МУСГЗ Г.Жамьян - Цаг хугацааны тайлал буюу Намбарын Энхбаяр

Twitter Print
2019 оны 05-р сар 27-нд 12:49 цагт
Мэдээний зураг,

1. Эх нь хээр алаг бол

    Унага нь шийр алаг

Энхбаярын аав Б.Намбар, ээж Р.Бүдханд бид нар бол нэгэн цаг үед ажиллаж амьдран залуу насаа үдэцгээсэн, нэг үгээр хэлвэл “социализмын бүтээгдэхүүнүүд” юм. 

Балжиннямын Намбар гэж хүнийг Монголд танихгүй хүн бараг байгаагүй ээ. Миний үеийнхэн, надаас арай сүүл үеийнхэн “Рашааны Намбар” гэвэл хэн хүнгүй л, хууз сахалтай туранхай шар хүнийг төсөөлж мэднэ.

Б.Намбар бид хоёр залуугийн танил. Тэрээр “Оргил” рашаан сувилалд дарга, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв зөвлөлд амралт рашаан сувилал хариуцсан албан тушаалтан гэх мэт, ер нь дан рашаан сувиллын чиглэлээр ажиллаж байсан учир, хүмүүс түүнийг Балжиннямын гэхээсээ “Рашааны Намбар” л гэдэг байсан. Бид хоёрыг ч амралт рашаан сувиллын алба л анх танилцуулж, холбож өгсөн. Би “Улаанбаатарын мэдээ” сонинд сурвалжлагч. Амралт рашаан сувилалд явах  болвол Намбар руу утасдана. Тэр, бүгдийг зохицуулж намайг ая тухтай амраана. Намбар над руу утасдана. “Амралт сувиллынхаа талаар ийм юм хийлээ. Сурвалжлуулмаар байна”. “Манай рашаануудыг ухаж төнхөөд, ундарга нь хаагдах гээд байна. Ингэж бичээч” гэх мэтээр утасдана. Би явж сурвалжлана, шүүмжилнэ. Иймэрхүү холбоотойгоор энэ зах зээлийн нийгэмд хөл тавьцгаасан.

Б.Намбарын хувьд бол Монголын рашаан судлалын “загалмайлсан эцэг” гэж хэлж болохоор хүн л дээ. Монголд хэдэн зуу, мянгаараа байсан рашааныг бараг л тэмтрээд олно. Ямар найрлагатай, өвчин анагаахад ямар улиралд аль нь сайн, яаж эмчилдэг зэргийг арван хуруу шигээ мэддэг хүн. Бичсэн сэдэв, ном товхимол ч зөндөө бий. Надаас хэд ах боловч гэмгүй цагаан сэтгэлээр нөхөрлөж явсан анд маань амьд сэрүүн, бүтээл туурьвилдаа шамдаж байгаа гэсэн.

Энхбаярын ээж Р.Бүдханд гэж хүнтэй бас л эртний танил. Бид хоюулаа эвлэлийн ажилтан. Бүдханд маань МХЗЭ-ийн төв хороо, Зохиолчдын байгууллага зэрэгт хариуцлагатай алба хашсаар гавъяаныхаа амралтанд гарсан, намба төлөв төвшин сайхан эмэгтэй бий дээ.

Саяхан Н.Энхбаяр Английн нэрт зохиолчдын богино өгүүллэгүүдийн орчуулгын түүврээ хоёр дахь удаагаа хэвлэн гаргалаа. Түрүү 1991 онд “Хатсан гар” нэртэйгээр анх хэвлэн уншигчдын хүртээл болгож байсан бол энэ удаа нэрийг нь өөрчлөн “Сохорын орон” нэртэйгээр дахин хэвлэжээ. Энэ суут бүтээлийн нээлтэд соёл урлагийн зүтгэлтэн, эрдэмтэн мэргэд олон хүн оролцсон бөгөөд Н.Энхбаяр номоо тодорхой тайлбарлаж, дээж номоо аав ээж хоёртоо барьсан нь сайхан санагдаж байлаа. Аав ээждээ ийнхүү хүндэтгэлтэй ханддаг хүн олон бий. Ийм аав ээжийн хүү сайн явалгүй яахав гэж бодлоо. Цугларсан бүх хүнд Н.Энхбаяр гэсэн гарын үсэгтэй номоо дурсгасан юм. Их хүмүүний гарын үсэгтэй ном өчүүхэн бичээчийн номын санд ч хадгалагдаж л байг.

