Түүхэн амжилт гаргасан хөлбөмбөгийн шигшээ баг эх орондоо ирлээ

Twitter Print
2019 оны 06-р сар 13-нд 14:08 цагт
Мэдээний зураг,

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг, Брунейн Даруссламын багийг ялснаар 2 тоглолтын нийлбэр дүнгээр “Катар-2022” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тэмцээнд оролцох эрх авсан.

Тэгвэл баг тамирчид өчигдөр эх орондоо ирлээ. Монголын шигшээ баг Бруней Даруссаламын талбайгаас шаардлагатай үр дүнгээ авч, хоёр тоглолтын нийлбэр дүн буюу 2:3-аар 2022 оны ДАШТ, 2023 оны ААШТ-ий урьдчилсан шатны тэмцээнд оролцох эрхээ авсан.

Дараагийн шатанд Ази тивийн 40 баг найман хэсэгт хуваагдан тоглоно. Дараагийн шатны нэг хэсэгт таван баг багтана. Монголын шигшээ баг Япон, Иран, Өмнөд Солонгос зэрэг хүчирхэг гүрэнтэй нэг хэсэгт учраа таарах завшаан гарч байна гэсэн үг. Хэсэгтээ нийт найман тоглолт хийнэ. Мөн манай улсын хувьд дөрвөн удаа талбайдаа хүлээн авах юм.

МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ А.ГАНБААТАР "Манай залуус маш сайн тоглолоо. Мэдээж тоглолтын эхний үед бол эвгүй байсан. Сэтгэл гэгэлзүүлж сандаргасан тоглолт боллоо. Одоо дараагийн шатны тэмцээнд бүх л хүчээ дайчлан өрсөлдөнө гэж бодож байна. Тоглолтуудаас манай улсын хувьд өөрийн талбайдаа 4 ч тоглолт хийнэ. Эдгээр тоглолт бүрээ маш хариуцлагатай нямбай хийх хэрэгтэй" гэлээ.

Бруней Даруссаламын шигшээ баг өөрсдийн талбайдаа тэс өөр тоглолтыг үзүүлэн эхний хагаст манай багийг 2:0-ээр тэргүүлж байсан. Нэг гоол оруулахад л нөхцөл байдал манай талд шийдэгдэх эгзэгтэй мөчид Монголын шигшээ баг 11 метрийн торгуулийн цохилт гүйцэтгэх эрх авсан юм. Цохилтыг эхний тоглолтын гол баатар, үндэсний шигшээ багийн ахлагч Н.Цэдэнбал амжилттай гүйцэтгэж 48 дахь минутад тооны харьцаа 2:1, нийлбэр дүн 2:3 болгосон билээ.

ХӨЛБӨМБӨГИЙН ШИГШЭЭ БАГИЙН АХЛАГЧ Н.ЦЭДЭНБАЛ "Хожлын гоолыг багтаа авчирч чадахгүй бол яана даа гэсэн бодолтойгоор торгуулийн цохилтыг гүйцэтгэсэн. Мэдээж бид дараа дараагийн тоглолтууддаа маш амжилттай тоглохыг өрсөлдөхийг зорьж байна. Тэр хэрээр туршлага хуримтлуулна, ур чадвараа дээшлүүлэх ач холбогдолтой. Хөлбөмбөгийн холбооны хамт олон болон ар гэрийнхэн, тусалж дэмждэг найз нөхөд, бүх л хүмүүст, хөлбөмбөгийн дэмжигч ард түмэндээ баярлалаа" гэлээ.

Шигшээ багийн ахлагч асан Баясгалангийн Гарьдмагнай хөлбөмбөгийн спортоосоо зодог тайлж байгаагаа тэмцээний дараа зарласан. Тэрбээр 2006, 2010, 2014, 2018, 2022 оны ДАШТ-ий сорилгод оролцсон Монголын цорын ганц хөлбөмбөгчин. Б.Гарьдмагнай үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан, эх орноо төлөөлөн 35 тоглолтод оролцсон юм.

ХӨЛБӨМБӨГИЙН ШИГШЭЭ БАГИЙН ХАМГААЛАГЧ Б.ГАРЬДМАГНАЙ "Манай залуу маш сайн тоглосон. Үнэхээр гайхалтай түүхэн үзүүлэлт байлаа. Миний хувьд тэмцээний дараа шигшээ багаасаа зодог тайлж байгаагаа зарласан. Хөлбөмбөгөө хэзээ ч орхихгй. Цаашид ирээдүйд төрөн гарах олон шилдэг хөлбөмбөгчид бэлтгэхийн төлөө зорьж ажиллах болно. Монголын хөлбөмбөгтөө, үнэнч хөгжөөн дэмжигч нартаа, ар гэрийнхэндээ мөн холбооныхондоо маш их баярлалаа" гэв.

2022 оны ДАШТ-ий урьдчилсан шатны тэмцээний сугалаа ирэх 7-р сарын 17-нд Катарын Дохад хотод явагдана. Энэ тэмцээн 2019 оны 9-р сараас 2020 оны 06-р сарын 09-ны өдөр хүртэл үргэлжилэх юм. Түүх сөхвөл 2002 оны ДАШТ-ий урьдчилсан шатны тэмцээний Азийн бүсийн 10 хэсэгт манай улсын шигшээ баг Саудын Араб, Вьетнам, Бангладештай нэг хэсэгт орж, тоглож байсан түүхтэй билээ.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.