Хамба лам Д.Нацагдорж: Хүүхдийн сэвлэгийг үргээхдээ Дашзэвэг найман гэгээн, Нансаананжид уншуулж, ерөөл буян өргөөрэй

Twitter Print
2019 оны 05-р сар 25-нд 10:04 цагт
Мэдээний зураг,

Хүүхдийн сэвлэг үргээх зан үйлийн талаар Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан хийдийн Тэргүүн Хамба лам, МУ-ын Хүний гавъяат эмч Д.Нацагдоржтой ярилцлаа.

-Хүүхдийн сэвлэг үргээх нь ямар утга учиртай зан үйл вэ. Энэ талаар эхэлж ярихгүй юу?

-Сэвлэг үргээх нь манай Монголчуудын үндэстэн ястаны онцлог зан үйл. Энэ бол зурхайн ухаан, шүтэн барилдахуйн ухаантай холбоотой хүмүүний амьдралын их утга учиртай зан үйл юм. Даахь үс нь тухайн хүний урьд, энэ, дараа төрлийн үйлийн үр, намшэ хийгээд ДНХ-ийн мэдээллийг хадгалж байдаг. Хүүхэд эхийн хэвлийд бойжиж байх 23 дахь долоо хоногт даахь үс ургана хэмээн уламжлалт анагаах ухааны онолд бий. Хүн эхийн хэвлийн өвөрмөц ертөнцөд өсөж бойжоод, төрөх цагтаа замбуулангийн бас нэгэн өвөрмөц ертөнц, төлөв байдалд шилждэг. Тиймээс хувь хүний урьд болон завсрын төрлийн намшийн мэдээллийг тээж яваа бодгалийг эрдэнэт хүмүүний төрөлд нь маш гэгээлэг сайн сайхан байлгахад даахь үргээх зан үйл чухал ач холбогдолтой.

Бурхан багшийн түүхээс харахад ариун гэгээн номын зам мөрт орохдоо тэргүүний үсээ авахуулсан нь ч бидний үр хүүхдийнхээ даахийг үргээдэгтэй сайн шүтэн барилдахуйгаар уялдаатай хэмээн боддог. Хүнийг ариун сайхан зам мөрт оруулахын тухайд бэлгэ дэмбэрэлтэй сайн өдрийг сонгож, сэвлэгийг нь үргээдэг ерөөлтэй. Сэвлэгийг нь авч хадгалдаг нь хүүхдийнхээ ДНХ-г ариунаар хадгалахаас гадна амьдралыг нь сайн сайхан байлгах шүтэн барилдахуйн ухаантай ихээхэн уялдаа холбоотой. Хүүхдийнхээ ДНХ буюу үсийг авч хадгална гэдэг нь үр хүүхдийнхээ амь насыг хайрлаж, хүндэтгэж байгаагийн илрэл. Том болоод биеэ даагаад амьдрах насанд нь даахийг нь өөрт нь өгч, сайн сайхнаар авч явахыг ерөөж хүлээлгэдэг ёс ч байдаг. Ер нь хүүхдийнхээ даахийг аваад нэрийг нь авсан жил, өдөр, сартай нь бичиж хадгалах нь зохимжтой юм.

-Хүүхдийн даахийг хэрхэн зөв үргээх вэ?

-Эмэгтэй хүүхдийг тэгш насанд нь буюу 2, 4 настайд, эрэгтэй хүүхдийг сондгой буюу 3, 5 настайд арга билгийн үүднээс сөөлжүүлж авдаг. Хүүхдийн сэвлэг үргээх сайн өдрийг сонгохдоо тухайн жилийн билгийн тооллын өдрийг хардаг. Тухайлбал, шинийн 3, 4, 8, 10, 11, 13, 14, 15, 19, 22, 23, 27 зэрэг өдрүүдэд үргээвэл сайн. Мөн ивээл сард нь авах ёс бий. Ивээл сард нь тохируулах боломжгүй бол авахад тохиромжтой сарынхаа сэвлэг үргээх сайн өдрүүдийг харж, оддын тохиол, барилдлага болоод шүтэн барилдахуйг нь зөв байх талаас нь маш анхаарч өдөр, цагаа сонгох хэрэгтэй. Хамгийн гол нь тэр өдөр хүүхэддээ ерөөл буянаа хайрлах нь чухал.

Хүүхдийн сэвлэгийг үргээхдээ Дашзэвэг найман гэгээн, Нансаананжид гэсэн хоёр номыг заавал уншуулсан байх ёстой. Дашзэвэг найман гэгээн бол Бурхан багшийн айлдсан ном. Хүмүүний үс авах, үргээх зан үйлд Дашзэвэг найман гэгээн номыг уншуулвал хамаг өлзий бусын зүйл бүгд өлзий хутагийн мөн чанарт бий болж, муу харшлах нөхцлүүд үүгээр засагддаг учиртай. Нансаананжид нь даахь үргээх жил, сар хугацааны хувьд ямар нэгэн алдаа мадаг байвал түүнийг нь засч өгдөг. Тиймээс сэвлэг үргээхээс өмнө эдгээр номыг уншуулчихаад рашааныг нь хүүхэддээ амсуулж, толгойд нь хүргээд, шанааны үснээс нь эхлэн ивээл жилтэй хүнээр гар хүргэж хөндүүлдэг.

