Брунейд хариу тоглолтоо хийх Монголын шигшээ баг өнөөдөр эх орноосоо мордлоо

Twitter Print
2019 оны 06-р сар 07-нд 11:06 цагт
Мэдээний зураг,

“Катар 2022” ДАШТ болон 2023 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны эрхийн төлөөх тоглолт өчигдөр Монгол, Бруней Даруссаламын багуудын хооронд өрнөлөө.

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг, Бруней Даруссаламын багтай өөрийн талбайдаа тоглож, 2:0-оор хожиж эхний хожлоо авлаа. Тоглолтын эхний гоолыг 9 дэх минутад Монголын багийн ахлагч Н.Цэдэнбал чөлөөт цохилтоос оруулсан бол 69 дэх минутад Н.Наранболд хоёр дахь гоолыг оруулсан юм.

Талбайдаа заавал хожих даалгавартай байсан “Талын хөх чононууд” хөгжөөн дэмжигчдээ баярлуулж, эхний тоглолтыг хожлоор өндөрлүүллээ. Хоёр багийн хариу тоглолт энэ  сарын 11-д Бруней Даруссалам улсын Боромей аралд байрлах Султаны нэрэмжит талбайд болох юм.

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг хэдийгээр эхний тоглолтдоо хожил байгуулсан ч дүгнэх хараахан эрт байна. Учир нь хариу тоглолтын дараа буюу 2 тоглолтын нийлбэр дүнгээр дараагийн шатанд хожлоор тэргүүлсэн баг нь шалгарах учиртай юм. Хоёр багийн тоглолтын дараа багийн дасгалжуулагч нар ярилцлага өглөө.

Бруней шигшээ багийн дасгалжуулагч, Голланд мэргэжилтэн Робби Сервайс "Монголын шигшээ багийн тамирчид биеийн хүчний тоглолтоор илүү байлаа. Бид нарт хариу тоглолт байгаа. Монголын баг өөрийн талбайдаа 2:0-оор хожсон ч гэсэн бид дараагийн тоглолтыг бодож байна. Миний хувьд энэ тоглолтын дараа багтайгаа хийсэн гэрээ маань дуусна. Цаг агаар хүйтэн байлаа. Гэхдээ талбайн хувьд хүндрэл байсан. Бидний хувьд амьд зүлгэн дээр тоглодог. Харин Монголын талбай хиймэл зүлэгтэй учраас энэ бас тоглолтод сөргөөр нөлөөлсөн байх талтай. Мөн тоглолтын хувьд бид нар богино дамжуулалт хийхээс эхлээд хүндрэлтэй байлаа. Гэхдээ монголчууд эхний тоглолтод хожсон ч баярлах болоогүй. Дахин нэг тоглолт байна. Бид энэ тоглолтод илүү их анхаарч байгаа юм" гэлээ.

Монголын багийн дасгалжуулагч, Герман мэргэжилтэн Майкл Вайсс "Өнөөдрийн тоглолтын үр дүнд сэтгэл хангалуун байна. Гэхдээ ганц тоглолтоор шийдэгдэх асуудал биш учраас эрт тайвширч болохгүй. Бид нар Бруней руу 12 цагийн нислэгтэй учраас залуус маань сайн амарч сэргэлт авах ёстой. Мэдээж бидний хувьд дахин ялалт байгуулж, цааш дараагийн шатанд тоглохыг хүсэж байна. Бид нар эсрэг багийн хамгаалалтын алдааг ашиглах хэрэгтэй. Гарааны 11 тоглогчдод сэтгэл хангалуун байна. Тэднийг үнэлэхгүй байж болохгүй. Гарааны 11 тоглогчоос Н.Наранболд, Х.Цэнд-Аюуш, Д.Төрбат нарыг онцолж хэлэхэд тэд маш сайн байлаа. Мөн П.Энхбилэг ч онцгой байсан. Бид Брунейд 35 градусын халуунд тоглоно. Тэнд нөхцөл байдал яаж өрнөхийг мэдэхгүй байна. Тухайн нөхцөл байдлыг харж байгаад шийдвэрээ гаргана. Бидэнд маш сайн нөөц боломж байгаа. Бид техникийн ур чадвартай гэдгээ харуулсан. Манай баг хамгаалалтад илүү байж чадсан учраас үр дүн 2:0-оор дууслаа. Брунейн тоглогчид өөрийн талбайд сайн тоглож чадахаар баг байна. Тиймээс биднийг ямар нөхцөл хүлээж байгааг хэлж мэдэхгүй байна. Бид боломжоо алдахгүй. Брунейд тоглох тоглолтод гарааны 11 тоглогч бараг өөрчлөгдөхгүй байх" гэсэн юм.

Брунейн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Голланд мэргэжилтэн насны хувьд харьцангуй залуу дасгалжуулагч юм. Тус багийн хувьд дэлхийд чансаагаараа 197-д бичигдэж байгаа бол Монголын шигшээ баг 187-д бичигддэг. Брунейд хариу тоглолтоо хийх Монголын хөлбөмбөгийн шигшээ баг өнөөдөр эх орноосоо мордлоо.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.