Э.Эрдэнэ: Дипломат албан паспорт, автомашин ашиглан гэмт хэрэг үйлдэж байж болзошгүй гэх мэдээллийг авсан байсан

Twitter Print
2019 оны 06-р сар 07-нд 15:03 цагт
Мэдээний зураг,

ТЕГ-ын Тамгын газрын дарга, хурандаа Э.Эрдэнэ Германд хар тамхины хэргээр баригдсан дипломатчдын тухай мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Дипломатч Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нар Чех улсаас ХБНГУ-ын хилээр нэвтэрч байх үедээ дипломат дугаартай автомашинтай саатуулагдсан. Энэ үед 70 кг гэроин буюу мансууруулах бодис их хэмжээгээр тээвэрлэн явж байсан нь тогтоогдсон. Нэг ёсондоо үйлдэл дээрээ баригдаж саатуулагдсан. Энэ асуудалтай холбогдуулан Германы прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Мөн Тагнуулын байгууллагын зүгээс энэ хэрэгтэй холбоотой зохион байгуулагч, нийлүүлэгчдийг шалгах ажлыг хийж байна.

2018 оны сүүл болон 2019 оны эхээр Европын холбооны улсуудад дипломат албан паспорт, дипломат дугаартай автомашин ашиглан хилээр хууль бус эд зүйл нэвтрүүлэх гэмт хэрэг үйлдэж байж болзошгүй гэх мэдээллийг авч эхэлсэн. Үүний дагуу ГХЯ болон ТЕГ хамтарч хэд хэдэн чиглэлээр шалгалт хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна. ХБНГУ-ын хууль хяналтын байгууллагатай энэ чиглэлээр хамтран ажиллаж байсан энэ үед энэ хэрэг гарсан.

ХБНГУ, Монгол улсын хооронд байгуулсан эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх хэлэлцээр байхгүй. Тэгэхээр энэ гэмт хэргийг Герман улсын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ. Нарийн үзвэл дипломат дугаартай автомашин нь албан хаагчдын хувийн автомашин байсан. Дипломатууд тухайн орондоо хүсэлт тавиад хувийн автомашиндаа дипломат дугаар авч болдог. Ийм машиныг хэргийг үйлдэхдээ ашигласан байж болзошгүй. Шалгалт судалгааны ажил явагдаж байгаа. Тагнуулын байгууллагаас зохион байгуулалттай гэмт хэрэгт монгол хүмүүс ямар байдлаар ашиглагдаж байгааг шалгаж, дахин ийм явдал гаргахгүй байх, урьдчилан сэргийлэх талаар ажиллаж байгаа” гэлээ.

Дипломатч Б.Баттүшиг өмнө нь Тагнуулын ерөнхий газарт ажиллаж байжээ. 2018 онд үүрэгт ажилдаа томилогдсон бөгөөд Гадаад хэргийн яамны шугамаар хоёр ч удаа үүрэг гүйцэтгэж байгаа юм байна.

Монгол улсын 160 орчим иргэн хилийн чанадад хар тамхины хэргээр ял эдэлж байгаа аж.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • ЗОЧИН

      (103.57.92.79) 2019-06-08 17:37
      • 0
      • 0

      МАНАЙ ЭЛЧИНГИЙН АЖИЛТАНГУУД БОЛОН ХАМААТАНГУУД НЬ ХАР ТАМХИ ЗѲѲЖ Л БАЯЖДАГ ШҮҮ АНХ УДАА БИШ ДЭЭ

      Хариулах