ХААН Банк “Витафит милк” ХХК-тай хамтран алслагдсан бүс нутагт сүүний өртгийн сүлжээ байгуулахаар боллоо

Twitter Print
2019 оны 06-р сар 12-нд 10:20 цагт
Мэдээний зураг,

ХААН Банк өнгөрсөн оны 8-р сард Монголын анхны жишиг сүүний кластер фермийг ашиглалтад оруулж байсан бол энэ удаа “Витафит милк” ХХК-тай хамтран алслагдсан бүс нутагт сүү бэлтгэн нийлүүлэх өртгийн сүлжээний төсөл хэрэгжүүлэхээр санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү төслийн хүрээнд малчдаас ингэний сүү тогтмол хүлээн авч, хөргөлттэйгөөр хадгалах цэгийг Баянхонгор аймгийн Баянлиг сум болон Өмнөговийн Даланзадгад, Цогт-Овоо, Ханбогд суманд тус бүр нэгийг, мөн сарлагийн сүүний бичил үйлдвэр Өвөрхангайн Бат-Өлзий, Баянхонгорын Эрдэнэцогт суманд барьж байгуулахаар төлөвлөөд байгаа юм.

Органик сүүг Улаанбаатар хотоос 150 км-ээс хол зайтай тохиолдолд тээвэрлэн авчрахад замдаа муудаж, үйлдвэрлэлийн чанар шаардлага хангахгүй болдог сул тал бий. Тэгвэл орон нутагт сүү хөргөлттэйгөөр хадгалах цэгүүд болон бичил үйлдвэрүүд байгуулснаар анхан шатны боловсруулалт хийж, хадгалалт даах чадвартай болсных нь дараа сүүг Улаанбаатар дахь “Витафит” группийн үйлдвэрт тээвэрлэн авчрах юм байна. 

Ингэний сүүг ихэвчлэн хувь хүмүүс уламжлалт аргаар, хагас боловсруулан аарц, хоормог бэлтгэн хязгаарлагдмал хүрээнд нийлүүлдэг бол төсөл хэрэгжсэнээр энэхүү эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг үйлдвэрийн аргаар бэлтгэж, дэлгүүрийн лангуунаас худалдан авах боломжийг иргэдэд олгох юм. Өөрөөр хэлбэл, төслийн хүрээнд ингэ болон сарлагийн сүүгээр ариутгасан сүү, хатаамал сүү, аарц, цөцгийн тоc зэрэг маш олон төрлийн бүтээгдэхүүнийг стандартын дагуу тогтвортой үйлдвэрлэх боломж бүрдэх юм.

Алслагдсан бүс нутагт сүүний өртгийн сүлжээг ийнхүү бий болгосноор тухайн орон нутгийн малчдын хувьд орлогын шинэ эх үүсвэр бий болно. Түүнчлэн малчид өртгийн сүлжээний гол оролцогч болсноор ингэ, сарлагийн сүүгээр тасралтгүй тогтмол хангах үүрэг хүлээх бол ХААН Банкны зүгээс “Витафит милк” ХХК болон төсөлд хамрагдах 1300 орчим малчныг санхүүгийн хувьд дэмжин, бага хүүтэй хөнгөлөлттэй зээл олгож, холбогч гүүр нь болж ажиллах юм.  

ХААН Банк аливаа бизнесийг эко системийнх нь хүрээнд бүхэлд нь дэмжиж, өртгийн сүлжээгээр хөгжүүлэх ажлын эхлэлийг тавьж, хөдөө аж ахуйн салбарт сүү, мах, ноолуурын өртгийн сүлжээг амжилттай нэвтрүүлээд байна.

Бид зогсолтгүй бүтээсээр...

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.