Нам байгуулах синдром буюу Монголын улстөрийн тэмцэл удахгүй ширүүснэ...

Twitter Print
2019 оны 06-р сар 17-нд 11:27 цагт
Мэдээний зураг,

Ази тивийн элгэн дээрх Их эзэн Чингис хааны байгуулж, өнөөдрийн бидэнд үлдээсэн Монгол Улс сүүлийн 30-аад жил айхтар сүрхий улстөржиж, толгойтой болгон нь аль нэгэн улстөрийн нам гэгчид элсэж, бидний толгой дээгүүр улстөрийн синдромоор шуурсан хар салхи хортой, аюултай исгэрсээр өнөөдөртэй золгоод байгаа билээ. Өнөөдөр гурван сая, хоёр зуу мянга гаруйхан тоо толгойтой Монголчууд бараг л 30 орчим улстөрийн нам гэгчид хуваагдан тэмцэлдэж, хаа сайгүй хийрхэл, солиорол биднийг тас базчих шахан хорвоогийн өдөр хоногийг өнгөрүүлж явна.

Орой болгон цэнхэр дэлгэцээр аль нэгэн улстөрийн намын сүржигнэл, баахан солиорлыг харсаар суутал дэлхийн хөгжлөөс гээгдэж, Төв Азийнхаа энүүхэн хонхорт тасраад үлдэх бололтой шүү. Ер нь бол хамгийн тодорхой баримт нь Монголчууд сүүлийн 25 орчим жилд хавар болохоор л гэнэтхэн цөс нь хөөрч, юуны ч эсрэг хамаагүй хэд гурваараа жагсаж цуглаж, өлсөж цанган хэвтэх нь хэвтэж, цагаан хоолой барин хашгичин пижигнэлдэхийгээ “Эрхээ эдэлж байна” хэмээн туйлшрах болж, утга учиргүй улстөржих болцгоосон.

Өнөөдөр бараг л 30-ын тоонд хүрч яваа улстөрийн нам гэгчийн тоо бас нэгээр нэмэгдэж, дөнгөж тав зургаахан хоногийн өмнө хамгийн отгон нь болох Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл хэмээх УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Лу.Болд, С.Жавхлан нарын үүсгэн байгуулж Ж.Батзанданг даргаараа залсан Шинэ намыг өлгийдөн авцгаав. Тэдний хувьд “Улстөрийн тэмцлийг жинхэнэ утгаар нь хийж, шударга ёсыг тогтоон Монголын улстөр, хууль шүүх, төр засгийн толгойд гарцгаах” том зорилготой гэдгээ шулуухан мэдэгдэцгээсэн. Ер нь бол улстөрийн тэмцлийг маш хүчтэй өрнүүлж, бүр болохгүй бол өлсөж тэмцэхээс ч буцахгүй гэдгээ хатуухан мэдэгдэж байна лээ. Гэтэл өнгөрсөн түүхээ сөхөн харвал Монгол хүн өлсгөлөн зарлах, жагсаж цуглах, улстөрийн болон аж ахуйн шинжтэй хэрүүл тэмцэл хийх нь бараг л нүгэл, муу ёрын зүйл байж.

Гэтэл одоо жил бүрийн хаврын хар хавсаргатай зэрэгцэн эхэлсэн тэмцэл хөдөлгөөн нь даамжирсаар зунтай золгодог болсон ч нөгөө тэмцэгчид нь аль ч учраа ойлгохгүй, ядаж л Монголоороо хэдэн үг зөв хэлхээд биччих чадваргүй, хий хоосон тамхи баагиулж, худлаа чалчихаас цаашгүй оюутан бацаануудаас эхлээд  ид насны эрчүүд хүүхнүүд, бүр таяг тулсан өвгөд, эмгэд хүртэл жагсаж тэмцээд сүйд хийчих шахдаг болсон.

