Г.Баясгалан: Сувилагч нарын тоог зайлшгүй нэмэгдүүлэх шаардлагатай л даа...

Twitter Print
2019 оны 06-р сар 11-нд 17:37 цагт
Мэдээний зураг,

Эрүүл мэндийн сайд шинээр баригдаж, удахгүй ашиглалтанд орохоор зэхэж байгаа “Үндэсний оношилгоо, эмчилгээний төв”-ийн үйл ажиллагаатай өчигдөр танилцсан билээ. Энэ томоохон бүтээн байгуулалтын ажлыг “Мон-8 төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж, Монголд анх удаа өндөр хүчин чадал бүхий хавдрыг эрт үед нь оношилдог орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжүүд болон алсын зайн оношилгооны иж бүрэн тоног төхөөрөмж, програм хангамжтай, сургалтанд хамрагдаж мэргэшсэн эмч мэргэжилтнүүд бүхий иж бүрэн оношилгоо, эмчилгээний төв ашиглалтанд орно гэж байгаа.  

Улсын II нэгдсэн эмнэлгийн захирал Г.Баясгалантай уулзаж, бүтээн байгуулалтын ажлын талаар болон эмч нарынх нь шадар туслагчид болсон мэргэжилдээ чадварлаг сувилагч нарын хүрэлцээ хангамж, тэдний хөдөлмөрийг чин шударгаар үнэлж чадаж байгаа эсэх асуудлаар ярилцсанаа уншигч танд толилуулж байна.  

-Тун удахгүй Улаанбаатарчууд төдийгүй нийт Монголчуудын эрүүл мэндийг сахин хамгаалах нэгэн шинэ төв нээлтээ хийх юм байна. Өнөөдрийн байдлаар энэхүү “Үндэсний оношилгоо, эмчилгээний төв”-ийн барилгын ажил ямар шатандаа явж байгаа юм бол?

-Барилгын ажил үндсэндээ дууссан. Эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийн хувьд 215 нэр төрлийн 1870 ширхэг эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэгдэж Эрүүл мэндийн яамнаас томилогдсон эцсийн хэрэглэгч байгууллагын хүлээн авах ажиллахаас өмнө “Эмнэлгийн тоног төхөөрөмжийг туршилтаар ажиллуулж шалгалт хийх, гэрээнд тусгагдсан техникийн тодорхойлолт хангаж буй эсэхийг хянах, баталгаажуулах” комисс ажиллаж байгаатай бас танилцлаа. Харин Цөмийн оношилгооны тасгийн хувьд гүйцэтгэгч “Самсунг си энд ти” консорциумын туслан гүйцэтгэгч “Женерал электроникс” компанийн 29 гадаад мэргэжилтэн хоёр сарын хугацаанд угсралт, суурилуулалтын ажлыг гүйцэтгэхээр Монгол Улсад ажиллаж байгаа.

Манай талын хөрөнгөөр санхүүжих хэсэгт “Эмчийн хөгжлийн төв”-ийг байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд энэхүү төв ашиглалтад орсноор Резидент эмч, мэргэжилтнүүдийн дадлага хийх, манекан дээр ажиллах, сурах орчинг сайжруулах таатай нөхцөл бололцоо үүсэх болно. Сая Удирдах хорооны хурлаар төслийн хэрэгжилтийн хүрээнд тулгамдсан асуудлуудтай танилцаж “Үндэсний оношилгоо, эмчилгээний төв”-ийг цаг хугацаанд нь ашиглалтанд оруулж улсын комисст хүлээлгэн өгөхийг манай Улсын хоёрдугаар төв эмнэлгийн захиргаа болон Төсөл хэрэгжүүлэх нэгжид үүрэг болгосон. 

-Улсын Нэгдсэн хоёрдугаар эмнэлэг бол манай томоохон эмнэлэг. Өнөөдөр танай эмнэлгийн сувилагчид өдөрт хэдэн цаг ажиллаж байгаа болон тэдний дундаж цалинг сонирхож байна л даа. Яагаад гэвэл сувилагчдын цалин тун бага учир хааяа тэр талын эсэргүүцэл, тэмцэл гараад байдаг?  

