Алтанширээ-Сайншандын 27.7 км төмөр замыг барьж дуусчээ...

Twitter Print
2019 оны 05-р сар 24-нд 09:31 цагт
Мэдээний зураг,

Дорноговь аймгийн төв, Монголын төмөр замын том зангилаа хот Сайншандыг Монголын анхны Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил өрнөж байгаа Алтанширээ сумтай нь холбосон 27.7 км төмөр замын ажил дуусчээ.

Өнөөдрийн байдлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэгүүлсэн Засгийн газар нь Монгол Улсынхаа төв болон баруун, зүүн бүс нутгуудад 2020-2024 онуудад ашиглалтад оруулах нэлээн олон том бүтээн байгуулалтын ажил өрнүүлж байгаагийн нэг нь болох Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж байгаа газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтэц болох төмөр замыг тавьж, өчигдөр дуусгасныг Зам тээврийн хөгжлийн яамнаас мэдээлсэн юм. Монголчууд дан өөрсдийн хөрөнгө мөнгө, хүн хүчнийхээ хүчин чадлаар барьж байгуулсан энэхүү 27.7 км төмөр замаар тун удахгүй 2022 оноос Монголын анхны Газрын тос боловсруулах үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүн тээвэрлэгдэж Улаанбаатар хот болон бусад аймгуудын зүг хүргэгдэх болно. Өчигдөр баригдаж дууссан тэрхүү төмөр замын ажлыг бүрэн гүйцэд дуусгахын тулд одоо холбоо, дохиолол, эрчим хүч, барилгын ажлыг төмөр замчдын баяр наадмын өмнө дуусгахаар Монголын төмөр замчид шамдаж байгаа юм байна.

Азийн хамгийн томоохон эдийн засагтэй улсын нэг Энэтхэгийн Засгийн газраас Монгол Улсад хөнгөлөлттэй хэлбэрээр зээлэх нэг тэрбум ам долларын хөрөнгө санхүүгээр Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдах Монголын анхны Газрын тос боловсруулах үйлдвэрийн байгууламжийг энэ талаар дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Энэтхэгийн мэргэжилтнүүд болон барилгачид тун удалгүй барьж байгуулан 2022 онд Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэн өгөх гэрээ байгуулсан билээ. Энэ талаар болон өчигдөрхөн ажил нь дууссан төмөр замын талаар арай дэлгэрүүлвэл Алтанширээгийн Газрын тос боловсруулах үйлдвэрийг Сайншанд өртөөтэй холбох салбар төмөр зам нь жилд үйлдвэрийн хэрэгцээний 1.53 сая тонн ачааг тээвэрлэх зориулалттай ба замын урт нь 27.7 км гэдгийг дээр дурдсан билээ. Харин энэхүү төмөр зам 1,520 мм-ийн өргөн царигтай, 50 жил ашиглагдах баталгаат хугацаатай аж. Дэд бүтцийн ажлыг 2018 оны зургаадугаар сард эхлүүлсэн бол өчигдөр ийнхүү хугацаанаасаа өмнө ашиглалтад хүлээн авчээ.   

Энэхүү дан ганц Монголчууд өөрийн хөрөнгө мөнгө, хүн хүчээр байгуулсан төмөр замын  бүтээн байгуулалтын ажилд замчид, инженерийн баг бүрдсэн УБТЗ-ын 110 гаруй ажилтан, зориулалтын тусгай тоноглолтой 122 вагонтайгаар бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил одоогоор ид үргэлжилж байгаа бөгөөд жилдээ 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг 2022 онд ашиглалтад оруулснаар хойд хөршөөс хараат явж ирсэн бензин шатахуунаар Монгол Улс өөрийн хэрэгцээг бүрэн хангах хүчин чадалтай болж, Монголчуудын амьдралд ч дорвитой өөрчлөлт гарч, хөгжил дэвшлийн нэгэн үүд нээгдэх нь ойлгомжтой юм.  

Ер нь бол Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамныхны хийсэн тооцооллоор бол Алтанширээгийн Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор жилдээ 1.5 сая тонн Газрын тос боловсруулж, “Евро-4,5” стандартын шаардлага хангасан 500 мян.тонн авто бензин, 800 мян.тонн дизель, 40 мян.тонн онгоцны түлш үйлдвэрлэнэ гэсэн. Мөн түүнчлэн  өнөөдөр байсхийгээд л үнэ нь нэмэгдсээр байгаа авто бензин литр нь 900 төгрөг байхаар урьдчилсан тооцоолол гаргаад байгаа юм билээ. Ямартай ч 60 гаруй жил хойд хөршөөсөө бензин шатахуунаар хараат явсаар ирсэн Монгол Улс 2022 онд өөрийн Газрын тос боловсруулах үйлдвэртэй болох эхний сайн талын чимээ болсон Алтанширээ-Сайншанд чиглэлийн 27.7 км төмөр замын ажил дуусч, удахгүй улс хүлээн авах ажээ.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.