Эхийгээ гэсэн сэтгэлийн учир, үрээ гэсэн Эхийн хайрын холбоо хэрхэн үүсдэг тухай

Twitter Print
2019 оны 06-р сар 13-нд 12:21 цагт
Мэдээний зураг,

Эх үрийн сэтгэлийн нандин холбоо

Манайхны сүүлийн үеийн ярианы хэллэгт: “амьд” гэх үг янз янзаар чихнээ сонин сонсогдох боллоо. Харин жинхэнэ “амьд бурхан” бол Ээж нар мөн. Үүнтэй хэн ч маргалдахгүй нь лавтай. Ээжийн тухай яриа өрнөхөд үр хүүхэд нь ээжийгээ, ээж нь үр хүүхдээ л гэдэг. Энэ нь эх үрд заяасан зүйл юм. Чухам эндээс Эх үрийн холбоо гэсэн ойлголт гарч ирнэ.

Ээжийгээ гэсэн сэтгэлийн учир

Нэгэн хүү эхийнхээ ачийг хариулъя гэж шийдэв гэнэ. Тэгээд насан өндөр буянтнаа үүрч гурван жилийн турш явган явж, эргэл мөргөл хийлгэжээ. “Одоо би лав ээжийнхээ ачийг хариулсан биз” гэж бодоод ухаант мэргэн хүнээс асуувал: “Чи эхийнхээ нэгэн шөнө чамайг ачилж нойргүй хоносны хариу төдий л хийжээ” гэсэн гэдэг. 

Майда багш буюу япон маягийн асрамж

Сэтгүүл, доктор Т.Гандийн тэмдэглэлээс: Японы “Майда, Сайто хоёр хөөрхөн эмээгээ /90 нас хүрч яваа/ нартай уралдан сэрээж, аар саар зүйлээр хооллоод, гарт нь тохойвч, хөлөнд нь өндгөвч зүүлгэн, гарт нь хайч, жижигхэн хүүдий бариулаад гэрийнхээ үүдэнд суулгана. Байшингийн довжооноос хашааны хаалга хүртэл хориод алхам. Хөөрхөн эмээ нь чулуун зам дээр өвдөглөж суугаад замын чулууны завсараар ургасан ганц нэг өвсийг ухаж сугалан хүүдийндээ хийх ажилтай.

Сайто: - Ижийгээ бид хайргүйдээ гадаа мөлхүүлээд өвс зулгаалгаж байгаа юм бишээ. Ижийгээ 100 нас хүргэчих санаатай хөл, гар хуруунуудынх нь үеийг хөдөлгөж, гарт нь тохирсон зугаатай ажил хийлгэх гэж ингэдэг юм. Хөдөлж л байвал ижий маань урт насална, ахин үр наддаа удаан харагдана шүү дээ гэж ярьлаа.

Эхийгээ гэсэн сэтгэлийн учир, үрээ гэсэн Эхийн хайрын холбоо хэрхэн үүсч, хадгалдаг болохыг судалгаанд тулгуурлан санал хуваалцъя:

Хүний амьдралд 2 чухал уулзалт байдаг.

Эхнийх нь хүн хамгийн анх энэ дэлхийд ирэхдээ ээжтэйгээ уулздаг. 

Дараагийнх нь амьдралынхаа ханьтайгаа учирдаг. 

Амьдралынхаа ханиа зөв шинжиж, сонгосон тэр цагаас тухайн гэр бүлд төрж, өсөж бойжиж үр хүүхдийн асуудал тавигддаг. Эрэгтэй /нөхөр/, эмэгтэй /эхнэр/-ийн зүгээс “өвөө шигээ”, “эмээ шигээ” гэх зэргээр сайхан хүүхэдтэй болох юмсан гэсэн нэгэн сэтгэлээр хандах болсон тэр мөчөөс ЭХ-ҮР –ийн сэтгэлийн холбоо ураг бүрэлдэхээс өмнө сэтгэл зүйн хүрээнд бий болдог байна.

Та нар боддоо. Тийм биз дээ.

Хүүхэд олох мөчид Эхнэр – нөхрийн зүгээс бие болоод сэтгэл зүйн хувьд нэгдмэл сэтгэлээр таатай нөхцөл бүрдүүлэх нь чухал болохыг хуучцуул ярьдаг.

Үрээ гэсэн эхийн сэтгэл хүүхэд олсон мөчөөс, эсвэл хүүхдийн төв мэдрэлийн систем бий болж эхэлсэнээс хойш үүсдэг гэх зэргээр хүмүүс хариулахыг оролддог. Харин хүний амьдрал үр тогтсон тэр үеэс эхэлдэг гэдэг нь одоо нэгэнт тодорхой болжээ. Хайртай хүнтэйгээ ханилан сууж, харилцан бие биенээ энхрийлж хайрласаны үр дүнд эхнэр /эх болох хүн/ -ий хэвлийд сэтгэлээсээ хүссэн үр нь бий болсоноор Эх-үрийн холбоо үүсч эхэлдэг.

Эх үрийн хооронд мөнхийн:
- Хүйн холбоо
- Сүүн холбоо
- Сэтгэлийн холбоо
- Ясан холбоо
- Цусан холбоо
- Махан холбоо
- Ашдын холбоо байдаг.

Хүйн холбоо нь: ураг эхийн хэвлийд бүрэлдэх тэр мөчөөс л эхэлдэг. Эх, эцэг нь хүүхэдтэй болсондоо баярлаж буй илэрхийлэл нь урагт очиж буй эцэг эхийн мөнхийн ариун хайрын эхлэл юм. 

Сүүн холбоо нь: хүүхэд хорвоод мэндэлсэн цагаасаа эхэлдэг. Хүүхдээ удаан тайван хөхүүлэх нь сүүгээр дамжин хүүхдэд очиж буй хайр юм. 

Сэтгэлийн, ашдын холбоо нь: хүүхэд хөхнөөс гараад эхтэйгээ амьдрах амьдралын туршид оршиж байдаг. Хүүхдээ тэврэх нь үрээ хайрлах эхийн зүрхний цохилт, хүүхдийн зүрхний цохилт хоёрын нэгдэл юм.

Гэр бүл судлаач Т.Намжил 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.