-ЭМЯ-ны хэмжээнд 19 мянга орчим сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажилладаг тоо мэдээ байдаг юм билээ. Мэдээж эдгээр хүмүүс цаг наргүй ажиллаж байгаа нь яах аргагүй үнэн л дээ. Яагаад тийм их удаан цагаар ажилладаг вэ гэхээр ажлын ачаалал нь яах аргагүй маш их байдаг. Тодруулж хэлбэл нэг сувилагч 2-3 хүний ажил хийж гүйцэтгэж байгаа юм. Шөнийн ээлжинд хоносон сувилагчид бол орой 16:00 цагт ажлаа хүлээж аваад өглөө 08:30-д буух ёстой байдаг. Гэтэл үндсэн ажлаасаа гадна бичиг цаастайгаа зууралдаж, ажлаа бичсээр байгаад л 11-12 цаг хүргэж буух нь элбэг тохиолддог. Харин Өрхийн эмнэлгүүд дээр бол ажлын ачаалал нь бүр дэндүү их байдаг гэх юм билээ. Тэгээд ч ийм их ачаалалтай ажилладаг болохоор сувилагчдын олонхи нь ажил хаялтыг дэмжиж, ихэнх нь ажлаа хаян тэмцэлд оролцоод явж байдаг.

Энд нэг хэдэн тоо хэлбэл хоёр жилийн өмнө 10.000 хүнд ногдох сувилагчийн тоо 37.2 байсан бол 2018 онд 38.5 болж өссөн гэж дуулдсан. Харин өнөөдөр яг хэд болсныг сайн мэдэхгүй байна. Өнөөдөр сувилагчдын дундаж цалин 460-600 мянган төгрөгийн хооронд л хэлбэлзэж байгаа. Үнэхээр энэ бол тэдгээр сувилагчдын амьдралд хаана нь ч хүрэхгүй цалин. Саяхан ЭМЯ-наас зарласнаар бол 9000 сувилагч дутагдалтай, шаардлагатай байгаа юм билээ. Өнгөрсөн 2018 онд л гэхэд нэг сувилагчид 269 өвчтөн ногдож байсан нь 2017 оныхоос хоёр өвчтөнөөр нэмэгдсэн үзүүлэлт байсан.

Тэгвэл өнөөдрийн байдлаар нийт сувилагчдын 23.1 хувь нь анхдагч шатлалд ажиллаж байгаа бол 24.0 хувь нь хоёр дахь шатлалд ажиллаж байгааг ч ЭМЯ-ны ҮЭХ-ноос мэдээлж байсан. Сувилагч нарын ажлын байрны ачаалал, нэг сувилагчид ногдож байгаа өвчтөний тоо ийм л олон байгаатай холбогдон  өнгөрсөн онд 8000 орчим хүний нэгдсэн жагсаал, цуглаан болж байсан. Ер нь бол тэрхүү эсэргүүцлийн ажиллагаа удтал үргэлжилж, сувилагчдын өдөр буюу өнгөрсөн тавдугаар сарын 12-нд ч Д.Сүхбаатарын талбайд үргэлжилнэ гэж байснаа жаахан намжих шиг болсон.

Энд л гэж хэлэхэд манай эмнэлгийн эмч, сувилагчдын зүгээс цалин хөлсөө нэмэгдүүлэх, ажлын ачааллаа бууруулахын төлөөх энэхүү эсэргүүцлийн жагсаал цуглаанд маш идэвхтэй оролцоно гэдгээ илэрхийлж л байсан. Хариугүй жаахан цалин хөлс нь амьдралын баталгаагүй байгаа сувилагч нарын тэрхүү эсэргүүцлийн үр дүнд Засгийн газар болон ЭМЯ-тайгаа хэлэлцээрийн ширээнд сууж, бугшсан асуудлуудаа харилцан ярилцаж, асуудлыг нааштайгаар шийдэх талаар яригдаж байсан ч асуудал өнөөдөр ч хэцүүхэн байдалтай л байгаа.    

Энд л гэж хэлэхэд ээлжинд гардаг сувилагчид л илүү цагийн жаахан мөнгө авдаг. Харин үндсэн ажлын 8 цагаар гардаг сувилагчид бол за үсрээд л 600 орчим мянган төгрөгийн л цалинтай.

-Тэгвэл эсэргүүцлийн жагсаал, цуглаанаар цалингаа яг хэдэн хувиар нэмэгдүүлэх шаардлага тавьж байсан юм бол?

