УИХ-ы нөхөн сонгуулийн товыг зарлан, сонгуулийн зардлыг шийдвэрлэсэн нь Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэлээ

Twitter Print
2019 оны 05-р сар 27-нд 18:56 цагт
Мэдээний зураг,

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар өнөөдөр УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг “Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай”, “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоол, Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хянан шийдвэрлэлээ.

Дунд суудлын хуралдаанаас гарсан шийдвэрийг Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Солонго танилцууллаа. Тэрбээр  "Сонгуулийн тухай хуулийн УИХ-ын 2018 оны зургадугаар сарын 14-ний өдрийн “ Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай” 49 дүгээр тогтоол, 2019 оны хоёрдугаар сарын 02-ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 22 дугаар тогтоол, Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн эсэх маргааныг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Д.Гантулгыг чөлөөлсөн УИХ-ын тогтоол нь  Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчөөгүй гэж үзсэн байна. Харин УИХ-ын 42-р тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох УИХ-ын 22-р тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн байна.

Мөн нөхөн сонгууль явуулах хугацааг зарлахдаа хуулийн тэгш бус байдал бий болгосон. УИХ-ын дээрх шийдвэр нь Үндсэн хуулийг зөрчсөн байна. Үндсэн хуулийн сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн. Санал авах өдрийг сонгууль болохоос 180-аас доошгүй хоногийн өмнө тогтоох ёстой. УИХ Сонгуулийн хуулийг зөрчиж нөхөн сонгууль болохоос 148 хоногийн өмнө тогтоосон байна. 

Мөн Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр “Сонгуулийн хуулийг сайжруулах, цаашид маргаан үүсэхгүй байх нөхцөлийг бий болгох зайлшгүй шаардлагатай байгаа учраас нөхөн сонгуулийг явуулахын тулд сонгуулийн зардлыг улсын төсөвт суулгах шаардлагатай гэж үзэж, шийдвэрээ гаргалаа" гэсэн тайлбарыг өгсөн юм.

Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан дээрх хоёр асуудлаар гаргасан УИХ-ын тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэр гаргаж, түүнийгээ УИХ-д хүргүүлснээс хойш ажлын 15 өдрийн дотор хэлэлцэн шийдвэрлэх учиртай. Өөрөөр хэлбэл, нөхөн сонгууль товлох УИХ-ын 22-р тогтоол Үндсэн хууль зөрчсөн учраас УИХ энэ шийдвэрийг 15 хоногийн дотор хэлэлцэх юм.

Цэцийн дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн УИХ-ын гишүүдийн олонх Цэцийн дүгнэлтийг хүлээж авбал НӨХӨН СОНГУУЛЬ БОЛОХ боломжгүй. Хэрэв УИХ уг дүгнэлтийг хүлээж авахгүй бол Үндсэн хуулийн цэцийн ИХ СУУДЛЫН ХУРАЛДААН-аар хэлэлцэж, эцсийн шийдвэрийг гаргана. 

42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал хураах өдрийг зургаадугаар сарын 30-нд товлоод байсан. Тус тойрогт одоогийн байдлаар МАХН намын дарга Н.Энхбаярыг, АН Хэнтий аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ж.Оюунбаатарыг нэр дэвшүүлсэн. 

УИХ-ын гишүүн Д.Гантулгыг гишүүнээс чөлөөлсөн, нөхөн сонгууль товлосон УИХ-ын тогтоолууд Үндсэн хууль зөрчсөн гэх маргааныг дөрвөн иргэн гаргасан юм.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.