Дипломат ажилтнуудын балаг үргэлжилсээр л...

Twitter Print
2019 оны 06-р сар 13-нд 11:34 цагт
Мэдээний зураг,

Их эзэн Чингис хаан 1206 онд үүсгэн байгуулсан Их Монгол Улс нь 1405 оныг хүртэл оршин тогтнохдоо урьд нь болон өнөөдрийг хүртэл хаана ч байгаагүй дэлхийн түүхэн дэх хамгийн агуу их гүрэн байсан түүхтэй. Их эзэн Чингис хаан 1000-ны суут хүнээр тодрохдоо дэлхийн түүхэнд бас л урьд өмнө байгаагүй эзэнт гүрнийхээ сүр хүч, байлдан дагуулалтын илэрхийлэл болсон Бүрэн эрхт элч төлөөлөгчдөө дэлхийн өнцөг булан бүр рүү илгээж, өөрийн тушаал зарлиг, сүр хүчийг мэдрүүлж явсан омог бардам түүхийг эгнэгт бүтээсэн суут их хаан байсан билээ. Их Монгол Улсаас эхлэлтэй Бүрэн эрхт элч төлөөлөгчид өнөөдөр бол дэлхийн бүх л улс гүрнүүдийн нэрийнх нь хуудас, таних тэмдэг болж, газар сайгүй тархаж улс гүрнүүдийн хоорондох дипломат үйл ажиллагааны тулгуур багана болж байгаа нь тодорхой. Гэтэл дэлхий дахиныг холбосон энэ цагийн дипломат бодлогын нүүр царай болох учиртай дэлхийн улс орнууд дахь Монгол Улсын Элчин сайдын яам болон консулын газарт өнөөдрийн эрх баригч МАН болон 1990 оны ардчилсан хувьсгал гээч солиорлыг зохион байгуулж өөрсдөө засаг төрийн өндөрлөгт гарцгаасан АН-ынхан ээлжилж, Монгол Улсын төр засгаар тоглосны гай балагийг нь өнөөдөр Монгол Улс үүрч явна.

Яагаад гэвэл Туркийн Истанбул хот дахь Монгол Улсын Ерөнхий консулын газарт 2018 оны долоодугаар сарын 01-нээс Дэд консулаар томилогдож, Монгол Улсын нэрийн хуудас болсон Дипломат паспорт өвөртлөсөн Б.Баттүшиг гэгч нь жолооч С.Эрдэнэбаяртайгаа хамтран Туркээс Чехийн нутгаар дамжин ХБНГУ-ын Дрезден хот руу 70 кг маш хүчтэй хар тамхи тээвэрлэж яваад саатуулагдсан нь Монгол Улсын нэр хүндийг дэлхий дахинд “Өмхий жорлон” шиг л бузарлачихаад байгаа билээ. Тэгвэл Монгол Улсыг дэлхийн тавцанд ганцаардуулж, “Өмхийрсөн жорлон” болгож байгаа дипломат паспорт өвөртлөсөн нүгэлтнүүд нь зөвхөн дээрх хоёр этгээд биш гэдэг нь өдрөөс өдөрт тодорхой болсоор байгаа гунигтай түүхийг арай жаахан дэлгэрүүлье гэж бодлоо.