-Өнгөрсөн жилийн эсэргүүцлийн жагсаалаас Засгийн газар, УИХ, ЭМЯ, Төсвийн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны Байнгын хороонд хандаж 5 шаардлага хүргүүлсэн гэдэг. Нэгдүгээрт ЭМЯ-ны ажилтнуудын цалинг 50-иас доошгүй хувиар 2018 оны хоёрдугаар улиралд багтаан нэмэгдүүлэх, хоёрдугаарт сувилагч нарыг Монголын төрөөс дэмжиж, нийгмийн хамгааллынх нь асуудлыг шийдэх, хүнийхээ нөөцийг тогтоон барих, боловсон хүчний бодлогыг хэрэгжүүлэх, үйл ажиллагааны стандартын дагуу орон тоогоор нь ажиллуулах, үүнд шаардагдах төсвийг 2018 оны Төсвийн тодотголд оруулан шийдэх, гуравдугаарт ЭМЯ-ны төрийн үйлчилгээний албан хаагчдын ангилал, зэрэглэлд хамрагдаагүй ажил мэргэжилүүдийг ангилал зэрэглэлд хамруулан 2018 оны гуравдугаар улиралд багтаан төсөвт тусгуулах, дөрөвдүгээрт ЭМ-ийн салбарын ажилтнуудын үр дүнгийн мөнгөн урамшууллыг 60 хувьд хүргэн нэмэгдүүлэх асуудлыг шийдэх, цалин хөлс, урамшуулалтай холбоотой нөхцөл шаардлагуудыг шинэчлэх, тавдугаарт Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч ажилтнуудын Томуугийн дэгдэлтийн үед ажилласан илүү цагийн мөнгийг олгооч ээ гэсэн таван шаардлагыг дээрх газруудад хүргүүлсэн юм билээ.

-Улсын нэгдсэн II эмнэлгийн сувилагч нарын ажлын ачаалал ер нь аль хэр их байдаг юм бол. Иргэдийн зүгээс өрхийн эмнэлгийн чанарт ихээхэн эргэлздэг тул шууд л дараагийн шатлалын эмнэлэгт ханддаг л даа. Энэ талаар яг бодитой хүндрэл бэрхшээлийг ярьж өгөөч?

-Үнэндээ асуудал бол аль аль шатандаа ихээхэн бэрхшээлтэй, амаргүй байгаа л даа. Жишээлбэл манай эмнэлэг дээр л гэхэд сүүлийн 10 гаруй жил 410 гаруйхан хүний орон тоотой, яг тэр орон тоонд харьцуулаад төсөв санхүү огт нэмэгдэхгүй явж ирсэн. Гэтэл гүйцэтгэлээ аваад үзэхээр бид 2006 онд жилдээ 1000 гаруй хагалгаа хийдэг байсан бол одоо 3300 гаруй хагалгаа хийдэг болчихсон. Жилдээ 70-80 мянган хүнд үзлэг хийдэг байсан бол өнөөдөр 160-170 мянган хүнд үзлэг, шинжилгээ хийж байх жишээтэй. Ингээд үзэхээр ажлын ачаалал бол тав таван жилээр эрс нэмэгдээд явж байна. Гэтэл хүний нөөц бол яг л хуучин хэвээрээ яваад байгаа. Манай эмнэлэг нийтдээ 210 ортой байснаа ялимгүй нэмэгдүүлсэн. Эндээ 90 гаруй эмч, 180 орчим сувилагч ажиллаж байх жишээтэй. Бидний зүгээс үе шаттайгаар дотоод нөөц бололцоогоо ашиглан сувилагчдынхаа тоог ялимгүй нэмэх ажиллагаа явуулж байдаг. Үүний үндсэн дээр 25 оронд аль болохоор хоёр сувилагч хонуулаад ажилладаг байснаа ялимгүй нэмэгдүүлсэн байх жишээтэй. Ер нь бол тасаг тасгийнхаа ачааллаас шалтгаалан хувиарлалт хийгээд л явж байдаг юм.

Манай байгууллага бол ажилчдынхаа үндсэн цалинг нь аль болохоор арай өндөр тавьж өгөхийг л хичээсээр ирсэн. Тэгэхийн бол хувь хүнд илүү цагийн хөлс олгохдоо ч тэндээс бодогддог, сүүлд тэтгэвэрт гарахад ч гэсэн Нийгмийн халамжаас авах мөнгө нь ч гэсэн арай илүү байх болов уу гэсэн зарчмаар ажилладаг.

Манай эмнэлэг дээр сувилагчдын дундаж цалин 550-600 мянга орчим л байна. Үүн дээр илүү цагийн хөлс дундажаар 90 мянган төгрөг нэмэгддэг юм. Мөн зэргийн нэмэгдэл, хүнд хортойн нөхцөл дээр бол тодорхой 100 гаруй мэргэжилтэн хамрагдаад явдаг. Харин хоол унааны мөнгө бол 80 орчим мянгаар олгогддог. Тэгээд илүү цаг, дундажтайгаа нийлээд бол 700 гаруй мянган төгрөгийн цалин аваад явдаг. Тэгэхдээ Нийгмийн даатгал, татвар эргэж төлөгдөөд яг гар дээрээ авдаг мөнгө нь 600 мянга арай хүрэхгүй 250, 250 орчим мянган төгрөг хувааж аваад л явцгаадаг байсан нь арай жаахан нэмэгдсэн. Энэ нь бол мэдээж сувилагч нарын амьдралд хүндхэн дарамт болж байгаа юм. Сувилагч нарын хувьд миний хувийн бодол гэвэл ЭМ-ийн салбарт шинэчлэл өөрчлөлт гэж маш олон яригдсан асуудал л даа. Гол нь гүйцэтгэлээсээ шударгаар цалинжаад явдаг шинэчлэл огт хийгдэхгүй байгаа юм. Сүүлийн 10 гаруй жил энэ талаар ярьж тэмцэл өрнүүлж байгаа ч гэсэн олигтой шинэчлэл, өөрчлөлт хийгдээгүй. Ер нь ЭМ-ийн салбарын ажил нь бусад төрийн захиргааны ч юмуу, төрийн тусгайгийн ажлаас их өөр, өөрийн гэсэн онцлогтой л доо. ЭМ-ийн салбарын ажил бол тодорхой бүтээгдэхүүн гаргадаг ажил шүү дээ.

