Хулгай дээрэм, авлига хээл хахууль “Сайн уу, муу юу аль нь вэ хө”...

Twitter Print
2019 оны 06-р сар 04-нд 10:11 цагт
Мэдээний зураг,

Монголын улстөрчид болон хууль шүүх, цагдаа, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал гээд төрийн бүх л албанд шургалсан бүхнийг “Сайн муу”-гаар нь ялгаж, рейтинг тогтоодог Монголчуудын итгэл үнэмшил өнөөдөр бол бараг л “Салхинд хийссэн” гэж дүгнэж болно. Тэгээд ч Монголчуудын толгой дээр зайдагнаж сууцгаадаг улстөрчид, төрийн албан хаагч нэртэй хуульч шүүгч, цагдаа, тагнуулын байгууллага гэгчид ажиллагсадын хувьд болж л өгвөл ахиухан авлига хээл хахууль авч, аль эсвэл төрийн мөнгөнөөс чадах чинээгээрээ хулгайлж завшихыг л нэгдүгээрт тавьдаг “Хулгай дээрмийн тогтолцоо” бүрэлдэн тогтоод бараг л 30  жилтэйгээ золгох дөхөж явна.

Өнгөрсөн оны 12 дугаар сарын 19-ний өдөр "тэнгэрийн харъяат" болсон Ардын уран зохиолч, төрийн соёрхолт их яруу найрагч Ш.Сүрэнжав гуай маань Монголын ирээдүй болсон үр хүүхдүүддээ зориулан

“Өндөр настанд тусалдаг 
Өргөсөн юмыг нь дамжилдаг 
Санаа тавьж асардаг бол 
Сайн уу муу юу аль нь вэ хө?
Сайн сайн тэр бол сайн 
Сахилгатай бол мундаг сайн” хэмээн “Сайн уу муу юу аль нь вэ хө” хэмээх утга төгөлдөр дууны шүлэг урласан байдаг.

Гэтэл Ардын уран зохиолчийн маань тэрхүү дууны шүлэг нь өнөөдрийн хувьд зөвхөн Монголын хүүхэд багачууд төдийгүй Монгол төрийн толгойд бугшсан энэ олон авлигачин, төрийн мөнгөнөөс хулгайлагчид, бүлэг дээрэмчдэд л яг таарсан үгтэй дуу болчихоод байгаа нь мөн ч гайхалтай, цагаа олсон уран бүтээл биш гэж үү.   

Яагаад гэвэл өнөөдрийн хувьд Монголын олон мянган ахмад настнууд, олон хүүхэдтэй ээж нар, Монгол төрөөс олгодог цөөхөн хэдэн тэтгэмжийн мөнгөөр амьдралаа залгуулдаг  иргэд Төрийн банк, ХААН, Улаанбаатар банкнуудаас 2019 зургаадугаар сарынхаа Тэтгэвэр болон урьд өмнө нь авч амжаагүй байсан Нийгмийн халамжийн мөнгөө авахаар өглөөний 06 цагаас дээрх банкнуудын үүдийг сахин өдөржин очер дугаарт даруулж, зарим нэгэн настан буурлуудын даралт нь ихсэж, тэндээсээ шууд л эмнэлэгт хүргэгдсэн тохиолдол ч гарсан билээ.

Гэтэл "Өндөр настанд тусалж, Өргөсөн юмнаас нь дамжлалцах" учиртай энэ цагийн “Хууль тогтоох дээд байгууллага” хэмээгдэгч УИХ болон ард түмнийхээ төлөө өдөр шөнөгүй зүтгэх учиртай Засгийн газар нь ажлаа цаг тухайд нь олигтойхон хийж чадахгүй, дампууран ялзарч, хууль шүүхийн байгууллагууд нь ч авлига хээл хахуулийн гинжин урвалд гүн бат хутгалдаад олон жилийн нүүр үзэж байгааг Монголчууд андахаа больсон билээ. Монголын ард түмэн хууль тогтоох дээд байгууллага нэртэй “Хуулиар тоглож, самуурагчдын бөөгнөрөл”-ийг орой бүр л зурагтын дэлгэцээр ширтэн харж, байж ядан өдөр хоногийг арайхийн өнгөрүүлээд удаж байгаа нь гашуун үнэн юм даг.