Монголчууд хүүхдийн толгойд шууд мэс хүргэхээсээ өмнө модон хутгаар домнодог. Үсийг нь авч дууссаны дараа Дашзэвэг найман гэгээн номынхоо рашаанаар толгойг нь угаагаад л болно доо.

-Хүүхдийн үсэнд түрүүлж гар хүрэх хүнийг хэрхэн сонгох вэ. Аав, ээж нь түрүүлж гар хүрдэггүй, нар жаргахаас өмнө хүүхдийнхээ үсийг хуссан байх ёстой гэх зэргээр ярих юм?

-Жил ус нь таарч байвал аав, ээж нь түрүүлж гар хүрч болно. Сэвлэг үргээх сайн өдрийнхээ сайн цагт нь эхлээд бүрий болохоос урьтаад дуусгах хэрэгтэй. Бэлгэ дэмбэрэлээ бодоод хоёр ивээл жилтэй хүн байлаа гэхэд хэнээр нь хүргүүлэх үү, настай хүнээр хүргүүлэх үү, ерөөл буян нь юу билээ гэж их л бодож байж сонгоно. Хамгийн гол нь ерөөл талбих шүү дээ. Энэ бол Монголчуудын гэр бүлийн баяр.

-Хүүхдийн үсэнд гар хүрч байгаа хүн юуг бодож ерөөх ёстой вэ?

-Бурханы их сайхан айлдвар байдаг л даа. “Ложой цовүр жүр жиг, Донжай тан вүр жүр жиг” гэж. Энэ бол зуун насыг наслаж, зуун намрыг үзэж жаргаж явах болтугай гэсэн Бурханы сайхан айлдвар юм. Түүнээс гадна насан туршдаа өвчин зовлонгүй, барцад саадгүй, сайн сайхан, урт наслаж явахын тухайд Манла бурхан /Дадята ум вэйхазаеэ вэйхазаеэ, Маха вэйхазаеэ вэйхазаеэ, Раза самуд гадэ суха/, Цэбагмэд бурханы тарниар /Ум ама рани зиван ди еи суха/ равнайлаад өлзий бусын юмтай бүү уулзаж яваарай, өдөр тутам цаг үргэлжид өлзий буян хутаг нь хурсан сайн сайхан бүхэнтэй уулзаж яваарай гээд Дашзэвэг найман гэгээний тарнийг уншиж, “Го дод, даши, чардар, бав, жүржиг, ум, аа, хум, радна, брүмни, аа, даши, бар, жүржиг”, “Дэндир, дагжаг /гээд нэрийг нь хэлж болно/, намла, даши, пов”, “Даши, дэжан, дагдү, дэлэг, шог”/ хэмээн ерөөн уншиж, адис жинлав хүртээх нь чухал юм. Мөн “Ригсүг, жор дан, ван чүг дан, Цэ рин, над мэд, дэжид данбар шог” гэж бий. Энэ хүүхдийн удам угсаа сайжрах болтугай, улам өнгө царай зүс гэрэлтэж, хийморь лундаа нь дэлгэрч байх болтугай гэсэн ерөөл юм.

Өнгө царай зүсний цаана хийморь лундаа, амин судас, дээш гүйгч хий, зүрх сэтгэлтэй холбоотой хийн олон асуудал байдаг. Язгуур угсаа сайтай, эрүүл саруул байх, дорвилог амьдралтай байх болтугай, оюуны хүч чадал, ухааны цар, нинж асралын сэтгэлээр баялаг, бусдын тусыг бүтээгч, урт настай, өвчин зовлонгүй, цаг үргэлжилд амар амгалан, хотол чуулганыг дэлгэрүүлсэн буянтан байгаарай гээд ерөөх нь тус эрдэм ихтэй.

-Хүүхдийн сэвлэгийг үргээхгүй байснаар ямар үр дагавар гарах вэ?

-Уур уцаартай болох, толгойн өвчин эмгэг, оюун ухаан, царай зүс, хийморь лүндаа доройтох зэрэг хүний амьдралын явцад олон сөрөг үр дагавар байхыг үгүйсгэхгүй. Бас хамаагүй сэвлэг үргээдэггүй өдөр, сард авсанаас болж сэвтсэн хүмүүс байдаг. Ер нь цаанаа утга учиртай зан үйлийг үгүйсгээд, түүндээ бусдыг уруу татах нь бусдад тус болохгүй.

-Ярилцсанд баярлалаа.

 Эх сурвалж: manbadatsan.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.