Тэгэхээр хэр зэрэг сайн бүтээгдэхүүн гаргаж, түүнийгээ сайн борлуулж чадна түүний хэмжээгээр ашиг орлого нь өсдөг байх жишээтэй. Харин ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй бол дампуураад явчихна гэсэн үг. Тэгэхээр энд ихээхэн уян хатан, зөв удирдлага л шаардлагатай байгаа юм. Миний харж байгаа гарц бол өнөөдрийнх шиг системээр яваад байвал энэ бүхнээс хэзээ ч ангижирч чадахгүй, ЭМ-ийн салбарын ажил хэзээ ч сэргэхгүй гэдэг нь мэдрэгдээд байдаг юм.

Ер нь бол аль нэг эмнэлгийн даргын ажлыг хүмүүс их гоё гэж бодоод байдаг л даа. Гэтэл тэнд чинь асар их хэрэгцээг ихээхэн бага нөөцөн дээр яажшуухан амжуулдаг юм билээ гэсэн маш их зовлонтой ажил байдаг. Тэгэхээр тэнд өрнөдөг бүх л асуудал эмнэлгийн удирдлага дээр ирээд дэлбэрч гардаг. Жишээлбэл үйлчлүүлэгчээс эмнэлгийн тусламж үйлчилгээ авах сонирхол бол маш их болчихсон. Улаанбаатар хотод л гэхэд одоо хүн ам нь сая 500 мянга гараад явчихсан шүү дээ. Гэтэл 500 мянган хүнтэй байсан тэр л зохицуулалтаар яваад байгаа. Тэгэхээр бодлогын, системийн дориухан шинэчлэлт, өөрчлөлтийг маш түргэн хугацаанд хийх шаардлагатай болчихоод байгаа юм. Хоёрдугаарт тэр гүйцэтгэлээр нь цалинжуулдаг систем рүү оруулахгүй бол яг одоо төрийн бусад үйлчилгээ шиг цалингийн системд баригдаад л байгаад байвал ЭМ-ийн салбарын ажил ерөөсөө урагшлахгүй. Сувилахуйн мэргэжилтнүүд дотор нарийн төвөгтэй ажилбарууд хийдэг, эрсдэл өндөртэй ажлын байран дээр ажиллаж байгаа хүмүүс маш их байгаа юм. Тухайлбал мэс заслын болон эх баригч нар гээд хүний амьтай хамгийн их ойрхон байж мэдээгүйжүүлэлт, эрчимт эмчилгээний гээд хүнд хэцүү нөхцөлд ажилладаг сувилагчид олон байгаа. Энэ хүмүүсийн тухайд шатлалыг нь ахиулах хэрэгтэй гэсэн санаа бодол Засгийн газрын түвшинд яригдаж, эхнээсээ шийдэгдээд явж байгаа нь сайшаалтай.

Өөр бас ярих асуудал юу вэ гэвэл сувилагчийн мэргэжил нь өөрөө ихээхэн онцлогтой мэргэжил л дээ. Яагаад гэвэл хүний аминд маш ойрхон байдаг, тэр сувилагчийн санамсаргүй үйлдлээс болоод хүний амь эрсдэх магадлалтай ийм л эрсдэл өндөртэй мэргэжилд ордог. Тэгэхээр энд нэг бол сувилагч болох гээд ерөөсөө хэрэггүй, харин сувилагч хийе гэж бодож л байгаа бол ажлаа маш сайн, чанартай л хийх шаардлагатай. Миний зүгээс эмнэлгийн захирлын хувьд ийм л шаардлага тавьдаг. Яагаад гэвэл одоо энд ур чадвар, гүйцэтгэлийг ярих цаг аль хэдийнэ болчихоод байгаа юм. Тэр нь зөвхөн цалин хөлсөөс тусдаа асуудал шүү дээ. Яагаад гэвэл сайн гүйцэтгэлтэй, сайн ур чадвартай байж гэмээнэ асуудлыг ярихгүй бол ерөөсөө одоо массаар нь ингэх ёстой, тэгэх ёстой гээд байх юм бол асуудал огт шийдэгдэхгүй байх жишээтэй.

