийн 64 гишүүн тус тусдаа Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтүүдийн талаар өөр өөрийн гэсэн бодолтой явцгааж байгаа ч эцсийн эцэст 10 гаруй жил ярилцаад хийж дөнгөхгүй л байгаа Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх цаг нь болсон гэдэг дээр санал нэгдэж байгаа нь тодорхой байгаа юм...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.