Агуу Б.Шаравын “Алтан пянз” хийгээд бусад нь...

Twitter Print
2019 оны 05-р сар 27-нд 15:34 цагт
Мэдээний зураг,

Өнөөдрөөс 36 жилийн тэртээ, ХБДС-ийн наймдугаар ангийн жаалхан бацаан байхад минь бидэнд “Хөгжмийн уран зохиол” болон “Сонсгол”-ын хичээл орж байсан энэ цагийн Монголын Хөгжмийн урлагийн “Агуу суутан” Монгол Улсын Урлагийн гавъяат зүтгэлтэн, Чингисийн одонт, төрийн шагналт Б.Шаравын гайхамшигт “II симфони” болон дахин давтагдашгүй таван бүтээлийг нь багтаасан 300 ширхэг хос “Алтан пянз” эх орондоо хүрэлцэн иржээ.

“Монгол тулгатны 100 эрхэм”-ийн эн тэргүүнд дуурьсах учиртай Монголын хөгжмийн урлагийн дахин давтагдашгүй “Суу билэгтэн” Б.Шаравын эгнэшгүй гайхамшигтай авъяасаар эгшиглэсэн “Хоёрдугаар симфони” гэхэд л дэлхийн хөгжмийн урлагийн “Алтан цоморлиг”-т багтсан байдгийг АНУ болон Их Британи, ХБНГУ, Францын хөгжим судлаачид онцлон тэмдэглэсэн байдаг нь өдгөөгөөс бараг л 30 жилийн өмнөх явдал байдаг.  

Монголын хөгжмийн урлагийн яах аргагүй сод манлай оргилын нэгэн Урлагийн гавъяат зүтгэлтэн Б.Шарав одоогоос 36 жилийн өмнө ХБДС-ийн наймдугаар ангийн жаахан бацаанууд бидэнд Л.В.Бетховен, В.А.Моцарт, Ф.Шуберт нарын агуу их авъяас билэг, дахин давтагдашгүй “Сарны сонат”, “Есдүгээр симфони”, “Чавхдаст хөгжмийн дөрвөл”, “Шидэт лимбэ” дуурь,“Төгсөөгүй” симфони зэрэг хүн төрөлхтөний хөгжмийн урлагийн туухэнд эгнэгт мөнхрөн эгшиглэсэн гайхамшигт бүтээлүүдийн тухай самбарын өмнө намуухан дуугаар хүүрнэж зогсохдоо өөрөө хэзээ нэгэн цагт “Хоёрдугаар симфони” болон “Чингис хаан” дуурь, “Сэрсэн тал” удиртгал, Ардын уран зохиолч Т.Галсангийн шүлгээр “Аав ээж хоёр минь” дуу шигээ хөгжмийн урлагийн гайхамшигт бүтээлүүд туурвина хэмээн арайхан бодож амжаагүй л явсан болов уу. Учир нь тэрээр хуучнаар ЗХУ-ын Свердловск буюу өнөөдрийн Екатеринбург хотын Хөгжмийн дээд сургуулийг дөнгөж төгсөж ирээд л багшилж байсан үе нь билээ. Гэхдээ энэ цагийн Монголын хөгжмийн урлагийн сод манлай, агуу эгшиглэнт Б.Шарав ХБДС-д тэгтлээ удаан багшлаагүй юм. Учир нь түүний авъяас онгод, зүрх сэтгэлийг нь гижигдэн уянгалж, тун ч удалгүй “Зуурдын орон” балет, “Ононд хатаагдсан илд” дуулалт жүжиг, “Замбуу тивийн наран” магтуу, “I, II симфони”, “Эх орон” романс, “Аав ээж хоёр минь” дуу гээд Монголын ард түмний зүрх сэтгэлд уянгалан эгшиглэсэн олон гайхамшигт бүтээлүүдээ туурвисан билээ.

Image result for б.шарав 

Ер нь бол агуу их Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж, С.Гончигсумлаа, Э.Чойдог нарын  гаргасан замнал, суу билэгийнх нь харгуйн араас өөрийн гэсэн жим мөрөө гаргаж, даян дэлхийд Монголын хөгжмийн урлагийн гайхамшигийг яах аргагүй мэдрүүлсэн бүтээлүүд бол түүний алдарт “Хоёрдугаар симфони”, “Чингис хаан” дуурь, “Сэрсэн тал” удиртгалууд гээд олон гайхалтай хөгжмүүд нь юм.