-Өнөөдөр танай сувилагчид дотроо яг хэдэн зэрэгт хуваагддаг вэ?

-За сувилагчид дотроо ахлах, тэргүүлэх гээд мэргэжлийн зэргүүд байдаг. Эдгээр нь тухайн сувилагчийн хийж байгаа ажлууд, ажилласан жилээс хамааран тогтоогддог. Түүнээс гадна манайх төгсөлтийн дараах сургалтын систем ажиллуулдаг. Тэнд хамрагдсан сувилагчид тодорхой кредитээ биелүүлээд явдаг. Гэхдээ миний зүгээс дүгнэхэд ерөнхийдөө тийм нарийн мэргэшсэн сувилагч нарыг арай илүү үнэлгээтэйгээр ажиллуулах шаардлагатай санагддаг. Энд бас нэг зүйлийг хэлэхэд яг үнэнийг хэлэхэд манай ЭМ-ийн салбарт ямар тулгамдсан асуудал байдаг вэ гэхээр тогтвортой засаглал нь ихээхэн алдагдчихаад байгаа юм. Энэ асуудлыг дүгнээд харахад л сүүлийн 10 гаруй жилийг аваад үзэхэд ердөө жилд л нэг Эрүүл мэндийн сайд солигдсон байх жишээтэй. Тэгэхээр манай яаманд нарийн бодлого ерөөсөө тогтвортой явж чаддаггүй. Одоо бол бидэнд ерөөсөө бүгд нэгдсэн, нягтарсан асуудалдаа ажил хэрэгчээр ханддаг нөхцөл байдал маш их хэрэгтэй байгаа юм. Миний зүгээс өнөөдрийг хүртэл тэвчээд, ажиллаад ирсэн эмч мэргэжилтнүүд маань “Одоо ер нь больё, хойшид тэвчихгүй юм байна” гээд ажлаа бүгдээрээ хаячихаасай гэж огт бодохгүй байна. Энэнээс болоод иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирвол хариуцлагыг нь хэн хүлээх юм. Яагаад гэвэл бид чинь тангараг өргөчихсөн хүмүүс шүү дээ. Харин төр засгийн зүгээс өнөөдөр үүсээд байгаа энэ хүндрэл бэрхшээлүүдийг нарийн судлаад, анхааралтай, уян хатан ажиллах л шаардлагатай болж байгаа юм. Тэгэхгүй зүгээр л хүн ардын амь нас, эрүүл мэндийг хохироосон эмх замбараагүй байдал руу энэ нийгмийг, Эрүүл мэндийн салбарыг түлхэх чиглэл рүү битгий яваасай, асуудлыг битгий хүндрүүлээсэй хэмээн чин сэтгэлээсээ бодож байна.

-Ер нь ингэхэд Эрүүл мэндийн яаманд тулгамдаад байгаа энэ бүх хүндрэл бэрхшээлийг даван туулахад хамгийн түрүүнд юу хийх ёстой, эрх баригчдын зүгээс ямар шийдвэр гаргаасай гэж та бүхэн харж, хүлээж байдаг бол?

-Асуудлын гол нь өнөөдөр Монголд амь бөхтэй зууралдсаар байгаа Эрүүл мэндийн яамны гажигтай тогтолцоог өөрчилж сайжруулахгүй бол манай салбарын ажил огт олигтой сайжрахгүй, эмч, ажиллагсад нь ч ажилдаа чин сэтгэл гаргах хууль эрх зүй, цалин хөлсний тогтолцоо ч өөрчлөгдөж сайжрахгүй байгаа юм. Өнөөдрийн энэхүү гажигтай, муу тогтолцоогоор бараг л 30 жил явж байна шүү дээ. Уг нь 2017 онд Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, ЭМЯ-ны ҮЭ-ийн байгууллагуудын хамтарсан Эрүүл мэндийн салбарт ажлын байранд суурилсан цалин хөлсний тогтолцоог нэвтрүүлэх Ажлын байрны үнэлгээ хийж л байсан. Энэ үнэлгээгээр бол эмч, сувилагч нарын ажлын ачааллыг нь үнэлээд тооцоо судалгааг нь хийчихсэн байдаг. Гэтэл яг энэ ажлын байрны үнэлгээн дээр ороогүй Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа ажил мэргэжлүүд өнөөдөр маш олон байгаа юм. Ер нь бол сүүлийн жилүүдэд өргөн хэрэглээний бүх л барааны үнэ ихээхэн өссөн ч эмч, сувилагч нарын цалин хөлс олигтойхон  өсөхгүй, нэг л байрандаа хадаастай байгаад л байсан. Энэнээс болоод манай эмч, сувилагч нарын амьдрал ихэд доройтсон ба өнөөдөр ч олигтой өөрчлөгдөөгүй нь үнэн шүү.