Дампуурч, ялзарсан Монголын өнөөгийн улстөр, засаг төр, хууль шүүхийн байгууллагуудын толгойд баахан авлигачин луйварчид, цагаан захтай дээрэмчид шавааралдсан мөртлөө өөрсдийгөө “Хамгийн сайн, хамгийн муу улстөрчид, хамгийн шударга, айхтар сүрхий болон авилга хээл хахуульд хутгалдсан хууль шүүхийн ажилтнууд” хэмээн хоёр бүлэгт хуваачихаад цэц булаацалдан цаг нөхцөөж сууцгаадаг билээ. Ер нь бол тэд бүгдийн дүгнэлтээр хэдэн хэсэгт хуваагдаж, өдөр бүр л хэрэлдэж, ясаа булаацалдаж байдаг Монголын улстөрчид болон төрийн ажилтнуудынх нь дунд “Жигтэйхэн сайн болон үзэшгүй муухай, нүгэлтэй этгээтүүд” язганалдаж байдаг нь маргашгүй үнэн, хаашаа ч бултахын аргагүй энэ цагийн идээ бээр бололтой дог оо. Тэдгээрээс “Жигтэйхэн сайн улстөрч”-дийг өөрсдийнх нь дүгнэлт, эзлүүлсэн байраар нь жагсаавал Ерөнхий сайд У.Хүрэлсүх 38 хувийн саналаар “Хамгийн сайн улстөрч”-өөр шалгарч түүний араас УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Л.Оюун-Эрдэнэ 21 хувийн саналаар хоёрдугаарт, Ерөнхийлөгч Х.Баттулга 19 хувийн саналаар гуравдугаар байранд жагссан бол УИХ-ын гишүүн С.Жавхлан 17 хувьтай, Ж.Батзандан 14 хувьтай “Айргийн тав”-д, за тэгээд “Муудсан өндөг”-ний нэг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж  8 хувьтайгаар зургаад, УИХ-ын дарга Г.Занданшатар 6 хувьтай долдугаар байрт, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн болон О.Баасанхүү гишүүн нар хоёулаа 5 хувьтай найм есдүгээрт жагссан бол, “Азын 10 дугаар байр”-нд Т.Аюурсайхан гишүүн дүүхэлзтэл жагссан байх жишээтэй.

Гэтэл “Хамгийн муу, муухай улстөрч”-дийн жагсаалтыг УИХ-ын даргын суудлаас ихээ хол, хэмх шидүүлж байсан М.Энхболд 45 хувийн санал, тооцоогоор тэргүүлсэн бол түүний араас УИХ-ын “Хамгийн их нойртой, унтаа гишүүн” Д.Оюунхорол 17 хувийн саналаар “Аман хүзүү”-дэж, за тэгээд өнөөх “Хамгийн сайн улстөрч”-дийн зургаад жагсчихаад дүүхэлзэж байсан Хууль зүй, дотоод хэргийн сайд, олон нийтээс “Муудсан өндөг” хэмээх муухай цолыг хүртээд байгаа Ц.Нямдорж 9 хувийн саналаар гуравдугаарт жагссан байх юм.

За дээрх гурвын араас Монголын бас нэгэн баян, Н.Номтойбаяр гишүүн  9 хувийн саналаар, түүний араас УИХ дахь сөрөг хүчин, АН-ын дарга С.Эрдэнэ 7 хувийн саналаар “Айргийн тав”-д дүүхэлзэж байх юм гээч. Эдгээр таван “Хамгийн муу муухай, үл бүтэх товариш”-уудын араас “Өвөл болохоор хүйтэрдэг”-ийг санаж, сэтгэсэн УИХ-ын гишүүн М.Билэгт 6 хувийн саналаар, УИХ-ын чуулганы хуралдаанд жаахан гашуун нясуун юм хүртчихээд нүд амаа дүрлийлгэж, царайгаа хачин болгочихоод орж явчихдаг “Хатан зоригт” Б.Ундармаа гишүүн 4 хувийн саналаар долдугаарт жагссан бол тэдгээрийн араас “Хамгийн сайн сайхан улстөрч”-дийн жагсаалтын “Айргийн тав”-д 14 хувийн саналаар жагсаж асан Ж.Батзандан гишүүн мөн л 4 хувийн саналтайгаар “Хамгийн муу муухай, урван тэрслэгч этгээд” гэсэн тодорхойлолтоор наймдугаарт, тэгвэл түүний араас өнөөх Монгол Улсын гавъяат жүжигчин, дуучин С.Жавхлан маань бас л “Сайн уу муу юу аль нь вэ хө” гэсэн байраа огцомхон сольж, мөн л 4 хувийн тодорхойлолтоор “Хамгийн жигтэйхэн, үл бүтэх улстөрч”-өөр тодорч түмэн олныхоо нүдийг духан дээр нь аваачаад наачих бололтой юм гээч.