 

Хаврын хавсаргатай зэрэгцэн эхэлдэг энэхүү гажигтай гэмээр үйлдлийг нь “Хаврын синдром” гэж нэрийдэх болсоор 30-аад жилд ойртож байгаа. Тэгтэл сүүлийн 10-аад жилд “Нам байгуулах синдром”-тонгууд шөнийн од шиг энд тэндээс шоволзон, булталзан гарч ирцгээсэн нь хэдхэн хоногийн өмнө тийнхүү нотлогдсон. Ингэхэд элдэв төрлийн синдром гээч нь юусан билээ. Эмнэлгийн хэллэгээр бол  синдром  гээч нь шашин шүтлэг, арьс өнгө, нийгмийн байдал зэргээс огт хамаарахгүйгээр илэрдэг хүний хромосомын эмгэг, гажиг юм билээ. Хэдийгээр хромосомын эмгэгүүдийг удамшлын өвчин гэж авч үздэг боловч тэд үеэс үед удамшиж дамжих нь ховор байдаг гэнэ. Тэгэхээр “Нам байгуулах синдром”-той өнөөх Л.Гүндалай, “Буян”-гийн Б.Жаргалсайхан, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат, Ц.Шинэбаяр, С.Молор-Эрдэнэ за цаашлаад Б.Найдалаа, О.Бум-Ялагч, Х.Бат-Ялалт  зэрэг олон “намчин”-гуудын удамд ийм өвчтэй хүн байгаагүй болж таарч байна.

Хамгийн хачирхалтай хийгээд, дур гутмаар нь “намчин”-гууд  сэтгэцийн хувьд 100 хувь эрүүл эсэх нь тун ч эргэлзээтэй ч өнөөх Л.Гүндалай, “Буян” Б.Жагаа нарын араас тасралтгүй хөвөрсөөр байгаад оршино. Тэдний шинэ үеийн төлөөллүүдийн дунд Ардын жүжигчин Н.Сувд гуайн хүү Т.Бат-Оргил зэрэг боловсролтой бол боловсролтой, чадалтай залуус сүүлийн үед ар араасаа цувралдан орж ирцгээж байгаа нь Монгол Улсад аргагүй л “Нам байгуулах синдром” тун хурдацтай халдварлаж байгаагийн нотолгоо юм. Хамгийн гол нь “Нам байгуулах синдром”-тонгууд нь Дауны синдромтой хүмүүс шиг нийгэм, ард олонд гай болохгүй мөрөөрөө сажилна гэж байдаггүйд хэргийн учир оршино.

Өнөөдөр байсхийгээд л Улсын дээд шүүхэд бүртгүүлээд байгаа “Нам байгуулах" синдромны нэгдэл нь голдуу ашиг сонирхлоороо барьцалдан наалдсан, хэсэг бүлэг хүмүүсийн "бөөн" дурын бөөгнөрөл болчихоод байгаа нь л энэ цагийн эмгэнэлт инээдэм юм. Уг нь дэлхийн хөдөлмөрчдийн их багш В.И.Ленин “Нам бол эрин үеийн оюун ухаан, нэр төр, нандин чанар мөн” хэмээн үзэл бодлоороо эвлэлдэн нэгдсэн Оросын пролетари нарын нэгдлийг хэлж байж. Тэгвэл өнөөдрийн “намчин” нарын УИХ-ын сонгуулиас жил, жил хагасын өмнө байгуулж, сонгууль өнгөрөнгүүт дампууруулчихдаг бөөн дурын нэгдлийг “Синдромны нам бол ашиг сонирхол, авах идэхийн түр зуурын нэгдэл мөн” хэмээн тодорхойлж болно.

