Хүүхдийн шударга байдал буурах хандлагатай байна

Twitter Print
2019 оны 05-р сар 24-нд 15:10 цагт
Мэдээний зураг,

АТГ-ын үйл ажиллагааны мэдээллийн нээлттэй, ил тод байдлын илэрхийлэл болгож, сар бүрийн 25-ны өдөр хийдэг хэвлэлийн бага хурал боллоо. АТГ-аас тавдугаар сард хийсэн ажлынхаа тайланг танилцуулсны дараагаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

 

-Төрийн сайд 10 сая ам.долларын авлигын хэрэгт холбогдсон энэ талаар тодруулна уу?

-Манайд энэ талаар шалгагдаж байгаа асуудал байхгүй. 

-МХЕГ-ын байцаагч нартай холбоотой хэргийн хөөн хэлэлцэн хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох хандлагатай байна. Үүний шалтгааныг тайлбарлана уу?

-МХЕГ-ын байцаагч нар гэж байгаа боловч хэлтсийн дарга, зарим албан тушаалтантай холбоотой хэрэг юм. Энэ нь шүүхээр шийдэгдсэн. Хэрэг гарах болсон нөхцөл байдлыг судлахад тухайн үйл ажиллагааг нарийн тодорхойлсон журам байгаагүй буюу албан тушаалтнууд үзэмжээр ажиллах боломжийг бүрдүүлчихсэн байсан. Ажилтнууд бусдыг хясан боогдуулах замаар хээл хахууль авсан нь тогтоогдсон. Тиймээс бид зөвлөмж хүргүүлж, үйл ажиллагааг ил, тод нээлттэйгээр, холбогдох журмын дагуу үйл ажиллагаагаа явуулахыг зөвлөсөн. 

-ЖДҮХС-гийн шинэчилсэн журмыг баталлаа. Энэ журам нь танай байгууллагаас тавьсан шаардлагад хэр нийцэж байна вэ?

-100 хувь нийцэх боломж байхгүй. Гэхдээ нэлээд ахиц гарсан.

-Хүүхдийн шударга байдлын анхны үнэлгээ нь хэд байсан бэ?

-АТГ-аас жил бүр хийдэг “Хүүхдийн шударга байдлын судалгаа”-ны дүнгээр Монгол хүүхдүүдийн шударга байдлын түвшин буурсаар байгаа. Анх судалгааг авсан 2010 оноос хойш өнөөг хүртэл 9 дэх удаагаа зохион байгууллаа. Энэ жил хүүхдийн шударга байдлын судалгааны дүн 3.91 пункт гарсан. Судалгааг 21 аймаг, 9 дүүргийн 12-18 насны 6576 хүүхдийг хамруулж, асуумжийн аргаар онлайнаар зохион байгуулсан. 

Үнэлгээ анх 2010 онд хийгдэхэд 3.29 пункттэй байсан. 2014 оныг хүртэл үзүүлэлт өсөж 4 гэсэн пункттэй болсон. Харин үүнээс хойш буурсаар 3.91 болсон. Энэ жил 21 аймаг, есөн дүүргийн 6,576 хүүхдийг хамруулсан. Ерөнхийдөө энэ судалгааны дүнгээр Монгол Улсын өнөөгийн нийгэм дэх ёс зүйн хандлага хаашаа эргэж байгааг төсөөлөх боломжтой. Тиймээс АТГ судалгааны дүнд үндэслэн сургуулийн насны хүүхдүүдэд зориулсан соён гэгээрүүлэх ажил зохион байгуулахаар төлөвлөж байна.

Боловсролын салбар төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн дэмжлэгтэйгээр нийгэмд зөв үлгэр дуурайлал үзүүлж, өндөр ёс суратахууны төлөвшилтэй залуу хойч үеийг бэлтгэх, олон нийтийг авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг соён гэгээрүүлэх ажилд Авлигатай тэмцэх газартай хамтран манлайлж авлигагүй ирээдүйн төлөө аян хэрэгжүүлэхээр бэлтгэж байна. Уг ажилд та бүхэн дэмжиж хамтран оролцоорой гэж уриалж байна.

-АТГ-т шалгагдаж байгаа хэргүүдэд хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан эсвэл дуусах дөхсөн хэрэг бий юу?

-Манайд шалгагдаж байгаа хэргүүдэд хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан, эсвэл дөхөж буй хэрэг байхгүй.

-Эрдэнэтийн 49 хувийн асуудал юу болж байна. Нэмээд хэдэн хүнийг яллагдагчаар татан шалгаж байна вэ?

-Нийгэмд хүлээлт үүсгэсэн хэргүүд прокурорын хяналтад шалгагдаж байна. Прокуророос эрчимжүүлэх даалгавар ирсэн. Мөн манай газрын дарга ч гэсэн Мөрдөн шалгах албанд эрчимжүүлсэн байдлаар ажиллах чиглэл өгсөн.  

-Эрүүл мэндийн яамны туслах Б-г шалгаж байгаа гэсэн мэдээлэл байна?

Бусад хэргүүд прокурорын хяналтан дор шалгалт явагдаж байна. Эрүүл мэндийн яамны ажилтнуудад тусгай зөвшөөрөл олгохдоо бусдаас шан харамж удаа дараа авсан ийм асуудал тогтоогдоод Эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байна.

-Мобикомын удирдлагууд шалгагдаж байгаа юу?

-Прокурорын байгууллагаас тодруулна уу.

-АТГ-аас шалгасан хэргүүд шүүхийн шатанд очоод хэрэгсэхгүй болж байгаа ийм асуудал байгаа шүү дээ. Энэ талаар?

-2018 онд 84 хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсэн. Хуулийн хүрээнд явагдаж процессын асуудал байгаа учраас шууд хэрэгсэхгүй болдог гэж хэлж болохгүй юм.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.