Ц.Эрдэнэбаяр: Дэлхийн зах зээлийг дагаад АИ-92 бензиний үнэ буурч байгаа юм...

Twitter Print
2019 оны 06-р сар 05-нд 14:08 цагт
Мэдээний зураг,

Сүүлийн өдрүүдэд бензин шатахууны үнэ хямдрах тухай сайн мэдээ дуулгаснаасаа болж хүмүүсийн анхааралд нэлээн сайн ороод байгаа АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяртай уулзаж бага шиг тодруулга авснаа хүргэж байна. Хамгийн гол нь Монголчуудын амьдралдаа хамгийн ихээр хэрэглэж байгаа АИ-92,95 бензин шатахууны үнэ удахгүй гайгүй шиг хямдрах сургаас илүүтэй Дорноговь аймгийн Алтанширээ суманд байгуулагдахаар Дэд бүтцийнх нь ажлууд ид өрнөж байгаа Монголын анхны Нефть боловсруулах үйлдвэрийн талаар сонирхсон асуултаар ярилцлагаа эхлэе гэж бодсон билээ.

-Монгол Улсад Газрын тосны салбар үүсч хөгжсөний 78 жилийн ой саяхан болоод өнгөрлөө. Үүсч хөгжөөд бараг л 80 жил болж байгаа энэ салбарын яг өнөөдрийн байдал ямархуу байгаа бол. Хөгжил дэвшил нь аль хэр байна вэ?

-Монгол Улсад газрын тосны салбар үүсч хөгжсөний 78, урагш нь буюу БНХАУ-д экспортоор түүхий тос гаргаж эхэлсний 21 жилийн ой саяхан буюу өнгөрсөн сарын 18-нд тохиож, манай салбарын хамт олон ч ажлын багагүй амжилттай тэмдэглэн өнгөрүүлсэн л дээ. Бидний зүгээс эрчимтэй хөгжиж эхлээд байгаа Монголын Газрын тосны салбарынхаа үйл ажиллагааг олон нийтэд буюу ард иргэддээ танилцуулах, сурталчлах арга хэмжээнүүдийг гайгүй сайн зохион байгуулсан л даа. Сүүлийн жилүүдэд жилдээ нэг сая гаруй тонн түүхий газрын тос БНХАУ руу экспортод гаргадаг болсон. Өнгөрсөн онд л гэхэд газрын тосноос улсын төсөвт 223 тэрбум төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байсан ч түүнийгээ багагүй ахиулан тушаасан тоо мэдээ гарсан байгаа. 

-Өнөөдрийн байдлаар Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдах Газрын тос боловсруулах үйлдвэрийн эхний үе шат ямархуу байдалтай явж байгаа бол?  

-Дорноговь аймгийн Алтанширээ суманд Монголдоо анхны Газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргаж, энэ томоохон бүтээн байгуулалтын ажлыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зүгээс тун сайн анхаарч, бүх л нөхцөл бололцоогоор ханган ажиллаж байгаа. Тийм ч болохоор Монголчууд өөрийн хүн хүч, хөрөнгө санхүүжилтээр бүтээн байгуулахаар болсон Дэд бүтцийн ажлууд хугацаандаа хийгдэж эхнээсээ ашиглалтанд хүлээж авсаныг Монголчууд дуулж мэдсэн байх. Тухайлбал Алтанширээгээс Сайншанд хот хүртэлх Дэд бүтцийн томоохон ажил 27.7 км төмөр замыг барьж ашиглалтанд хүлээж авсан. Одоо засмал замын бүтээн байгуулалт нь ид явагдаж, дуусах шатандаа орсон байгаа.

