“Арьсаа хамгаалагч”-даар чихэлдсэн Төрийн ордон...

Twitter Print
2019 оны 05-р сар 23-нд 14:33 цагт
Мэдээний зураг,

За өнөөдөр чинь ажлын долоо хоногийн пүрэв, баасан гарагуудад болдог Монголын хууль тогтоох дээд байгууллага хэмээгдэгч УИХ-ын чуулган хуралдсан болж, Төрийн ордон хөөрхөн хөл хөдөлгөөнтэй байна даа.

Тэгээд ч долоо хоног бүрийн пүрэв, баасан гарагуудын 10:00 цагт эхэлдэг УИХ-ын өнөөдрийн чуулган цагаасаа жаал хоцорсон ч эрхэм гишүүд ёстой л нэг “Хурга, ишиг” шиг л цувралдан орцгоож байна лээ. Уг нь бол өнөөдрийн чуулганаар  Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг,  Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг, “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” УИХ-ын  тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэг, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэг зэрэг олон асуудлыг хэлэлцэх тухай УИХ-ын чуулганы хуралдааны товд тэмдэглэсэн байсан сан.

Чуулганы танхимд сэтгүүлчдийг оруулахаа больж, тийшээ зөвхөн гэрэл зурагчид л ордог болчихсон тул чуулганы хуралдааны танхимыг дээрээс нь тольддог гурван давхарын ложноос ажиглавал дээрх асуудлуудтай холбогдон нэлээн идэвхитэй асуулт тавьж хариулт сонсож байгаа гишүүдийг Дархан аварга Б.Бат-Эрдэнэ болон МАХН-аас тодорч байсан “Ганц дайчин” О.Баасанхүү нар л тэргүүлж харагдсан. Гэхдээ эрхэм “Хууль тогтоогч” нэртэнгүүдийг дээрээс нь харж байхад тэдэн дунд жинхэнэ бодит байдлаар ажлаа хийж, тогтоох гэж оролдож суугаа хуулиудтайгаа сайтар танилцаж, уншиж суугаа нь за даа бараг л харагдаагүй шүү. Ихэнх нь хоорондоо шивнэлдэж, утсаараа оролдон ярьж, байсхийгээд л гарч гүйлдээд тогтвортой сууна гэж огт байхгүй нь гайхаж цөхмөөр.

Тэгээд ч өнөөдрийн хурлын ирц нь тун ч ядмаг, за даа нэг 60-аад товаришууд л хуран цугласан бололтой ч яг хуралдааныхаа танхимд тогтвортой сууж, хэлэлцэж байгаа асуудлуудын талаар санал дүгнэлтээ гаргаж байгаа эрхмүүд нь бол  хуруу дараад тоолчихмоор байсан шүү.

Харин тэдний ихэнх нь байсхийгээд л өрөө рүүгээ шогших юмуу, хуралдааны танхимын үүдэнд цугласан сэтгүүлчдэд яриа өгч, ихэнх нь өөрийгөө өмгөөлсөн үг чулуудан “Арьсаа хамгаалж”, яаж ийгээд бүрэн бүтнээр нь авч үлдэхээр улайрцгааж байсан билээ.

Тэдгээр “Арьсаа хамгаалагч”-дыг урьд нь УИХ дахь АН-ын Бүлгийн дарга гэгдэж явснаа өнөөдөр бол АН-ын зөвлөлийн дарга гэх өнөөх Д.Эрдэнэбат тэргүүлж, УИХ-ын чуулганы танхимын үүдэнд шахуу байдаг өөрийнхөө өрөөнд бүх сэтгүүлчдийг оруулан Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн асуудлаар өөрт нь АТГ-аас хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгааг эрс үгүйсгэсэн мэдээллийг хамгийн түрүүнд хийсэн юм.