Тэрээр өөрийн их анд, гайхамшигт аялгууны эзэн Х.Билэгжаргалтайгаа хоёул нэгэн шөнө оройхон Дуурийн театрын тайзан дээрх төгөлдөр хуурын ард ээлжлэн сууцгааж, тухайн цагт өөрсдийн цээжинд уянгалж байсан болон, удахгүй бичихээр төлөвлөж байгаа бүтээлүүдийнхээ заримаас халамцуухан эгшиглүүлж суухдаа “Удахгүй Монголын ард түмэн чамайг биш намайг л гайхширан магтацгаах болно. Тэгээд ч чиний бичээгүй хөгжмийг би л бичих болно” хэмээн хоёр биендээ ихэрхэж, хэн нэгнийгээ хурцалцгааж байсныг дэргэдээс нь харж суусан билээ. Гэтэл тэрхэн зуурын хоёр биендээ тунирхсан томорхол нь хэрхэн амьдрал дээр аялгуу сайхан хөгжмийн бүтээлүүд болон эгнэгт эгшиглэснийг нь Монголын ард түмэн яагаад ч мартах учиргүй, тийм арга ч байхгүй нь амьдралаар нотлогдсон гайхамшигт үнэн билээ. Учир нь тэр цагаас хойш тун ч удалгүй Х.Билэгжаргалын “Ламбугайн нулимс” алдарт дуурь, “Бөртэ чоно” балет, “Атга нөж” жүжгийн хөгжмүүд дараалан эгшиглэж, хоёр найзын агуу авъяас билгийг Монголын төр засаг ч үнэлж эхэлсэн түүхтэй.

Тэр талаар тодруулвал Б.Шарав 1992 онд төрийн шагнал хүртсэн бол Х.Билэгжаргал нь 1997 онд “Ламбугайн нулимс” дууриараа төрийн шагнал хүртсэн байдаг. Энэ цагийн Монгол түмний бахархал болсон агуу хөгжмийн зохиолч Б.Шарав 2002 онд Урлагийн гавъяат зүтгэлтэн болсон бол харамсалтай нь түүний эрхэм журмын анд Монголын бас нэгэн суу билэгтэн Х.Билэгжаргал 2008 оны наймдугаар сарын 3-нд бурханы оронд морилж, тэр талаар өнөөдрийн суутан Б.Шарав “40 жил найзалсан их андыгаа дэлгэр зунаар үдэж мордуулчихаад нүд дүүрэн нулимстай, нүүр дүүрэн гунигтай буцаж билээ” хэмээсэн байдаг.   

Image result for б.шарав алтан пянз

Тэгвэл энэ цагийн Монголын их бахархалт хүмүүн хөгжмийн зохиолч Б.Шаравын гайхамшигт “Хоёрдугаар симфони” эх орондоо “Алтан пянз” болон эгшиглэсээр ирсэн энэ баярт цаг үед тэрхүү гайхамшигт симпонийх нь талаар нэг жаахан түүх сөхвөл хамгийн анх 1988 оны тавдугаар сарын 22-ны үдэш тухайн үеийн ЗХУ-ын Д.Д.Шостаковичийн нэрэмжит Ленинградын филармонийн тайзнаа Литвийн удирдаач Гинтарас Ринкявичюсын удирдлага дор Литвийн филармонийн симфони найрал хөгжимдөж, Ленинград хотын М.И.Глинкийн нэрэмжит найрал дууны хамтлагийн дуучид дуулан эгшиглүүлж байсан юм билээ. Тухайн үеийн Санктпетрбург хотод болсон Их наадамд дэлхийн 62 орны 100 гаруй хөгжмийн зохиолч оролцон бүтээлээ эгшиглүүлж байснаас ЗХУ-ын хөгжим судлаачид болон нийт сонсогчид нь “Монголын хөгжмийн зохиолчийн тэрхүү симпони яах аргагүй шилдэг нь байлаа” хэмээн үнэлж, Санктпетрбургийн бараг бүх л сонин хэвлэлээр шуугиж байсан гэдэг.  Энд сонирхуулахад Монголын ард түмний урлагийн үнэт өвд тооцогдож, үеийн үед дуурсах учиртай Б.Шаравын “Хоёрдугаар симпони”-ийг дэлхийн алдартнуудын пянзыг үйлдвэрлэдэг “EMI 1440” төхөөрөмжөөр бүтээж АНУ-д 300 хувь хэвлүүлснийг хэдхэн хоногийн өмнө авчирсан гэсэн. Урлагийн гавьяат зүтгэлтэн, Чингисийн одонт, төрийн шагналт энэ цагийн “Агуу суутан”  Б.Шаравын тэрхүү 300 ширхэг алтан пянзанд “Хоёрдугаар симфони” тэргүүтэй “Сэрсэн тал” магтуу, “Аав ээж хоёр минь” дуу зэрэг гайхалтай бүтээлүүд нь эгшиглэх бөгөөд нийтдээ түүний сонгодог таван бүтээл нь багтсан гэнэ.

