АН-ын дарга С.Эрдэнэ “Мангар бацаан”-аа хүлээн зөвшөөрчээ...

Twitter Print
2019 оны 06-р сар 13-нд 09:01 цагт
Мэдээний зураг,

Өчигдөр өдөр төрийн ордны шатан дээр АН-ын дарга С.Эрдэнэ туслахаа дагуулан яаруухан өгсөж явахтай таарахад энэ зурган дээрх пиджактайгаа явж байсан билээ. Тэрээр араас нь баахан бичиг цаас барин өгсөж яваа туслахдаа “Тэр асуудлыг бушуухан нэг тийш нь болго. Яаралтай хурал зарлах хэрэгтэй” гэсэн үүрэг даалгавар хэлж байгаа нь сонсогдоод л өнгөрсөн юм даг. Мэдээж одоогоор иргэд сонгогчдын дунд тааруухан дүн мэдээ, үнэлгээтэй байгаа өөрийнх нь тэргүүлсэн АН-ын ажил байдлын талаар ярьж явсан нь тэр болов уу.

Харин тун ч удалгүй С.Эрдэнэ дарга саяхан л УИХ дахь АН-ын Бүлгийн дарга байснаа өнөөдөр бол зөвхөн АН-ын зөвлөлийн дарга сэтэртэй харайлгаж яваа өнөөх халзан толгойт Д.Эрдэнэбаттайгаа нийлэн жил гаруйхны өмнө зад загнаж байсан УИХ-ын гишүүн О.Баасанхүүг хүн хүч нь яах аргагүй дутагдаж байгаа өөрийн намын зөвлөлд бүртгэн авснаа зарласан байна лээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүүг “Бацаан минь чи айн гэж бай” гэж байгаад зад загнаж байсан бяцхан түүхийг нь сөхвөл 2018 оны тавдугаар сарын 03-нд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны Байнгын хороогоор С.Эрдэнийн өргөн мэдүүлсэн Ардчилсан хувьсгалын анхны зүтгэлтнүүдэд төрөөс тусламж, хөнгөлөлт үзүүлэх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэх үеэр О.Баасанхүү гишүүн “Ардчилсан хувьсгалын анхны зүтгэлтнүүд гэгчдээ хичнээн хэмжээний дэмжлэг үзүүлэх санаатай байгаа юм бол. Анх тусгай хангамжийг устгая гэж хувьсгал хийчихээд одоо өөрсдөө тусгай хангамж авах гэж дайраад байх юм” гэхэд нь тэрээр  “Чи айн гэж бай. Тухайн үед банди минь чи 16 настай юугаа ч мэдэхгүй алиа бацаан гүйж явсан бол одоо УИХ-ын гишүүн болчихсон сууж байна шүү. Бацаан минь чи ардчилсан хувьсгалын буянаар УИХ-ын гишүүн болчихсон явж байгаа гэдгээ мартаж болохгүй шүү” хэмээн толгойг нь эргэтэл зад загнаж байсан билээ.

Тэгвэл ганцхан жилийн өмнө толгойг нь эргэтэл зад загнаж байсан өнөөх “Мангар бацаан”-аа хүлээн зөвшөөрч, өөрийн намын зөвлөл гэгчтэйгээ хамтран тэмцүүлэх нэгэн нууцгай гишүүнээр бүртгэн авч байгаа нь яах аргагүй “Өнөөдрийн Монголын улстөрийн тэмцлийн хийрхэл, солиорол мөн ч сүрхий газар авч дээ” гэхээс өөрөөр дүгнэх аргагүй болгож байгаа юм.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү ийнхүү АН-ын дарга С.Эрдэнэ болон УИХ дахь зөвлөлийн дарга сэтэртэй өнөөх халзан толгойт Д.Эрдэнэбат нарын хамгаалалтанд багтаж, 2020 он гэхэд АН-ын гишүүн болчихсон УИХ-ын сонгуульд нэр дэвшчихээд харайлгаж явж ч мэдэх өчигдрийн “Найрамдлын гар барилт”-ын талаар жаахан дэлгэрүүлье гэж бодлоо.