Тэрээр хийсэн мэдээлэлдээ “ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ  Хөгжлийн банкны асуудлыг миний нэртэй холбож, Ч.Хүрэлбаатар сайд нь болохоор “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой асуудлаар мөн нийтэд мэдээлэл хийсэн. Энэ бүгдийг уялдуулаад үзэхээр улстөржсөн шинж агууосан нь тодорхой байгаа юм. Үүнтэй холбогдуулан АТГ-ын дарга, Ерөнхий прокурорт хүсэлт хүргүүлж байгаа. Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуульд хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын материалыг прокурорын зөвшөөрлөөр нийтэд мэдэгдэж болно гэсэн заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл боллоо шүү дээ. Иймд уг асуудлыг хяналтдаа авч, шалгаж өгөхийг хүсч байгаа юм. Эрдэнэтийн хувьд бол ОХУ-ын өмчлөлд байсан 49 хувийг нь Монгол Улсын Засгийн газар улс төрийн шийдвэр гаргаж Монголдоо оруулж ирснийг би зөв гэж л хардаг.   

Тэгээд ч надад үүсгэсэн энэхүү Эрдэнэтийн 49 хувийн талаарх хэргээс нь би огтхон ч айхгүй ээ. Харин удахгүй өнөөдрийн эрх баригчдыг эсэргүүцэж АН-аас жагсаал цуглаан зохион байгуулах шийдвэрээ зарласан. Үнэхээр ард иргэдийн бухимдал, нийгэмд үүссэн гажуудлын эсрэг АН хэн нэгэн удирдлага, ямар нэгэн хэлбэрээр шантаачлахыг үл тоон тэмцэх болно. Түүний тэргүүн эгнээнд нь би явах л болно” хэмээн хөөрхөөн гэгч нь “арьсаа хамгаалж” байсан.

Товариш Д.Эрдэнэбатын дараа “арьсаа хамгаалагч”-д шил шилээ даран гарч ирцгээж УИХ-ын чуулганы танхимын үүдэнд цугласан бүх л телевиз, сайт, өдөр тутмын сонингуудын сэтгүүлчдэд хандан “Надад болон манай гэр бүлийн нэг ч гишүүнд Олон улсын Найрамдал зуслангийн газраас хумсалсан, хулгайлан авч зуслангийн байшин, том хаус барьсан зүйл огт байхгүй” хэмээцгээн нүхээ малтацгаасан юм. Тэдгээр гишүүдийн Олон улсын Найрамдал зусланг тойрсон газар нь “Газрын наймаачин, хулгайчдын гарт орчихсон байгааг төрийн төмөр нүүрээ харуулан бүгдийг нь эргүүлэн авах болно” гэсэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хатуухан мэдэгдэлтэй шууд холбоотой нь тодорхой билээ.

Олон улсын Найрамдал зусланг тойрсон газруудыг огтхон ч өөрийн болгоогүй “Тэнд миний нэг метр байтугай, ганц сантиметр ч газар байхгүй” гэсэн мэдэгдлүүдийг УИХ-ын эрхэм гишүүн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, АН-ын дарга С.Эрдэнэ, хуучин БОАЖ-ын сайд байсан Д.Оюунхорол, удахгүй ирэх сарын эхээр саяхан байгуулаад байгаа Шударга иргэдийн Нэгдсэн эвсэл намынхаа нээлтийг хийх гэж байгаа УИХ-ын гишүүн Ж.Батзандан, УИХ-ын Эдийн засгийн Байнгын хороон дарга Ж.Ганбаатар гээд олон гишүүн хийж, өөрсдийнхөө “амийг аварч” харагдсан.

Мэдээж тэд бүгд саяхан Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Олон улсын Найрамдал лагерийн “Бусдад дээрэмдүүлсэн газар”-ын талаар хийсэн “Найрамдал зуслан анх 5220 га газартай байсан бол өнөөдөр 1200-хан га газартай л үлдсэн байна. Монголын төр хүүхдүүдийнхээ эрх ашгийг хамгаалж Найрамдал зуслангийн газрыг хулгайлж, дээрэмдсэн болгонд “Төрийн төмөр нүүр”-ээ үзүүлэн бүгдийг нь буцааж авах болно” гэсэн хатуухан үгнээс ухаан алдталаа айцгаасан нь ийнхүү жаахан ч болтугай тавигдаж байх шиг байна.