Яг энэхүү дуулиант хэргийн араас Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар дөнгөж саяхан “Ер нь бол 2018 оны эцсээр мансууруулах бодис зөөсөн асуудал гарч байсан. Бидний зүгээс энэ ноцтой асуудалд онцгой анхаарч ажиллахаар  Европод байгаа өөрийн улсын Элчин сайдын яамд руу чиглэсэн тусгай үйл ажиллагаа явуулъя гэдэг саналыг тавьсан. Намайг анх 2008 онд Гадаад хэргийн яаманд Төрийн нарийн бичгийн даргаар ирэхэд тамхины асуудал түгээмэл болчихсон байсан л даа. Тухайлбал Болгарт ажиллаж байсан дипломат албаны хүн тамхи тээвэрлээд тэндээ ялаа эдлээд гарч байсан” хэмээн Монгол Улсын дипломат паспорт өвөртлөсөн этгээдүүд хэрхэн авирлаж байсныг зах зухаас нь дурдсан байна лээ. Гэтэл яг нарийндаа бол  гадаад орнууд дахь дипломат албаныхан хар тамхи зэрэг хууль бус наймаа хийж байсан тохиолдол нь үнэхээр сэтгэл эмзэглүүлэх хэмжээнд хүрчихсэн юм билээ. Заримаас нь дурдвал 1990-ээд онд “Блэк Морган” гэдэг Олон улсын хараа хяналтад орсон гэх бүлэг байсны эзэн буюу “Босс” нь Болгар дахь Монголын Элчин сайдын зөвлөх асан Д.Шатарбал гэгч байсан гэдэг. Тэрхүү Д.Шатарбал гэгч нь Д.Цогтбаатар сайдын дурдсан хэргээр буюу 120 кг хар тамхи тээвэрлэж яваад 2005 онд Болгарын тусгай албаныханд баригдсан байдаг. Ер нь бол Болгарын хууль сахиулах байгууллага таван сарын турш мөрдсөний эцэст үйлдэл дээр нь барьсан нь тэр байж. Харин Д.Шатарбал гэгч нь тухайн үед 23 сая орчим долларын хар тамхи тээвэрлэж явсан байдаг. Тийм ч учраас 8 жилийн ял авсан юм билээ. За тэгээд яг ийм төрлийн “Нүгэлтэн”-үүдийн цуваа хөвөрч өгнө. Жишээлбэл Монголын нэгэн дипломат ажилтны гэргий тамхины наймаа эрхэлдэг дипломатчдын сүлжээг толгойлдог байсан тухай хар мэдээ гарч л байсан гэдэг. Тэд Вьетнам хамтрагчдынхаа 7.7 сая ширхэг тамхийг Украин, Болгараас Европын холбооны улсууд уруу дипломат эрх ямбаараа бамбай хийн татваргүй нэвтрүүлдэг байж. Тэдний хийж байсан тэрхүү хууль бус наймаанаас нь болж 1.2 сая еврогийн хохирол учирсан гэх юм билээ.

Харин тэдний сүлжээ нь ХБНГУ-ын Лейпцик хотод төвлөрч, дамлахаар бэлтгэсэн янжуураа багцлан боож, дипломат шуудан маягаар өнгөлөн далдалж вьетнамчуудаар дамжуулан Европын холбооны улсууд уруу гаргадаг байжээ. Тэдгээр гэмт хэрэгтнүүдийн хамгийн анх Чехийн гаалийн албаныхан сэжиглэсэнээр тэд удалгүй илрэн баригдацгаасан юм билээ. Тэдгээрээс гадна Алтансайхан гэгч нь  Гадаад Хэргийн яамны дипломат ажилтнаар ажиллаж байхдаа ХБНГУ-д тамхины наймаа эрхэлж байгаад 2001 онд баригдсан гэдэг. Түүнээс гадна Монгол Улсаас Австри улсад суугаа ЭСЯ-нд атташегаар ажиллаж байсан С.Эрдэнэ гэгч нь ХБНГУ-д тамхины хууль бус наймаа хийсэн хэргээр 2002 онд саатуулагдаж, тус улсын хууль хяналтынхан нэг хэсэг хорьж байгаад сулласан байдаг. За тэгээд Бельги дэх Монгол Улсын ЭСЯ-нд ажиллаж байсан Г.Баярхүү гэгч этгээд нь Англид 2003 онд тамхины наймаа хийж яваад баригдан саатуулсан гэдэг. Түүнээс цааш нь хөврүүлвэл Унгарт суугаа ЭСЯ-нд ажиллаж байсан Н.Цэрэнсодном гэгч нь мөн л хар тамхины наймааны хэргээр 2003 онд саатуулагдаж тэндхийн шоронд сууж байсан юм билээ. Харин Болгар дахь Монголын Элчин сайдын яаманд Элчин зөвлөхөөр ажиллаж байсан дээрх Д.Шатарбал гэгч нь их хэмжээний хар тамхийг дипломат дугаартай машинаараа тээвэрлэж яваад тус улсын тусгай албаныханд баривчлагдаж, Болгарт хоригдож, шүүхээс найман жилийн ял шийтгүүлсэн ганц дипломатч гэх юм билээ.   За тэгээд тэдгээр нүгэлтнүүдийн нэрсийг цааш нь үргэлжлүүлвэл Дипломат байгууллагын үйлчилгээ, аж ахуйн газрын орлогч даргаар ажиллаж байсан Д.Ганболд гэгч нь БНБУ-д суугаа Элчин сайдын яаманд ажиллаж байхаасаа эхлэн тамхины наймаа хийсэн гэдэг. Тэрээр ОХУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ-нд Элчин зөвлөх байхдаа эхнэр Н.Сэлэнгийн хамт тамхины наймаа хийж яваад 2005 онд ХБНГУ-д баривчлагдаж байсан бол эхнэр нь нэг хэсэг тус улсад ял эдэлсэн байдаг.