“Нам байгуулах синдром”-ын хамгийн хүндэрсэн өвчтөн болох өнөөх Л.Гүндалай  АН-аас хоёр гарч, эргэж хоёр элсэж үзээд адаг сүүлд нь “Ард түмний нам” гээч синдромыг түр зуур эмхэлж цэгцлэх гэхдээ Чингисийн талбай дээр хөхөө өвлийн хүйтэнд үнэгэн лоовууз тавьчихаад хажуугаар нь зөрж өнгөрсөн бүхнийг “Гарын үсгээ зурж хайрла” хэмээн хошуу дэвсэн хашхирч байсан цаг хэдэн жилийн өмнө. Тэгвэл хамгийн хүндэрсэн өвчтөн эрхэм “намчин” гуай өнгөрсөн долоодугаар сарын 30-нд Улсын дээд шүүхээс ээлжит синдром буюу “Ард түмнээ хайрлая” гэх бөөн дурынхаа нэгдлийн гэрчилгээг авсан талаараа мэдээлэл хийж байв. Түүний ээлжит синдром болох “Ард түмнээ хайрлая” хэмээн нэгдэлд тухайн үедээ 1388 гишүүн элсүүлсний 1100 нь  2016 онд УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр сонгосон Орхон аймгийнх байсан гэдэг.

Тэгвэл хамгийн сүүлийн үед Монголын улстөрд дэгдээд байгаа мэдээллээр АН-ын лидерүүдийн нэгэн Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Нам байгуулах синдром”-оор халдварлаад байгаа нь маргашгүй үнэн гэж байгаа. Тэрээр “Бүтээн байгуулалтын нам” гээч бөөн дурын нэгдлийг үүсгэхээр эргэлт буцалтгүй ханцуй шамлан ажилдаа орж, тэр ч байтугай Улсын дээд шүүхэд бүртгүүлчихсэн байж ч болзошгүй гэгдэж байсан. Хэдийгээр УИХ дахь АН-ын бүлгийн дарга асан Д.Эрдэнэбат “АН-аас салан тусгаарлаж нам байгуулж байгаа хүмүүс нь Ж.Батзандан, Лу.Болд нараас өөр байхгүй. Манай нам бат тогтвортой байгаа” хэмээн байн байн мэдэгдсээр байсан ч “Нэгэнт өнгөрсөн андаа санахаар хүрэл зүрх ч хайлна” гэдэг шиг Н.Алтанхуяг, С.Эрдэнэ хоёр хойшид нэг замаар, нэг дуу аялан алхах ямар ч боломжгүй болсныг Ерөнхий сайд асан саяхан тун ч хоржоонтой, хатуухан хэлээд авсан. “Дарга гахай, шувуу”-г дагаж гүйхгүй гэдгээ хоржоонтой мэдэгдсэн Н.Алтанхуягийг гээд даган баясах нөхөд мундахгүй олон байгаа нь ч тодорхой болж байгаа. АН-д “Нам байгуулах синдром”-тон Ж.Батзандан, Лу.Болд, Н.Алтанхуяг нараар хязгаарлагдахгүй. МҮДН гээд ланжгар том ах нарын синдром хэзээ ч хөдлөхийг үгүйсгэж болохгүй.

За тэгээд өнөөдөртөө далдхан сууж байгаа Социал демократуудын нууцхан арми ч байж байгаа. Нэлээн дээхнэ УИХ-ын дарга асанд “Согтуу, хөлчүү”-гээрээ дуудуулж байсан, сүүлийн үед жаахан базаахгүй мэдээлэлд нэр нь баттай хавчуулагдан гомдож, өширхөж яваа ах нарын синдром нэг л өдөр хөдөлж болно. Магадгүй одоогоос нэлээн олон жилийн өмнө Монголын их эзэнт гүрэн байгуулагдсан тэр өдрийг товлон байж, 12 дугаар сарын  6-ны өдөр  таван нам нийлж байгуулсан АН ойн баярынхаа үеэр өнөөдрөөс ч томхон задран унахыг үгүйсгэх боломжгүй. Яагаад гэвэл өнөөдрийн сөрөг хүчин гэгдэх АН дотор “Нам байгуулах синдром”-тонгууд алгуурхан толгойгоо өндийлгөж, эхнээсээ баталгаажаад байгаа нь хаашаа ч бултахын аргагүй үнэн. Тэд зүгээр байя ч гэсэн дотоод зөрчил нь нэг л өдөр сад тавьж, ар араасаа “Нам байгуулах синдром”-оор халдварлах нь ч гарцаагүй болж байна. Яагаад гэвэл “Ашиг сонирхлоороо барьцалдан наалдсан бөөн дурын нэгдэл”-ийг шинээр байгуулж байж 2020 оны сонгуульд бялуу хуваах хэмжээнд гялайж, гялтайх нөхцөл бүрдээд байгаа болохоор хүссэн хүсээгүй синдромын нэгдэл явагдаж л таарна. Харин хэзээ бол.