Гэхдээ Шударга иргэдийн Нэгдсэн эвсэл хэмээх шинэ нам байгуулаад байгаа Ж.Батзандан гишүүн Найрамдал зуслангийн хулгайд алдагдсан газрын талаар нэлээн ноцтой мэдээлэл хийсэн нь "Өнөөдрийн АН-ын дарга С.Эрдэнэ гэдэг нөхөр бол тэрхүү лагерийн газраас хамгийн их хулгайлж, бусдад тараасан этгээд шүү. Тэдгээр бүлэг дээрэмчдийнх нь дунд өнөөдөр 461 дүгээр хохироос суллагдаж, өөрөөр хэлбэл энэ цагийн Монголын хууль, шүүхийхний хамгаалалтанд орчихсон өнөөх Б.Хурц хэмээх нөхөр тэргүүн эгнээнд нь явдаг юм шүү. Тэр этгээд лав л хоёр гурван ч байшингийн газар дээрэмдсэн нь тодорхой" гэсэн нь юм. 

Харин тэдгээр олон “Арьсаа хамгаалагч” нарын дараа ганцхан хүн арай жаахан дөнгүүр мэдээлэл хийсэн нь “Ганц дайчин” О.Баасанхүү гишүүн байсан юм. Тэрээр саяхан болсон нэгэн харамсалтай үйл явдлын талаар өөрийн байр суурийг “Ар гэрээс нь зөвшөөрөл авсан болохоор цагдаагийн байгууллагын зүгээс Шүүх шинжилгээний үндэсний төвөөс дүгнэлт нь гарч байгаа гэсэн учраас мөн нийгэмд буруу ойлголтыг тарж байгаа болохоор зайлшгүй мэдээлэл хийсэн нь зөв байх гэж бодож байна. Миний өрөөний номер нь 111 бөгөөд хэрэг болсон газрын яг дэргэдэх өрөө. Тухайн үед чуулган тараад хүмүүстэй уулзаад гарахдаа гишүүн асан Г.Батхүүг газар уначихсан байхтай нь таарсан.

Би хуульч хүн. 20 гаруй жил иймэрхүү хэрэг учралуудыг харж байсан учраас авах ёстой арга хэмжээнүүдийг авах шийдвэр гаргасан. Монгол төрийн ордон хуультай. Тагнуулын ерөнхий газрын харьяанд байдаг. Тиймээс тагнуулд анхлан мэдэгдсэн. Мөн эмнэлгийн байгууллага 103 ирж, амь насаа алдсан болохыг нь тогтоосон учраас зохих газруудад нь мэдэгдээрэй гэж хэлээд, нөхцөл байдлыг баримтжуулсан. Цагдаагийн байгууллага надаас хойш ирсэн учраас фото зургийг нь түрүүлэн авч, зургаа цагдаад хүлээлгэн өгсөн. Төрийн ордонд АН-ын дэд дарга Г.Батхүү амь насаа алдсанд би гүнээ харамсаж байна” хэмээн илэрхийлнэ лээ.

За даа товчхондоо бол “Арьсаа хамгаалагч”-даар чихэлдэж, нэг ёсондоо дүүрчихсэн төрийн ордон буюу УИХ-ын хуралдааны танхимын үүдэнд өнөөдөр нэг иймэрхүү л “Драмын тоглолт”-ууд болоод өнгөрсөн дөө. Өнөөдрийн Монголын улстөр гэдэг мөн ч инээдэмтэй, басхүү хачирхалтай, харамсалтай тоглолтын талбар билээ...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.