Мөнгөн аяганы тухай

Twitter Print
2019 оны 05-р сар 25-нд 10:10 цагт
Мэдээний зураг,

Эрт цагаас хүн төрөлхтөн металийг амьдрал ахуйдаа хэрэглэж ирсэн, үүний дотор хамгийн ихээр хэрэглэдэг мөн хэрэглээ эдэлгээ дааж байсан металь бол мөнгө юм. Монголчууд мөнгөөр эмээл, хазаар, бүсний тоног, хэт хутга, мөнгөн аяга, бөгж, ээмэг зэргийг урлаж хэрэглэж заншсан. Үүнээс хамгийн ихээр хэрэглэж заншсан нь мөнгөн аяга юм. Монголчуудын хувьд мөнгөн аяга нь зөвхөн хоол идэх зориулалттай байгаагүй. “Амьд явбал алтан аяганаас ус ууна”, “Аяганы амсар зуух хувьтай” гэх үгнүүдээс хархад эрүүл мэнд, амьдрал ахуй, буян хишгийг бэлгэддэг гэж үздэг байсаны жишээ юм. Мөнгөний бал нь амны хөндий, буйлны үрэвсэл, ходоод гэдэсний өвчнөөс хамгаалдаг гэдгийг эртний монголчууд мэддэг байсан тул монгол дархчууд мөнгөн аяга, халбага, сэрээг ихээр хийдэг байж. Тиймээс ч аягыг цэвэр ариун байлгах үүднээс хүн бүр өөрийн аягатай бусдад дамжуулахгүй, аяганы уутанд хийж биедээ байнга авч явдаг байв.

Тэр ч бүү хэл айл гэрийнхэн хоорондоо ялгахын аргагүй ижил аягатай байх, аягаа эмтэлж хагалах, бохир байлгах нь амны буян алинд нь ч тогтохгүй эзэнгүйддэг, алс холыг зоривол аягаа авч явах хэрэгтэй эс бөгөөс очсон газраа буян хишигтэй эс тохиолдоно. Аяганд шавхруу үлдээх, аяга хөмөрч тавих, дээгүүр нь алхаж гарах, аль таарсан газраа хураах зэргийг цээрлэж, зочны өмнө сэтэрхий, цуурхай болон хоосон аяга байлгах нь муу ёр хэмээн үздэг. Цай хоолыг заавал аягалж өгөх, аягалахдаа нар зөв тойруулан хийх, аягатай цай хоолыг өгөхдөө өрөөсөн гараар дөхүүлж өгвөл буян хишиг дундрана, солгой гараар өгөхийг бүр цээрлэж аяга бол дээш харсан бэлгэт сав хэмээн хүндэлдэг.

No photo description available.

“Аяганы хариу өдөртөө Агтны хариу жилдээ”, “Аягатай нь уудаг Адуутай нь туудаг”, “Аяганы алгаас Агтны алаг дээр” гэх мэт аягыг хүндэлсэн монгол ардын зүйр цэцэн үг олон байдаг нь монголчуудын амьдрал ахуйд аяга чухал байр суурь эзлэж байсаны тод жишээ юм. Монгол аяга, сав суулга нь бэлгэ дэмбэрэл бүхий хээ угалзан чимэгтэй, уран нарийн хийцтэй урлагийн бүтээл болж газар нутгийн ялгаа, ахуйн соёл, хүний төрсөн гариг, жил, зэрэг дэв, бэл бэнчинг харуулах зэрэг олон үүрэгтэй байв. “Адгийн дархан таван үе дамжсан бүтээл урладаг” гэдэн үг бий тиймдээ ч мөнгөн аяга нь удам дамжиж эцгээс хүүд өвлөгдөн ирсэн түүхтэй.

Image may contain: indoor

Монгол уран дархны түүхэн хөгжил нь өрсөлдөөн, тэмцэлтэй байсаны гэрч нь Монгол Их хүрээний алт урлал, Сайн ноён аймгийн Далай Чойнхор вангийн хошууны ган хийц, Түшээт хан аймгийн Боржигон, Батноров, Ноёнсэврэй хийц, Ар гөрөөчний хэт хутгачин, Дарьгангын утсан сүлжмэл, Долнуур хийц, Ханхөхий хийц, Буриад хийц, Арчуул хийц, Авдар баян хийц зэрэг хийцүүдтэй болж эдгээрээс нутаг усандаа бие даасан сургууль болон өөрсдийн гэсэн дэг уламжлалаа өвлүүлэн өөрийн өвөрмөц ур хийцээрээ алдаршиж байсан байна. Эдгээр хийцүүдээс Дарьганга, Боржигон, Батноров, Ноён сэврээ хийцүүд нь аягаараа алдартай юм.

No photo description available.

Дарьганга хийцийн мөнгөн аяга: Дарьгангын дархчууд мөнгөн аяганд ур ухаанаа уралдуулдаг байв. Энэ хийцийн онцлог нь мөнгө бага оруулж хээ, чимгийг наана цаана нь гурваас дөрвөн давхар цохиж хийдгээрээ онцлог. Дарьганга хийцийн аяга нь бөөрөндөө ханан хээ, ёроолдоо үүлэн хээ, дунд хэсэгтээ луун хээгээр чимэглэсэн байх нь түгээмэл бөгөөд луун болон ханан хээг хөдөлгөөнтэй дүрсэлдэг байсан нь хөгжил, хөдөлгөөн, элбэг дэлбэг амьдрахын бэлгэдэл юм.

Image result for мөнгөн аяга

Боржигон хийцийн мөнгөн аяга: Боржигон хийц нь Хүннүгийн сурвалжит хийц бөгөөд Хэнтий, Сүхбаатар, Дорноговь аймгийн урчууд өвлөн авсан юм. Хэнтий аймаг л гэхэд Батноров сумын Тожил, Чоймбол зэрэг ур хийцээрээ гайхуулсан алдартай урчуудтай байсан.

Image may contain: indoorБатноров хийцийн аяга нь амсартаа утас гүйлгэсэн, ёроол нь мөнх дэлгэрч явахын бэлгэдэл бадам цэцэг, цувраа бадарсан болон эвэрт, нөмөрт угалзуудыг давхарлан маш нарийн цутгаж урладаг байж. Батноров хийцийн аяганы бөөрний ирмэгийг бадам цэцгийн дэлбээ, усан долгио, үүлэн хээгээр хүрээлэн хаждаг байсан нь онцлог юм.

Ноён Сэврэй хийцийн мөнгөн аяга: Хуучнаар Балдан засгийн хошуу одоогийн Өмнөговь аймгийн Сэврэй сумын мөнгөн эдлэлийн хийц, аяга нь 100 гаруй жилийн түүхтэй. Ноён Сэврэй хийцийн аяга нь мөнгөний орц ихтэй, мөнгөн утсаар давхарлан хаж тавьж битүү бад хээг урладагаараа онцлог байв. Аяганы ёроол нь бусад хийцтэй харьцуулхад өндөр, дэлбэгэр байдаг ажээ.

No photo description available.

Н.Нацагдорж 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.