Орон нутагт малын хулгайн хэрэг зонхилж байна

Twitter Print
2014 оны 04-р сар 02-нд 07:24 цагт
Мэдээний зураг,

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас 2014 оны эхний улирлын байдлаар  аймгийн хэмжээнд зонхилон гарч буй хулгайн гэмт хэргийн шалтгаан нөхцлийг тусгайлан судалж, дүгнэлт хийжээ. Судалгаанд хамрагдсан хугацаанд аймгийн цагдаагийн хэлтэст нийт 198 гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл бүргэгдсэний 34 буюу 17,6 хувийг нь хулгайн гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл эзлэж байна. Гомдол, мэдээллийн шийдвэрлэлтийн хувьд 15 буюу 44.2 хувьд эрүүгийн хэрэг үүсгэж, 16 буюу 47.0 хувьд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, 3 буюу 8,8 хувийг нь ажиллагаанд нь  шалгаж байгаа ажээ. Мөн энэ хугацаанд нийт 105  хэрэгт хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байх ба үүнээс 28 буюу 26.6 хувийг нь хулгайн гэмт хэрэг эзлэж байна. Үүнээс хөнгөн 5 хэрэгт хэрэг бүртгэлт, хүндэвтэр 23 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна. Энэ хугацаанд малын хулгай 22 , орон байрны хулгайн 6 тус тус гарсан байх ба гэмт хэргийн улмаас 152  тооны бог, 40 тооны бод мал алдагдаж, нийт 84.101.741 төгрөгний материаллаг хохирол учирсан байна. Үүнээс 25 хэрэгт бага бус хэмээний, 1 хэрэгт үлэмж хэмжээний хохирол учирсан байх ба харин хулгайн гэмт хэргийн улмаас их, онц хэмжээний хохирол учруулсан болон хохирогчийг амьдралын эх үүсвэрээс нь салгасан тохиолдол гараагүй байна. Тухайн гэмт хэргийн улмаас учирсан 15.120.000 төгрөгний хохиролыг хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд төлүүлж, сэжигтэн яллагдагч нарын 8.740.000 төгрөгний эд хөрөнгийг битүүмжилжээ. Эдгээр  хэргээс 9  буюу 32.1 хувийг   илрүүлж, 18 буюу 67.9 хувийг нь хэн үйлдсэн болохыг тогтоож чадаагүй байна. Мөн 8 хэрэгт  27 хүн холбогдсоноос 7 хэргийг нь бүлэглэсэн болон  машин механизм ашиглах аргаар үйлдсэн байх ба  11 хүн нь давтан хулгайн гэмт хэрэг үйлджээ. Гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн 14 нь Дундговь, Дорноговь, Өмнөговь аймгийн харъяат 17-54 насны, /эрэгтэйчүүд/  бага болон бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй хүмүүс байгаа ажээ. Дээрх байдлыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад: 2013 оны гуравдугаар 18-ны байдлаар нийт хулгайн 5 гэмт хэрэг гарч байсан  бол энэ  онд  5,6 дахин өссөн байна. Энэ нь 2014 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс Дорноговь аймгийн Айраг, Даланжаргалан, Дундговь аймгийн Цагаандэлгэр, Баянжаргалан зэрэг 4 суманд гарсан гэмт хэрэг манай  хяналтын харъяалалд нэмэгдэж ирсэн, мөн тухайн орон нутагт шилжин суурьшсан хүн амын тоо өссөж байгаатай холбоотой байна. Хэргүүдийн шийдвэрлэлтийг тооцож  үзвэл:  2 хэргийг хэрэгсэхгүй болгож, 2 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, 8 хэрэг түдгэлзүүлж, 16 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж байгаа ажээ. Мөн аймгийн хэмжээнд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг  түдгэлзүүлсэн үлдэгдэл хэрэг 49 хэрэг байгаагаас 34 нь буюу 69,4 хувь хулгайн гэмт хэрэг байна.  Үүнээс 28 буюу 82,4  хувь нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.1 дэх хэсэгт заасан яллагдагчаар татагдвал зохих этгээд тогтоогдоогүй гэх үндэслэлээр түдгэлзүүлсэн хэрэг байх ба 17,6 хувийг бусад үндэслэлээр   түдгэлзүүлсэн байна. Иймээс хулгайн гэмт хэргийн илрүүлэлт, шийдвэрлэлтийг сайжруулах шаардлагатай гэж үзэж тухайн төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцлийг арилгахад төр захиргаа, хууль хяналтын байгууллагаас юунд анхаарвал зохимжтой байгаа талаар Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлд танилцуулж, энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, хэргийн бүрдлийг хангахад ямар нотлох баримт цуглуулан нотлох ажиллагааг хэрхэн гүйцэтгэвэл үр дүнтэй байгаа талаар хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, цагдаагийн байгууллагын ажилтнуудад зориулж  гарын авлага болгон ашиглуулахаар зөвлөмж боловсруулан хүргүүлжээ. Мөн судалгаагаар тогтоогдсон нөхцөл байдлыг аймгийн цагдагийн хэлтсийн удирдлагад мэдээлж, хулгайн гэмт хэргийн илрүүлэлт, шийдвэрлэлтийг сайжруулахыг шаарджээ. Э. Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.