Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

Twitter Print
2019 оны 05-р сар 27-нд 11:25 цагт
Мэдээний зураг,

БНХАУ-ын Хунан мужийн Чагша хотод тавдугаар сарын 24-26-ны өдрүүдэд насанд хүрэгчдийн 3х3 сагсан бөмбөгийн ААШТ болж дүнгээ гаргалаа. Манай улсаас эрэгтэй, эмэгтэй баг хоёулаа оролцож, эрэгтэй баг мөнгөн медаль зүүлээ.

Монгол Улсын 3х3 эрэгтэй баг өмнө нь 2017 онд Улаанбаатар хотод болсон ААШТ-ээс алтан медаль, 2018 онд БНХАУ-ын Шенженд болсон ААШТ-ээс мөнгөн медаль хүртэж байсан юм. Эрэгтэй шигшээ баг тэмцээний С хэсэгт Австрали, БНСУ-ын шигшээ багтай багтаж, хоёрдугаарт шалгаран хасагдах шатны эрхээ авсан байлаа.

Тэмцээний хасагдах шатны 1/4 шигшээд 21:16 харьцаагаар Йорданыг хагас шигшээд 21:13 харьцаагаар Казахстаныг хожиж, аваргын төлөө Австралийн шигшээ багтай шалгарсан. Ингээд аваргын алтан медалийн төлөө “Ногоон” тивийн тив-улс Австралийн эсрэг тоглож, 21:9 харьцаатай хожигдож, мөнгөн медаль хүртлээ.

Image may contain: one or more people, people playing sports, people on stage, shoes and outdoor

Өнгөрсөн жилийн ААШТ-ий шигшээд Австралийн шигшээ багтай тоглож, 17:16 харьцаатай хожигдож байсан бол энэ жил Австралийн шигшээ баг манай шигшээ багийн эсрэг маш сайн бэлтгэсэн нь хоёр багийн тоглолтоос харагдаж байлаа.

Image may contain: one or more people, people on stage, people playing sports, shoes and basketball court

Тэгвэл эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө Японы шигшээ багтай тоглож, 21:14 харьцаатай хожигдож, дөрөвдүгээр байрт шалгарсан амжилт үзүүлжээ.

Монголын эмэгтэй 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг 2013 оны ААШТ-д мөнгөн медаль хүртэж байсан юм.

Энэ удаагийн FIBA 3×3 сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй 22, эмэгтэй 13 улсын баг өрсөлдлөө.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.