Үндсэн хуулиа өнхрүүлээд эхэлчихсэн...

Twitter Print
2019 оны 06-р сар 10-нд 11:01 цагт
Мэдээний зураг,

Урьд нь БНМАУ байсан өнөөдрийн Монгол Улс 1990 онд Ардчилсан хувьсгал гээчийг хийж, АИХ, Улсын Бага хурал хэмээх хоёр танхимтай парламенттай байсан 1992 онд Үндсэн хуулиа өөрчлөн баталснаас хойш 27 жилийн дараа дахин өөрчлөн шинэчлэхээр УИХ-ын гишүүд санал нэгдэж, тэрхүү өөрчлөлтүүдээ УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн бариад дөрөв хонож байна. Ер нь бол 1992 оны шинэ Үндсэн хуулийн эцэг нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавъяат хуульч Б.Чимид гуай байсан нь ийнхүү он цагийн эргэлтэнд мартагдаж эхлэх тал руугаа хандлаа. 

Хамгийн хачирхалтай нь 1992 оны нэгдүгээр сарын 13-нд батлан гаргасан Үндсэн хуульдаа 2000 онд “Дордуулсан долоон өөрчлөлт” гээчийг хийж, өнхрүүлж байснаас хойш 19 жилийн дараа ийнхүү өөрчлөлт оруулж, 30 гаруй нэмэлт  өөрчлөлт бүхий хуулийн төслийн гол удирдагч УИХ-ын Хууль зүйн Байнгын хороон дарга Д.Лүндээжанцан УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан билээ. Тэгээд ч Үндсэн хуульдаа дахин  30 гаруй нэмэлт өөрчлөлт оруулахаар зориг шулуудсан өнөөдрийн УИХ-ын Хууль зүйн Байнгын хороон дарга, УИХ-д хамгийн олон жил дархлагдаж суугаа Д.Лүндээжанцан дарга хуулийн төслөө өргөн барьсаныхаа дараа  “Аливаа улсын Үндсэн хууль нь тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөг бататган бэхжүүлж, төрийн байгууллын үндсийг тогтоосон эв нэгдлийн гэрээ, улстөр, эрх зүйн тулгуур баримт бичиг, гол хууль нь байдаг билээ. Энэ ч жам ёс жишгийн дагуу Монгол Улс 1992 онд шинэ Үндсэн хуулиа батлан мөрдөөд 27 жил боллоо.

Энэ хугацаанд нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралд зарчмын шинэтгэлүүд хийгджээ. Гэхдээ улс орны хөгжил дэвшил, хүний эрх, эрх чөлөөний баталгаажилтыг урагш ахиулахын тулд Үндсэн хуульд зарим нэмэлт, өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага бий болсон гэж үзэж байна. Үе үеийн УИХ-ын бүрэлдэхүүнээс Үндсэн хуульдаа зохих нэмэлт, тодотгол хийх санал санаачлага гарч байлаа.

Энэ бүхний эцэст 2016-2017 онд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага байгаа эсэхийг УИХ, Засгийн газрын түвшинд судлан Үндсэн хуулийн зарим зүйл, хэсэг, заалтад нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн санал, дүгнэлт гарсан.

Бидний зүгээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулахдаа, ард иргэдийн төлөөллийн үүргээ хариуцлагатай хэрэгжүүлдэг парламент, урт хугацааны хөгжлийн бодлоготой, хариуцлагатай, тогтвортой Засгийн газар, хараат бусаар шударга шийдвэр гаргах чадвартай шүүх, нутгийн удирдлагын боловсронгуй тогтолцоог бэхжүүлэхэд гол анхаарлаа хандуулсан. Эдгээр 4 багц асуудлаар Үндсэн хуулийн 20 гаруй зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа нь Үндсэн хуулийн нийт зүйлийн 28,5 хувийг эзэлж байгаа. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулахад эх хуулийнхаа үзэл баримтлал, үндсэн зарчмыг ягштал баримталсан.  

Энэхүү нэмэлт, өөрчлөлтийг хийснээр, Үндсэн хуульд 2000 онд оруулсан долоон нэмэлт, өөрчлөлтийг засч залруулж, байгалийн баялаг ашигласны үр өгөөж ард түмэнд хүрч очих нөхцөл боломжийг нээж өгч, парламентын ардчиллыг зөв гольдролд оруулна. Мөн  ард түмний засаглах эрхийг ханган Улсын Их Хурлын хяналт, хариуцлагыг дээшлүүлж, төрийн эрх мэдлийн хяналт тэнцвэр оновчтой болгож, гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангаж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны баталгаа байх ёстой шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлнэ. Түүнчлэн хараат бус байдлыг хангах, улсын болон орон нутгийн харьяалалтай хотын эрх зүйн байдлыг тодорхой болгож, нутгийн өөрөө удирдах ёс боловсронгуй болж, сум, дүүргийн Засаг даргыг иргэд өөрсдөө шууд сонгодог болно” хэмээн айлдсан билээ.  