2.  “Энэ шүүрээр

     Монголын муухай бүхнийг шүүрдээрэй”

Намбарын Энхбаяр гэж хүнийг сурагаар л мэддэг байлаа. “Соёлын яамны сайд болж гэнэ”. “Мигжид Жанрайсаг бурхнаа сэргээн босгож байгаа гэнэ”. “Монголын чөлөөт зохиолчдын эвлэлийг удирдаж байгаа гэнэ”... гэхчлэн мэдээлэл байнга л чих дэлсэх болсон.

1996 онд МАХН парламентын сонгуульд ялагдаад удирдах бүрэлдэхүүний нэг хэсэг нь гадаадын эдлэн газар руугаа нөгөө хэсэг нь аймаг сум руугаа алга болцгоож билээ. Намдаа хайртай “эргүү хурга” шиг хэдэн юм үлдээд өдөрт л намын байрныхаа хүнгүй өрөө тасалгаануудаар хол ойрын хов жив ярилцсан шиг цаг өнгөрөөж байсансан. Ялагдаад, таван тийшээ тарж бутарсан  намыг тэр үед “Би удирдъя” гэх хүн бараг байгаагүй байхаа. Ийм л үед өнөөх Намбарын Энхбаяр гэдэг залуу гарч ирсэн. МАХН-ын хал үзэж , халуун чулуу долоосон ахмадууд олон удаа уулзаж ярилцаад “Намын даргад итгэл хүлээлгэж болох хүн Н.Энхбаяр л байна” хэмээн тохирцгоосон гэдэг. Тэгээд намын их хурал хуралдаж Намбарын Энхбаярыг МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Намын даргаар удаа дараа сонгож ажиллуулсан. 2000-2004 онд Монгол улсын ерөнхий сайд болж билээ.

Энэ үед болсон нэг хэвлэлийн бага хурал санаанаас гардаггүй юм. Би, хамгийн анх удаа Н.Энхбаяр гэж хүнтэй нүүр тулан уулзаж, бас амжилт хүсэн гар барих боломж ч олдсон. Хэвлэлийн бага хурал дээр Н.Энхбаяр тулгамдсан зорилтуудаа товч тодорхой  танилцуулаад сэтгүүлчдийн асуултад хариулсан. Манай , Чөлөөт сэтгүүлчдийн эвлэлийн Ерөнхийлөгч Ц.Дашдондов, тайзан дээр том шүүр барин гарч ирээд Н.Энхбаяр даргад гардуулахдаа: “Энэ шүүрээр Монголын муу муухай бүхнийг шүүрдээрэй” гэхэд танхим дүүрэн инээлдэж Н.Энхбаяр дарга ч талархалтай хүлээж авч байсансан. Тэр хэвлэлийн хуралд гадаадын олон орны сурвалжлагчид оролцсон. Их ч зүйл асууна билээ. Н.Энхбаяр дарга оросоор асуусанд нь оросоор, англиар асуусанд нь англиар хариулж, ёстой л мэдлэг чадвараараа гайхагдсан даа. Завсарлаад хүмүүс: Монгол маань ч удирдагчаа олчих шиг бололтой гээд сүслэн дээдлэж байсан нь саяхан мэт санагдана.

Related image

3. Би бүтэлгүйтэж

    Н.Энхбаяр дарга зэмлэв

Миний аль бүтэлгүйтэхийг тэр гэхэв. Парламентын сурвалжлагчид Ерөнхий сайдтай радио телевизийн халз ярилцлаганд орох боллоо. Тэр үед парламентын байнгын сурвалжлагч арваадхан хүн байсан. Биднийг цуглуулаад УИХ-ын тамгын газраас шууд ярилцлага болно гэдгийг  мэдэгдээд нэг нэг асуулт өглөө. Ийм л зүйл асууна шүү, үүнээс илүү ч болохгүй, дутуу ч болохгүй гэлээ. Шууд ярилцлагын хөтлөгч нь Ц.Мөнхтөр. Одоо телевизийн “Мөнхтөрийн цаг”-ийг хөтлөөд байгаа нэрт сэтгүүлч, Монгол улсын Соёлын гавъяат зүтгэлтэн Ц.Мөнхтөр л дөө. Нэвтрүүлгийн газар очоод миний зөрүүд зан хөдлөн өгсөн асуултыг нь ураад хаячихлаа. Өөр олон түмний сонирхсон асуулт асууна гэж бодсон юм. Тэгээд Н.Энхбаяр даргыг товч үг хэлсний дараа хэд хэдэн сэтгүүлч асуултаа асуулаа. Миний ээлж болж би асуулаа. Тэр үед мөн л С.Зоригийн аллага, нисдэг тэрэгний сүйрэл.... олон зүйл ид яригдаж байсан үе. Би тэгээд: “Сүүлийн үед С.Зоригийг хөнөөсөн аймшигт аллага, Ш.Отгонбилэгийн сууж явсан нисдэг тэрэгний сүйрэл, бусад хэд хэдэн улс төрчдийн учир битүүлэг үхэл нам дарагдлаа. Яагаад энэ хэргүүдийг шалгахгүй байгаа юм? Заримд нь таны нэр ч явж л байх юм? гэж асуугаадахсан чинь Энхбаяр дарга нэлээн эвгүй байдалд орж “шалгадаг газрууд нь шалгасан, одоо ч шалгаж байгаа. Энэ бүхэнд миний нэр холбогдсон юм байхгүй. Хүнийг ингэж битгий хардаж сэрд. Жамьян гуай та ч гэсэн өөрөө хэлмэгдэж явсан гээ биз дээ” гэлээ. Байдал эвгүй болохтой зэрэг хөтлөгч маань ч ярилцлагаа түргэн хаалаа. Бид чимээгүйхэн тарцгааж билээ. Ингээд дарга бид хоёрын хооронд жаахан учир битүүлэг зүйл явсан байх.

