Монгол улсаа дэлхийн нэг сум гэж бодоход бидний хөгжлийн түвшин өнөөгийн Монголын нэг сум шиг л байна

Twitter Print
2019 оны 06-р сар 11-нд 18:09 цагт
Мэдээний зураг,

Улаанбаатараасаа гарч давхиад дурын нэг сум ороё. Захиргаа, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, цагдаа гэсэн тогтмол цалинтай Төрийн хэдхэн хүн, банк, дэлгүүр, хоолны газар, бензин клонк гэсэн хувийн салбарын хэдхэн хүнтэй бусад нь ажил төрөлгүй тэтгэвэр тэтгэмж хүлээсэн хүмүүстэй буйдхан газар очино. 

Сумын төвүүд ид бүтээн байгуулалтын үе буюу анхлан 1950-60-аад онд баригдсан насжиж, муудсан хэдэн барилга байгууламжтай, айл өрхүүд нь модон хашаагай, зуны байшинтай, өвлийн уртад гэрт амьдардаг, эзэнтэй эзэнгүй ноход ноололдож хуцалдсан ийм л орчин угтана. 

Мэдээж дарга, удирдлага сайтай нь эмх цэгцтэй, өнгө зүстэй байх боловч дийлэнхи сумдууд, сумын төвүүд тавиад туучихсан, дэлбэрчихсэн мэт эмх цэгцгүй, засаг захиргаагүй, ил задгай, замбараагүй байдаг. 

Малчид байх боловч сумын хөгжилд бараг үүрэггүй. Харин ч хүүхдүүдээ сургууль, дотуур байранд үнэгүй суулгаж, сургаж хэдэн багш нарынхаа мэдлэг боловсрол, чадал чадамжинд гомдоллох нь олон. Эмнэлгийн үйлчилгээ, эмчилгээнд мөн адил хандана. Төр засгаа л буруутгаж, төсөв, хөрөнгө мөнгө шаардана. 

Уул нь бүгд нийлээд, нэгдээд сумаа, багаа, сумын төвөө, сургууль, цэрэлэг, дотуур байр, эмнэлэгээ өөд нь татая гээд босвол боломж, бололцоо бидэнд дүүрэн байна. 

Сумдууд яагаад хөгжихгүй байна аа? Яагаад ийм дорой байна аа? Уул нь бүх сум байгалийн баялаг, ашигт малтмал дээр нь мал сүрэгтэй. Асуудлын гол нь бодлогын алдаанаас болоод сумаас гарч буй баялгийн орлого эргэж ирдэггүйтэй холбоотой байна. 

Жишээлэхэд нэг алтны уурхайтай сум байлаа гэхэд алтыг олборлож буй нөхөр л баяжаад байхаас тэр сумын иргэдэд огт хүртээлгүй ийм хөгжлийн бодлого манайд хэрэгжиж байна. 

Нэг сумаас 100 кг алт олборлолоо гэхэд 30 кг алтны орлогийг (3 тэрбүм төгрөг) нь уг сумын хөгжилд буцаагаад өгчихдөг хууль, журамтай л болмоор байна. Ингэж чадвал баялагтай сумдууд нэгдсэн төсвөөс нэг хамаараад байлгүй өөрсдөө хөгжөөд явчихна. Баян газар цаашилбал томроод хөгжөөд, хүн амын төвлөрөл бий болоод явна. 

Дээр нь сум бүрт доод тал нь 100 хол давсан мянган малтай байна. Бараг л малын тоо 200-300 мянга хүрч өсөж байна. Энэ их баялаг дээрээ тулгуурласан Малчдын хоршооллыг хөгжүүлэхгүй байгаа нь бидний маш том алдаа. 

Өнөөдөр ганц жишээ татахад махны үнэ хөдөө, сумдуудад Улаанбаатар зэрэг төв суурин газраас 30-40 хувиар хямд байна. Малчид хоршиж чадвал сумын төвдөө энэ алдагдлыг нөхөж, хөдөлмөр хөлсөө шингээн баялаг бүтээж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдэх юм. Малаа нядлах, махаа ангилах, ууталж савлах, ноос, ноолуураа угаах, арьс, нэхийгээ боловсруулах үйлдвэр цэхүүд бий болгох өргөн боломжтой. 

Ийм бодлогын Нэгдсэн бүтэцгүйгээр бид урагшилж хөгжихгүй. 1960-1970-аад онуудад артель сум, нэгдлүүдэд хүчтэй хөгжиж өөрөөр хэлбэл тухайн нутгийн бранд бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэгдэж эхлэн танигдаж, өргөн хэрэглээ бий болж байсан түүхтэй. Харамсалтай нь баяжих, хөрөнгөжих боломж бүрдээд ирсэн тул засгаас хааж, тараасан байдаг. 
Малчид хороондоо хоршин нэгдэж, малчид үйлдвэрлэгчид хамтран эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үйлдвэрлэгчид шаталсан хэлбэрээр анхан, дунд, эцсийн шатны үйлдвэрлэл эрхэлж чадвал Монгол улс амархан босно. 

Үүнд Төрийн хөгжлийн бодлого, зохицуулалт үнэхээр дутагдалтай байна. Бүгдийг зангидах, бүгдийг зохицуулах нэг том ажил гүйцэтгэх Корпорацийг Скандинавийн орнуудын жишгээр байгуулахад л бүх асуудал Төрийн нуруунаас хөнгөрөх юм. 
Өнөөгийн бидний хөгжлийн бодлогын хамгийн том алдаа бол сумдуудад орлогыг нь буцааж өгөхгүй байгаад л байна. Сум бүр орлоготой, мөнгөтэй, хөрөнгөтэй болбол Монгол босно. 

Одоо бид Монгол улсаа дэлхийн нэг сум гэж бодоход бидний хөгжлийн түвшин өнөөгийн нэг Монголын сум шиг л байна.даа. Баялаг байна. Харин орлого байхгүй. Мөнгө байхгүй. Хөгжил байхгүй.

Др. М.Найданхүү

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.