-Эмч, сувилагч нарыг ажлынх нь гүйцэтгэлээр цалинжуулахын тулд одоогийн тогтолцоог өөрчлөн сайжруулчихвал энэ бүгд хэрэгжих боломжтой юу?

-ЭМЯ-ны ҮЭ-ээс тавьж байгаа шаардлагын дагуу эмнэлгийн ажилтнуудын цалин хөлсийг 50 хувиар нэмэхийн тулд жилдээ 162 орчим тэрбум төгрөг шаардлагатай байсан. Ер нь бол Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль батлагдаж гараад хоёр жил гаруй болчихсон л доо. Энэ хуулийн дагуу бол эмнэлгүүдийн удирдлага, бүтэц зохион байгуулалтанд нь шинэчлэл хийх, түүнийг зохицуулах зорилготой хууль гэж байгаа. Урьд нь  эрүүл мэндийн байгууллагууд дээр удирдлагын хагас бие даасан байдлыг туршихаар Төв аймаг болон манай эмнэлэг, Арьсны өвчин судлалын төв зэрэг Эрүүл мэндийн байгууллагууд дээр туршилт хийж байсан. Үндсэндээ тэр хуулийг дагалдан гарах 18 журам байсан л даа. Эдгээр 18 журмын 6 журам нь эцэслэж гараад 8 журам нь 70-80 хувийн гүйцэтгэлтэй явж байгаад эцэстээ баталгаажсан. Хамгийн гол нь  эмнэлгүүд бие даасан байдлаа хангаад эхэлвэл дотоод зохион байгуулалтаараа сувилагч нар болон нийт ажилтнуудынхаа цалин хөлсийг хийсэн ажилд нь тохируулаад олгодог болох тогтолцоо руу шилжих гээд л яваад байгаа юм. Энэ бүхнийг нэг амьсгаагаар хийж хэрэгжүүлэхэд ихээхэн хүндрэл бэрхшээлтэй байгаа нь ч үнэн.

Эмнэлгүүдийн бие даасан засаглал гэдэг нь төсвийн байгууллагуудаас ихээхэн онцлог ялгаатай л даа. Энд чинь нэг ёсны үйлдвэрлэл явагдаад байгаа юм шүү дээ. Яагаад гэвэл эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, хүмүүсийг эмчилж байгаа гэдэг бол нэг ёсондоо бүтээгдэхүүн үйлдвэрлэж л байгаа хэрэг юм. Тэрэнд маш уян хатан систем шаардлагатай байна. Одоо бол манай Төсвийн хуулиар яаж байна гэхээр жилийн төсвөөр хэдэн төгрөг батална. Яг тэрнийхээ хүрээнд л ажиллах шаардлагатай болдог. Хэрвээ илүү гаргачихвал чамд олдохгүй болдог. Жишээлбэл Даатгалаас гэхэд л гүйцэтгэлийг нь илүү хийчихсэн байхад л “Та нар төсвийнхөө хүрээнд л ажиллах ёстой байсан” гэдэг шүүмжлэл сонсдог байх жишээтэй. Гэтэл эмнэлэг дээр дээрх тусламж үйлчилгээнүүдийг хүсч, тэмүүлээд ирж байгаа хүмүүст бид нар үйлчлэхгүй гэвэл буруутай болж, гэм зэмлэл сонсоно шүү дээ. Тэгэхээр гэнэтийн, гадны хүчин зүйлүүд маш их байгаа юм. Жишээлбэл өвлийн улиралд томуу, томуу төст өвчний дэгдэлт ихсэж үе үе ачаалал маш их хэмжээгээр нэмэгддэг. Иймэрхүү эрсдлийн үед эмнэлгүүд Төсвийн хуулиар явахад маш их хүндрэл үүсдэг. Ийм ч учраас Эмнэлгийн тусламж үйлчилгээний хуулийг УИХ-аас баталсан. Энд гол онцлог нь гэвэл Төсвийн зарцуулалтыг нэгдсэн Төсвийн аргаар гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл одоогийн төсөв дөрвөн зүйл ангид яс хуваагддаг болохоор тэр хооронд нь төсвийг гүйлгэхгүй хэмээдэг гажиг байгаа юм. Тухайлбал “Сумын эмнэлгийн цонх хагархай бол тэрийг ганцхан Ерөнхий сайд л зохицуулах ёстой” гэсэн онигоо гарчихсан байсан. Яг тэрэн шиг байдал үүсчихээд байгаа юм. Тухайлбал төсөвт нь мөнгө байгаад байдаг тэгсэн мөртлөө зарцуулах эрх нь байдаггүй.

