Монголын шигшээ багтай тоглох Брунейн баг өнөөдөр Улаанбаатарт ирнэ

Twitter Print
2019 оны 06-р сар 04-нд 13:00 цагт
Мэдээний зураг,

Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг 2022 оны ДАШТ, 2023 оны ААШТ-ий урьдчилсан шатны эрхийн төлөөх эхний тоглолтоо Бруней Даруссаламын багтай 06-р сарын 06-нд 17:00 цагаас Улаанбаатар хотод хийнэ.

Манай шигшээ 05-р сарын 21-30-ны хооронд Тайланд улсын Пукет арал дээр халуун дулаан уур амьсгалтай Брунейн цаг агаарт дасах нэгдсэн бэлтгэл базаагаад ирлээ.

Харин өрсөлдөгч Брунейн баг манайхтай ойролцоо уур амьсгалтай БНХАУ-д мөн бэлтгэл хийж дуусаад өнөөдөр 06-р сарын 04-ны 23 цагт Улаанбаатар хотод газардана.

Нидерланд иргэншилтэй Робби Сервайс хэмээх залуу дасгалжуулагч 05-р сарын 13-нд Брунейн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар томилогдож, сар хүрэхгүйн хугацаанд багтайгаа ажлаад том сорилтын өмнө ирээд байна. Сингапурын дээд лигийг нэг ч хожигдолгүй тэргүүлж буй Бруней ДПММ /Brunei DPMM FC/ клубийн ихэнх тоглогчид шигшээ багтаа хүчин зүтгэнэ гэж байсан ч эсрэгээрээ хоёроос гурван тоглогч л Монголын эсрэг тоглохоор дуудагдсан аж.

Английн “Арсенал”, “Челси”, “Соутхэмтон”, “Лестер сити” клубүүдийн академид тоглож байсан хун тайж Файк Жефри Болки БНХАУ-д хийсэн хамтарсан бэлтгэлд очоогүй бөгөөд сүүлийн 23 тоглогч дунд нэр нь багтаагүй байна.

Брунейн Даруссалам улсын шигшээ 2018 оны ДАШТ-ий урьдчилсан шатны эрхийн төлөө Тайваньтай тоглож талбайд 0:1-ээр хожсон боловч өөрсдийн талбайдаа 0:2-оор хожигдож нийлбэр дүнгээр урьдчилсан шатанд багтаж чадаагүй. 

Түүнчлэн 2015 онд Монголын шигшээ багийг хоёр тоглолтод хожсон Зүүн Тиморыг 2018 оны “Сузуки цом”-ын хүрээнд талбайдаа 1:0-ээр хожиж байсан муугүй өрсөлдөгч билээ. 

“Талын хөх чононууд” 2001, 2003, 2007, 2009, 2011, 2015 онуудад ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтууд хийж байсан бол Бруней Даруссалам улсын шигшээ баг 1986, 2002, 2018 оны ДАШТ-ий урьдчилсан шатанд хүч үзсэн аж. 06-р сарын 06, 11-нд болох хоёр тоглолтын нийлбэр дүнгээр хожсон нь анх удаа ДАШТ-ий урьдчилсан шатны эрхийн төлөөх шийдвэрлэх давааг давах юм.

Брунейн шигшээ баг 1993 онд дэлхийн чансааны 151-д бичигдэж байсан тэр цагаас хойш жил ирэх тусам чансаа буурсаар өдгөө 194-р байрт бичигдэж байна. Эсрэгээрээ Монголын шигшээ багийн тоглолтын чанар улам сайжирч, дэлхийн чансаагаа арагш биш урагш явуулж, тогтмол амжилт үзүүлж байгааг дурдах нь зүйтэй.

Та бүхэн 06-р сарын 06-нд 17:00 цагаас эхлэх тоглолтын тасалбарыг МХБХ-ны байранд хүрэлцэн ирж авахаас гадна ticket.mn, 1900-1800 утсаар захиалах боломжтой. Энгийн тасалбар 10000₮ бол VIP тасалбарыг 06-р сарын 05-ыг дуустал 30000₮ төгрөгөөр худалдаалагдаж байна.

Дэлхийн чансааны 187-р байрт бичигдэж байгаа манай шигшээ баг 06-р сарын 06-нд 17:00 цагаас 194-р байрын Бруней Даруссаламын багтай хийх тулааныг үзэгч хөгжөөн дэмжигч та бүхэн хүрэлцэн ирж үзэж, хожлын төлөө багаа дэмжээрэй.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.