Монгол хүн сүрьеэтэй, Монгол хүн тэмбүүтэй, Монгол хүн ДОХ-той...

Twitter Print
2019 оны 06-р сар 12-нд 14:32 цагт
Мэдээний зураг,

БНМАУ-ын үед хоёр салбарын цагаан халатнууд түүхэн үүрэг гүйцэтгэж, хүндэт гавьяа байгуулсан юм. 

1. БНМАУ-д Зоо-мал эмнэлгийн алба үүсгэн байгуулагдаж малын тэсвэр хатуужил, үүлдэрлэг байдлыг сайжруулж, малын халдварт өвнийг бүрэн устгаж анагааж чадсан юм. 

Малын халдварт өвчний голомтыг Зөвлөлтийн эрдэмтэдтэй хамтран нөр их хөдөлмөрийн үр дүнд устгаж, Монгол малаа эрүүлжүүлж чадсан түүхэн гавьяатай. Тэр үед нэгдэл, нэгдлээс бригадын бүтцэд шилжин малын шилжилт хөдөлгөөн, нүүдэл суудал, бэлчээр хуваарилалтын нарийн горимыг дагаж мөрдөж байлаа. Мал эмнэлгийн календарчилсан төлөвлөгөөг нарийн мөрдөж бүх малаа хянаж, эмчилж, угааж арчилж чадаж байсан юм. Сум бүрд Мал эмнэлгийн газрыг бий болгож Нэгдлийн малын эмч гэж нэгдлийн дарга, намын даргатай адил 69 унадаг том албан тушаалд тооцогдож малчид айж эмээдэг, үгнээс нь гардаггүй байсан үе юм. Тэр үед бэлчээр ашиглалт, бүтээгдэхүүн нийлүүлэлтийн нарийн горимыг баримталж завод, өргөн айлсалт, отор, туувар зэргийг зохион байгуулж, завод, өргөн айлсалтаар сүү сааль, ноосоо бэлдэж бэлтгэлийн эр сувай малаа алс холын бэлчээрт оторлон таргалуулж, сайн малчдынхаа тэргүүн туршлагыг хэрэгжүүлж төлөвлөгөөт мах бэлтгэл, туувар зэргийг зохион байгуулж эрүүл мах хүнсэнд бэлтгэж байсан. Сум бүрд Эмчилгээ тэжээлийн цэг бий болгож малын эрүүл мэндэд ихээхэн анхаарч өвчилж, муудсан малыг эмчилж эсвэл заазалдаг байлаа. Үржлийн хуц, ухна эсвэл өвчилсөн мал зөөсөн 53 машинуудтай томоохон Зоо-мал эмнэлгийн бүтцийг бий болгосны үр дүнд Монгол мал халдварт өвчнөөс бүрэн салаад байсан түүхтэй. 

ХААДС төгссөн мянга мянган малын эмч нар, суралцаж буй оюутнууд эрдэмтэн мэргэн багш нарынхаа хамт цагаан халад өмсөн мал бүрд улирал улирлаар үзлэг хийн эмчилж явдаг байлаа. Нэгдэл бүрд байсан Мал эмнэлэг нь маш чадварлаг мундаг байсан. Энэ бүхнийг Нийслэл хотод байх ХААЯ-ны Ерөнхий малын эмч, Ерөнхий зоотехникч нар чадварлагаар удирдан зохион байгуулж байсан билээ. 

2. БНМАУ-д орчин үеийн хүн эмнэлгийн үндэс суурь тавигдаж хүн амынхаа эрүүлийг хамгаалах үйлсэд Зөвлөлтийн эмч нартай хамтран зүтгэж эрүүлжүүлсэн түүхтэй. Монголчуудад нүүрлээд байсан элдэв төрлийн халдварт өвчнүүдийг үндсээр нь устгаж хүн амаа эрүүлжүүлэн 40 байсан дундаж наслалтыг 64 хүргэн, хярайн эндэгдэл хорогдлыг эрс бууруулж хүн амын өсөлтийг эрс нэмэгдүүлж 3 саяд хүргэж чадсан түүхтэй. Тэр үед сум бүрд хүн эмнэлэг байгуулан олон эмч нартай бүтцийг бий болгосон. Эмнэлэг болгон 69-тэй, пургон машинтай, барилга байгууламжтай хүчирхэг бүтэцтэй, эрх мэдэлтэй байсан. Эмч нар нь ч гэсэн жинхэнэ чадварлаг мэргэжилтнүүд байлаа. Хүнээ төрүүлнэ, хүүхдээ эмчилнэ, өвчтөнүүдийн бүх өвчныг анагаана. 

Тэр үед нийгмийн гэх тодорголтой сүрьеэ, тэмбүү, хамуу зэрэг өвчнөөс бараг л бүрэн салж чадсан байсан. Эдгээр өвчнийг анагаах тусдаа эмнэлэг, диспансер хатуу хяналт тавиж сараар, улирлаар хүн амаа урьдчилан сэргийлэх үзлэгт бүрэн хамруулдаг байсан. Сургууль, цэцэрлэг, үйлдвэр заводаар яван үзлэг хийдэг байсан. Өвчилсөн хүмүүсийг нийгмээс тусгаарлан эмчилдэг, асардаг сувилдаг бүтэцтэй байлаа. 

Хүн амаа бялдаржуулахад ихээхэн анхаарч нийтийн биеийн тамирыг өндөр хөгжүүлж хүн бүр ХБХБ тэмдэгтийн нормыг хангадаг байлаа. Хавар, намрын бүх нийтийн спартакиад, Дөрвөн төрөлт өндөр хөгжиж байсан. Иргэн бүр ямар нэг спортоор хичээллэдэг байсан гэхэд болно.

Хүүхэд, багачуудад Цэрэг Эх оронч үзлийг бий болгох, төлөвшүүлэхэд ихээхэн анхаарч төрөл бүрийн сургалт, бүлгэм дугуйлан, секцэнд үнэгүй хамааруулдаг, бэлтгэдэг байлаа. Өөрөөр хэлбэл хүн амын эрүүл мэндийг хамгаалах нь бүх нийтийн үйл хэрэг байсан юм. 

Ийнхүү бид хоёр чухал салбартаа Цагаан халадтай эмч нар бэлтгэн мэргэшүүлж хүнээ, малаа халдварт өвчнөөс салгаж чадсан түүхтэй. Энэ бол үнэхээр баатарлаг түүх юм. 

Одоогийн бид өмнөх үеийнхээ хийсэн, бүтээснийг устгахаас өөр чадваргүй болж дээ. Монгол хүн сүрьеэтэй, Монгол хүн тэмбүүтэй, Монгол хүн ДОХ-той гэх муу нэр зүүж байна даа. Монгол орон дэлхийд муу өвчний голомт гэж муугаар нэрлэгдэж эхлэх нь дээ. 

Зоо-мал эмнэлгийн хүчирхэг бүтцээ үгүй хийж чадсанаар одоо бид Монгол мал өвчтэй, Монгол улс малын халдварт өвчний голомттой нутаг гэсэн нэг нэр, хоёр хочтой болоод байна даа.

Др. М.Найданхүү

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.