Товчхондоо бол О.Баасанхүү гишүүн УИХ дахь Ардчилсан намын зөвлөлтэй хамтран ажиллах  хүсэлтээ өнгөрсөн долоо хоногт албан ёсоор хүргүүлсэн гэдэг. Тэгээд ч одоогоор яах аргагүй хүн хүч нь ихээхэн дутагдаж, ёстой л “Барьц алдаж, ядарч зүдэрч” яваа УИХ дахь АН-ын зөвлөлийн гишүүд түүний хүсэлттэй танилцаж, өчигдөр тийнхүү “Найрамдлын гэрээ” байгуулж, хариу бичгийг АН-ын дарга С.Эрдэнэ гардуулан өгсөн нь тэр юм. Учир иймд саяхан л “Мангар бацаан” байсан О.Баасанхүүг үүнээс хойш, түүнээс цааш УИХ дахь АН-ын зөвлөлийн “Бүрэн эрхтэй, бөх зүрхтэй гишүүн” болгож байгаа тэрхүү бичигт “Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлтэй хамтран ажиллах Таны 2019 оны зургаадугаар сарын 09-ний өдрийн 6407 тоот албан бичигтэй танилцлаа. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөл тодорхой зарчмын байр суурийг илэрхийлсээр ирсэн билээ.

Иймд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийн болон бусад Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж буй хууль, эрх зүйн асуудлын хүрээнд Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлтэй хамтран ажиллах таны хүсэлтийг хүлээн авч байгааг үүгээр мэдэгдэж байна” хэмээсэн нь саяхны “Мангар бацаан” О.Баасанхүүг “Үүнээс хойш, түүнээс цааш хэн ч гутаан доромжилж болохгүй” гэдгийг баталгаажуулжсан хэрэг юм.

За ямартай ч саяхан л хэн нэгнийгээ мангар, тэнэгээр нь дуудалцаж явсан АН, МАХН-ынхан ийнхүү “Хууль тогтоох дээд байгууллага” гэгддэг УИХ дахь нэгэн зөвлөлд нэгдэж, нэгэн хөнжилд орцгоох нь тодорхой болов. Харин тэрхүү нэгэн хөнжилд хөлбөрхөөр шийдсэн АН-ын дарга С.Эрдэнэ болон МАХН-ын саяхны “Мангар бацаан” О.Баасанхүү хоёрыг саяхан УИХ-ын чуулган дээр Хууль зүй, дотоод хэргийн сайд өнөөдрийн хувьд “Монголын хамгийн шударга улстөрч” гэгддэг Ц.Нямдорж тун ч айхтар загнаж байсныг эргэн сануулахгүй бол болохгүй санагдаад явчихлаа. Чухам юу гэж загнасан бэ гэвэл Ц.Нямдорж сайд “Би О.Баасанхүү бацаанд зориулж үг хэлэх гэсэн юм. Чуулганы хуралдаан болгон дээр С.Эрдэнэ, О.Баасанхүү хоёр над руу байнга л дайрч  байдаг. Тэгвэл энэ С.Эрдэнэ 1984 онд хүний аминд халдаад шоронд явж байхад би хэргийг нь уншиж байсан прокурор шүү.  О.Баасанхүүгийн сонгогдсон Эрдэнэт гэдэг газар Монголын 2200 жилийн түүхэнд байгаагүй луйвар явагдсаныг таслан зогсооход би байдаг бүхнээ зориулсан. Энэ хотод амьдардаг хүн яргын машинаар орсон. Үүнд О.Баасанхүү өширхөөд байна.

Чи миний биеийн тухайд яриад байв уу. Тэгвэл одоогоор би 68 кг-тай, 1.68 метр өндөртэй л хүн. Харин О.Баасанхүү бацаан минь чи наснаасаа эрт халзан болсон шүү. Яагаад гэвэл Ордонд байнга улаа үзэж гүйсээр байгаа наснаасаа эрт хөгширч байгаа нөхөр шүү. Мөн чи Н.Энхбаярын оймсонд хавчуулагдаж байж УИХ-д орж ирсэнээ яагаад ч мартаж болохгүй. Чамд мэргэжлийн чадвар,  эзэмшсэн мэргэжил гэх юм юу ч байхгүй. Чам шиг 28 хувийн саналаар сонгогдсон хүн энэ УИХ-д өөр байхгүйг байнга санаж яв, мэдэв үү чи. Харин С.Эрдэнэ чиний хийж явсан нүгэл хилэнц, гэмт хэргүүдийг би бүгдийг нь он сар, цаг хугацаатай нь мэдэж байгаа шүү” хэмээн айхтар сүрхий үг хэлсэн билээ.

За ямартай ч “Хууль тогтоох дээд байгууллага” сэтэртэй ч “Гууль боловсруулдаг доод газар” болчихоод бужигналдаж байгаа өнөөдрийн УИХ гэгч дэх АН-ын зөвлөл нэгэн шинэ гишүүнтэй болж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж болон тэдний тэмцэл маргалдаан дээд зэргээр хурцдан ширүүсэх нь тодорхой болсноор ажлын нэгэн долоо хоног сүүлийнхээ өдөр рүү өнхөрч эхэллээ дээ...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.