С.Эрдэнэ: Ардчилсан нам хүн амын хөгжлийн цогц бодлого хэрэгжүүлнэ

Twitter Print
2019 оны 06-р сар 10-нд 15:20 цагт
Мэдээний зураг,

Ардчилсан намын үзэл баримтлалыг таниулах сургалт сурталчилгааны үндэсний III аян 11 дэх аймагтаа үргэлжилж байна. УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг орон нутгийн иргэдэд үзэл баримтлалаа таниулах сургалт явуулж, орон нутгийн иргэдтэй уулзах уулзалтыг хийж байна.

Тэтгэвэр 27 мянган төгрөгөөр нэмэгдсэнээс өөрөөр иргэдийн орлого нэмэгдээгүй болохыг орон нутгийн иргэд хэлж байлаа. Гэтэл өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт Улаанбаатараас ялгаагүй өндөр байгаа гэлээ. Ард иргэдийнхээ амьдралыг сайжруулах эрх баригчдын амлалт биелэхгүй байгаад орон нутгийн иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Орон нутгийн төсөв өмнөх жилүүдтэй харьцуулахад нэмэгдэж байгаа ч сүүлийн гурван жилийн хугацаанд бүтээн байгуулалтын ажил огт хийгдэхгүй байгаа нь орон нутгийн хөгжлийг хойш татаж байгааг хэлж байна. Ардчилсан нам засаглаж байх үед хийгдсэн бүтээн байгуулалтаар орон нутгийн хөгжлийн ажил зогссон гэлээ. Хийгдээд явж байсан бүтээн байгуулалтыг тэнд нь зогсоож, хийгдсэн ажлыг нь арчилж хамгаалах тал дээр ч анхаарч ажиллахгүй байгаа тухай орон нутгийн иргэд хэлж байсан юм.

Дорноговь: Дорноговь аймгаас говийн аймгуудын сургалт уулзалт эхэлсэн юм. Дорноговьчууд намын удирдлагуудад өнөөдрийн бодит амьдралын талаар учирлаж байсан юм. Орон нутагт намчирхах үзэл газар авч, төрийн албаны халаа сэлгээ хэрээс хэтэр ч байгааг Дорноговьчууд хэлж байлаа. Мөн дээр нь ажлын байр бий болгох бодлого үгүйлэгдэж байна гэлээ. Орон нутагт ажлын байр, иргэдийн орлого нэмэгдүүлэх хамгийн бодит боломж болдог ЖДҮ эрхлэгчдийг дэмжих сангийн хөрөнгөөс эрх баригчид өөрсдөө авч идсэн үйлдлийг нутгийн иргэд шүүмжилж байлаа. Иргэдийнхээ боломжийг хулгайлсан эрх баригчид орон нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх ажил хийгээгүй атлаа үнэ тогтворжуулах бодлого ч явуулахгүй байна. Мах, гурил будааны үнэ шатахууны үнийн өсөлтийг дагаад өдрөөс өдөрт нэмэгдэж байна гэлээ.

Говьсүмбэр: Ажилгүй иргэдээ үнийн өсөлтөөр далайж буй эрх баригчдын үйлдлийг Говьсүмбэрчүүд ч шүүмжилж байлаа. Орон нутагт ядуурал улам бүр газар авч байхад эрх баригчид 60 тэрбумын схем, ЖДҮ-ийн зээл, 10 сая долларын авлига аваад сууж байгаад нутгийн иргэд бухимдалтай байгаагаа хэлж байсан юм. Орон нутгийн үйлдвэрлэгчдэд их мөнгө хэрэггүй. 1-2 сая төгрөгтэй байхад өрхийн бичил безнис эрхлэх боломж байдаг тухай хэлж байсан юм. Банкны өндөр хүүд дарамтлуулж байгаа тэтгэврийн хөгшид, жижиг дунд үйлдвэрлэгчдийнхээ боломжийг хулгайлсан эрх баригчид хариуцлага хүлээхгүй байгаад гайхаж буйгаа нутгийн иргэд хэлж байсан юм.

Мөн иргэдийн зүгээс хүний хөгжил, тэр дундаа боловсрол, аятай тухтай орчинд амьдрах боломжийг хангаж өгөх чиглэлд хэрэгжиж буй бодлого хангалтгүй байгааг хэлж байлаа. 19 мянга гаруй хүн амтай Говьсүмбэрчүүдэд халуун усны газар нэг ч байдаггүй гэлээ. АН-ын дарга С.Эрдэнэ хэлэхдээ, “АН цаашдаа хүн амын хөгжлийн цогц бодлого явуулах чиглэлд анхаарч ажиллана. Монгол Улсын хөгжил хувь хүний хөгжлөөс хамаарна” гэсэн юм.

Өмнөговь: Ардчилсан намын үед хийгдэж эхэлсэн зам засварын ажлууд ардын намын үед зогссон тухай Өмнөговьчууд хэлж байна. Гэтэл орон нутгийн төсөв өмнөх жилүүдтэй харьцуулахад гурваас дөрөв дахин нэмэгдсэн гэлээ. Төсвийн үр ашигтай зарцуулалт хийгдэхгүй байгаа нь төсөв хэд дахин нэмэгдсэн ч үр дүн гарахгүй байгааг хэлж байна. Дарга нарын тансаглал, үр ашиггүй зарцуулалт нутгийн хөгжлийг хойш татаж байгааг нутгийн иргэд хэлж байгаа юм. Ардчилсан намын үед хийгдэж байсан бүтээн байгуулалт, хөгжлийн бодлогыг говь нутагт үргэлжлүүлвэл хөгжих боломж байгаа тухай ч хэлж байсан юм. 2012-2016 онд Ардчилсан намын хийж эхлүүлсэн Өмнөговийн баруун сумдыг чиглэсэн замын ажил 80 км хүрсэн байдаг. Гэтэл эрх баригчид замын ажыг 80 кмээс цааш үргэлжлүүлээгүйг нутгийн иргэд хэлж байлаа.

Уул уурхайн бүтээн байгуулалт эрчимтэй өрнөхийн хэрээр дэд бүтэц, зам тээврийн асуудал байнга хөндөгдөж байна.  Үүний уршгаар байгаль орчин доройтож байгааг хэллээ. Энэ мэт уул уурхайг тойрсон зам тээвэр, байгаль орчин, усны хомсдол зэрэг асуудлыг шийдвэрлэх цогц бодлого үгүйлэгдэж байгааг Өмнөговьчууд хэлж байна.

Дундговь: 3 жил болж байхад эрх баригчид Дундговь аймагт нэг ч бүтээн байгуулалт хийгээгүй гэлээ. Эрх баригчид өөрсдийн тансаглалд зориулсан зүйлээс өөрөөр иргэдэд чиглэсэн бүтээн байгуулалтын ажил хийхгүй байсаар сонгуулийн жилтэй золгох гэж байгааг иргэдийн зүгээс хэлж байсан юм. Мөн иргэдийн гар дээр авч буй цалин, орлого нэг ч төгрөгөөр нэмэгдээгүй атлаа татвар нэмэгдүүлэх замаар зарлагыг өсгөж байгаа нь эрх баригчдын амлалт эсрэгээрээ хэрэгжиж байгаагийн илрэл болж байна. Үүний дээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт бусад орон нутгийн адил Дундговьчуудын өмнө ч тулгамдсан асуудал болж байгааг хэлж байсан юм.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.