Тэгээд ч  УИХ-ын сүүлийн гурван удаагийн бүрэлдэхүүн дамжин яригдсан нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг иргэдийн санаа бодол, судалгааны үр дүнд тулгуурлан боловсруулж, өнөөдрийн УИХ-ын нэр бүхий 64 гишүүн хамтран УИХ-д өргөн мэдүүлж байгааг ч дурдаж байсан. Гэтэл яг бодит байдал дээр энэ удаагийн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар төслөө өргөн барьсан Д.Лүндээжанцан даргын хэлсэн шиг 30 гаруйхан өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулахаар шамдаагүй нь тодорхой болж байгаа.

Яг үнэндээ бол өнөөдрийн эрх баригчид Монгол Улсын Үндсэн хуульд 40 гаруй зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгасанаас Үндсэн хуулийг сайжруулах, ардчиллыг баталгаажуулах, төрийн дээр нам гарсан гажуудлыг засах, иргэдийн эрх, эрх чөлөөг нэмэгдүүлэх талаар олигтой өөрчлөлт шинэчлэлт огтхон ч харагдахгүй байгааг улстөр судлаачид тоочиж эхлээд байгаа. Гэхдээ эдгээр өөрчлөлтүүдээс ганц гайгүй нь "Сум, дүүргийн Засаг даргыг иргэд сонгоно" гэснийг л тооцож болох юм гэдгийг ч дурдсан байна лээ. Харин эрхэм улстөр судлаачдын дүгнэлттэй өөрийн бодлыг тэрсэлдүүлмээр санагдаад болдоггүй. Тухайлбал Д.Лүндээжанцан даргын өргөн барьсан Үндсэн хуулийн өөрчлөлтийг амжуулаад хийчихвэл аймаг, нийслэлийн Засаг дарга нарыг аль нэгэн намаас томилчихоор тэдний гарын аясаар хөдлөх сум, дүүргийн Засаг дарга нар ер нь хаа холдох вэ дээ.

Ер нь бол Д.Лүндээжанцан даргын нэг ангийн нөхөр Г.Занданшатартаа өргөн барьсан Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн үг, утга бүр нь нам төвтэй өнөөдрийн хачин жигтэй улстөрийн тогтолцоог улам баталгаажуулсан, бүр нэг МАН-ыг хашиж хамгаалсан төсөл болчихсон нь жаахан уншихаар л тодорхой болчихоод байгаа юм. Энэ төсөлд улс орон, нийгмийн амьдрал, ард иргэдэд хэрэг болох ядаж ганц хоёрхон ч болтугай нэмэлт өөрчлөлт оруулчихаж болдоггүй л юм байх даа.

Дөрөвхөн хоногийн өмнө өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь 2020.07.01-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөөд явчихна гэж бодохоор өнөөдрийн эрх баригчид ямар нэгэн аргаар “Арьсаа хамгаалах”-аар үхэлдэж байгаа нь энэхүү нэмэлт өөрчлөлт гэгчээс нь мөн ч тодорхой харагдаж байгааг хэлэх ёстой.

Мөн Үндсэн хуулийн өөрчлөлт хэрэгжиж эхлэх яг тэрхэн үед цаг нь болоод халаагаа өгөх учиртай Дээд шүүхийн шүүгчид нь энэхүү Үндсэн хуулийн өөрчлөлтийг “Цээжээрээ хамгаалан батлах” нь тодорхой. Учир нь өнөөдрийн Дээд шүүхийн шүүгчид Үндсэн хуульд оруулсан "Дээд шүүхийн шүүгчид 12 жил, Үндсэн хуулийн цэцийн гишүүд 6 жил бүрэн эрхээ хэрэгжүүлнэ" гэсэн нэмэлт өөрчлөлтийг ёстой л “Толгой дээрээ залан батлах” нь ойлгомжтой шүү дээ.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан ахалсан гэдгийг би дээр сануулсан. Гэтэл яг үнэндээ УИХ-д “Амьд бурхан” болж суугаа Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Ч.Улаан, Н.Энхболд, Д.Тэрбишдагва мэтийн товаришуудаас  яаж ч шахаад олигтой юу ч гарахгүй  нь тодорхой л доо.

За ямартай ч тэдний зүгээс буюу өнөөдрийн эрх баригч МАН-ын 64 товаришын “Хоёр гараа өргөн дэмжсэн” Үндсэн хуулийн өөрчлөлт гэгчийг өнөөдрийн УИХ яаж ийгээд батлах нь эхнээсээ тодорхой болж эхэллээ дээ. Учир нь тэдний цаг яваад эхэлчихсэн шүү...  

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.