Түмэн шувуут компани үйлдвэрийн ажилчдынхаа цалинг 200 мянган төгрөгөөр нэмлээ

Twitter Print
2019 оны 05-р сар 29-нд 17:05 цагт
Мэдээний зураг,

Түмэн шувуут компани үйлдвэрийн ажилчдынхаа цалинг 2019 оны 6-р сарын 1-нээс эхлэн дахин 200 мянган төгрөгөөр нэмэхээр шийдвэрлэжээ. 

Өнгөрсөн 9-р сард Түмэн шувуут компани мөн нийт ажилчдынхаа цалинг 200 мянган төгрөгөөр нэмэж байжээ. Ингэснээр нэг сая төгрөгийн цалингаас татвараа төлөөд 800 орчим мянган төгрөг авдаг байсан бол одоо гар дээрээ 1 саяас дээш төгрөг авахаар болж байна. 

Түмэн шувуут компанийг үүсгэн байгуулагч Ломбын Эрхэмбаяр "Солонгосууд ажилчиддаа 10 сая төгрөг өгч чадаад байхад бид 3 сая төгрөг өгч яагаад чадахгүй гэж. Бид үйлдвэрийн бүтээмжээ нэмэгдүүлнэ. Солонгост, Японд жишээ нь ажлын цагаар утсаар ярьдаггүй, фейсбүүк үздэггүй. Харин бид сул цаг их өнгөрөөж, хий дэмий юманд цаг их алдаж, дороо "хий эргэж" байна. Иймд ажилчдаа урамшуулаад, эдийн засгийн хувьд дэмжээд, бүтээмжийг нэмэгдүүлье гэж үндэсний бүх үйлдвэрлэгчиддээ уриалж байна" гэлээ. 

Image result for Түмэн шувуут

Энэ оны эхээр Түмэн Шувуут компани нь ХАА-н салбарын анхны IPO-г гаргаж, жил бүр татварын дараах цэвэр ашгийнхаа 30 хувийг хувьцаа эзэмшигчдэдээ ноогдол ашиг болгон тараана гэдгээ зарласан билээ.

Тус компанийн ХАА-н салбарын эрдэмтдийн олон жилийн судалгааны үр дүнд боловсруулсан таван төсөл хэрэгжсэнээр эхний жилдээ 5 тэрбум орчим, 2022 онд бүрэн хүчин чадлаараа ажилласнаар 10 гаруй тэрбум төгрөгийн цэвэр ашиг өгнө гэсэн тооцоо бий.   

Түмэн шувуут компани IPO-оор 10 тэрбум төгрөг босгосон юм. Энэ мөнгөөр жил тутам тогтмол өсөлт үзүүлж ирсэн Өндөглөгч тахианы аж ахуй болон Агро Фийд тэжээлийн үйлдвэр, Увс аймгийн Баруунтуруун суман дахь усалгаатай газар тариалангийнхаа үйл ажиллагааг олон улсын стандарт, технологийн шийдлийн шинэчлэлд нийцүүлэн өргөжүүлж байна.

"Дэлхийн өндөгний холбооны мэдээлснээр Европын орны 1 хүн дунджаар 260, Япон 320, Хятад 210, Орос 220 ширхэг өндөг хэрэглэж байна. Монгол хүн 2017 оны байдлаар 87 ширхэг өндөг хэрэглэсэн нь 2000 онтой харьцуулахад 4 дахин өссөн үзүүлэлт юм. Ойрын 5 жилийн хугацаанд Монгол хүний өндөгний хэрэглээ 2 дахин өсөх хандлагатай байна" гэсэн тооцоог Түмэн шувуутынхан гаргажээ.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.