Гэтэл “Хамгийн муу муухай, үзэшгүй үл бүтэгч этгээд”-ийн 10 дугаарт 3 хувийн санал дүгнэлттэйгээр нэгэн цагийн “Болор цом”-ын эзэн, саяхан л энэ цаг үедээ “Шударга ёс тогтоох”-оор тэмцлээ эхлүүлсэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн “Номер нэг дайсан”-аар өрсөлдөгчгүй шахам тодорч байсан Ж.Мөнхбат гишүүн тодорхойлогдож, дороо тогтож ядан дүүхэлзэж байгаа нь бараг л нүдэнд харагдаад явчихаж байгаа юм. Үгүй мөн ч сайхан тодорхойлолт, “Жигтэйхэн сайхан байр эзлүүлэлт” гэж л үүнийг хэлэх бус уу. Яагаад гэвэл Монголын улстөрчид хэзээ ч “Өндөр настнуудад тусалж, Өргөсөн жаахан юмнаас өргөлцөх”-ийн оронд өөрсдийгөө л хамгийн их асран тойглож, болж л өгвөл төрийн мөнгөнөөс ахиухан хулгайлж, авдар савандаа чихээд авахыг л “Тэргүүн зэрэг”-т бодож, амьдралынхаа “Эрхэм зорилго” болгочихдог мөн ч зоригтой, хийморьлог нь  дэндсэн нөхөд л дөө.

Ер нь бол ийм сайхан зоригтой, хийморьлог олон луйварчин, бүлэг дээрэмчидийг дөрвөн жил болоод л байрыг нь сольж,  толгой дээрээ гаргачихаад “Тахин шүтэж” амьдардаг Монголын ард түмэн гэдэг мөн ч тэнгэрлэг, ухаан санаа нь гүйцэгдэхгүй, маргаашаа мэргэн түргэн олж харах зүрх зоригтой, өөрсдийн бодол саналыг тухайн өдөр цагийн хэд гурван төгрөг мөнгөөр худалдан наймаалахдаа хэнийг ч дагуулахгүй шаламгай түргэн, гайхалтай ард түмэн шүү та минь ээ. Тийм ч болохоор өнөөдрийн энэ олон “Сайн уу муу юу аль вэ хө” гэгдэх бидний толгой дээр зайдагнасан улстөрчид маань хэнийгээ “Хамгийн жигтэйхэн ухаантай, аргагүй л шилдэг улстөрч” хэмээгээд хэнийгээ “Хамгийн үл бүтэх, ёсттой нэг шалгарсан луйварчин” хэмээн газар доогуур ортол нь муулж суух нь бид бүхэнд ямар хамаатай, хүртээлтэй ч билээ дээ гэж.

Ингээд бодохоор л Монголчууд бид бүхэн мөн ч сайн сайхан улстөрчдөөр төрөө бариулж, гэрээ түшүүлдэг зангаа мөддөө тавихгүй нь тодорхой ард түмэн бөлгөө. Учир нь тун удахгүй буюу ганцхан жилийн дараа дахиад л баахан нөхдийн “Сайн уу, муу юу аль нь вэ хө”-г нь ч ялгахгүй төрийнхөө толгойд залцгааж, мөн л гэр орон, мах ногоо, бензин тосныхоо үнэ мөнгийг ч даатгах нь тодорхой, жинхэнэ  хийморьлог, тэнгэр заяат ард түмэн шүү дээ, хэ хэ... 

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.