Би чинь, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нараас санасан бодсоноо асуучихдаг, бас дутагдал доголдолтой зүйлийг нүүрэн дээр нь шүүмжилчихдэг л хүн. Тэр зан маань одоо ч гэсэн хэвээрээ, энэ дээдсийн дургүй хүргээд л яваа байхгүй юу.

Н.Энхбаяр дарга Ерөнхийлөгч боллоо. Хэвлэл мэдээллийн албаны даргаар нь яруу найрагч Загдын Түмэнжаргал очлоо. З.Түмэнжаргалын төрсөн эгчтэй, миний төрсөн дүү суусан. Бид худ ураг. З.Түмэнжаргал маань намайг ахаа гээд их хүндэтгэлтэй хандана. Хөгшин бид хоёрт ирж золгоно. Их саданcаг залуу л даа. Нэг өдөр Түмэнжаргал маань над аминчилж байна. “Ахаа, та Энхбаяр Ерөнхийлөгчтэй учраа ололц л доо. Та ингээд хол хөндий байгаад байх чинь эвгүй байна. Манай ерөнхийлөгч тулаад нөхөрлөсөн хүнд их сайн хүн шүү. Би та хоёрыг уулзуулж өгье. Та уучлал гуй. Хэлж ярих юмаа ч чөлөөтэй ярилц” гэлээ. Тэгээд дүү маань ерөнхийлөгч бид хоёрыг уулзуулж өгсөөн. Н.Энхбаяр Ерөнхийлөгч намайг тун энгийн, сайхан хүлээж авсан. Би ч олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр хамаа намаагүй юм асуусандаа уучлал гуйж байна гэсэн.

Ерөнхийлөгч Н.Энхбаяр инээгээд: “Уучлалгүй яахав. Сэтгүүлч, зохиолч бидний чинь дунд тийм зүйл зөндөө л байдаг  шүү дээ. Жамьян гуай та санаа зовсны хэрэггүй гээд цай идээгэээр дайлж, хэсэгхэн ярилцаад үдэж гаргасансан. Түүнээс хойш Н.Энхбаяр гэж хүнтэй жирийн найрсаг харилцаатай өдийг хүрч дээ.  З.Түмэнжаргал дүү маань ч Францад очиж ажиллаад таалал төгссөн.

4. Эрхэм хүнд эдгэшгүй шарх

    Үлдээдэг орчлон

2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль гэж хатуухан хэлвэл “дайн” болсон  л доо. Ерөнхийлөгч байгаа хүн хууль ёсоороо нэг удаа улиран сонгогдож болно. Тэгээд л Н.Энхбаяр маань намаасаа Ерөнхийлөгчид нэр дэвшиж билээ. Хүчтэй өрсөлдөгч нь Ардчилсан намаас нэр дэвшсэн Ц.Элбэгдорж. Сонгуулийн сурталчилгаанаасаа эхлээд л нэг биш ! Ардчилсан нам Ц. Элбэгдоржийнхоо төлөө мөнгийг бол бялууртал цутгаж, магтаалыг бол далай шиг урсгасан. Харин МАХН л нэр дэвшигчийнхээ төлөө бараг л дуугүй, бүлх залгичихсан юм шиг хачин сонин байсныг манай намынхан мэднэ  дээ. Нэр дэвшигч Н.Энхбаяр өөрийнхөө хүч бололцоонд тааруулан сонгуулийн сурталчилгаа хийж байсансан.