Эмнэлгийн захирлуудад Төсвийн хуулийг яс барьж ажиллах ёстой гэсэн хатуухан чиглэл өгдөг. Тэр нь юу гэхээр ямар нэгэн илүүдэл гаргаж болохгүй, жаахан ч гэсэн мөнгө огт дутааж болохгүй гэсэн хатуу үүрэг өгдөг. Тэгэхээр энэхүү Эмнэлгийн тусламжийн тухай хууль нь нэгдсэн Төсвийн аргаар санхүүжилт хийгээд харин зардлын зүйл ангийг удирдах хороон дээрээ шийдээд явбал хувь хүмүүсийн гүйцэтгэлтэй холбоотой тусламж үйлчилгээний зардал нь хувь хүний цалин хөлсийг зөв тооцох боломжтой болгоно гэж л бодож байгаа. Тэгэхгүй болохоор тухайн хүний гүйцэтгэлийг тооцохгүйгээр “За би эмчийн хувьд тэдийг авна, сувилагч нар тэдийг авах ёстой” гэсэн шаардлага, нэхэмжлэл яваад байдаг. Гэтэл эмнэлэг дээр шалгаад үзэхээр гүйцэтгэл болгон харилцан адилгүй байдаг юм. Яг нарийндаа бол нэг сайн ажил хийдэг хүн байхад нөгөөх нь муу ажил хийдэг мөртлөө ижил хэмжээний цалин хөлс аваад байгаа нь ихээхэн шударга бус явдал л даа. Тэгэхээр хэрвээ тухайн хүний гүйцэтгэл дээр цалин хөлсийг нь суурилуулж чадвал сайн ажилладаг нь тогтвортой ахиухан цалин аваад ажиллаж чаддаггүй нь багыг аваад явах боломж бүрдэнэ. Энэ нь илүү шударга ёсонд нийцэх зарчим юм. Тэгж явж гэмээнэ магадгүй нийтээр нь “Тэдэн тэрбумыг төсөвт нэм” гэдэг ачаалал ч буурах боломжтой болно. Тэгж гэмээнэ илүү шударга үнэлгээний систем бүрэлдэн тогтох боломжтой юм. Тэгээд үүнийг энэ Засгийн газрын үед хэрэгжүүлнэ гэж л яриад байгаа. Угаасаа У.Хүрэлсүхийн тэргүүлсэн энэ Засгийн газар анх гарч ирэхдээ л “Эмнэлгийн ажилчдын цалин хөлсийг хоёр дахин нэмэгдүүлнэ” хэмээн мөрийн хөтөлбөртөө тусгаад орж ирсэн. Тэгэхээр аль болох тогтвортой бодлогыг барих, хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа юм. Яагаад гэвэл амлалт авч гарч ирсэн Засгийн газар түүнийгээ биелүүлэх л шаардлагатай. Гэтэл хоёр жилийн өмнө төсөв дээр үүссэн яриа хэлцэл гэвэл эмнэлгийн ажилтнуудын зүгээс “Цалин хөлсөө нэмэгдүүлье” хэмээн тэмцэж саналаа ч өгсөн. Тэгээд төсөв батлагдах үеэр “Бондын өр төлбөрийг төлөх гэж байна” гээд яг хуучнаар нь л баталчихсан.

Харин өнгөрсөн жилээс дээрх асуудлыг тал талаас нь сайтар судалж, гайгүй шиг шийдвэрлэсэн зүйлүүд байгаа л даа. Гол хэлэх гээд байгаа зүйл маань нийгэмд ойлгомжгүй, эмх замбараагүй байдал руу битгий уриалан дуудаач ээ гэж л хэлэхээс өөр аргагүй болж байгаа юм. Одоо яг энэ байдлаас болоод ажилчдаа сахилгажуулж, хариуцлагажуулах ажил их бага хэмжээгээр алдагдах вий л гэж санаа зовдог болсон. Үүнийг ч гэсэн манай ҮЭ-ийн зүгээс  маш сайн ойлгож, тавьж байгаа шаардлагууддаа ч тусгаасай гэж бодогддог.  Яагаад гэвэл бид нар чинь тангараг өргөөд хүмүүсийн эрүүл мэндийн төлөө л ажиллаж хариуцлага хүлээгээд сууж байгаа хүмүүс шүү дээ. Гэтэл тэнд ээлжинд гарах ёстой сувилагч “Би цалин багатай учир эсэргүүцлийн жагсаалд оролцохорр ажлаа хаяад явлаа” гэсэн зүйл битгий л үүсээсэй гэж боддог болчихсон. Бидний хувьд “Нэг хүний амь мөнгөөр төлөгдөшгүй” гэж ярьцгаадаг, ажлаа ч тэгж бодож хийдэг болохоор тэрхүү зарчимдаа л үнэнч шударга байх ёстой юм.