Ямар ч байсан өнөөдрийн гутамшигт ялагдалдаа сэтгэл нь хөндүүрлэж, сөрөг хүчин гэгддэг ч өдрөөс өдөрт нэр хүнд нь унан доройтож яваа АН-ын өнөөдрийн удирдлага ямар сайндаа 2020 оны УИХ-ын сонгуульд гялтайхгүй гэдгээ гадарлаж эхэлсэн тул арга нь барагдаж, МАХН-ын дарга Н.Энхбаяр руу сэмхэн дэгдэж эхлээд байгаа.

Харин яг өнөөдрийн синдромтой үеэр нь АН-ын дарга С.Эрдэнэтэй “Нэгийгээ үзэх”-ээр бараг л тангараг тавьчихсан Н.Алтанхуяг их л алсыг харсан төлөвлөгөөтэй  ажиллаж эхлээд байгааг улстөр судлаачид цохон тэмдэглэж байгаа. Монголын улстөрд ихээ урт зам туулж, нэгэн цаг үед төрийн эрхийг базаж явсан Н.Алтанхуяг ямар ч гэсэн Ж.Батзандан, Лу.Болд нарыг өөртөө наалдуулах гэж оролдоод бүтээгүй тул одоо тун ч найдвартай, томоохон төлөвлөгөөтэй ажиллах нь ойлгомжтой. Тэгээд ч түүнд чин үнэнчээр хүчин зүтгэх “Ар тал” цөөдөхгүй олон байгаа нь ч тодорхой.

Энэ бүхний эцэст дүгнэлт хийхэд жил гаруйхан хугацааны дараа болох 2020 оны УИХ-ын сонгуульд байгуулагдаад дөнгөж арваадхан хонож байгаа Ж.Батзандан, Лу.Болд, С.Жавхлан нарын Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл нам толгойн хэсэгт дүүхэлзэж, хэний ч таамаглаагүй амжилт олох нь эхнээсээ тодорхойлогдож эхлээд байгаа өнөөдрийн эгзэгтэй цаг үед сүйрэл нь ойртсоор байгаа АН-тай данс дугуйлж, өөрийнхөө “Орон гэр”-ийг барьж байгуулах цаг хугацаагаа Н.Алтанхуяг яагаад ч алдахыг хүсэхгүй нь тодорхой.

Тэгэхээр Ж.Батзандан, Лу.Болд, С.Жавхлан нар үүсгэн байгуулаад 10 гаруйхан хонож байгаа Шинэ намынхаа 2020 оны их амжилтанд толгойгоо эргэтэл баярлах цаг арайхан болоогүй л болов уу. Учир нь Монголын улстөрд тэд нараас өмнө хөл тавьсан, тэднээс ч илүү туршлага хуримтлуулж, замын дундаас урван тэрсэлсэн найз нөхдөө таньж мэдэрсэн Н.Алтанхуяг тун удахгүй ихээхэн хүчтэй тэмцэж, хөдөлж эхлэх нь тодорхой юм.

Ямартай ч өнгөрсөн УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуульд өөрийг нь жийсэн хамтран тэмцэгчид, өөрөөс нь урван тэрсэлсэн журмын нөхөдтөйгөө  Н.Алтанхуяг удахгүй тун хатуухан тэмцэл өрнүүлэх цаг наашилж байна. Магадгүй тэрээр Монголын улстөрийн толгойд дахин гарч ирж, эрх мэдлийг хаман атгах цаг нь 2020 оны зуны дунд сар ч юм билүү...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.