МАХН Энхбаярыгаа оруулаад ирэнгүүт энэ улс орон хөгжлийн зам дээр үсрээд гарна гэнэ үү?

Twitter Print
2019 оны 05-р сар 28-нд 18:14 цагт
Мэдээний зураг,

Шүгэлдэхгүй ээ...

Тэртэй тэргүй энэ УИХ-ын хонины ээлж дуусахад ганц жил үлдлээ. Хэнтийн нөхөн сонгууль гэж ирээд л хийрхэцгээх юм. Хэн юу хожих гээд байгаа юм бэ? Хүрэлсүхийн нутаг, Оюун-Эрдэнийн дош болохоороо л үнэтэй болчихдог юм уу? Үлдэж байгаа ганц жилд МАН 65-уулаа байх, 64-үүлээ байх хоёрт ямар ялгаа байна. МАХН Энхбаярыгаа оруулаад ирэнгүүт энэ улс орон хөгжлийн зам дээр үсрээд гарна гэнэ үү?

Наад хүн чинь Ерөнхий сайд, Ерөнхийлөгчөөр 12 жил ноёлж байхдаа ч хөгжүүлж чадаагүй юм. Хэнтийн нөхөн сонгуульд хэн ялахаас 2020 оны сонгуулийн өнгө харагдана энэ тэр гээд том ач холбогдол өгч, тонгортол нь шууруулаад байх ч хэрэг алга. Хоолны сав, хорчин дутсан биш. Тэр сонгууль явуулах гээд байгаа 290 сая төгрөгөөрөө Хэнтийд хүүхдийн цэцэрлэг, эсвэл залуусын боловсролын төв бариад өгчихвөл таарна. 

Нөхөн сонгуулийн сургаар Энхбаяр, Оюунбаатар гээд нэг л их том улстөрчид энд тэндээс төрж, Монголын улстөрийг тодорхойлж, Хүрэлсүхийн зүрхний цохилтыг тоолж гэнэ. Тэрний оронд Энхбаяраас Шийлэгдамбын хувь заяаг асуу. Бас л нэг гайгүй залуугаар намын нэрээр авилга авхуулаад маанийг нь уншуулаа биз дээ. Оюунбаатараас юуны ч билээ сайд байхдаа юу амжуулсныг нь лавла. Ер нь тэгээд нэг төдийлөн ач холбогдолгүй нөхөн сонгууль болсон ч улсын хувь заяа, төрийн төөрөг тавилан шийдэгдэх гэж байгаа юм шиг хөөрөгдөж давхиад, хөөс үлээгээд шүгэлдчихдэгээ боливол таарна. УИХ 75-уулаа байсан ч, 76-уулаа байсан ч чанарын ялгаа гарлаа юу? Тэгээд энэ чинь ганц сонгуулиар дуусахгүй. АН ялагдвал С.Эрдэнийгээ авч хаях кампанит ажил эхэлнэ.

МАН ялагдвал Хүрэлсүхээрээ туг тахих гэж туждаа хямарна. МАХН ялагдвал Энхбаяр ах энд тэнд очиж шүгэл үлээнэ. Ядаргаатай удаан зууралдаж, бүтэн жил улс орныг хямраана. Ганц нөхөн сонгуулиас болж тэгж хялайж унаж байхаар энэ үмхий самхай, за тэр нисэх онгоцны шинэ буудал энэ тэрээ алхам урагшлуулж, амжиж хиймээр л байна шдээ. Энэ сонгууль болохгүй бол бүүр сайн л биз.

Бөөн мөнгө төсөвлөж, зарлагадаж, улс төрийн намын томчууд Хэнтийд том том жийптэй уралдаж давхиад хайран зуныг яарин болгохын л нэмэр. Далимд нь Засаг бүтнээрээ, парламент бүхлээрээ Хэнтийд нүүж оччихоод төрийн ажил зуны сардаа будаа, намрын сардаа найраагүй...бандаашны асуудалтай ганц залуугаас болж бараг л улсаараа тоглолоо юу?

2020 онд, за ердөө 12 сарын дараа тэртэй тэргүй орон даяар үзэж тарж, үсэрч наалдана. Тэр үед л бандааш, памперс, бэлгэвч, угж соосог, гурил будаа сонгохгүй байвал болоо биш үү?

Р.Эмүжин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.