-Сувилагч нар яагаад ингэж их дутагдалтай байдаг юм бол. Аль эсвэл сувилагч бэлддэг сургуулийн тоо хангалтгүй байдаг юмуу?

-Өнөөдрийн байдлаар сувилагч бэлддэг сургууль гэхэд улсын хэмжээнд 12-15 орчим байдаг юм билээ. Нэг жилд 720-750 орчим сувилагч сургуулиа төгсөөд гардаг гэж байна лээ.  ЭМЯ-нд байгаа статистик тоо баримтаар бол Монгол Улсын хэмжээнд 12200 орчим  сувилагч ажиллаж байгаа гэсэн бүртгэлтэй байдаг юм билээ. Нэлээн дээхнэ яамнаас 7 чухал стандарт батлуулсан дуулддаг. Тэр стандартаар бол аймаг, дүүргүүдийн нэгдсэн эмнэлгүүд болон төрөлжсөн төв эмнэлгүүдэд ажиллах сувилагч нарын тоо хэмжээ, орон тоог батлан гаргасан юм билээ. Одоогоор Монгол Улсын нэг эмчид оногдох сувилагчийн тоо Олон улсынхаас бага байдаг юм. Тэгээд шинэ тооцоогоор “Нэг эмчид 2-2.5 сувилагч ногдоно” гэсэн тоог гаргасан байдаг. Үндсэндээ өнөөдөр ажиллаж байгаа сувилагч нар дээр нэмж 9000 сувилагчийн орон тоо хэрэгтэй, дутуу байгаа юм. Энэ 9000 сувилагчийг хаанаас олж цуглуулах вэ гэдэг дээр манай яам ажиллаж байгаа юм билээ. Өнөөдөр улсын хэмжээнд 420 орчим туслах сувилагч ажиллаж байгаа гэсэн. Тэгээд ажлаа хийхгүй багагүй хугацаагаар завсардсан сувилагч нарыг дахин сургалтад хамруулах зэрэг нэлээн ажил төлөвлөж байгаа гэсэн. Дээр батлуулсан стандартаар “Дөрвөн сувилагчийн дунд нэг туслах сувилагч ажиллуулна” гэсэн стандарт батлуулсан гэж сонссон. Ингээд стандартаа шинэчлээд авснаар дараа нь төсөв санхүүгээ батлуулахад ч ихээхэн тус нэмэртэй л дээ. Энэ нь ЭМЯ-наас хийж хэрэгжүүлсэн бас ч чухал ажил гэж бодож байгаа.

-За танд дэлгэрэнгүй ярилцлага тайлбар өгсөнд баярлалаа. Ажилд тань амжилт хүсье?

-Өөрт тань ч баярлалаа. Ер нь бол Эрүүл мэндийн салбарт, бидэнд хийж хэрэгжүүлэх шаардлагатай олон ажил байна л даа. Бид тэр бүхнийхээ араас л хөөцөлдөж яваа хүмүүс. Бидний хийж байгаа энэ ажил ч эцсийн дүндээ Монгол хүний эрүүл мэндийн төлөө л хийж яваа том ажил гэж дүгнэж болно...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • zochin

      (112.72.11.116) 2019-06-14 15:00
      • 0
      • 0

      Urkhiin 1 subilagvhid 3500 hvn noogdohoor yaj hvrch vilchilgee vzvvleh be de.ajliin chanarch shaardah erkh bhgui bolchino.

      Хариулах

    • tsatsral

      (202.9.43.50) 2019-06-13 07:49
      • 0
      • 2

      ug ni ih zuv sedeviig yariltssan bna bi ch bas suvilagch hamt bag bolood ajillaj bga udirdlaga emch nar ni suvilagchaa oilgoj haritsdaggui shuudee

      Хариулах

    • Зочин

      (150.129.143.202) 2019-06-12 21:34
      • 0
      • 1

      Монгол улс сувилагч дутагдалтай байгаа шалтгаануудын нэгэнд яах аргагүй ажлын цаг ороно. Илжигнээс ч дор өөрийгөө гаргуунд нь гаргаж 24 цагаар ажилладаг тогтллцоо хаана ч байхгүй.Энэ бол зөвхөн монголд л байдаг тогтолцоо.Ялангуяа зуны улиралд ээлжийн амралт эхэлмэгц 24 цагаар ажиллаад 24цаг амардаг.Энэ бол тухайн сувилагчийг зүгээр солиорлын байдалд автоматаар оруулдаг.

      Хариулах