Д.Эрдэнэбат: Би яллагдагчаар татах тогтоолтой танилцаад гарын үсгээ зурсан...

Twitter Print
2019 оны 05-р сар 23-нд 11:49 цагт
Мэдээний зураг,

Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн мөнгөөр худалдан авсан байж болзошгүй хэрэгт Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргал, Сангийн сайд асан Б.Болор нарыг яллагдагчаар татсан билээ.

Уг хэрэгт Худалдаа Хөгжлийн Банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон, "Монголын зэс" гэх халхавч компаний удирдлагууд болох Ц.Пүрэвтүвшин, Б.Мөнхбаатар нарыг Эрүүгийн хуулийн 20.3-1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор урьдчилан нэгдсэн гурав, түүнээс олон хүнтэй тогтвортой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн, татан оролцуулсан” гэсэн үндэслэлээр яллагдагчаар тооцоод байна.  

Мөн Аж үйлдвэрийн сайд асан, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, уг хэрэгт хамжигчаар оролцсон гэх үндэслэлээр яллагдагчаар татсан гэмээн мэдээлэл гараад байгаа юм.

Тэгвэл өнөөдөр УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатыг Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Түүнийг Эрдэнэтийн 49 хувийг Монголын ААН нэгж авахад нөлөө үзүүлсэн гэж АТГ шалгаж байгаа юм. 

Тэрбээр "Тавдугаар сарын 21-ний үдээс хойш намайг дуудаж, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар яллагдагчаар татах Прокурорын тогтоолыг танилцуулсан. Үүнээс долоо хоногийн өмнө гэрчийн мэдүүлэг авч, маш шуурхай яллагдагчаар татах тогтоол гарсан байна. 

Би энэ асуудлыг хуулийн дагуу ямар ч улс төргүйгээр шалгуулъя гэж байтал асуудлыг улс төржүүлж байгаа нь өчигдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудлаар, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банктай холбоотой асуудлаар хийсэн  мэдэгдлээс харагдаж байна. Тиймээс би өнөөдөр АТГ, Ерөнхий прокурорт хүсэлт хүргүүлж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэрэг бүртгэх, мөрдөн байцаалттай холбоотой асуудлыг Прокурорын зөвшөөрсөн хэмжээнд мэдээлнэ гэсэн зохицуулалт байдаг ч хууль зөрчин мөрдөн байцаалттай холбоотой асуудлаар мэдээлэл хийж байгааг анхааралдаа авна уу гэж хүсэлт хүргүүлнэ" гэлээ. 

Тэрбээр цааш нь "ОХУ-ын компанийн өмчлөлд байсан Эрдэнэтийн 49 хувийг Монгол Улсын Засгийн газар хамтын улс төрийн шийдвэр гаргаж Монголдоо оруулж ирснийг би зөв гэж үзэж байгаа. Эрдэнэтийн 49 хувийг Монголын ААН авснаар Монголд ямар ч хохирол авчраагүй. Ямар ч хохирол авчраагүй байхад Монголд Улсад онц ноцтой хохирол учруулсан гэх үндэслэл гаргасныг би буруу гэж харж байна. 

Аж үйлдвэрийн сайд байсны хувьд энэ асуудлыг би Засгийн газрын хуралдаанд оруулан хэлэлцүүлэх үүрэг хүлээсэн. Засгийн газар хамтын улс төрийн шийдвэр гаргасан. Эрдэнэт үйлдвэр 100 хувь Монголын өмч болж байгаа нь миний итгэл үнэмшил байсан, одоо энэ байр сууриа баримталсаар байгаа. 

Эрдэнэбат гэдэг ганц хүний асуудлыг яаж шийдэх эрх нь төрд байгаа. Надад өөрийгөө хамгаалах, хаацайлах болон айдас алга. Ганцхан өнөөдөр 3 сая хүний аж амьдрал, нөхцөл байдал туйлийн хүндэрч байхад ингэж харлуулсан улс төрөөс улс орон урагш явахгүй шүү гэдгийг эрх баригчдад сануулмаар байна.  Өнөөдрийн энэ үйл явц 2020 оны сонгуульд чиглэсэн ажил эхэлж байна гэж харж байна. Улс төрийг улс төрөөр хариулахаас өөр аргагүй" гэлээ. 


Надад яллагдагчаар татах тогтоол танилцуулсан.  Энэ асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд би тогтоолтой танилцаад газрын үсэг зурсан. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудал одоогоор яригдаагүй байна гэлээ.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.