Мөн ГХЯ-ны дипломат ажилтан байсан Б.Даваадорж гэгч нь Тамхины хууль бус наймаа хийсэн хэргээр шалгагдаж байхдаа “Монгол Улсын Элчин сайдын яамны дипломат дугаартай машинаа алдсан” хэмээн тухайн үедээ мэдүүлж байсан гэдэг. Гэтэл яг хар тамхины хэрэгт холбогдуулан шалгах үед алдсан гээд байсан машин нь гэнэт гарч ирж бөөн дуулиан үүсгэж байсан гэдэг. Тийм ч учраас дипломат албаны машинаа хар тамхины наймаачдад ашиглуулж байсан хэмээн түүнийг сэжиглэж байсан ч ХБНГУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдаар томилогдож  чадсан этгээд гэдэг. Хар тамхины хэргээр шалгагдаж байсан “Нүгэлтэн”-үүдийг цааш нь дурдвал Женевт Элчин сайдаар сууж байсан Х.Бэхбат гэгч нь  тамхины хууль бус наймаанд оролцсон хэргээр нэг хэсэг шалгуулж, “Дахин энэ албанд тэнцэхгүй” хэмээн халагдаж байсан гэдэг. Яг иймэрхүү хэргээр олон удаа нэр нь гарч байсан этгээд бол Д.Далайжаргал гэгч юм билээ. Тэрээр Франц дахь Монгол Улсын ЭСЯ-нд зөвлөхөөр ажиллаж байхдаа их хэмжээний тамхийг хууль бусаар хил нэвтрүүлсэн хэрэгт холбогдож байж. Гэхдээ тэрээр халширсангүй. Тухайлбал ЮНЕСКО-гийн Монголын үндэсний хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бол дараа нь бас л БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байсан тун ч өндөр “Арын хаалга”-тай нэгэн болж таарч байгаа юм. Мөн түүнчлэн Беларусийн Брестэд сууж асан Монгол Улсын консул Х.Болдбаатар гэгч нь Польш улсад тамхины хууль наймаа эрхлэгч Н.Цэвэгмид гэгчийг шүүхээс батлан даалтаар авч, оргуулсан хэргээр тус улсад саатуулагдаж байж. Тийм ч болохоор улсын Люблин мужийн хууль хяналтын байгууллагаас консул Х.Болдбаатарыг дээрх хууль бус наймаачинтай холбоотой хэмээн сэжиглэж, саатуулж байжээ.

Европын холбооны томоохон гүрэн болох Франц дахь ЭСЯ-ны Элчин зөвлөхийн алба хашиж байсан Б.Санжмятав гэгч нь  хууль бус тамхины наймаа хийсэн хэргээр 2006 онд Польшт шалгагдаж байсан байдаг. Ер нь тэрээр Францад алба хашиж байхдаа нэг жилийн дотор Европын улсуудаар 150 удаа ямар хэргээр зорчиж байснаа тайлбарлахыг шаардахад “Эхнэрийнхээ хамт биеэ эмчлүүлсэн” гэдэг боловч түүнийгээ нотлох баримт гаргаж өгөөгүй учир тодорхой хугацаагаар хоригдоод гарч байжээ. ТЕГ-ын Гадаад тагнуулын газрын даргаар ажиллаж байгаад дипломат албанд шилжсэн мэргэжлийн тагнуулч гэх С.Цоггэрэл гэгч нь ОХУ дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд ажиллаж байхдаа тамхины хэрэгт сэжиглэгдэж байсан ч мултарч Чех улсад Элчин сайдаар томилогдож дөнгөсөн л байдаг. Мөн түүнчлэн ХХЕГ-т ажиллаж байгаад ОХУ-д суугаа ЭСЯ-нд хилийн төлөөлөгчөөр сууж байсан хошууч генерал А.Баатарцогт гэгч нь  тамхины хэрэгт гардан оролцоогүй ч түүний албан өрөөнд байсан төмөр шүүгээнээс 250 гаруй мянган ам.доллар алдагдсаныг дээрх хууль бус наймааны мөнгө хэмээн сэжиглэж байсан ч дээрх хулгайн хэргийнхээ дараа ОХУ-ын Эрхүү хотод консулаар томилогдож байжээ. Тэгвэл дипломат албанд ажилладаггүй Н.Энхбат гэгч нь ХБНГУ-д их хэмжээний тамхи авч яваад баригдахдаа  дипломат паспорттай явж байсан гэсэн. Харин тэрхүү Н.Энхбатын эхнэр Г.Нархажид нь тухайн үед Япон дахь ЭСЯ-нд ажиллаж байж. Мөн одоогоор нэр нь тодорхой болоод байгаа Г.Дашдаваа гэгч нь БНБУ дахь Монгол Улсын ЭСЯ-нд ажиллаж байхдаа мөн л  эхнэрийхээ хамт тамхины наймаа хийсэн хэрэгт сэжиглэгдэж байсан гэдэг.