Энэ үед МАХН-ын дарга Санжийн Баяр  байсан юм. Энд л МАНАН, монголын мафийн сүлжээ үүссэн байхгүй юу. С.Баяр тэргүүтэй МАХН-ын удирдлага намаасаа нэр дэвшигчийн төлөө бус, Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдоржтой нууцаар хуйвалдан Намаа, нэр дэвшигчээ ялагдуулсан юм. Ийм нууц сонгуулийн түүхэнд урьд хожид гарч байсныг би л хувьд дуулаагүй юм байна. Ингэж мафийн бүлэглэлийн хүчинд автан Н.Энхбаяр маань энэ сонгуульд ялагдчихсан  л даа. Цахиагийн Элбэгдорж ялсан.

2009 онд үүсэж буй болсон МАНАН-мафтай бүлэглэл сүүлийн арваад жилд улс орныг гадныхантай хамсан тонон дээрэмдэж, шудрага бүхнийг устгаж, ёстой л эзэнгүй хонинд орсон чоно шиг загнасныг ард түмэн маань нүдээрээ үзэж, чихээрээ сонссон.

Тэр аймшигт хүчирхийллийн дунд тамлагдаж зовсон олон аавын хүүгийн нэг нь Намбарын Энхбаяр. Түүнийг Ерөнхийлөгчөөс буулгаад сэтгэл ханалгүй хууль шүүхнийнхнээрээ дамжуулан худал хуурмаг ял тулгаж шоронд яаж тамласныг олон түмэн мартаагүй байгаа. Н.Энхбаяр гэж хүнийг буруутгахын тулд Монголын мафийнхан ёстой л ”томруулдаг шил” болгоноор, гишгисэн мөр болгоныг нь шиншилж байсан. Сөүлийн онгоцоор номоо үнэгүй тээвэрлэсэн гэнэ. “Улаанбаатар таймс” сонины байрыг авсан ч юмуу, авахыг завдсан юмуу, “Өргөө” зочид буудлын хэдэн өрөөг авсан... гэхчлэн ял тулгаж, орон гэрээс нь дэндүү муухай баривчилсан л даа. Хөөрхийдээ, Монгол улсын Ерөнхийлөгч, ерөнхий сайд, УИХ-ын дарга байсан хүнээ оймстой хөлийг нь гозолзуулаад ачаад явчихаж билээ. Гурван зуун цагдаа аваачсан гэдэг юм. Олон улсын зартай алуурчдыг ч тэгэж барьдаг юм уу, үгүй юу, бүү мэд!  Ц.Элбэгдорж, С.Баяр нарын удирдсан МАНАН-мафийнхны аймшигт дарангуйллын эхлэл энэ байсан юм л даа.

Н.Энхбаяр гэж хүн нэг эвдэрхий балгас авсан байлаа ч гэсэн энэ мафийнхны идсэн уусны дэргэд бол дуслын төдий юм. Хичнээн томрууллаа ч энэ хулгайчдын дээрэмдсэн хөрөнгийн дэргэд хумсны толио шиг л харагдаж байгаа.

Эд чинь уулыг амаар нь, уурхайг орд газраар нь хуваагаад авчихлаа шүү дээ. Завшсан, замхруулсан хөрөнгө нь их наядаар, хэдэн зуун тэрбумаар тооцогдож байх юм. Монголын мөнгөний тал хувийг олон улсын оффшор бүсүүдэд аваачаад нуучихсан, дэлхийн хамаг сайхан газруудад орд харш, эдлэн газруудтай болчихсон байна гэнэ. Баригдах болохоор нь шүүх прокурорынхон нь гадаадад оргуулчихдаг, өнөөх орд харшдаа очоод тарвалзаж хэвтдэг юм байна. Хувь тавилангийн эрхээр, хуйвалдааны замаар хөөрхий муу Н.Энхбаяр л зовлонгий нь үүрч, жаргал цэнгэлийг нь мафийнхан эдэлж дээ.

5. Цаг хугацааны тайлал

     Буюу Намбарын ЭНХбаяр

Эрхэм хүн та эргээд нэг хараарай. Н.Энхбаяр гэдэг хүн төр, засгийг толгойлсон есөн жилийн хугацаанд юу бүтээсэн, Монголын мафийнхан хорин хэдэн жилд юу хийснийг тоймлон харвал тун сонин дүн харагдана.