Энэ бол Монголдоо анхны томоохон бүтээн байгуулалт болохоор багагүй хөрөнгө, санхүүжилт шаардлагатай нь тодорхой байсан л даа. Өнгөрсөн онд л гэхэд Хөгжлийн банкнаас 250-280 орчим тэрбум төгрөгийн зээлээр санхүүжүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргаж, тэр хэрээрээ ч санхүүжилт нь хийгдээд явсан. Тэр мөнгөөр Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажлууд хийгдсэн байгаа. Давын өмнө тус үйлдвэрийн ТЭЗҮ-г боловсруулсан гаргасныг хүмүүс мэдэж л байгаа болов уу. Тэрхүү ТЭЗҮ-тэй  манай тал сайтар  танилцаж хүлээн авсан. Анхнаасаа ч үйлдвэрийн ТЭЗҮ-г эцэслэн баталсаны дараа барилгын ажил эхлэхээр тусгагдсан байсан. БНЭУ-ын Засгийн газрын нэг тэрбум гаруй ам долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Алтанширээгийн Газрын тос боловсруулах үйлдвэр баригдаж, 2022 оны сүүлчээр түлхүүр гардуулж өгөх нөхцөлтэйгээр ажиллаж байна.  

-Тухайн үед Алтанширээгийн Газрын тос боловсруулах үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхэд одоо манай олборлож байгаа түүхий Газрын тосны нөөц, хангамж жилийнхээ хэрэгцээнд хүрэлцэх болов уу, Тэр талаар ирээдүйд хандсан нарийн судалгаа хийгдсэн болов уу?

-Алтанширгээгийн Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтанд орсноор  жилдээ 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай байхаар төлөвлөсөн. Үйлдвэрийг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулахын тулд түүхий эдээ Дорнод аймгийн нутаг дахь 19, 21-р талбайгаас хангах болно. Өөрөөр хэлбэл одоогоор БНХАУ-ын “Петро чайна Дачин Тамсаг” компанийн олборлож буй газрын тосыг авна гэж байгаа. Бүтээгдэхүүн хуваах гэрээнд Засгийн газар өөрийн авах хувиа газрын тос болон гадаад валютаар авахаар тусгасан л даа. Одоогоор манай улс үүнийгээ гадаад валютаар авч байгаа. Үйлдвэр ашиглалтад ороход газрын тосоор авна. Мөн газрын тосны эрэл хайгуулыг эрчимжүүлэх, дээрх хоёр талбайн олборлолтыг нэмэгдүүлэхээр  ажиллаж байгаа, тэр ажилд ч тодорхой ахиц дэвшлүүд гарч байгаа.  

-Тэгвэл одоо гарч байгаа түүхий Газрын тосны гарцыг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа юм байна гэж ойлголоо. Тэнд мэдээж хайгуул, шинжилгээний ажлууд хийгдэж байгаа болов уу. Зардал мөнгө багагүй шаардагдаж байгаа байх даа?  

-Багагүй зардал гарган хайгуулын ажлууд хийгдэж байгаа. Монгол Улсын хэмжээнд газрын тосны хайгуул хийхээр 33 талбай ялгасан байдаг л даа. Үүнээс одоогийн байдлаар 27 талбай Бүтээгдэхүүн хуваах гэрээтэй. Эдгээрээс  гурван талбай нь ашиглалтын гэрээтэй. Тухайлбал, 19, 21, Дорнговь аймагт “Доншен” компанийн талбайнууд нь ашиглалтын гэрээтэй гэж ойлгож болно. Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу тухайн компани 8-12 жилийн хугацаанд зардлаа бүрэн гаргаж хайгуул хийдэг. Өнгөрсөн жил гэхэд Өвөрхангай, Дорнод, Сүхбаатар аймагт “Макс ойл”, “Петро Матад” зэрэг компани хайгуул хийсэн. Мөн Дорнод аймгийн Баянтүмэн 17 талбайд өрмийн ажил хийгдсэн байгаа.

 -Сүүлийн үед  шатахууны чанар муу байгаа гэсэн гомдол, шүүмжлэл нэлээд гарах болсон. Ингэхэд Улаанбаатар болон аймгийн төвүүдэд борлуулагдаж байгаа бензин шатахууны чанарт хэрхэн хяналт тавьдаг юм бол?

