Х.Баделхан:”Буянт-Ухаа-2” хорооллын 972 айлын түрээсийн орон сууцыг Нийслэлд шилжүүлж өгнө...

Twitter Print
2019 оны 06-р сар 06-нд 12:11 цагт
Мэдээний зураг,

Барилга хот байгуулалтын сайд Х.Баделханаас өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж баталсан асуудлынх нь талаар тодрууллаа. Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар гол нь Түрээсийн Орон сууцны талаар Барилга хот байгуулалтын яам ямар чиг үүрэгтэй, тэр ажлыг хэрхэн зохион байгуулах талаар нэлээн нухацтай хэлэлцсэн талаар Х.Баделхан сайд энэхүү ярилцлагадаа онцлон дурдлаа. 

-Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаас шийдсэн асуудлыг танай яамны ажил хариуцсан хүмүүс хариуцан гүйцэтгэх учиртай. Тэр талаар ярилцлагаа эхлэх үү?

-Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар манай иргэдийн зүгээс ихээхэн хүсэлт, хүлээлттэй болчихоод байсан Түрээсийн Орон сууцыг иргэддээ хэрхэн өмчлүүлэх талаар урьд нь баталсан журамаа баталгаажуулах чухал шийдвэр гаргасан л даа. Яг энэ асуудлаар манай иргэдээс маш олон хүсэлт, зарим талаар шаардлага, гомдол ирсэн. Одоо орон байраа Түрээсийн журмаар ашиглаж байгаа иргэдийн орон байрыг боломжтой үед нь хувьчилж өгөөч ээ гэсэн санал хүсэлтийнх нь дагуу шийдвэрлэх асуудлаар манай яамны зүгээс нэлээн судалгаа хийсний үр дүнд Засгийн газрын хуралдаанаар саяхан ашиглалтанд орсон “Буянт-Ухаа-2” хорооллын 972 айлын Орон сууцыг бүхлээр нь Түрээсээр олгох шийдвэр гаргасан. Энд бас нэг зүйлийг нэмж хэлэхэд одоогоор орон байраа Түрээсээр ашиглаж байгаа иргэд бол тухайн Түрээслэж байгаа байгууллагууддаа тодорхой хүсэлт гаргаад хоёр ч нөхцөл хангасан тохиолдолд өмчилж болно гэсэн журмыг урьд нь тогтоосон л доо.

Энэ хоёр нөхцөлийн нэгдүгээрх нь тэр байрныхаа урьдчилсан төлбөрийн 30 хувийг нь төлсөний дараа Ипотекийн зээлд хамааруулах журмаар тэрхүү байраа өөртөө өмчлөн авч болно гэсэн нөхцөлтэй заалт орсон байгаа.

Хоёр дахь заалт нь бол зарим улсууд төлбөрийн чадвартай, боломж нөхцөл сайтай байвал 5 жилийн хугацаанд ч юмуу тухайн байгууллагатайгаа тохиролцсоны үндсэн дээр сар болгон тодорхой хэмжээний төлбөрөө төлөөд тухайн Орон сууцыг өмчлөн авч болно гэсэн заалт Засгийн газрын хуралдаанаар батлагдан гарсан байгаа. Энэ журам нь батлагдсан өдрөөсөө эхлээд дагаж мөрдөгдөөд, хэрэгжээд явж байгаа. Гэхдээ тэдгээр Орон сууцнууд нь Түрээсийн Орон сууцны сангаас бүрдсэн, Түрээсээр ашиглаж байгаа орон байрууд л байх юм. Нэг ёсондоо өмнө нь ТОСК-ын нэг хоёрдугаар хорооллын байрнуудыг манай иргэд Түрээсээр ашиглаж байгаа шүү дээ. Тэгэхээр тэдгээр иргэд дээрх журмын дагуу л Орон сууцаа хувьчлан авах эрх нээгдсэн гэсэн үг юм. Ер нь бол точхондоо мэдээлэхэд ийм л шийдвэрийг Засгийн газрын урьд өмнөх болон өчигдрийн хуралдаануудаас батлан гаргасан байгаа.

-Орон сууцны урьдчилгаа болох 30 хувийн мөнгөн дээр ямар хугацаа тогтоож байгаа бол?    

-Шинэ Орон сууцны урьдчилгаа болох 30 хувийн мөнгийг таван жил хүртэлх хугацаанд төлж барагдуулж болно гэсэн заалт орсон. Гэхдээ тэр хугацааг Барилгын компанитайгаа болон тухайн аж ахуйн нэгжтэй харилцан тохиролцож болно гэж үзэж байгаа. Тухайлбал тухайн Орон сууцыг өмчлөгч компанитайгаа тохироод гурван жилд юмуу таван жилд 30 хувийн мөнгөө бүрдүүлсэний дараа Ипотекийн зээлд хамрагдаж болох нөхцөлийг нээж, бүрдүүлж өгч байгаа юм. 