Image result for Н.ЭнхбаярН.Энхбаяр: Мигжид Жанрайсаг бурханыг сэргээн бүтээх ажлыг хариуцсан, Мянганы замыг санаачлан эхлүүлсэн, Оросын их өрийг тэглэх ажлыг удирдсан, Монгол улсын иргэн бүрт газар өмчлүүлэх ажлыг санаачлан шийдвэрлүүлсэн, “Эрчим хүчний нэгдсэн сүлжээ” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг эхлүүлснээр бүх сумыг гэрэл гэгээтэй болгосон, Монголын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцуулах асуудлыг санаачлан шийдвэрлүүлсэн, “Хүүхдийн үдийн цай” хөтөлбөрийг санаачлан эхлүүлсэн, “Мянганы сорилтын сан”-гийн шугамаар 280 сая,ам долларын хэмжээний буцалтгүй тусламж авсан, “Дэлхийн сонгодог утгазохиолын 50 боть”-ийг монголоор орчуулан хэвлэх ажлыг санаачлан хэрэгжүүлсэн, “Үндэсний хөгжлийн цогц бодлого”-ыг боловсруулан УИХ-аар хэлэлцүүлж батлуулсан... зэрэг асар их ажил хийжээ. Мөн Оюу-толгойн гэрээг Монгол улсад ашигтай байгуулах, Таван толгойг ард түмэндээ өмчлүүлэх санаачлага гарган энэ байр суурин дээрээ хатуу зогссон нь Монголын мафийнхны эсэргүүцэлтэй тулгарсан юм.

Тэгвэл Монголын мафийнхан хорин хэдэн жилийн дотор юм бүтээв?! Монголын ард түмнийг 200 жил тэжээх нөөцтэй Оюу-толгойгоо гадны том банкны барьцаанд тавьчихсан, Эрдэнэт үйлдвэрээ хоёр хуваагаад 51 хувийг гадны “стандарт” банкны барьцаанд тавьж, 49 хувийг нь төрийн мөнгөөр бүлэг хулгайчид хувьдаа авчихсан байгаа. С.Баяр, С.Баярцогт тэргүүтэй хэсэг бүлэг хүн хахуулийн мөнгөө олон улсын оффшор бүсүүдэд аваачаад нуучихсан. Үүнээс болж Монгол улс дэлхийн гуйлгачин орон болж, ард түмэн нь ядуурлын туйлд хүрсэнтэй маргах хүн бараг байхгүй байхаа.

Аливаа юмны нарийн учир утгыг цаг хугацаа л тайлж өгдөг. Тэгвэл өнөөдөр өрсөлдөгчөө шоронд хийн тамлуулж байсан Ц.Элбэгдорж маань уран зураг хулгайлсан, С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг шалгаж байгаа зэрэг олон зүйлээс улбаалан эх орноосоо оргож зугтсан сураг байна. Харин өнөөх хилс ял эдлэн тарчлан зовож байсан Н.Энхбаяр нь парламентын нам-МАХН-аа удирдан, ард түмнээ соён гэгээрүүлэхээр Английн сонгодог өгүүллэгүүдийг орчуулан ном болгож хэвлүүлээд ард түмэндээ дэлгэж, түгээж явна.

Өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулга гэдэг хүн үйл лайныхаа эрхээр хэдэн шүүгчийн “барьцаанд” тушаатай адуу шиг дэвхцэж байх юм даа. Цаг хугацааны тайлалаа гэж, сонин байгаа биз?!

Г.Жамьян

Монгол улсын соёлын гавъяат зүтгэлтэн, сэтгүүлч

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (182.160.32.218) 2019-05-27 19:50
      • 0
      • 1

      Жамьян гуай бодууштай үнэн юм бичжээ.

      Хариулах

    • Зочин

      (202.21.108.152) 2019-05-29 15:02
      • 0
      • 0

      БЯЛДУУЧ ХӨГШИН ЮМАА.ХЭДХЭН ХАЛТАР ТӨГРӨГӨӨР ХУДАЛДАГЧ ДЭЭ.ЭЭ ХӨӨРХИЙ ҮР ХҮҮХДЭД НЬ ХООЛ БОЛДОГ Л ЮМ БАЙХ ДАА

      Хариулах

    • Зочин

      (202.21.108.152) 2019-05-29 15:04
      • 0
      • 0

      ХУДАЛДАГДАЖ ДЭЭ.ЗАСАЖ БИЧЛЭЭ.

      Хариулах

    • Зочин

      (103.229.122.165) 2019-05-27 12:02
      • 0
      • 1

      Яана даа.

      Хариулах

    • Балдан

      (202.70.34.38) 2019-05-27 11:39
      • 0
      • 1

      Сонгууль ч дөхөждээ. ПР нийтлэлүүд ихсээл.

      Хариулах