-“Бензиний чанар муудлаа” гэсэн шүүмжлэл энд тэнд гардаг. Манай улс шатахууны хэрэглээний 97 хувийг ОХУ-аас, БНХАУ-аас 2, үлдсэнийг нь БНСУ-аас авдаг л даа. Тэгэхээр бензин шатанхууны чанар гайгүй сайн гэж ойлгож болох юм. Тухайн үйлдвэрлэгчээс нь шууд авч импортолж байгаа учраас ямар ч асуудалгүй гэж ойлгож болно. Гэтэл манай зарим хэрэглэгчид учраа сайн ойлгоогүй байдаг юмуу жаахан сөрөг мэдээлэл цацдаг бололтой юм билээ. Энд нэг зүйлийг хэлэхэд Монгол Улсын баруун хил буюу, Баян-Өлгий, Увс аймгийн боомтоор хувь хүмүүс шатахуун оруулж ирдэг. Үүнийг Мэргэжлийн хяналтын байгууллага, тухайн орон нутгийн төрийн байгууллагтай хамтарч таслан зогсоох арга хэмжээ авсаар байгаа ч тэрхүү хууль бус үйлдлүүд үргэлжилсээр л байгааг манай хэрэглэгчид, ард иргэд харин анхаарах хэрэгтэй болов уу.

-Өөрөө “Энэ сарын 15-наас АИ-92 бензиний үнэ тодорхой хэмжээгээр буурна” гэсэн. Тэр талаараа жаахан тайлбар хийхгүй юу?

-Дэлхийн зах зээл дээрх брент газрын тосны үнэ тонн тутамдаа 25 ам.доллараар бууж байгаатай холбоотойгоор зургаадугаар сарын 15-наас манай бензиний үнэ буурах нөхцөл бүрдэж байгаа юм. Тийм ч болохоор энэ сарын 15-наас АИ-92 бензиний үнэ буурна. Гэхдээ бас нэгэн тайлбар нэмэхэд дэлхийн зах зээл дээрх түүхий тосны үнэ тонн тутамдаа 25 ам.доллараар бууж байгаа ч гэсэн  энэ өөрчлөлт нь сар орчмын дараа манайд нөлөөлдөг болохоор л энэ сарын дундуураас АИ-92 бензиний үнэ ийнхүү буурч байгаа болно.  

Түүхий тосны үнэ тонн тутамдаа 25 ам.доллараар буурч байгаа тул нэг литр АИ-92 бензиний үнэ 50 орчим төгрөгөөр буурч байгаа.

-Тэгвэл яагаад өнгөрсөн саруудад АИ-92,95 бензиний үнэ өсөөд байсан хэрэг вэ?

-Мэдээж тэнд дэлхийн зах зээлийн үнийн өөрчлөлт нөлөөлсөн л дөө. Яагаад гэвэл өнгөрсөн гурав, дөрөв, тавдугаар сард түүхий Газрын тосны үнэ нийт 160 орчим ам.доллараар нэмэгдсэнээс АИ-92 бензиний үнэ өссөн юм. Харин дизелийн түлшний дэлхийн зах зээл дээрх үнэ өсөөгүй байхад үнээ 40 орчим төгрөгөөр нэмсэн ААН-үүд байгаа тул бидний зүгээс тэдэнд үнээ буулгах шаардлага тавьж байгаа. Үнэ нэмсэн талаарх тайлбараа ААН-үүд манайд ирүүлж эхлээд байгаа л даа. Манай шаардлагыг биелүүлэхгүй бол шатахуун импортлох тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гэдгээ шатахуун импортлогч компаниудад мэдэгдсэн байгаа.    

Бензин шатахууны үнийн талаар хэрэглэгчдэд хандан мэдээлэхэд Монгол Улсын Засгийн газар нефтийн бүтээгдэхүүний онцгой албан татварыг 2019 оны нэгдүгээр сараас тэглэсэн. Тийм ч болохоор манай улс дэлхийн зах зээлийн үнийг дагахаас аргагүй болсон буюу Засгийн газар үнэ зохицуулах боломжгүй болсон л гэсэн үг. Иймд дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ буурвал дотоод зах зээл дэх үнэ буурах бөгөөд үнэ нэмэгдвэл дагаад өсөхөөс л өөр нөхцөлгүй болчихоод байгааг нийт хэрэглэгчид маань сайтар ойлгох хэрэгтэй.   

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.