Судасны нарийсалт юунаас болж үүсдэг бэ? Ямар эмчилгээ хийлгэх вэ?

Twitter Print
2019 оны 06-р сар 19-нд 09:57 цагт
Мэдээний зураг,

Судасны нарийслаас үүдэж гэнэт харвах тохиолдол цөөнгүй гэнэ. Энэ нь наснаасаа хамаараад олон шалтгаантай. Тархины судас нарийсахад хүргэж буй нэг гол хүчин зүйл бол тархины судасны хатуурал юм.

Судасны хатуурлыг энгийн жишээгээр тайлбарлая. Өөх тос буюу холестрин гэж тасалгааны температурт царцдаг /ханасан тосны хүчил/ тосыг хэлдэг.

Гэрийн дулаанд аягалаад тавьсан тос ихтэй хоолны тос нь царцаж, аяганы амсарт наалдан улмаар аяганы амсарыг битүү бүрхдэгийг бид мэднэ. Үүний нэгэн адилаар хүний цусанд агуулагдах өөх тос буюу холестрин нь байх ёстой хэмжээнээс ихсэх үед цус өтгөрч, дээрх жишээний нэгэн адилаар судасны дотор хананд бага багаар наалдан хуримтлагдсаар өөхөн товруу /бляшка/ үүсгэнэ. Ингэснээр судсан дундуурх цус урсах зай нарийсан, судасны гүрвэлзэх хөдөлгөөнийг хорьж судсыг хатууруулдаг. Энэ нь /зөвхөн тархи, зүрх гэхгүй/ тухайн эрхтэнийг цусан хангамжийн дутагдалд оруулах ба улмаар судас бөглөрсөнөөр тархины цус харвалт, зүрхний шигдээс зэрэг хүндрэлүүдийг үүсгэдэг гэнэ.

Судасны нарийсалт юунаас болж үүсдэг шалтгаан:

Судасны хатуурал/нарийсал нь идэр наснаас эхлэн урт хугацааны туршид явагддаг байх магадлалтай. Шалтгаан нь артерийн судасны ханын гэмтэл. Гэмтэл доорх шалтгаандаас үүсдэг.

· Цусны даралт өндөр байх

· Хлостеролын түвшин өндөр байх

· Цусан дахь триглицеридийн хэмжээ их байх

· Тамхи татах

· Хэт таргалалт

· Чихрийн шижин

· Бусад өвчнөөс үүдэн үрэвссэн бол судасны дотор хана гэмтдэг.

Артерийн судасны дотор хана гэмтэхэд цусны эсүүд болон бусад зүйлс гэмтсэн хэсэгт очиж наалдан судсыг нарийсгана. Олон жилийн туршид тослогууд болон хлостеролын агууламжтай бусад бодисууд гэмтсэн хэсэгт бөөгнөрсөөр судасны хатууралтай болоход хүргэдэг.

-Тархины судасны нарийсал наснаасаа хамаараад олон шалтгаантай.

Тархины судас нарийсахад хүргэж буй нэг гол шалтгаан бол тархины судасны хатуурал юм. Мөн судаснууд дарагдсаны улмаас агшиж, үүнээс болж нарийсалт үүсдэг. Тиймээс нарийсалд хүргэж байгаа гол шалтгааныг олж нэн даруй эмчлэх хэрэгтэй. Энэ нь удаан үргэлжилбэл тархины шигдээс үүсч, үүнтэй холбоотойгоор тархины судас бүрэн бөглөрч, бөглөрснөөсөө болж тархины тодорхой хэсэгт үхжилт үүсч харвалт өгч, амь насанд аюултай.

Оношийг тодруулахдаа цусны биохимийн болон тархины судасны шинжилгээ хийлгэж, цусны ерөнхий бүлэгнэх чанар, тархины судасны ангиографийн зураг авахуулах хэрэгтэй. Нарийсалд хүргэж буй бас нэг шалтгаан нь үрэвсэл юм. Тархины судас үрэвсэхээр хана нь үрэвсэж доторх нүх нь нарийсна.

Юмыг амархан мартаж, анхаарал сулрах, юм тогтоохгүй болох нь судасны нарийсалтай тэр болгон хамааралтай биш. Энэ нь мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааны сульдалт, хэт ачаалалтай холбоотой. Тархины зуурамтгай байдлыг багасгаж, уусамтгай чанарыг сайжруулдаг эмүүдийг урьдчилан сэргийлэх үүднээс аспирин ууж болно.

Мөн цусан дахь өөх тос, холестирины хэмжээг багасгах эмэн эмчилгээнүүдийг хийж болно. Судасны хатуурал хүндрэх хүртлээ шинж тэмдэггүй байдаг. Цаашид даамжирахаас нь өмнө оношлуулж эмчилгээ хийлгэх нь зүрхний шигдээс, харвалт зэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ болж чадна. 

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Мэдрэлийн эмгэг судлалын клиникийн их эмч Л.Энхсайхан

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.