Анги засварын ажилд хэдэн төгрөг хураасан багш нарыг АТГ шалгаж байна гэх мэдээлэлд гайхаж, хачирхаж байна...

Twitter Print
2019 оны 06-р сар 10-нд 12:07 цагт
Мэдээний зураг,

Анги засварын ажилд хэдэн төгрөг хурааж авсан багш нарыг АТГ шалгаж байна гэх мэдээлэл хараад маш их гайхаж, хачирхаж байна. 

Сургууль үүн дотроо Ерөнхий боловсролын сургууль бол багш, сурагч, эцэг эх гэсэн Гурвалсан нандин холбооноос бүтдэг.  Багш нар таатай орчинд ажиллаж сургалтандаа анхаарч, сурагч чанартай сургалтанд хамрагдаж эрдэм боловсролд шамдаж, эцэг эхчүүд хүүхдүүдээ эрдэм номтой сайн иргэн болгож өсгөхийг хүсдэг. 

Үүнийг бий болгох үндэс нь сургуулийн таатай орчин, багш сурагчдын найрсаг харилцаа, итгэл хүндлэл мөн эцэг эхчүүдийн анхаарал халамж, дэмжлэг туслалцаа юм. 

Анги танхимаа сайхан тохижуулая гэсэн багш нараа бид дэмжих ёстой. Багш өөрийн төлөвлөгөө, зураг, тооцоогоо гаргаад өгвөл эцэг эхчүүд дэмжиж хүүхдээ сургах таатай орчинг бий болгох хэрэгтэй байна. Гагцхүү эцэг эхчүүд эргээд гүйцэтгэсэн ажилд, засварт хяналт тавидаг л байх ёстой. 

Өнөөдөр өндөр өндөр төлбөртэй хувийн сургуулиудад бий болсон хүүхэд сурах таатай орчин, багшийн чадвар, сургалтын чанарыг Төрийн мэдлийн сургуулиуд бий болгоход эцэг эхийн зөвлөл, төгсөгчид, суралцагчид маш том үүрэгтэй. Хэдэн арван саяын өндөр төлбөртэй сургуулиудтай Төрийн мэдлийн сургуулиуд өрсөлдөх чадвартай болоход эцэг эхийн үүрэг хариуцлага асар ихээр дутагдаж байна. Үүнийг бий болгохыг хүссэн багш нараа буруутгаж буй нь харамсалтай л санагдаж байна. Уул нь Монголын Төрөөс ЕБС-иудын чанар чансаа, өрсөлдөх чадвар, сургалтын чанарыг сайжруулахын төлөө зүтгэж л байна. Үүн дээр эцэг эхчүүдийн оролцоо, хувь нэмэр, хандив мөнгө бас хэрэгтэй байна. 

Related image

Норвегид миний дөрвөн хүүхэд ахлах, дунд сургуульд сурдаг. Эцэг эхчүүдийн идэвхи оролцоо маш өндөр байдаг. Хамтран нийлж баяр тэмдэглэх, сайн үйлсийн аян өрнүүлэх зэрэгт эцэг эхчүүд хүүхдүүдээ байнга дэмжиж хандив, мөнгө өгч тусалж байдаг. Норвеги улсад бүх шатны сургуулиуд үнэгүй, Төрөөс төсөв мөнгийг даадаг ч эцэг эхчүүд, багш нартай нь нягт хамтран ажилладаг. 

Өнөөдөр УБ хотын захын сургуулиуд, хөдөө аймаг, сумдын дунд сургуулиуд, дотуур байрны хуучирч муудсан барилга байшинг засварлах, анги танхимыг тохижуулахад эцэг эхийн туслалцаа, дэмжлэг асар ихээр хэрэгтэй байна. 

Хүүхдийнхээ сурч буй сургуулийн орчинг сайжруулахад татганадаг хэрнээ хэдэн арван саяын төлбөртэй хувийн сургуулиудад сургах гээд өрсөлдөөд гүйдэг хачин араншинтай ард түмэн юм даа бид. 

Хувийн сургуулиудад бий болоод буй таатай орчин, сургалтын чанарыг бий болгохын төлөө эцэг эхчүүд Төр засаг, багш нартайгаа хамтран бий болгох ёстой.

М.Найданхүү PhD

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.