Америкийн виз хүсэгчдийн нийгмийн сүлжээг шалгадаг боллоо

Twitter Print
2019 оны 06-р сар 09-нд 14:17 цагт
Мэдээний зураг,

Америкийн Төрийн департаментаас цагаачлалын болон цагаачлалын бус визнийхээ маягтыг өөрчилж, шинэ журам баталсанаар АНУ-ын виз хүсэгчид нийгмийн сүлжээгээ шалгуулах шаардлагатай болжээ.

The Hill цахим хуудсанд бичсэнээр шинэ журам өнгөрсөн сарын 31-нээс эхлэн мөрдөгдөж эхэлсэн ба Америкийн Төрийн департаментийн төлөөлөгчийн хэлж байгаагаар виз хүсэгчийн талаар нэмэлт мэдээлэл цуглуулах нь тухайн хувь хүнийг шалгах үйл явцыг сайжруулна гэжээ.

Шинэ журам аяллын, сургалтын, ажлын зэрэг визний ихэнх төрөлд үйлчлэх аж. Америкийн Төрийн департаментийн шинэ журмын дагуу виз хүсэгчид нь өөрийн нийгмийн сүлжээн дэх аккаунтууд, цахим хаяг болон сүүлийн 5 жилд ашиглаж байсан утасны дугааруудаа мэдүүлэх шаардлагатай болж байгаа гэнэ.

Өмнө нь Америкийн элчин сайдын яамны ажилчид зөвхөн алан хядах бүлэглэлүүдийн үйл ажиллагаагаа явуулдаг бүс нутагт зорчиж байсан иргэдийн нийгмийн сүлжээг нэмэлтээр шалгадаг байсан аж.

Виз хүсэгч нь нийгмийн сүлжээ ашигладаг хэрнээ ашигладаггүй хэмээн худал мэдүүлэх нь тухайн иргэний хувьд "ноцтой үр дагавар" авчрах болно гэдгийг Америкийн Төрийн департаментаас анхааруулжээ.

Image result for Trump administration to force US visa applicants to hand over social media details

Энэхүү шинэ журмыг "олон нийтийн аюулгүй байдалд заналхийлж буй алан хядагчид болон аюултай этгээдүүдийг илрүүлж, АНУ-ын хилээр оруулахгүй байх" зорилгоор баталсан болохыг Америкийн Төрийн департаментаас тайлбарласан байна. 2015 онд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн засгийн газрыг Америкийн виз хүсэгчдэд хангалттай шалгалт хийж чадахгүй байна хэмээн шүүмжилж байсан билээ.

Тодруулбал, 2015 онд Калифорни мужийн Сан-Бернардинод 14 хүний аминд хүрсэн Пакистаны иргэн Ташфин Малик өөрийн нийгмийн сүлжээндээ алан хядагчдыг дэмжсэн постууд нийтэлдэг байсан нь хожим нь илэрч байсан ба түүнд виз олгохдоо Америкийн эрх баригчид үүнийг нь анзаараагүй аж.

Америкийн иргэний эрхийг хамгаалах холбоодууд иргэдийн нийгмийн сүлжээг шалгах нь үр дүнтэй бөгөөд шударга байж чадахгүй гэдгийг мэдэгдсэн ба шинэ журам гарсанаар иргэдийн нийгмийн сүлжээн дэх эрх чөлөө хязгаарлагдана гэж үзэж байгаа аж.

Америкийн виз хүсэгчдэд тавигдах шаардлага чангарч байгаа нь Цагаан ордны баримталж буй цагаачлалын бодлоготой салшгүй холбоотой юм. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын хувьд Ерөнхийлөгчөөр сонгогдсон цагаасаа эхлэн хууль бус цагаачлалтай тууштай тэмцэхээ илэрхийлсэн билээ.

Тэрээр Мексикийн хилээр хууль бус цагаачид АНУ-д орж ирэхээс сэргийлэх үүднээс АНУ-Мексикийн хил дээр хана барих санаачлага гаргаад байгаа ба өнгөрсөн пүрэв гарагаас эхлэн Мексикийн импортын барааны татварыг нэмэх шийдвэр гаргасан юм.

Эх сурвалж: www.bbc.com

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Санал болгох

              
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.