Хууль бус ажиллагаанд оролцсон дипломатууд дахин томилогддог байжээ

Twitter Print
2019 оны 06-р сар 12-нд 15:03 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хар тамхины хэрэгт холбогдсон дипломат албаны ажилтнуудын талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын мэдээллийг сонсож, хаалттай горимоор хэлэлцсэн.

Тэрбээр 1992 оны Үндсэн хууль дагаж мөрдөгдөж эхэлснээс хойших хугацаанд Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрууд, тэдгээрийн ажилтнууд нэр холбогдсон хар тамхи болон бусад хэрэг зөрчлийн талаар мэдээлэл хийсэн байна.

Энэ талаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Хаалттай хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэхгүй юу?

-Дипломат албаны ажилтнууд өмнө нь тамхины наймааны хэрэгт орооцолддог зөрчлүүд гардаг байсан. Нэг эргэлтээрээ 20-30 мянган еврогийн үнэтэй тамхи зөөдөг байсан. Гэтэл одоо хар тамхи зөөдөг наймаанд оролцдог болсон байна. Нэг удаагийн эргэлт нь гурван сая евро гэсэн мэдээлэл байна. Тийм учраас энэ асуудалд төрөөс яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй. Энэ бол гадаад орчинд Монгол Улсын нэр хүндийн асуудал болсон ноцтой нөхцөл байдалтай байна. Энэ нь нэг удаагийн үйлдэл биш байна. Тийм учраас Гадаад харилцааны сайдын мэдээллийг сонслоо.

Сайдын мэдээллийг сонсоход ТЕГ-ын дарга, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын дарга оролцлоо. Хаалттай хэлэлцсэн нь цагдаа, тагнуулын байгууллагын хийж байгаа арга хэмжээ нууцын түвшинд байгаа.

Мөн сайдын мэдээлэл нууцын журмаар хийсэн учир холбогдох хуулийн дагуу хийлээ. Хуралдаанаар бид томилгооны асуудлыг ярилаа. Томилгоо оновчгүй учир асуудалд орж байна, хариуцах эзэн хэн байна гэдгийг хэлэлцлээ. Энэ чиглэлээр байнгын хороо тогтоолын төсөл баталж, дэмжлээ. Томилгоо хийхтэй холбоотой хариуцлагыг чангатгах, хар тамхитай холбоотой бие даасан байгууллага байгуулах, ДТГ-ын тэргүүнүүд, ГХЯ-ны паспортыг хянах, автомашинуудад дипломат дугаар олгохыг хянах зэргийг тогтоолд тусгасан. ДТГ-ын тэргүүнүүдийн үйл ажиллагаанд хяналт тавих, хяналт шалгалт хийхээр тусгалаа. 

Мөн дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүнүүд болон Гадаад харилцааны яам дипломат пасспортуудыг хянах хэрэгтэй. Нэг хүнд хоёр дипломат пасспорт байгааг таслан зогсоох шаардлагатай. Хэрэг зөрчилд холбогдоод нэгийг нь хураалгахад нөгөөг нь ашиглах боломжтой байна. Мөн автомашинд дипломат дугаар олгож байгаа үйл ажиллагаанд хяналт тавьж, хариуцлага хүлээлгэдэг болгох хэрэгтэй байна

Мөн ГХЯ болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хамтраад дипломат төлөөлөгчийн газруудад хар тамхитай холбоотой хяналт, шалгалт хийх асуудлыг тусгасан. Ийм агуулгатай тогтоолын төслийг гишүүд дэмжсэн. 

-Дипломат ажилтнууд нэг биш удаа хар тамхи зөөвөрлөсөн гэж байна. Энэ хэзээнээс эхэлсэн зөрчил вэ?

-Хууль бус үйл ажиллагаанд нэр холбогдсон, асуудал нь тодорхой байдлаар шийдэгдэж байсан хүмүүсийн мэдээлэл сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Гадаад харилцааны яаманд ирж байгаа. Гэтэл тэр хүмүүсээс дахин давтан дипломат төлөөлөгчийн газарт томилогддог талаарх тодорхой мэдээллийг бид авсан. Тиймээс арга хэмжээ авах чиглэлийг байнгын хорооны тогтоолд тусгасан. 

-Энэ хэрэгтэй холбоотойгоор Монголын талаас тайлбар, мэдээлэл авсан зүйл байгаа юу?

-Сүүлийн хар тамхитай хэрэгтэй холбоотой хэрэг зөрчил дээр хоёр хүн хилийн чанадад саатуулагдаад шалгагдаж байгаа. Тухайн үйлдэл нь хэдэн удаагийн давтамжтай, сүлжээний оролцогчид уу үгүй юу гэдэг мэдээллийг бид хаалттай байдлаар хуулийн байгууллагуудаас авсан. 

-10 гаруй жилийн хугацаанд ГХЯ-д мэдээлэл ирж байсан. Дээр нь хар тамхи зөөсөн хэрэг нь нэг удаагийнх биш гэлээ. ГХЯ-д мэдээлэл ирж байсан юм бол яагаад тухайн үед нь таслан зогсоогоогүй юм бэ? 

-Энэ асуудлыг байнгын хороон дээр ярьсан. Цаашдаа тодорхой санал дэвшүүлэгдээд арга хэмжээ авагдана. 

-Хууль бус наймаа хийдэг дипломат ажилтнууд дахин томилогдсон гэх шүүмжлэл байна. Энэ талаар?

-Өмнө нь хууль бус үйл ажиллагаанд нэр холбогдсон хүмүүсийн мэдээлэл сүүлийн 10 гаруй жилд ирсэн. Гэтэл энэ хүмүүсээс давтан ДТГ-т томилогддог мэдээлэл авсан. 

-Хар тамхины хэрэгт холбогдсон дипломатуудын талаар тодорхой мэдээлэл бий юу?

-Хоёр хүн саатуулагдаад хилийн чанадад шалгагдаж байгаа. Түүнээс өөр хүн шалгагдаж байгаа, энэ хоёр хүн сүлжээний оролцогчид уу гэдгийг бид хуулийн байгууллагаас лавласан. Хуулийн байгууллага ажлаа хийж байгаа. 

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.