-Тэгвэл Монголын барилгын зах зээл дээр Түрээслэх боломжтой Орон сууц аль хэр хангалттай хэмжээтэй байгаа бол?

-Тэр талаар ахиц дэвшлүүд гарсаар л байгаа. Тухайлбал ТОСК-1 хороолол дээр бол 1512 айлын Орон сууц байсан л даа. Энэхүү 1512 Орон сууцанд сууж ашиглаж байгаа иргэд Орон сууцаа Засгийн газрын хуралдаанаар баталсан хоёр журмаар хувьчлан авч болно. Тэгээд ч тэрхүү журам нь аль хэдийнэ мөрдөгдөөд явж байгаа гэдгийг түрүүнд би дурдсан даа. Эдгээр дээр нэмэгдээд “Буянт-Ухаа-2” хорооллын 972 айлын Орон сууц удахгүй Түрээслэх эзэддээ очиж эхэлнэ. За тэгээд араас нь яг тэр талын хорооллууд шил шилээ дараад ашиглалтанд ороод явчихна.

-Тэгвэл өнөөдрийг хүртэлх Түрээсийн төлбөр нь шинэ журманд дагаж мөрдөгдөөд явах юм байна гэж ойлгож болох уу?

-Тэгж ойлгож болохгүй. Яагаад гэвэл өнөөдрийг хүртэлх Түрээсийн төлбөр нь энэхүү журманд хамаагүй, нэг ёсондоо дагаж мөрдөгдөхгүй гэсэн үг. Товчхондоо бол Түрээсийн гэрээг цоо шинээр байгуулж, тэгээд дагаж мөрдөх учиртай юм. Одоо жишээ нь “Буянт-Ухаа-2” хорооллын 972 айлын Орон сууцыг Түрээсээр эзэмших эрхийг Улаанбаатар хотын зүгээс гардан авах иргэд шинээр гэрээ байгуулаад явах учиртай гэсэн үг. Мэдээж дараа дараагийнхаа асуудлыг иргэд болон Нийслэл за тухайн Орон сууцыг барьсасн компаниуд харилцан ярилцаж шийдвэрлээд явна гэсэн үг.

-За ямартай ч “Буянт-Ухаа-2” хорооллын 972 айлын Орон сууцнууд бүгд Түрээсийн Орон сууцанд хамрагдах нь тодорхой болж?  

-Тийм тийм. Тэгж ойлгох эрх зүйн үндэс нь бүрдсэн. Ер нь бол бидний зүгээс “Буянт-Ухаа-2” хорооллын 972 айлын Орон сууцнуудыг бүгдийг нь Түрээсийн Орон сууц болгоё гэсэн чиг зорилготой л ажиллаж байсан. Тэгээд ч дагаж мөрдөгдөх журмыг нь өмнөх Засгийн газрын хуралдаанд оруулан батлуулсан л даа. Мэдээж түүнийг шийдэх эрх нь Засгийн газарт л байсан учраас Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн үүрэг даалгаврын дагуу асуудал бүрэн шийдэгдлээ гэж ойлгож болно.

-“Буянт-Ухаа-2” хорооллын 972 айлын Орон сууцыг чухам яг хаанаас Түрээсийн Орон сууцанд хамруулах юм бол?

-Бидний зүгээс тэр асуудлыг хотод л өгчихье гэж бодож байсан юм. Мэдээж хотын удирдлагууд Түрээсийн Орон сууцны асуудлыг аятайхан зохицуулаад явчихвал энэ асуудлыг анхааралтай ширтэн харж, хүлээж суугаа манай иргэдэд л тустай, олон хүнийг сэтгэлийн зовиураас нь салгах учиртай асуудал байсан л даа. Тийм ч болохоор Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхантай удахгүй уулзаж энэ асуудлыг цогцоор нь шийдэх буюу Нийслэлд бүрэн шилжүүлж өгнө.

-Тэгвэл одоо иргэдийн Түрээслэж байгаа Орон сууцнуудын үнэ мөнгийг нь хэрхэн яаж иргэдэд ихээхэн дарамтгүй тогтоох бодолтой байгаа юм бол?