Ийнхүү Монгол Улсыг дэлхий нийтэд таниулж, сурталчилж байх учиртай Элчин сайдын яам болоод консулын газруудад нь хар тамхины наймаачид, түүнийг тээвэрлэгчид дүүрэн байх болжээ. Тэр этгээдүүдийг ээлжлэн томилдог Монгол Улсын Засгийн газар, УИХ нь ч бүр нэг дүүрчихсэн танил тал, “Арын хаалга” наймаалцлын үүр уурхай болж дуусчээ. Гэтэл өнөөдрийн Гадаад хэргийн яамны сайд Д.Цогтбаатар “Би 2012 онд Гадаад хэргийн яамнаас явахдаа  тамхины наймаанаас ангижирсан яам үлдээгээд явж байсан. Тэгээд  таван жилийн дараа эргэж ирсэн. 2016 онд өмнө нь өөр яам манай яамтай нэгдэж, салахад орж ирээд тэтгэвэртээ гарчихсан нэг хүний л асуудал гарсан. Дараа нь мансууруулах бодис тээвэрлэсэн хүний асуудал 2018 онц эцсээр орж ирсэн л дээ. Ийм зүйл болонгуут бид албан бичгээр холбогдох байгууллагууддаа хандаад сайтар шалгаж эхэлсэн. Тиймээс бид  огт зүгээр сууж байгаагүй. Харин ч тамхитай тэмцэж байсан бидний өмнөх ажиллагаанууд үр дүнгээ өгсөн. Одоо шинэ ажиллагааны дүн ч гарна” гэж хэлээд сууж байх юм. Гэхдээ тэрээр ярианыхаа завсар “Ер нь манай яаманд харъяалалтай бүх дипломат ажилтнуудыг нарийн сайн шалгах цаг нь болжээ. Намайг ч гэсэн шалгаж болно” гэсэн байсан.

Ер нь ингэхэд Монгол Улсыг дэлхий дахинд сурталчлан таниулах үүрэгтэй Элчин сайдын яамд болон консулын газрууд дахь томилгоог үндсээр нь өөрчилж, тэнд намын харъяалал болон танил тал, “Арын хаалга”, наймаалцлаар томилогддог өнөөдрийн байдлыг үндсээр нь өөрчлөхгүй бол саяхан Австралид Элчин сайдаар томилогдсон Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярын томилгоо шиг хууль бус томилгоонуудаас Монгол Улс мөддөө салж хөндийрөхгүй нь тодорхой байна. Тийм ч болохоор Монгол Улсыг дэлхий нийтэд “Өмхийрсөн жорлон” шиг бузарлаж, буртаглаж байгаа хар тамхины наймаачин, тээвэрлэгчид Гадаад хэргийн яаманд “Түрүүний бөөс толгойд гарах” шиг л шавж, шивээлсэн байгааг хэмх цохиж, шударга ёс тогтоох цаг болжээ...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Irgen

      (107.77.94.26) 2019-06-11 15:23
      • 0
      • 0

      Ene tord ezen bna uu Setgyyldee bayrlallaa iim umiig ard tymend il garg tavisand

      Хариулах