Жинхэнэ соёл гэдэг бол хүнийг гадна төрхөөр нь дүгнэдэггүй ухааныг л хэлдэг

Twitter Print
2019 оны 05-р сар 23-нд 12:09 цагт
Мэдээний зураг,

Чи үнэтэй хувцас өмсөж, үнэтэй утас барьж, үнэт эдлэл зүүхгүй бол чамайг Монголд хэн ч тоож харьцахгүй. Чамд хэн ч үйлчлэхгүй! Бараг л үнэн шүү. Хэрвээ энд тэнд ажил төрөл хөөцөлдөхөөр ч юм уу, ер нь гадагш гарахдаа үнэтэй гэсэн бүхнээ өмсөөд гарах ёстой. Би ингэж л өөртөө хэлдэг болсон...

Манайхны өнөөгийн оюуны ядуурал нь биднийг заавал сайхан хувцаслаж, үнэт эдлэлд түүртэж, зээлийн машин унуулж, мөнгөтэй харагдуулах гэж зовоож байгаад би эмзэглэж явдаг юм. Улс эх орныг минь ирээдүйд авч явах ёстой үеийнхэн маань хүнийг хүн гэж биш гадна төрхөөр нь, өмссөн зүүснээр нь харьцдаг болсонд залуу хүнийхээ хувьд жаахан харамсах юм. Амьдралын боломжгүй нэгэн нь яах юм болж байна.

Үнэтэй утас бариад үнэт эдлэл зүүгээгүй бол бараг гадуур явах нь байтугай хүссэн үйлчилгээгээ ч авч чадахгүй гэсэн үг үү?! Шулуухан хэлэхэд төрийн үйлчилгээний байгууллага болоод ер нь хаана ч ядруухан хувцастай хүнд үйлчлэхгүй болчихсон арчаагүй нийгэмд бид тарчилж байна. Үйлчилсэн ч хүнд суртал гаргаж үл тооно. Би сүүлийн үед их ядарч байна. Юунд гээч?! Бусдад хүн харагдах гэж өдөр тутмын дадсан амьдралаасаа зөрж, гарч орох бүртээ нүүрээ будаж, нөгөө хувцасаа өмсөх гэж үнэхээр ядарч байна. Тэгэхгүй л бол таньдаг, таньдаггүй гээд бүгд л тоож ч харахгүй юм.

Зарим нь хувийн соёл ярих байх л даа. Мэдээж хүнд хувийн соёл гэж байх ёстой ч энэ ойлголт бол соёлоор хэмжигдэх зүйл биш юм аа.

Жинхэнэ соёл гэдэг бол хүнийг гадна төрхөөр нь дүгнэдэггүй ухааныг л хэлдэг. Ер нь манайхаас бусад оронд ажиглавал хүмүүс их энгийн байдаг. Энэ нь юутай холбоотой гэхээр ердөө маш энгийн. Нийгэм нь эрүүл, тэр хэмжээгээрээ хүмүүсийн сэтгэхүй хүртэл мөн эрүүл байдаг гэсэн үг. Жишээлбэл Японд гудамжны хүнд ч цагдаа нар нь хүндэтгэлтэй хандаж байхыг би хоёр нүдээрээ харж байсан.

Манайд яах бол?! Өнөөдөр аймгийн төвийн зах ороод, бас аптек ороод авъя гэсэн зүйлсээ авч чадалгүй гараад ирлээ. Хэд хэдэн удаа асуусан боловч намайг тойруулаад л хүмүүст үйлчлээд байх юм. Хэсэг хүлээж зогсоод гарлаа. Замдаа аптек орсон мөн адил тооны машин оролдоод л суугаад байх юм. Витамины үнэ асуулаа. 48 мянга гэж хариулчихаад өнөөх үл тоосон зангаараа л суух... аргаа бараад авъя гэж хэлэлгүй гараад ирлээ.

Сүүлийн хэд хоног байрны халуун ус тасраад, усанд оролгүй бас эрүүл мэндийн байдлаас болоод хэдэн өдөр хэвтчихсэн байсан би босоод тэр чигтээ явсан минь буруу болжээ л гэж бодлоо. Хэзээ бид тийм соёлд суралцаж, хэзээ би тэр үед эрх чөлөөгөө эдлэх юм бол.

Японд би иймэрхүү байдалтай явдаг. Даавуун цүнх, монголд бол хэн ч тоож өмсөхөөргүй хөлд эвтэйхэн даавуун шаахай өмсдөг. Нүүрээ будаж үсээ янзалдаг ч үгүй. Надад хаана ч очсон бүгд хүндэтгэлтэйгээр үйлчилдэг. Соёлоо гэж! Хувь хүнийг илтгэх бас нэгэн цензур юм даа...

Сэтгэлийн үгс хуудас

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.