-Энэ 972 айлын Орон сууцыг бол Хөгжлийн банкны зээлээр барьсан л даа. Тэгэхээр метр квадратыг нь өнөөдрийн байдлаар тооцоход 1.4 сая төгрөгөөр тооцогдож байгаа учраас тэрүүгээрээ л бодогдоод явна гэж ойлгох хэрэгтэй юм. Баригдсан өртгөөрөө тооцогдоод явах нь ойлгомжтой л доо. За товчхондоо Түрээсийн Орон сууцны зориулалтаар баригдаж байгаа Орон сууцнууд нь Хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр баригдаж байгаа нэлээн хямдхан Орон сууцнууд гэж ойлгож болох юм. Өндөр үнэтэй биш болохоор хүссэн иргэд орж амьдраад Түрээсээ төлөөд явах боломжтой  гэсэн үг.

-Бага орлоготой иргэдэд Ипотекийн зээл хангалттай хэмжээгээр олдох болов уу. Одоо бол Ипотекийн зээл зогсчихоод байгаа юм биш үү?

-Саяханы Засгийн газрын нэгэн хуралдаанд Ипотекийн зээлийн хэрэгжилтийн өнөөдрийн байдлын талаар миний бие мэдээлэл хийсэн байгаа. Өнгөрсөн онд Ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх талаар хоёр ч шийдвэр гарсан л даа. Нэг нь бол УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны тогтоол гарсан байгаа. Монголбанкны эргэн төлөлтөөр олгож байгаа зээлийн эх үүсвэрийн 4 хувийг нэг хувь хүртэл бууруулъя гэсэн тогтоол гарсан байгаа. Харин хоёр дахь нь Засгийн газраас Улсын төсвөөс олгож байгаа зээлийн эх үүсвэрийн 4 хувийг нэг хувь хүртэл бууруул гэсэн тогтоол гарсан. Ингэснээрээ зээлийн эх үүсвэр нь хоёр дахин нэмэгдэх боломжтой болсон байгаа юм. Харин яг өнөөдрийн байдлаар бол Улсын төсвөөс олгож байгаа зээлийн эх үүсвэрийг нэг хувиар олгож, хувийг нь тодорхой бууруулсан байгаа л даа. Гэтэл Монголбанк бол огт бууруулахгүй байгаа юм. Тийм ч учраас энэ асуудлыг би өнөөдөр Засгийн газрын хуралдаанд танилцуулж, хэрэгжихгүй байгааг нь мэдээлсэн байгаа. Яг энэ асуудлаар сая Засгийн газраас тодорхой үүрэг өгсөн. Тодруулвал гурван сайдын бүрэлдэхүүнтэйгээр Монголбанктай харилцан ажиллаж асуудлаа дараа дараагийн Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг авсан байснаа эхнээс нь хэрэгжүүлж эхлээд явж байгаа.  

-Ипотекийн зээл нь Олон улсын Валютын сангийн хараа хяналтанд орж, хатуухан анхааруулга хүлээчихээд байгаа. Тэгэхээр энэ асуудлыг хэрхэн зохицуулах бодолтой ажиллаж байгаа юм бол?

-Тийм л дээ. Ипотекийн зээл нь Олон улсын Валютын сангийн хатуу хяналтанд орсон нь үнэн. Гэрээ хэлэлцээртээ ч тэр талаар тусгасан байна лээ. За тэгэхдээ энэ ондоо бол Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг Монголбанк хариуцаад хэрэгжүүлэх болно. Харин ирэх жилийн нэгдүгээр сарын нэгнээс эхлээд Засгийн газар хэрэгжүүлэхээр болж гэрээ хэлцэлдээ ч тусгачихсан. Тэгэхээр тэр журмын дагуу л явах болно.

-Гэхдээ Олон улсын Валютын сангийн тэрхүү хатуу анхааруулгыг хаагуур нь тойрч гарах гэж байгаа юм бол?

-Тийм учраас л Монголбанкны эргэн төлөлтөөр өгч байгаа зээлийн хэмжээ тогтмол буурч байгаа л даа. Өмнө нь бол Монголбанк нэмэгдүүлсэн зээл гаргадаг байсан л даа. Тухайлбал 2016 онд бол 700 тэрбум төгрөг хүртэл зээл гаргаж байсан юм. Гэтэл одоо бол зөвхөн өмнө гаргасан зээлийн эргэн төлөлтөөсөө жилдээ 200 гаруйхан тэрбум төгрөг л гаргаж байгаа юм. Харин шинээр эх үүсвэр огт гаргахгүй байгаа л даа. Тийм болохоор л Ипотекийн зээлийн хэмжээ тогтмол бууралттай явж байна шүү дээ.

-Түрээсийн журмаар олгох боломжтой Орон сууцнуудын тоо хэмжээг нэмэгдүүлэх талаар тухайлсан яам буюу Барилга хот байгуулалтын яам ямар бодлого, зохицуулалт хэрэгжүүлэх бодолтой байгаа вэ. Мэдээж “Буянт-Ухаа 1,2” хорооллын барилгууд дуусахаар Түрээсийн Орон сууцанд орж чадаагүй иргэд олон тоогоороо үлдэж таарна шүү дээ?

