2021 онд Монгол Улс АНУ-руу шууд нислэг хийнэ

Twitter Print
2019 оны 06-р сар 11-нд 09:56 цагт
Мэдээний зураг,

“МИАТ” КОМПАНИ 2024 ОН ГЭХЭД 14 ШУУД НИСЛЭГТЭЙ БОЛНО

Монгол дахь Америкийн худалдааны танхимаас (Amcham) “АНУ-руу шууд нислэг хийх боломж, гарц шийдэл” хэлэлцүүлгийг санаачлан зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт хоёр орны төрийн байгууллагын төлөөллүүд, агаарын тээврийн салбарт үйл компаниудын болон холбогдох мэргэжилтнүүд санаа солилцов.

AmCham-ын гүйцэтгэх захирал Гари Биондо хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, АНУ хоёр орны хооронд шууд нислэг үйлдэхийг дэмжиж байгаагаа онцолсон юм. Гэхдээ “МИАТ” компанийн техник тоног төхөөрөмж, хүний нөөцийн ур чадвар болон компанийн үйл ажиллагаа АНУ-ын баримталдаг хууль тогтоомж, олон улсын шаардлагыг хангаж, нэгдүгээр зэрэглэлд хүрсэн нөхцөлд шууд нислэг үйлдэх бүрэн боломжтой гэв.

Монгол Улсад АНУ-руу шууд нислэг үйлдэх эрхийг олон үе шаттай, өндөр хяналт шалгалтаар олгох аж. Шууд нислэг үйлдэхэд Монголын тал ямар шаардлагууд хангасан байх ёстой талаар The Wicks Group-ийн төлөөлөгч ронс олмонд танилцууллаа.

The Wicks Group нь агаарын тээврийн байгууллагуудад 1999 оноос хойш мэргэжлийн зөвлөгөө өгсөн туршлагатай бөгөөд 2003 оноос хойш 10 орныг нэгдүгээр зэрэглэлд хүргэж, шууд нислэгийн зөвшөөрөлд хамруулжээ. Шууд нислэг үйлдэхийн тулд нэн түрүүнд АНУ-ын холбогдох яаманд зөвшөөрөл авах хүсэлтээ хүргүүлдэг аж. Хүсэлтийн дагуу Америкийн тал үнэлгээний шалгалт хийх зөвшөөрөл олгох аж. Зөвшөөрөл өгөхөөс өмнө “МИАТ”-ийн техник технологи, үйл ажиллагааны аюулгүй байдалд шалгалт хийж, компанид аудит оруулах юм байна.

Хоёр орны хооронд шууд нислэг үйлдэхийг АНУ дэмжиж байна

Мөн Агаарын тээвэрлэлтийн гэрчилгээ авахын тулд таван үе шаттай хяналтын шаардлагуудыг хангах ёстой. Тус гэрчилгээг авахад нүүлгэн шилжүүлэлт, ослын буулт хийх чадвар зэрэг аюулгүй ажиллагааны бүх нөхцөлийг хангасан байх нь чухал юм. Казахстан улс агаарын тээврийн салбараа либералчилж АНУ-руу шууд нислэг хийдэг болсноор эдийн засагт нь эерэг олон өөрчлөлт гарсан гэдгийг төлөөлөгч Ронс Олмонд хэлсэн юм. Мөн тэрбээр Монгол Улсыг Казахстан шиг агаарын тээврийн салбараа либералчлах бүрэн боломжтой гэлээ.

“МИАТ” компани АНУ-руу шууд нислэг үйлдэх нэгдүгээр ангилалд багтвал агаарын тээврийн үйлчилгээгээрээ олон улсад хүлээн зөвшөөрөгдлөө гэсэн үг. Тус компани өнөөдрийн байдлаар 11 улс руу нислэг хийж байгаа бөгөөд 2024 он гэхэд 14 орон руу шууд нислэгтэй болох төлөвлөгөөтэй байгаа юм. Мөн АНУ-руу шууд нислэг үйлдэх ажлын хүрээнд онгоцнуудынхаа тоог нэмэх, техник тоног төхөөрөмжийн чанарыг сайжруулах, ажилтнуудаа нарийн мэргэшүүлж, чадваржуулах олон арга хэмжээг төлөвлөсөн байна. Энэ талаар “МИАТ”-ийн дэд захирал Н.Ганболд “2021 он гэхэд АНУ-руу шууд нислэг үйлдэх боломжтой болно. Таван шалгуурын эхнийхийг хангасан.

Дараа дараагийн шалгууруудын бэлтгэлийг хийж байна. Монголоос Америк руу нисэж байгаа хүмүүсийн 60 хувь нь Вашингтон хотодочдог. Шууд нислэг үйлдэж эхэлбэл энэ тоо хоёр дахин нэмэгдэх магадлалтай. Мөн нийт зорчигчдын 70 хувь нь 6-9 сард нисдэг. Бид жилийн бүх улиралд тогтмол нислэгтэй болох зорилготой. Зорилгын хүрээнд “МИАТ” өрсөлдөх чадвараа сайжруулах олон ажил хийж байна” хэмээлээ.

Шууд нислэг үйлдсэнээр визний үнэ хямдрах эсэх талаар түүнээс тодруулахад “Эдийн засгийн тооцоолол шинжилгээг хийж байгаа. Үнийн хувьд ярихад арай эрт байна. Ойрын хоёр жилийн хугацаанд “МИАТ” нэгдүгээр ангиллын бүх шаардлагыг бүрэн хангах зорилготой” гэсэн юм. Дашрамд сонирхуулахад “МИАТ” компани энэ оны аравдугаар сард шинэ онгоц авахаар төлөвлөж байна.

Б.Бадамцэцэг

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.