Харин энд нэг зүйлийг дурдахгүй өнгөрч болохгүй санагдсан нь энэ цагийн “Агуу суутан” Урлагийн гавъяат зүтгэлтэн Б.Шарав саяхан нэгэн орой телевизийн дэлгэцээр гарахдаа нэлээн турж эцсэн, бие нь тааруухан, сайн эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа нь илт анзаарагдсан билээ. Тэгвэл “Петровис” ХХК-ны эзэн Ж.Оюунгэрэл Урлагийн гавъяат зүтгэлтэн Б.Шаравын “Алтан пянз”-ыг 11 сая төгрөгөөр худалдан авч, тэр бүх мөнгөө түүний эмчилгээнд хандивлаж ихээхэн буян үйлдсэн байна лээ. Ер нь бол дахиж мөддөө заяахгүй шахам энэ их суутнаа Монголчууд одоо л бишрэн дээдэлж, ялангуяа эрүүл мэнд нь барагтайхан болчихсон энэ цаг үед нь л өглөг буяны өгөөмөр гараа харамгүй дэлгэцгээмээр санагдана. Тийм ч бодлоор энүүхнийг тэрлэлээ.

Тэгээд ч энэхүү бяцхан нийтлэлээ нэгэн гэгээхэн дурсамжаар төгсгөхгүй бол болохгүй санагдана. Учир нь өнөөдрөөс 11 жилийн өмнөх хаврын нэгэн өдөр Монголын хөгжмийн урлагийн хоёр их суутан Х.Билэгжаргал, Б.Шарав хоёртой оройхон уулзаж, бэсрэгхэн ярилцлага өрнүүлэхэд Дуурийн театрын тайзан дээрх төгөлдөр хууран дээр ээлжлэн сууж эгшиг уянгаа дуурсгаж байсан хоёр их суутны маань нэг нь “Би ганцхан Л.В.Бетховенийг л мөргөн шүтдэг. Бусад нь бол яах вэ. Жишээ нь энэ Шарав надаас дээш гарна гэвэл гонжийн жоо” гэж байсан бол нөгөөх нь “Чамд ганцхан "Ламбугайн нулимс" л байгаа. Бусад нь бол мелький /өчүүхэн/" хэмээн тас тас хийтэл инээцгээж байсныг нь өчигдөрхөн мэт л санаж байна.

Харин өнөөдрөөс 11 жилийн өмнөх ид зуны наймдугаар сард буцаж ирдэггүй алсын аяндаа мордсон Х.Билэгжаргал ганцхан агуу их Л.В.Бетховеныг нь бурханчлан шүтдэг байсан бол тэрхүү агуу суутныг нь оршуулсан Вена хотын Веринг хэмээх оршуулгын газрын нэгэн булшны хөшөөн дээр “Хөгжмийн урлаг энд эрдэнийн баян сан, эрхэм сайхан бүхнээ оршууллаа” хэмээн сийлсэн байдаг гэдэг.

Энэ бүхнийг эргэцүүлэхэд “Хүний амьдрал ямар агуу хийгээд, яасан ч богинохон юм бэ дээ” хэмээн өөрийн эрхгүй эмзэглүүлнэ. Агуу их Б.Шаравын “Алтан пянз” эх орондоо эгшиглэх цагаар өөрийн эрхгүй маргааш ирээдүй хөшилдөнө...  

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Уншигч

      (124.158.107.85) 2019-05-29 10:13
      • 0
      • 0

      Энэ сэтгүүлч өөрөө ч хөгжмийн урлагийн гайгүй боловсролтой нэгэн гэдэг нь илэрхий байна шүү. Тэгээд ч яах аргагүй энэ цагийн Монголын хөгжмийн урлагийн суутан Б.Шаравын талаар маш сайхан бичсэн байна. Нээрээ л саяхан нэг оройн нэгэн телевизээр Урлагийн гавъяат зүтгэлтэн Б.Шарав гуайн бие нь нэлээн тааруухан байгаа бололтой, ихээхэн турж эцсэн ядруухан царайтай гарч байна лээ. Яах аргагүй түүнд хөрөнгө санхүүгийн туслалцаа хэрэгтэй шүү. Харин Петровисын эзэн тэр баян авгай ганц удаа ч гэсэн ухаалаг, хүнлэг сэтгэл гаргасан нь үнэн бол ашгүй дээ.

      Хариулах