-Түрээсийн Орон сууцны тоо хэмжээг нэмэгдүүлэх талаар бид дорвитой судалж байна. Одоохондоо бол Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Түрээсийн Орон сууцны тоог нэмэгдүүлэх боломж огт байхгүй юм билээ. Яагаад гэвэл Монгол Улсын эдийн засаг тэрхүү ачааллыг даах чадваргүй, боломжгүй байгаа юм. Харин тэгэхээр гадны зээл тусламжаар энэ асуудлыг тодорхой хэмжээгээр шийдвэрлэх, нэмэгдүүлэх боломж харагдаж байгаа юм. Бидний зүгээс эхний ээлжинд Дэнжийн мянгад БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд 1008 айлын Орон сууц баригдахаар болж байгаа. Бидний зүгээс ирэх жилийн сонгуулиас өмнө энэхүү Орон сууцыг барьж ашиглалтад оруулъя гэж зорьж байгаа юм. Тэр Орон сууцнууд бол бүгдээрээ Түрээсийн зориулалтаар баригдаж байгаа юм.

Хоёрдугаарт БНСУ-ын Засгийн газрын 500 сая ам долларын хөрөнгө оруулалтаар баригдах Орон сууцнуудыг тэр чигээр нь Түрээсийн Орон сууц болгох зорилго тавьж байгаа. Хөтөлбөрийг нь ч бэлэн болгочихсон байгаа л даа. Саяхан БНХАУ-ын “Эгзэм” банкны хүмүүс ирж газар дээр нь танилцаад эцсийн байдлаар “Орон сууцны 3 хороолол босгоно” гэж асуудлаа шийдсэн.

-Тэгвэл Улаанбаатар хотын удирдлагууд Түрээсээр олгох “Буянт-Ухаа-2” хорооллын 972 айлын Орон сууцнуудыг яг ямар журмаар олгож эхлэх юм бол?

-Мэдээж тэр асуудлыг хотод хариуцуулах болохоор тэдний зүгээс журам гаргах нь тодорхой. Харин бидний өмнө нь гаргаж байсан журманд бол Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, олон хүүхэдтэй айл өрхүүдэд Түрээсийн Орон сууцыг эхний ээлжинд олгоно гэсэн журам байгаа л даа. Гэхдээ яг тэр журмыг одоо дагаж мөрдөх үү яах вэ гэдгээ хот өөрөө л шийдэх байх. Мэдээж хотын Тамгын газраас өөрсдөө ямар нэгэн журам гаргаад түүнийгээ л мөрдүүлж таарах болов уу.

-Түрээсийн Орон сууцаа өмчлөх эрхийг хаана гаргаж байж олж авах юм бол. ТОСК-ын нэр дээр гарах юм уу?

-Ер нь бол ТОСК-оос Түрээсийн байр авсан бол хүсэлтээ ТОСК-д л гаргаж өгнө шүү дээ. Тэгээд л ТОСК-той гэрээгээ байгуулаад байрандаа ороод Түрээсээ төлөөд явна гэсэн үг л дээ.

-Орон сууцны урьдчилгаа 30 хувийг төлж чадах төрийн албан хаагчид болон бага дунд орлоготой иргэдийн боломж, нөхцөл дуусчихсан юм бишүү. Тэгж л яригдаад байгаа шүү дээ. Тэр асуудлыг та бүхэн анхааралдаа авсан уу?

-За яг энэ асуудлын тухайд Орон сууцныхаа 30 хувийг төлж чадах иргэдийн боломж нөхцөл дуусаагүй байгаа юм билээ. Тухайлбал өнгөрсөн жилийн таван сард манай яамнаас Монгол Улсын хэмжээний Орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн  нарийн судалгаа гаргасан л даа. Тэр талаар иргэддээ ч зарлан мэдээлсэн байгаа. Яг өнөөдрийн байдлаар бол 44 мянган иргэн урьдчилгаа 30 хувиа төлөөд “Бид нар одоо Ипотекийн зээл авахад бэлэн болсон шүү” гэдгээ мэдэгдэцгээсэн л дээ. Харин өнөөдрийн байдлаар бол Ипотекийн 8 хувийн зээл нь хүрэхгүй байлаа ч гэсэн банкуудаас Орон сууцны зээл авч байгаа иргэд маш олон байгаа юм. За Түрээсийн Орон сууцны нөхцөл болоод, удахгүй мөрдөгдөх журам, цаашид баримтлах бодлого чиглэлийн талаар товчхон мэдээлэхэд ийм л байна даа.

-За дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн танд баярлалаа?  

-Өөрт чинь ч мөн гялайлаа...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.